Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 871

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч/хохирогч Б.Д,

шүүгдэгч/хохирогч Ө.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б.Д, Ө.М нарт холбогдох ....дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ., Б.Д.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. дугаарын регистртэй, Ө.М.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.М нь согтуурсан үедээ 2018 оны 8 дугаар сарын 15-ны шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Алмаз бааранд иргэн Б.Дтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ 2018 оны 8 дугаар сарын 15-ны шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Алмаз бааранд иргэн Ө.Мтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д мэдүүлэхдээ:

“...02 дугаар сарын 15-ны өдөр хоёр найзын хамт манай найзыг М барьж аваад андуураад цохиод би араас нь очоод маргалдаад намайг цохисон. Би толгойдоо 6 оёдол тавиулсан. Толгойн зураг авахуулсан байгаа. Надад эм тариа, эмчилгээний мөнгө өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.М мэдүүлэхдээ:

“...Толгой хагарсан байгаа, тухайн үед толгойн зураг авахуулах боломжгүй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Дгийн өгсөн:

“...2018 оны 08-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө БГД-н 17-р хороо Алмаз бааранд А, Ү нартай орсон. Бид гурав нэг шил 0,75 литрийн архиа аваад хувааж ууж байгаад Ү бид хоёр бүжиглэж байгаад А руу харахад Аыг хоёр гурван залуу заамдсан байсан тэгэхээр нь би очоод салгаад Аыг ширээндээ суулгасан. Би дахиад бүжиглэж байгаад хамт тамхины өрөөнд орсон тэгэхэд Аыг заамдсан залуу найз нартайгаа хамт байсан тэгээд маргах гээд байхаар нь би найз нараа дагуулаад гараад би ширээнийхээ хажууд байж байхад уг залуучууд манай хоёр найзтай хажуугаар нь өнгөрөхдөө маргасан тэгээд миний араас архины шилээр цохиход би намайг цохисон залууг барьж байгаад доош суусан тэгээд би юу болсныг сайн санахгүй байна. Нэг сэргэхэд цагдаа нар ирсэн байсан тэгээд бид нар цагдаагийн газар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 41, 48-49/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ө.Мын өгсөн:

“...Би 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн найз О, М нарын хамт Модны 2-ын “Алмаз” нэртэй бааранд орсон. Тэндээ ороод бид 3 нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд удалгүй М найз охин нь ирээд гараад явсан. Бид 2 вип өрөөнд сууж байхад нэг танихгүй өндөр залуу орж ирээд эхлээд бид хоёртой юм ярьж сууж байгаад гарахгүй байхаар нь та гараачээ би найзтайгаа суумаар байна гэхэд чи намайг хөөдөг хэн бэ гээд над руу дайраад намайг дээрээ дарж хоолой боосон. Тэгэхэд манай найз хамгаалагчтай хамт нийлж салгасан. Тэгээд нөгөө залуу архины шил бариад над руу дайраад би зугатаад хол очсон. Тэгэхэд намайг хөөгөөд байхаар нь би ширээн дээрээс архины шил аваад шидэхэд нөгөө залуугийн толгой руу нь оносон. Нөгөө залуу намайг хөөж бариад пивоны шилээр толгой руу 2 удаа цохиж толгой хагалсан, тэгэхэд хамгаалагч нар салгаад би 102-т дуудлага өгөөд цагдаа нар ирээд бид хоёрыг аваад гарсан. Тухайн үед хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 42-43, 52-53/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Дгийн өгсөн:

“...2018 оны 08-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө би найз Ү, А нартай хамт БГД-н 17-р хороо Алмааз бааранд орсон нэг шил 0,75 литрийн архи аваад хувааж ууж байгаад Ү бид 2 хамт бүжиглэж байсан А согтсон болохоор ширээн дээр сууж байсан. Тэгэхэд Аыг нэг залуу заамдаж байсан тэгэхээр нь Ү бид 2 очоод салгаад ширээндээ суусан. Би бүжиглэж байгаад А, Ү 2 тамхины өрөөнд орсон би араас нь ороход Аыг заамдаж байсан залуу байсан хоорондоо маргах шинжтэй юм ярьж байхаар нь би А, Ү 2-г дагуулаад тамхины өрөөнөөс гарсан тэгээд ширээнийхээ хажууд бүжиглэж байхад Аыг заамдсан залуу миний толгойруу архины шилээр цохисон тэгээд би уг залууг бариад зогсож байснаа толгойгоо дараад суусан. Тэгээд би юу болсныг сайн санахгүй байна нэг сэргэхэд цагдаагийн газар намайг цохисон залуутай хамт ирсэн байсан толгойгоо дараад үзэхэд цус гарахаа болиод тогтсон байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Мын өгсөн:

“...2018 оны 08-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө би М, О нартай БГД-н 17-р хороо Алмаз бааранд ороод 0,75 литрийн Соёрхол нэртэй архи аваад бид 3 хувааж уугаад сууж байхад Мий найз охин ирсэн тэгээд удалгүй М найз охинтойгоо хамт гараад явсан. О бид хоёр хамт сууж байхад жинсэн өмдтэй пүүзтэй халимаг үстэй 180 см орчим өндөр залуу манай ширээн дээр ирээд ахын дүү гээд бид 3 хамт юм ярьж байгаад уг залууг за та явчих бид хоёр юм ярьмаар байна хүний амар тайван байдал алдагдуулаад байна гэхэд чи надад томордог хэн бэ гээд намайг сууж байсан сандал дээр дарсан тэгэхэд хамгаалагч нар орж ирээд салгасан тэгээд намайг ална гээд дараад гараараа миний нүдрүү цохиод нүүрлүү цохиход би тонгойсон тэгэхэд миний толгойруу цохисон тэгэхэд хамгаалагч нар дахиад салгахад би зугтаад араас хөөсөн. Тэгэхээр нь би архины шил аваад шидсэн тэгэхэд араас хөөж бариад пивоны шилээр миний толгойруу 2 удаа цохисон тэгээд хамгаалагч дахиад салгасан тэгээд цагдаа дуудаад бид нар цагдаагийн газар ирсэн. Би шүүх эмнэлгийн дүгнэлтэй танилцсан надад учирсан гэмтлийг 180 см орчим өндөр 80-90 кг орчим жинтэй бор царайтай хулгар чихтэй саарал цамцтай жинсэн өмд пүүзтэй залуу учруулсан.

Уг залуу миний сууж байсан ширээн дээр ирээд намайг яв гэхэд явахгүй байсан би найзтайгаа юм ярьмаар байна явчих гэхэд уг залуу намайг чи ямар том юм бэ гээд дайрсан намайг гараараа болон пивоны шилээр цохисон би харин уг залуу руу архины шил шидсэн тэгээд уг залуугийн толгойг оносон гэдгээ цагдаагийн газар ирж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 21/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Үын өгсөн:

“...2018 оны 08-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17-р хороо Алмаз бааранд Д, А нартай орсон. Тэнд нэг 0,75 литрийн архи авч хувааж ууж байхад нэг туранхай цайвар царайтай залуу энэ чинь миний баар гээд бүжгийн талбай руу явах гээд архины шил барьчихсан орилж байсан нэг залуу нь барьж хоргилон цааш авч яваад суусан бид нар хэсэг сууж байгаад бүжиглэсэн тэгээд буцаад суугаад буцаж босоод би хэдэн эмэгтэйчүүдтэй бүжиглэж байхад хэдэн хүмүүс бужигнаад муудалцаад байсан тэгээд харахад А муудалцаад түлхэлцэж байсан. Тэгэхээр нь Д бид хоёр очоод Аыг салгаад ширээн дээрээ суулгасан А согтсон байсан болохоор, сандал дээрээ унтсан. Би өндөр бор царайтай өндөр залууд нь залуу хүмүүс биеэ зөв авч яв зодоон цохион хийх хэрэггүй гэхэд заза гээд зөвөөр уриалгахан хүлээж авсан. Тэгээд би бүжиглээд буцаад суугаад дахиж бүжиглэж байгаад нэг эмэгтэйтэй хамт юм ярьж тамхи татчихаад тамхины өрөөнөөс гарахад хүмүүс бужигнаж байсан тэгээд харахад Дгийн толгойноос цус гарсан футболк нь урагдсан байхаар нь би Дд гадуур өмсөж байсан хувцсаа өмсгөөд дагуулаад гарах гэхэд хоёр залуу намайг тамхины өрөө рүү түлхэж оруулж толгой руу цохисон миний гар луу өшиглөсөн тэгэхэд гаднаас хоёр эмэгтэй хүн аллаа шүү дээ гэж орилсон тэгээд гаднаас нэг сахалтай цагаан залуу орж ирсэн тэгэхээр нь би уг залууд эд нараа салгаад аваач гэхэд уг сахалтай залуу харин тиймээ гэсэн тэгэхэд уг хоёр залуу гараад явсан. Би баарнаас гарахад Дгийн толгойг хагалдаг залуу хоёрыг цагдаа аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Аын өгсөн:

“...2018 оны 08-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө Д, Ү бид 3 Баянгол дүүргийн 17-р хороо Алмаз бааранд ороод 0,75 литр нэг шил архи 3 шил пиво аваад хувааж ууж байгаад Д, Ү хоёр бүжиглэж байсан тэгээд ширээн дээрээ сууж байгаад босохдоо нэг залуутай шүргэлцээд маргалдах шиг болсон тэгэхэд Д, Ү хоёр ирж салгаад намайг ширээн дээр суулгасан тэгээд би Дтэй хамт тамхи татаад би буцаж ширээрүүгээ суух гээд явж байсан харин Д бүжиглээд ард үлдсэн тэгэхэд хүмүүс орилолдоод байсан. Би очиход Дгийн толгой нь цус болсон толгойгоо бариад сууж байсан тэгээд нэг сэргэхэд баарны гадаа үүдэн дээр байсан Дг асуухад Ү цагдаа аваад хоёулаа араас нь очъё гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 19/,

Мөрдөн байцаалтад гэрч Ё.сийн өгсөн:

“...2018 оны 08 дугаар сарын 16-нд шөнө 01 цагийн үед Вип 2 тоот өрөөнд 2 залуу сууж байсан. Тэгэхэд задгай ширээн дээр 2 залуу сууж байсан ба задгай ширээн дээр сууж байсан залуучууд нилээд халсан согтуу байсан. Би ажлаа хийж байгаад хартал вип өрөөнд байсан 2 залуутай, задгай ширээнд сууж байсан залуу нь тамхины өрөөнд 3-лаа юм яриад зогсож байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа вип өрөөнд сууж байсан 2 залуу дээр задгай ширээнд сууж байсан том биетэй залуу очоод юм яриад зогсож байсан. Тэгээд вип өрөөнд захиалга өгөх гээд би очиход нөгөө 2 залуу хамгаалагчид хэлээд энэ залууг гаргаад өгчих гэсэн. Тэгэхээр нь би хамгаалагчдаа хэлэхэд хамгаалагч очоод нөгөө залууг ширээнд нь суулгасан. Тэгээд 20-30 минутын дараа нөгөө залуу нь вип өрөөнд буцаж очоод нэг залуутай нь ноцолдоод зодолдож байхаар нь хамгаалагч очоод салгасан. Тэгээд тэр 2 салаад тусдаа сууж байгаад буцаад заалан дотор хоорондоо дахиад зодолдоод задгай ширээнд сууж байсан том биетэй залуу нь нөгөө залуугийнхаа толгой дээр нь пивоны шил хагалахад нөгөө залуугийн толгойноос цус гарсан байсан. Тэгэхэд толгойгоо хагалуулсан залуу нөгөө залууруу пивоны шил шидээд толгойг нь хагалсан. Тэгээд бид нар салгаад 102-т дуудлага өгөөд хамгаалагч нар ирээд баарнаас аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн .... тоот:

               1. Б.Дгийн биед тархины доргилт, хуйхны няцарсан шарх, хоолойн урд хэсэг, цээж, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-н 28/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн .... тоот:

1. Ө.Мын биед дагзны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зовхи, мөрөнд цус хуралт хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 34/,

 

- Хохирогч нарын хүсэлт /хх-н 78, 79/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56, 66/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 57, 67/

            - бакалаврын дипломын хуулбар /хх-н 60/,

            - ажлын байрны тодорхойлолт /хх-н 62/,

            - бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 70/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 72, 73/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Алмаз бааранд хохирогч Ө.Мтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ө.Мын “...2018 оны 08-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө ... пивоны шилээр миний толгойруу 2 удаа цохисон. ...надад учирсан гэмтлийг 180 см орчим өндөр 80-90 кг орчим жинтэй бор царайтай хулгар чихтэй саарал цамцтай жинсэн өмд пүүзтэй залуу учруулсан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Ё.сийн “...2018 оны 08 дугаар сарын 16-нд шөнө 01 цагийн үед Вип 2 тоот өрөөнд 2 залуу сууж байсан. Тэгэхэд задгай ширээн дээр 2 залуу сууж байсан ба задгай ширээн дээр сууж байсан залуучууд нилээд халсан согтуу байсан. Би ажлаа хийж байгаад хартал вип өрөөнд сууж байсан 2 залуу дээр задгай ширээнд сууж байсан том биетэй залуу очоод юм яриад зогсож байсан. Тэгээд вип өрөөнд захиалга өгөх гээд би очиход нөгөө 2 залуу хамгаалагчид хэлээд энэ залууг гаргаад өгчих гэсэн. Тэгэхээр нь би хамгаалагчдаа хэлэхэд хамгаалагч очоод нөгөө залууг ширээнд нь суулгасан. Тэгээд 20-30 минутын дараа нөгөө залуу нь вип өрөөнд буцаж очоод нэг залуутай нь ноцолдоод зодолдож байхаар нь хамгаалагч очоод салгасан. Тэгээд тэр 2 салаад тусдаа сууж байгаад буцаад заалан дотор хоорондоо дахиад зодолдоод задгай ширээнд сууж байсан том биетэй залуу нь нөгөө залуугийнхаа толгой дээр нь пивоны шил хагалахад нөгөө залуугийн толгойноос цус гарсан байсан. Тэгэхэд толгойгоо хагалуулсан залуу нөгөө залууруу пивоны шил шидээд толгойг нь хагалсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн .... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ө.М нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Алмаз бааранд хохирогч Б.Дтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ө.Мын “...Би 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн найз О, М нарын хамт Модны 2-ын “Алмаз” нэртэй бааранд орсон. ... Нөгөө залуу намайг хөөж бариад пивоны шилээр толгой руу 2 удаа цохиж толгой хагалсан, тэгэхэд хамгаалагч нар салгаад би 102-т дуудлага өгөөд цагдаа нар ирээд бид хоёрыг аваад гарсан. Тухайн үед хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Б.Дгийн “...2018 оны 08-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө би найз Ү, А нартай хамт БГД-н 17-р хороо Алмааз бааранд орсон нэг шил 0,75 литрийн архи аваад хувааж ууж байгаад Ү бид 2 хамт бүжиглэж байсан А согтсон болохоор ширээн дээр сууж байсан. ...ширээнийхээ хажууд бүжиглэж байхад Аыг заамдсан залуу миний толгойруу архины шилээр цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Үын “...2018 оны 08-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө Бангол дүүргийн 17-р хороо Алмааз бааранд Д, А нартай орсон. ...тамхи татчихаад тамхины өрөөнөөс гарахад хүмүүс бужигнаж байсан тэгээд харахад Дгийн толгойноос цус гарсан футболк нь урагдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Аын “...2018 оны 08-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө Д, Ү бид 3 Баянгол дүүргийн 17-р хороо Алмаз бааранд орсон. ...хүмүүс орилолдоод байсан. Би очиход Дгийн толгой нь цус болсон толгойгоо бариад сууж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ё.сийн “...2018 оны 08 дугаар сарын 16-нд шөнө 01 цагийн үед Вип 2 тоот өрөөнд 2 залуу сууж байсан. Тэгэхэд задгай ширээн дээр 2 залуу сууж байсан ба задгай ширээн дээр сууж байсан залуучууд нилээд халсан согтуу байсан. Би ажлаа хийж байгаад хартал вип өрөөнд сууж байсан 2 залуу дээр задгай ширээнд сууж байсан том биетэй залуу очоод юм яриад зогсож байсан. Тэгээд вип өрөөнд захиалга өгөх гээд би очиход нөгөө 2 залуу хамгаалагчид хэлээд энэ залууг гаргаад өгчих гэсэн. Тэгэхээр нь би хамгаалагчдаа хэлэхэд хамгаалагч очоод нөгөө залууг ширээнд нь суулгасан. Тэгээд 20-30 минутын дараа нөгөө залуу нь вип өрөөнд буцаж очоод нэг залуутай нь ноцолдоод зодолдож байхаар нь хамгаалагч очоод салгасан. Тэгээд тэр 2 салаад тусдаа сууж байгаад буцаад заалан дотор хоорондоо дахиад зодолдоод задгай ширээнд сууж байсан том биетэй залуу нь нөгөө залуугийнхаа толгой дээр нь пивоны шил хагалахад нөгөө залуугийн толгойноос цус гарсан байсан. Тэгэхэд толгойгоо хагалуулсан залуу нөгөө залууруу пивоны шил шидээд толгойг нь хагалсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн .... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д, Ө.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Д, Ө.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хавтаст хэргийн 78 дугаар талд хохирогч Б.Дгийн “...эмчилгээний зардлаа бүрэн хүлээн авсан тул ямар нэг гомдол санал байхгүй...” гэх, 79 дүгээр талд хохирогч Ө.Мын “...Дтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх хүсэлтүүд, шүүх хуралдаанд “...гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлгүүд зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Д, Ө.М нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч шүүгдэгч Б.Д, Ө.М нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хор уршигийн хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Б.Д, Ө.М нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Д, Ө.М нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Д, Ө.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, шүүгдэгч Ө.М нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Д, шүүгдэгч Ө.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, шүүгдэгч Ө.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.М