Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 879

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн ... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .дугаарын регистртэй, А.Б.

 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал” баарны орчим иргэн Д.Утай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний гарын бугалга, шууг шилээр зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Бийн өгсөн:

“...2018 оны 4-р сарын 02-ны өдөр 22 цагийн үед танил Мөөнөө гэх залуу надруу яриад маргааш амарна биз дээ уулзах уу гээд бид 2 хороололд уулзаад Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал бааранд орж 0,5 литрийн нэг шил соёрхол архи, хүний нэг, нэг шил тайгер пивотой авч уугаад бүжиглэсэн. 03 цаг өнгөрөөгөөд баар хаах дөхөж байхад Мөөнөө алга болчихсон байхаар нь би хайхаар гартал үүдэнд нь 4-5 залуу маргалдаж байгаа бололтой зогсож байхад нь би санаандгүй дундуур нь гартал гараа зүсүүлдэг залуу нь миний зүүн талын мөрөн дээрээс хувцаснаас татахаар нь эргээд хартал миний нүүрлүү гараараа цохьчихсон. Би зөрүүлж харилцан хэд хэдэн удаа цохилцсон. Тэгтэл бааран дотор манай ширээнд шахаж суусан костьюмтай залуу бид 2-ын дундуур ороод салгаж байсан. Тухайн үед бид 2 хоёулаа гартаа шилтэй пиво барьсан байсан. Харилцан цохилцож байхдаа газар давхралдаад унахад миний гарт байсан пивоны шил хагарсан байсан. Харилцан зодолдож байхдаа гарыг нь зүсчихсэн байсан. Бид 2-ыг салгах үед би 25-р эмийн санруу уруудаж зугтсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Би Д.Уын биед дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би Уаас уучлалт гуйн эмчилгээнийх нь зардалд 500.000 төгрөгийг өгч бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 32, 70-71/ ,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Уын өгсөн:

“...2018 оны 04-р сарын 02-03-нд шилжих шөнө 03 цагийн орчим найз Эрдэнбаярын хамтаар БГД-ийн 8-р хороонд байрлах “Кристал” нэртэй баар луу орсон юм. Орохдоо эрүүл орсон бөгөөд бааранд хүний 1, 1 пиво уусан юм. Ингээд удалгүй баар хаахаар болсон бөгөөд баарны гадаа гараад явж байтал Э үл таних 2 залуутай мөрлөснөөс болж муудалцсан юм. Тэгээд бид 4 хоорондоо зодолдсон бөгөөд тэр үед үл таних залуу биднийг салгаж болиулсан юм. Ингээд явах гээд цаашаа явж байтал зодоон хийсэн хоёр залуу эргээд бид хоёрыг ардаас дуудсан. Яваад очтол арай өндөр биетэй нь гартаа пивоны шил барьсан залуу нь эхлээд бүтэн пивоны шилээрээ миний зүүн гарын мөр орчим руу цохих шиг болсон. Ингээд энэ үед нь бас хажуунаас үл таних залуу салгаж болиулсан бөгөөд намайг пивоны шилээр цохисон залуу найзынхаа хамтаар цаашаа зугатаагаад явчихсан юм. Тэгээд би цагдаа дуудтал цагдаа намайг гэмтлийн эмнэлэгрүү яв гэсэн. Ингээд би гэмтлийн эмнэлэгрүү такситай явж байтал Өргөөгийн автобусны буудал дээр намайг пивоны шилээр зүсдэг залуу зогсож байхаар нь дахин цагдаа дуудаж хүлээлгэж өгөөд би гэмтлийн эмнэлэгрүү явсан.

Биеийн байдал одоогоор гайгүй байгаа. Намайг нэг удаа пивоны шилээр зүсэж цохисноос болж миний зүүн гарын булчин орчим зүсэгдэж хэд хэдэн оёо тавиулсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 20-22/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Эын өгсөн:

            “...2018 оны 4 сарын 02-ны өдөр 22 цагийн үед найз У, Тэмүүжин нарын хамт Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал бааранд орж хүний 2, 2 шил пиво уугаад 03 цагийн үед баарнаас гарсан. Би тухайн үед ганцаараа арай түрүүлж гараад баарны үүдэнд зогсож байсан хэдэн залуучуудаас гал асуутал байхгүй гээд надаас буцаагаад тамхи асуухаар нь би байхгүй гэтэл юун сүртэй юм гэлүү нэг юм хэлээд бид нар хоорондоо бага зэрэг маргалдаж байтал У гарч ирсэн. Тэгээд намайг аваад хашааны хаалгаар дөнгөж гарах гэж байгаад үүдэнд зогсож байсан танихгүй 2 залуутай шүргэлцсэнээс болоод маргалдтал хороололд намайг мэдэх үү гэж байгаад хэнийг нь мэдэхгүй нэг нь түрүүлж цохиод харилцан хоорондоо бид нар хэд хэдэн удаа цохилцож байгаад салтал нөгөө 2 залуу доошоо явж байгаад бид 2-ыг дуудаад үгээр идээд байсан чинь У тэр 2 залуу дээр очоод дахиад нэгэнтэй нь цохилцож байгаад салаад эргээд иртэл зүүн талынх нь гар нь 2 хэсэг газар зүсэгдээд цус гоожиж байхаар нь цагдаа дуудаад хурдан эмнэлэг оръё гээд Номин их дэлгүүрийн урдаас такси бариад хөдөлтөл Утай зодолдсон залуу Өргөө кино театрын хойд талын автобусны буудал дээр зогсож байхаар нь би таксинаасаа буугаад нөгөө залууг бариад автал дуудлага өгсөн цагдаа араас ирж таарахаар нь цагдаад уг залууг хүлээлгэж өгсөн. Би Утай хамт гэмтлийн эмнэлэг орж гарт оёдол хийлгүүлээд цагдаа дээр ирсэн.

Би юугаар зүсэж гэмтээснийг нь хараагүй. Тухайн үед У биеийн тамирын цамцтай байсан юм. Эргээд ирэхэд цамц нь зүсэгдсэн юм шиг урагдсан байхаар нь цамцаа тайлдаа гээд тайлуулаад хартал гар нь 2 хэсэг газар зүсэгдээд мах нь гарчихсан цус гоожиж байсан. Гартаа пивоны шилтэй байсан эсэхийг анзаараагүй. Нарийн үзүүртэй юмаар зүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн ... тоот: 

1. Д.Уын биед бугалга, шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 27/,

 

            - Хохирогч Д.Уын хүсэлт /хх-н 76/,

 

Шүүгдэгч А.Бийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 48/

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 49/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Б нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал” баарны орчим иргэн Д.Утай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний гарын бугалга, шууг шилээр зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.Бийн “...Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал бааранд орж 0,5 литрийн нэг шил соёрхол архи, хүний нэг, нэг шил тайгер пивотой авч уугаад бүжиглэсэн. 03 цаг өнгөрөөгөөд баар хаах дөхөж байхад Мөөнөө алга болчихсон байхаар нь би хайхаар гартал үүдэнд нь 4-5 залуу маргалдаж байгаа бололтой зогсож байхад нь би санаандгүй дундуур нь гартал гараа зүсүүлдэг залуу нь миний зүүн талын мөрөн дээрээс хувцаснаас татахаар нь эргээд хартал миний нүүрлүү гараараа цохьчихсон. Би зөрүүлж харилцан хэд хэдэн удаа цохилцсон. ... Харилцан цохилцож байхдаа газар давхралдаад унахад миний гарт байсан пивоны шил хагарсан байсан. Харилцан зодолдож байхдаа гарыг нь зүсчихсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Уын “...удалгүй баар хаахаар болсон бөгөөд баарны гадаа гараад явж байтал Э үл таних 2 залуутай мөрөлснөөс болж муудалцсан юм. Тэгээд бид 4 хоорондоо зодолдсон бөгөөд тэр үед үл таних залуу биднийг салгаж болиулсан юм. Ингээд явах гээд цаашаа явж байтал зодоон хийсэн хоёр залуу эргээд бид хоёрыг ардаас дуудсан. Яваад очтол арай өндөр биетэй нь гартаа пивоны шил барьсан залуу нь эхлээд бүтэн пивоны шилээрээ миний зүүн гарын мөр орчим руу цохих шиг болсон. ...Намайг нэг удаа пивоны шилээр зүсэж цохисноос болж миний зүүн гарын булчин орчим зүсэгдэж хэд хэдэн оёо тавиулсан юм...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Э.Эын “...Би тухайн үед ганцаараа арай түрүүлж гараад баарны үүдэнд зогсож байсан хэдэн залуучуудаас гал асуутал байхгүй гээд надаас буцаагаад тамхи асуухаар нь би байхгүй гэтэл юун сүртэй гэлүү нэг юм хэлээд бид нар хоорондоо бага зэрэг маргалдаж байтал У гарч ирсэн. Тэгээд намайг аваад хашааны хаалгаар дөнгөж гарах гэж байгаад үүдэнд зогсож байсан танихгүй 2 залуутай шүргэлцсэнээс болоод маргалдтал хороололд намайг мэдэх үү гэж байгаад хэнийг нь мэдэхгүй нэг нь түрүүлж цохиод харилцан хоорондоо бид нар хэд хэдэн удаа цохилцож байгаад салтал нөгөө 2 залуу доошоо явж байгаад бид 2-ыг дуудаад үгээр идээд байсан чинь У тэр 2 залуу дээр очоод дахиад нэгэнтэй нь цохилцож байгаад салаад эргээд иртэл зүүн талынх нь гар нь 2 хэсэг газар зүсэгдээд цус гоожиж байхаар нь цагдаа дуудаад хурдан эмнэлэг оръё гээд Номин их дэлгүүрийн урдаас такси бариад хөдөлтөл Утай зодолдсон залуу Өргөө кино театрын хойд талын автобусны буудал дээр зогсож байхаар нь би таксинаасаа буугаад нөгөө залууг бариад автал дуудлага өгсөн цагдаа араас ирж таарахаар нь цагдаад уг залууг хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Бийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

            Хавтаст хэргийн 76 дугаар талд хохирогч Д.У нь “...Батгэрэл нь надаас уучлалт гуйж миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэгэн маргаангүй болсон...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч А.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.Бд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос А.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Бийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ