Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 880

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн ...тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... дугаарын регистртэй, Д.Б.

 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо 34 дүгээр байрны 9 тоотод байх гэр лүүгээ явах замд өөрийн автомашинд эхнэр Ц.Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний орой Баянгол дүүргийн 18 дугаар хороо 34 дүгээр байрны 9 тоотод гэртээ Ц.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Бын өгсөн:

“...Би 2017 оны 11 дүгээр сарын 20-нд манай эхнэр Э ангийнхантайгаа уулзана гээд гарсан. Тэгээд тэр шөнөдөө ирж хоноогүй шөнө найзууд нь утсаар залгаад надаас асуугаад байсан. Тэгээд өглөө би гэрээсээ гараад ажил дээрээ очоод эхнэрлүүгээ залгахад утсаа авахаар нь хүүхдээ хүргэж өг гэхэд чадахгүй гээд байсан. Тэгээд өдөр 12 цагийн үед ирэхэд эхнэр гэртээ ирсэн байхаар нь хаана хоночихоод ирсэн гэхэд найз Ч, С-гийнд хоносон гээд худлаа хэлээд байсан. Тэгэхээр нь би танай 2 найз шөнө надруу залгаад чамайг асуусан гэхэд дуугарахгүй байхаар нь хаагуур янхандаж хоноод ирж байгаа юм гээд шилбэ рүү нь 4 удаа өшиглөж 1 удаа алгадсан. Тэгэхэд Э босоод би явлаа чамтай амьдарч чадахгүй гээд хувцсаа аваад гарсан. Тэрнээс хойш Этай огт уулзаагүй байхад 2018 оны 02 дугаар сарын 21-нд ээж ах 2 нь манай дүүг зодлоо гэх шалтгаанаар 2 залуутай ирж намайг зодсон. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Тэгээд гаднаас тэр 4 орж ирээд намайг зодсон. Би Мтэй харилцан зодоон хийсэн. Би урьд нь эхнэртээ гар хүрч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75, 86-87/ ,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Эгийн өгсөн:

“...Би 2017 оны 11 дүгээр сарын 20-нд манай ангийн охин Э-ын “Алдарт эхийн одон”-н найранд би найзынхаа арын албыг хариуцаж ажилласан. Тэгээд орой найр тараад их сургуулийн ангийнхантай 13-р хороололд караокед орсон. Тэгэхэд орой манай нөхөр Б 23 цагийн үед ирж хамт сууж байгаад шөнө 00 цаг өнгөрөөд гарсан. Тэгээд тэндээс гараад гэрлүүгээ харих замдаа манай нөхөр уурлаад хүн амьтантай хардаад намайг машин дотроо зодож эхэлсэн. Тэгээд намайг нүүр ам, тархи толгой цээжрүү гараараа цохиж өшиглөөд байсан. Тэгээд гэртээ хариад амарсан. Манай нөхөр өглөө ажилдаа явсан би босоход хамаг бие хөндүүрлэж өвдөөд амнаас цус гараад байхаар нь би Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хэвт гэсэн. Тэгээд би гараад “Э-” гэдэг таньдаг эгчийн хувийн эмнэлэг дээр очиж хэвтээд томографийн оношлогоонд орсон. Тэгээд уг эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан. Тэр хооронд манай нөхөр Б ирээд уучлалт гуйгаад байсан. Би тухайн үед нөхрөөсөө салах бодолтой байсан ба нөхөр ирж уучлалт гуйгаад байхаар нь гэртээ харьсан. Тэгээд нэг хэсэг хамтдаа ямар нэгэн хэрүүл маргаангүй аятайхан байж байгаад сарын дараа буюу 12 сард манай нөхрийн найз гаднаас ирээд тэр 2 юм ярьж ууж сууцгаасан. Тэгээд удалгүй найз нь гараад явсан хойно манай нөхөр хэрүүл маргаан хийж байгаад тасраад унтсан. Тэгээд өглөө ажилдаа яваад буцаж 10 цагийн үед урьд өдрийн архи нь гараагүй орж ирээд өчигдрийн болсон хэрүүлээ хийгээд намайг зодож хөл гар толгой тархируу зодож эхэлсэн. Тэгээд манайд нөхрийн ажлын газрын Л- эгч гаднаас орж ирэхэд зодохоо болиход би зөрөөд гарсан. Би маргааш нь 2 хүүхдээ цэцэрлэг сургуулиас нь аваад гэрээсээ хувцас хунараа аваад байр хөлсөлж 2 хүүхэдтэйгээ суусан. Тэгээд цагаан сарын дараа манай ээж Солонгосоос ирэхэд би гэрт нь очоод байж байхад манай ах М миний утсан дээр байсан зодуулсан үеийн зураг мессэж уншаад зодуулсан тухай мэдээд бөөн юм болж манай гэрлүү очиж манай нөхөр Баяраатай бөөн юм болсон байсан. Тухайн үед би гэрт очоогүй.

Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр нойр булчирхайн эцсийн шатандаа орсон өвчтэй гэж онош гарсан. Тэгээд би 2 хүүхэдтэйгээ 2 сар гаран тусдаа байхад манай 2 хүүхэд аавыгаа санаад ам нь мурийгаад орондоо шээгээд, том хүүхдээ эмнэлэгт үзүүлэхэд сэтгэцийн хямралд орсноос болсон гэж хэлж байсан. Манай нөхөр надаас уучлалт гуйж одоо хамт амьдарч байгаа. Тийм учраас надад нөхөртөө гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Мгийн өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би төрсөн ээж Бы гэр болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо 37-26 тоотод ээж Б, манай найз Эрдэнэбаяр нарын хамт байхад манай дүү Э нөхөр Б зодлоо гээд ажилтан Ч гэх залууг дагуулаад гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би ээж, Ч, Эрдэнэбаяр, Э нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 34 дүгээр байрны 09 тоотод байрлах Эгийн гэрт очсон чинь Б хаалгаа онгойлгосон. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм чи яахаараа ингэдэг юм гэсэн чинь Б өөдөөс чи муу яагаад байгаа юм бэ гэснээ намайг заамдаад авангуут би болиулах гэсэн чинь заамдах гэсэн чинь миний гар хүрэхгүй байсан. Тэр үед Эгийн Ч дундуур орж ирж салгасан. Тэр үед ээж хөөе болиоч гээд Баярбатыг Ч тэврээд салгасан. Тэгээд намайг ална гээд орилоод байж байснаа нэг сиймхийгээр босож ирээд миний нүүрлүү нэг удаа цохиод би хойшоогоо унаад босож ирсэн чинь Б гал тогооны өрөө рүүгээ орсноо алнаа бүгдийг чинь ална гээд гартаа хутга барьсан байсан. Тэр үед бид нар бүгдээрээ гараад зугтаасан. Тэр үед цагдаад дуудлага өгсөн чинь хоёр цагдаа ирсэн Б шаардлагыг нь биелүүлэхгүй байсан. Тэгээд хоёр цагдаа арай гэж барьж аваад гарыг нь өчих мэх хэрэглэж үйлдлийг зогсоогоод авч явсан.

2012 оны 07 дугаар сард наадмаас өмнө Э надруу яриад манай нөхөр Б намайг зодчихлоо гэхээр нь бид нар одоо очлоо гээд би ээж Бы хамт Төв аймгийн Баянсуманд байрлах Мааньтын хорихын ажилчдын байран дээр нь очсон чинь Э дөнгөж төрсөн байсан бөгөөд хоёр хүүхдээ тэврээд гадаа хүлээж байхаар нь би ээжтэй хамт гэрт нь орсон чинь Б шал согтуу байсан. Тэгэхээр нь юм яриагүй Эг аваад явсан. Э нь тухайн үед ухаан алдаж унатлаа зодуулсан байсан бөгөөд нүүр хүзүү ам цээж нь зодуулаад нил хөх няц болсон байсан. Тухайн үед Эгийн зодуулсан зургийг бүгдийг аваад баримтжуулсан байсан чинь Б олж аваад шатааж устгасан байсан. Эг зодож цохиж байсан гэхдээ би тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бы өгсөн:

“...Манай төрсөн охин Э нь 2008 оны орчим Б гэх хүнтэй гэр бүл болоод Майнтад тусдаа амьдардаг байсан. Тэр үед нөхөр Б нь Майнтын хорих ангид ажилладаг байсан. Тэгээд гэр бүл болсноосоо хойш Б, Э хоёр нь байнга маргаантай байдаг байсан. Заримдаа хоорондоо муудалцаад заримдаа эвлэрчихсэн явдаг байсан. Тэгээд Мааньтад амьдардаг байхдаа Эгийн бага хүү төрсөн байхад Эгийн найз нь надруу нэг удаа утсаар яриад танай охиныг нөхөр Б нь зодоод гэрээсээ хөөгөөд байна гэхээр нь би тухайн үед Бын аав ээж дээр очоод ээж нь болох Туултай хамт Мааньт дээр Бын гэрт нь очсон чинь Э нялх хүүхдээ газар тавьчихсан ороо засаж байсан. Тухайн үед манай охин татаж унахаар нь би Эг хотод авчирч гэмтлийн эмнэлэгт үзүүлж байсан. Түүний дараа нь 2015 оны орчим байх нэг удаа намайг Солонгос улсад байж байхад манай гэрт Э нөхөр Бтаа зодуулаад ирлээ гээд надруу намайг ийм болгосон гээд зодуулсан зургаа явуулсан байсан. Тэгээд зургийг нь харсан чинь Эгийн гар бие нь хөх няц болчихсон гарын шуу нь зүсэгдсэн байсан. Тэр авахуулсан зургаа Э өөрөө устгачихсан байсан дараа нь. Би тухайн үед Солонгос улсад байсан болохоор Монголд ирсэн чинь Э Б хоёр эвлэрчихсэн байсан. 2017 оны 12 дугаар сарын 10-ны орчим Солонгос улсруу явчихаад 2018-02-20-ны орчим Монголд ирээд Этай уулзсан чинь Э надад нөхөр Бт зодуулаад хоёр хавиргаа хугалуулаад сэхээнд ортлоо зодуулсан гэж ярьж байсан.

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орчим би гэртээ байж байсан чинь Э гэрт ирээд би Бтай маргалдсан одоо салах гэж байгаа өмнө нь намайг сэхээнд ортол зодож байсан би салмаар байна гээд надад надруу ийм мессэж бичсэн гээд Баас ирүүлсэн мессэжийг үзүүлсэн чинь мессэж дээр нь ахтай чинь эхтэй чинь бүгдийг чинь хутгалаад овоолоод шатаачихна шүү гэсэн мессэжнүүд ирүүлсэн байсан. Тэр үед манай том хүү М хамт байсан болохоор болсон явдлыг сонсоод яахаараа ингэдэг юм очиж уулзъя гээд Ганчөдөр гэх Эгийн ажилтан, М хоёр түрүүлээд гарч яваад би араас нь ганцаараа Баянгол дүүргийн 18 дугаар хороо 34-09 тоотод байрлах гэрт нь очсон чинь М Ганчөдөр хоёр Бын гэрлүү орчихсон байсан ба намайг ороход Б нь Мгийн энгэрээс заамдаж боогоод хананд шахаад дээш нь өргөөд боогоод байсан чинь Ганчөдөр хажуу талаас ороод салгасан чинь Б ална гээд орилоод гал тогооны шүүгээний орчимоос нэг юм шүүрээд авчих шиг болохоор нь бид нар гэрээс нь гараад хаалгыг нь дараад зогсоод би тухайн үед цагдаа дуудсан. Тэр үед хоёр цагдаа ирээд хаалга тогшсон чинь хаалга онгойлгохгүй байсан. Тэр үед Бын хоёр найз ирсэн байсан. Тэгсэн чинь цагдаа нар хэсэг хаалга тогшоод байж байсан чинь Б хаалгаа онгойлгоход нэг цагдаа нь мэх хийгээд унагаасан тэр үед Бын халааснаас хоёр хутга газар унасан бөгөөд Б цагдаагийн өөдөөс эсэргүүцээд байсан тул цагдаа Бын гарыг нь ард нь мэх хэрэглэж өчөөд барьж авах үед Бын найз гэх залуу манай найзыг яаж байгаа юм гээд орилоод байсан ба тэрийг нэг цагдаа нь барьж авсан. Тэгээд Быг найзынх хамт цагдаа аваад явсан.

Тухайн үед Бын гэрт ороод М Быг чи яаж байгаа юм манай дүүг гэсэн чинь Б Мг нүүрлүү нь гараараа нэг удаа цохисон чинь М хойшоогоо цохиулаад унасан. Тэгээд дахиад босоод ирсэн чинь Б Мг барьж аваад цамцны энгэрийг нь мушгиж заамдаж боогоод өргөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бын өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би хөдөлгөөнт эргүүлийн Тайшир 113 чиглэлийн 51-71 УБӨ улсын дугаартай албаны машинтай дэд ахлагч Батболдын хамт Баянгол дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед орой 19 цагийн орчим байх Тайшир 10-аас Баянгол дүүргийн 17 дугаар хороо 35г байранд хүн зодуулсан байна зодсон хүн нь хутга бариад дайраад байна гэсэн дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу тус хаяган дээр очсон чинь үүдэн дээр нь ээж нь гэх эмэгтэй охин нь гэх бас нэг эмэгтэй ах нь гэх залуу түүнтэй хамт явж байсан бас нэг залуу нийлээд 4 хүн байсан очоод уулзсан чинь ээж нь гэх эмэгтэй...манай охиныг зодоод ах нь уулзах гэсэн чинь ахыг нь бас зодчихлоо тэгээд хутга бариад дайраад байна гэсэн. Тэгэхээр нь хаалгыг нь тогшсон чинь хаалгаа онгойлгохгүй байсан. Тэгээд хэсэг хүлээгээд байж байсан чинь хаалгаа онгойлгосон. Тэр үед би хаалга онгойлгосон хүний өөдөөс нь очсон чинь дотроос нь Б гэх залуу гартаа гурилын ганжин барьчихсан ална шүү гээд далайчихсан гарч ирэхээр нь би ганжин барьчихсан гарнаас нь барьж аваад тусгай мэх хэрэглэж газар унагахад биенээс нь хоёр ширхэг хутга унасан. Тэр үед Б нь өөдөөс хууль ёсны шаардлага эсэргүүцээд байхаар нь би хуульд заагдсан арга хэмжээ авч Бын гарыг нь ард талд нь өчөөд гавалсан. Тэгээд Быг босгоод гавалсан чигтээ машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирч эрүүлжүүлсэн.

Тухайн үед зодуулсан ах нь буюу М нь хамарнаас цус гарсан зодуулсан байдалтай байсан. Б нь тухайн үед их танхай догшин хэрцгий авирлаж байсан. Тухайн үед байсан хүмүүсийг хэл амаар доромжилж орилж хашгираад бүгдийг ална гэж заналхийлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Гийн өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын сүүлээр цагаан сарын баярын дараа байсан би хамт ажилладаг Эгийн ээжтэй золгох гээд Баянгол дүүргийн 18 дугаар хороо Модны хоёрын Хаан банктай байранд Эгийн ээжийн гэрт очсон чинь гэрт нь Эгийн ээж, ах нь М Э гурав байсан. Тэгээд би гэрт нь орсон чинь Эгийн нөхөр Б нь мессэжээр Э руу гэрийг чинь шатаана ээжийг чинь ална, ахыгаа ганцааранг нь явуулчих цагийн дараа ирж цогцсыг нь аваарай гэсэн мессэж байсан. Тэр үед Эгийн ах нь очиж Бтай уулзана гэсэн чинь Э ээж хоёр нь хориглосон. Тэгээд байж байсан чинь Э М нь нэг хүн дуудсан чинь нэг саравчтай малгайтай ах ирсэн. Тэгээд бөөнөөрөө очиж уулзахаар болоод хойд талын байранд нь байх Эгийн гэрт нь Эгийн ээж би, Э, М /М/ болон М ахынх нь нэг найзын хамт очсон. Тэгээд М нь гэрийн хаалга тогшсон чинь Б согтуу хаалга онгойлгосон чинь М ах нь эхэлж гэрлүү нь ороод араас нь ээж нь орсон. Тэгээд би үүдэн дээр нөгөө ахтай хамт зогсож байхад М Бтай маргалдаад байсан. Тэр Б Мг мангасдсан чинь М Быг зөрүүлээд баруун шанааруу нэг удаа гараараа цохисон. Тэгсэн чинь Б Мг боогоод авахаар нь би очоод Бын гарыг тавиулаад болиулаад хоёр тийш нь салгасан чинь Б М ахыг нүүрлүү гараараа нэг удаа цохихоор нь би Быг боль гээд тэврээд авсан Б намайг халбага шиг юмаар нуруу руу хоёр удаа цохисон тэр үед нэг нь хутга авчихлаа гэхээр нь бид нар бөөнөөрөө гараад зугтаагаад гэрийнх нь хаалгыг хааж зогсож байгаад цагдаа дуудсан чинь хоёр цагдаа ирээд орох гэсэн чинь Б оруулахгүй байсан. Тэр үед Э надтай хамт нөөц түлхүүр авах гээд гарсан чинь араас дуудахаар нь буцаад орсон чинь хоёр цагдаа Быг гавалчихсан. Б цагдаа нарыг хэл амаар доромжлоод байсан. Миний нүдэн дээр Б Эг зодож байгаагүй, харин Бт зодуулаад эмнэлэгт хэвтэж байсан. Э нь надтай хамт ажилладаг байхдаа долоо хоногт нэгээс хоёр удаа уйлсан байдалтай байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-н 38-39/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Бын өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би Баянгол дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өглөөний 09 цагаас маргааш өдрийн 09 цагийн хооронд 113 чиглэлийн хөдөлгөөнтийн алаг тэргэнд ахлах дэслэгч Бтай хамт үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд тухайн үед үүрэг гүйцэтгэж байх үед 19-20 цагийн орчим Тайшир 10-аас Баянгол дүүргийн 18 дугаар хороо 34 дүгээр байрны 09 тоотод нөхөр нь эхнэрээ зодоод хутга гаргаж ирээд алах гээд байна.... гэсэн дуудлага ирсэн ба дуудлагын дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хороо 34-09 тоотод байрлах хаяган дээр очсон чинь 09 тоотын үүдэн дээр Э гэх эмэгтэй болон түүний ээж гэх эмэгтэй мөн Эгийн ах /М/ гэх хүмүүс гурвуулаа шатны орчим зогсож байсан ба Э нь манай нөхөр хутга бариад дайраад байна өмнө нь намайг зөндөө зодож байсан... гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр 09 тоот хаалгыг тогшсон чинь онгойлгож өгөхгүй байсан бөгөөд дотроос нь нэг хүн /Б/  та нарыг ална шүү гээд орилоод байсан. Тэгээд байж байсан чинь Эгийн нөхрийнх найзууд гэх согтуу эрэгтэй /Д/, эмэгтэй /Э-/ хоёр хүрч ирээд 09 тоот хаалгыг тогшсон чинь дотроос нь хаалга онгойлгосон ба тэр үед Б бид хоёр хаалгыг нь наанаас нь татсан чинь дотор нь байсан залуу /Б/ гартаа мод барьчихсан байсан ба би нэг гарнаас нь бариад татаад гаргаад ирсэн чинь Бын найз /Д/ хажуу талаас наад хүнээ тавь гээд зууралдаад авсан. Тэр үед би Дын гарыг нь ард нь өчөөд гавалсан. Тухайн үед Бын өөдөөс Б эсэргүүцээд байх үед Бын биенээс нь хоёр хутга шалан дээр унасан. Тэр үед Б Быг газар унагаагаад гарыг нь ард нь гаргаж ирээд гавалсан ба Б болон түүний найз Д нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирч эрүүлжүүлэх байранд саатуулсан. Тухайн үед Эгийн ах Мгийн ам, хамар орчмоос цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,

 

           Мөрдөн байцаалтад шинжээч эмч Г.Хгийн өгсөн:

           “...2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 2900 дугаартай дүгнэлтэд дурьдагдсан гэмтлүүдээс цээжинд учирсан гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарах ба бусад хуйханд цус хуралт, бүсэлхий, зүүн бугалга, өвдөг, шуунд учирсан зулгаралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн цээжинд учирсан зөөлөн эдийн няцрал гэмтлээс бусад гэмтлүүд нь нийлээд ч гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь уналтын үед үүсэх боломж муу. Харин ноцолдох, зууралдах үед учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 73/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн ... тоот: 

1. 2017.10.27-ны өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгээс үзэхэд Ц.Эгийн биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Э- дотор эмэгтэйчүүдийн эмнэлгийн картнаас үзэхэд 2017.10.23-ны өдрийн үзлэгээр зүүн нүд, өвчүүний зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ууц, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдон тархи доргилт, тархины хаван, нүүрний зөөлөн эдийн няцрал оношоор эмчлэгдсэн байна.

2. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүсгэгдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 56/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн ... тоот: 

1. Ц.Мгийн биед уруул, хүзүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 57/,

 

  • Хохирогч нарын хүсэлт /хх-н 145-146/,

 

Шүүгдэгч Д.Бын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 91/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 92/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 121/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо 34 дүгээр байрны 9 тоотод байх гэр лүүгээ явах замд өөрийн автомашинд эхнэр Ц.Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2018 оны 02 дугаар сарын 21-ний орой Баянгол дүүргийн 18 дугаар хороо 34 дүгээр байрны 9 тоотод гэртээ Ц.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Бын “...Би 2017 оны 11 дүгээр сарын 20-нд манай эхнэр Э ангийнхантайгаа уулзана гээд гарсан. Тэгээд тэр шөнөдөө ирж хоноогүй шөнө найзууд нь утсаар залгаад надаас асуугаад байсан. Тэгээд өглөө би гэрээсээ гараад ажил дээрээ очоод эхнэрлүүгээ залгахад утсаа авахаар нь хүүхдээ хүргэж өг гэхэд чадахгүй гээд байсан. ...хаагуур янхандаж хоноод ирж байгаа юм гээд шилбэ рүү нь 4 удаа өшиглөж 1 удаа алгадсан. ...2018 оны 02 дугаар сарын 21-нд ...Би Мтэй харилцан зодоон хийсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.Эгийн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 20-нд ...их сургуулийн ангийнхантай 13-р хороололд караокед орсон. ...нөхөр Б 23 цагийн үед ирж хамт сууж байгаад шөнө 00 цаг өнгөрөөд гарсан. Тэгээд тэндээс гараад гэрлүүгээ харих замдаа манай нөхөр уурлаад хүн амьтантай хардаад намайг машин дотроо зодож эхэлсэн. Тэгээд намайг нүүр ам, тархи толгой цээжрүү гараараа цохиж өшиглөөд байсан. ...12 сард манай нөхрийн найз гаднаас ирээд тэр 2 юм ярьж ууж сууцгаасан. ...өглөө ажилдаа яваад буцаж 10 цагийн үед урьд өдрийн архи нь гараагүй орж ирээд өчигдрийн болсон хэрүүлээ хийгээд намайг зодож хөл гар толгой тархируу зодож эхэлсэн. ...цагаан сарын дараа манай ээж Солонгосоос ирэхэд би гэрт нь очоод байж байхад манай ах М миний утсан дээр байсан зодуулсан үеийн зураг мессэж уншаад зодуулсан тухай мэдээд бөөн юм болж манай гэрлүү очиж манай нөхөр Баяраатай бөөн юм болсон байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.Мгийн “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ...Баянгол дүүргийн 18 дугаар хороо 34 дүгээр байрны 09 тоотод байрлах Эгийн гэрт очсон чинь Б хаалгаа онгойлгосон. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм чи яахаараа ингэдэг юм гэсэн чинь Б өөдөөс чи муу яагаад байгаа юм бэ гэснээ намайг заамдаад авангуут би болиулах гэсэн чинь заамдах гэсэн чинь миний гар хүрэхгүй байсан. ...намайг ална гээд орилоод байж байснаа нэг сиймхийгээр босож ирээд миний нүүрлүү нэг удаа цохиод би хойшоогоо унасан...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

гэрч Д.Бы “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орчим ... Бын гэрт ороод М Быг чи яаж байгаа юм манай дүүг гэсэн чинь Б Мг нүүрлүү нь гараараа нэг удаа цохисон чинь М хойшоогоо цохиулаад унасан. Тэгээд дахиад босоод ирсэн чинь Б Мг барьж аваад цамцны энгэрийг нь мушгиж заамдаж боогоод өргөсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Бын “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би хөдөлгөөнт эргүүлийн Тайшир 113 чиглэлийн 51-71 УБӨ улсын дугаартай албаны машинтай дэд ахлагч Батболдын хамт Баянгол дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. ...Б нь өөдөөс хууль ёсны шаардлага эсэргүүцээд байхаар нь би хуульд заагдсан арга хэмжээ авч Бын гарыг нь ард талд нь өчөөд гавалсан. ...Тухайн үед зодуулсан ах нь буюу М нь хамарнаас цус гарсан зодуулсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Г.Гийн “...2018 оны 02 дугаар сарын сүүлээр цагаан сарын баярын дараа ...Б Мг мангасдсан чинь М Быг зөрүүлээд баруун шанааруу нэг удаа гараараа цохисон. Тэгсэн чинь Б Мг боогоод авахаар нь би очоод Бын гарыг тавиулаад болиулаад хоёр тийш нь салгасан чинь Б М ахын нүүрлүү гараараа нэг удаа цохихоор нь би Быг боль гээд тэврээд авсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Бын “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би Баянгол дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өглөөний 09 цагаас маргааш өдрийн 09 цагийн хооронд 113 чиглэлийн хөдөлгөөнтийн алаг тэргэнд ахлах дэслэгч Бтай хамт үүрэг гүйцэтгэсэн. ...Тухайн үед Эгийн ах Мгийн ам, хамар орчмоос цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

            Хохирогч Ц.Э “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж хохирогч Ц.М “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэж тус тус мэдүүлсэн, түүнчлэн хавтаст хэргийн 145, 146 дугаар талд авагдсан хохирогч нарын “...ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтүүдийг харгалзан шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Бт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Д.Бт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Быг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Бын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ