Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1304

 

Ж.Хүүхэнбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03544 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Хүүхэнбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Мэндээд холбогдох

 

Нэр төр сэргээж, 10 146 270 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Ж.Хүүхэнбаатар,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал,

хариуцагч Ц.Мэндээ, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Хүүхэнбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт:

Орон нутагтаа сайн чанарын өндөг үйлдвэрлэж хүнсний зарим хэрэгцээг хангах зорилгоор тус аймгийн Сайнцагаан сумын иргэн Н.Батдэлгэртэй хамтран ажиллахаар тохиролцож, түүний хүргэн дүү Б.Батболдоор өндөг төслийг боловсруулж, Улсын мал эмнэлгийн үржлийн газарт хүргүүлсэн бөгөөд улмаар уг төсөл дэмжигдэн 2010 оны 5 дугаар сард хоногийн настай 1500 дэгдээхэйг хүлээн авсан юм.

Гэрээ байгуулсан өдрөө 1500 дэгдээхэйг "Бөхөг" ХХК-ийн байранд хүлээн авч тэжээл, ус, эм, байрны түрээс, маллагчийн ажлын хөлс зэргийг би хувиасаа хариуцан гаргаж, гурван cap гаруй хугацаа өнгөрсөн. Авсан дэгдээхэй өсч том болоод өндөг өгөхөд бараг бэлэн болчихсон Н.Батдэлгэр бидний тохиролцсон тахиа тэжээх байр нь мал эмнэлэг ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй болж, Мандалговь хотод өөр байр эрэлхийлсэн боловч олдоогүй тул цаг хугацааны хүчин зүйлээс хамаараад тахиаг зарахаас өөр аргагүй байдалтай болсон юм.

Гэтэл Ц.Мэндээ гэдэг хүн дэгдээхэйг худалдан авъя гэсэн санал тавьсан. Нилээд хугацаанд ярилцсаны эцэст Ц.Мэндээ дэгдээхэйг бойжуулахад гарсан зардлыг надад төлөх, дэгдээхэйн үнэ 4 044 000 төгрөгийг мал хамгаалах сангийн дансанд гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахаар тохирч 2010 оны 8 дугаар сарын сүүлчээр 1500 дэгдээхэйг Ц.Мэндээд шилжүүлэн өгсөн бөгөөд өөрийн 1000 тахиан дээрээ миний авсан 1500 тахиаг авч, Хөвсгөл аймаг руу тээвэрлэж аваачсан.

Ц.Мэндээтэй 2010 оноос 2012 онд зээлийн өрийг төлөх талаар утсаар хэд хэдэн удаа ярьж сануулах болгонд "та санаа зоволтгүй, би ямар ч асуудалгүйгээр зээлийг төлнө гэж хариулж байсан.

Гэтэл Ц.Мэндээ Мал хамгаалах санд төлөх ёстой зээлээ төлөлгүй байсаар би Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 106 дугаар шийдвэрээр 5 055 000 төгрөгийг мал хамгаалах санд төлөх, тэмдэгтийн хураамж 86 770 төгрөгийг төсвийн орлогод оруулахаар тогтоогдсон. 2015 оны 12 дугаар сараас эхлэн аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх албаны 2015 оын 34/39 дугаар мэдэгдлийн дагуу тэтгэвэрээсээ 130 000 төгрөгийг суутган тооцоо хийгээд байна.

2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр Ц.Мэндээг эрэн сурвалжлуулахаар болж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/62 дугаар албан тоотоор Ц.Мэндээ нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, Загийн 50-154 тоотод оршин суудаг гэсэн хариуг надад өгсөн. Иймд Ц.Мэндээгээс Хүнс хөдөө аж ахуйн яамны мал хамгаалах санд төлөх 1500 дэгдээхэйн төлбөрт 4 044 000 төгрөг, зээлийн алданги 1 011 000 төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 86 770 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 4500 төгрөг, нийт 5 146 270 төгрөг гаргуулж өгнө үү. Нэр төр сэргээлгэх, хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Мэндээгийн шүүхэд гаргасан тайлбарт:

Миний бие 2010 оны 5 дугаар сарын 25-нд ХХАЯ-ны мал эмнэлгийн үржлийн албаны газраас тахианы аж ахуйд сүрэг сэлбэхэд дэмжлэг үзүүлэн сонгон шалгаруулалтад тэнцэж 1 хоногийн настай Родоннит-3 үүлдэрийн 1000 толгой дэгдээхэйг хүлээн авч, Бөхөг компанийн байранд бойжуулж байтал Дундговь аймгийн мал эмнэлгийн үржлийн албаны дарга Ж.Хүүхэнбаатар 1500 дэгдээхэй зарах гэж байна гэсэн сургаар утсаар холбогдон Сонгинохайрхан дүүргийн 10-р хороололд байдаг гэрт нь очиж уулзан ямар үнэ ханшаар авахаа ярилцан 60 хоногтой, 1500 дэгдээхэйг нэг бүрийн үнийг 4500 төгрөгөөр бодож, нийт 6 750 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож мөнгийг нь 2 хувааж төлөхөөр болсон.

Би тохирсон ёсоор эхний удаа 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 4 000 000 төгрөгийг эгч н.Ариунаагааас авч, Ж.Хүүхэнбаатарт гэрт нь аваачиж бэлнээр тоолж өгсөн. Тухайн үед Ж.Хүүхэнбаатарын эхнэр, манай эхнэр Ч.Оюунханд хамт байсан болно. Үлдэгдэл 2 750 000 төгрөгийг 2010 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Ж.Хүүхэнбаатартай утсаар ярьж, хүүгийндээ байна хүрээд ир гэхэд нь Баянзүрх дүүргийн 8-р хороо Данзангийн 3-р байрны гадна УАЗ-469 машинд нь эхнэртэй нь хамт уулзаж бэлнээр тоолж өгсөн. Мөн манай эхнэр хамт явсан. Намайг хууль бусаар гүтгэж гүжирдэж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Мэндээгээс 44 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Хүүхэнбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5 102 270 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн.7. 1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Хүүхэнбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мэндээгээс 4 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Хүүхэнбаатарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Хүүхэнбаатар давж заалдах гомдолдоо:

Хариуцагч Ц.Мэндээ нь шүүх хурал болон хариу тайлбартаа нэг дэгдээхэйг 4500 төгрөгөөр худалдан авсан гэдэг. Ц.Мэндээ болон миний бие дэгдээхэйд нэгж үнэ тогтоон худалдсан зүйл байхгүй.

Гэтэл шүүхээс "нэхэмжлэгчийн тайлбараар зохигчид нэг ширхэг дэгдээхэйн үнийг  2969 төгрөгөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна" гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. 2969 төгрөг бол нэхэмжлэгч миний бие Мал хамгаалах сангаас нэг дэгдээхэйг худалдан авсан үнэ болохоос хариуцагч Ц.Мэндээ бид хоёрын тохиролцсон үнэ биш юм.

Ц.Мэндээ бидний хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний гол нөхцөл нь дэгдээхэйн үндсэн үнэ болох 4 044 000 төгрөг дээр 3 cap орчим хугацаанд өсгөн бойжуулахад гарсан зардал болох 4 000 000 төгрөг, нийт 8 044 000 төгрөгийг Ц.Мэндээ нь төлөхөөр тохиролцсон.

Уг тохиролцооны дагуу 4 000 000 төгрөгийг Ц.Мэндээ надад бэлнээр өгч үлдэгдэл 4 044 000 төгрөгийг Мал хамгаалах санд төлөх ёстой байтал төлөлгүй явсаар намайг хохироож байна. Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 106 тоот шийдвэрээр 5 055 000 төгрөг надаас Мал хамгаалах санд гаргуулахаар тогтоосон бөгөөд би өндөр настны тэтгэвэрээсээ 843 768 төгрөг төлөөд байна.

Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдлийн дагуу миний зарлагын гүйлгээ 2016 оны 5 дугаар сарын 31-нээс хаагдаж, цаашид харилцах данснаасаа гүйлгээ хийх боломжгүй болсон. 2016 оны аймгийн ИТХ-д нэр дэвшихээр байсан боловч "Сонгуулийн тухай" хуулийн 125.4.1-д "Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх" гэж заасны дагуу нэр дэвшиж чадсангүй. Ц.Мэндээгээс авсан 4 000 000 төгрөг бол нэг хоногийн настай 1500 дэгдээхэйг 3 cap орчим хугацаанд байжуулахад орсон тэжээлийн зардалд 2 400 000 төгрөг, байрын түрээсийн зардалд 1 000 000 төгрөг, тахиа маллах ажилтны ажлын хөлсөнд төлсөн 600 000 төгрөг юм. 1500 дэгдээхэйг 3 cap орчим хугацаанд өсгөн бойжуулахад 4 000 000 төгрөгөөс ч илүү зардал гарсан. Гэхдээ миний бие хариуцагч Ц.Мэндээгээс зөвхөн баримттай зардлыг л нэхэмжилсэн бөгөөд дээрх зардлыг нотлох баримтууд бүгд хэрэгт авагдсан байгаа. Гэтэл шүүхээс 4 000 000 төгрөгийг дэгдээхэйн төлбөрт төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 4 000 000 төгрөгийг дэгдээхэйн үнэд төлсөн гэсэн баримт хэрэгт байхгүй бөгөөд зөвхөн зардлын баримт л байгаа болно.

Хэрэгт дараах баримт нотлох баримтаар авагдсан байгаа. "Бөхөг" ХК-ийн байр болон цахилгааны төлбөрийн нэхэмжлэх, “Угтуул Алтай” ХХК-ийн тэжээлийн төлбөрийн зарлагын баримт, Иргэн Я.Отгонбаярт тахиа маллагчийн хөлсөнд 600 000 төгрөг төлсөн баримт, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хоногийн настай дэгдээхэйг 60-70 хоногтой болтол бойжуулахад зарцуулагдах тэжээлийн тооцоолол, "НВЦ" ХХК-ийн 1 хоногтой дэгдээхэйг 78-84 хоногтой болтол нь бойжуулахад зарцуулагдах тэжээлийн зардал болон 74-84 хоногтой дэгдээхэйн дундаж үнийн тооцоолол зэрэг.

Анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтыг үнэлэхгүйгээр дэгдээхэйн үнийг Мал хамгаалах сангаас авсан үнээр тооцож 4 000 000 төгрөгийг дэгдээхэйн үнэд төлсөн үнэ гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Мэндээ давж заалдах гомдолдоо:

Ж.Хүүхэнбаатарт 1500 ширхэг дэгдээхэйн үнэ 6 750 000 төгрөг хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан гэрч н.Оюунхандын мэдүүлэг, мөн манай өдөр тутам хөтөлдөг 2009-2012 оны хооронд шувууны аж ахуйн тэжээлийн болон өдөр тутам зардал хөтөлдөг тооцооны хар дэвтэрт Ж.Хүүхэнбаатарт 2010 оны 7 сарын 23-нд 4 000 000 төгрөг, 2010 оны 8 сарын 04-нд 2 750 000 төгрөгийг шувууны үлдэгдэл үнэ гэж тэмдэглэж бичсэн нь баримтаас тодорхой байхад шүүх анхаарч үзээгүй нотлох баримтыг дутуу үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Хүүхэнбаатар болон гэрч түүний эхнэр н.Үжий нар 4 000 00 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч үүнийгээ тэжээлийн үнэд авсан гэж нэхэмжлэлийн шаардлагаасаа өөрөөр тайлбарлаж байгаа нь шударга бус байна. Манайх Бөхөг компанийн байранд байсан Ж.Хүүхэнбаатарын 1500 ширхэг дэгдээхэйн тэжээлийн зардлыг хариуцах ёсгүй, энэ талаар ямар нэг тохиролцоогүй, би худалдаж авснаас хойшхи тэжээлийн зардлыг хариуцах ёстой юм.

Дундговь аймгийн мал эмнэлгийн үржлийн албаны дарга Ж.Хүүхэнбаатар 2010 оны 5 сард ХХАЯ-ны Мал эмнэлгийн үржлийн газраас хэрэгжүүлсэн тендерт өөрийн сумын иргэн н.Батболдын нэрээр төсөлд хамрагдан 1500 ширхэг, 1 ширхэг нь 2696 төгрөгийг үнэ бүхий, 1 хоногтой дэгдээхэй авч надад дамлан худалдсан үйл явц нь Сум дундын 11-р шүүхийн 166 дугаар шийдвэрээр нотлогдсон.

Эхнэр бид хоёр Ж.Хүүхэнбаатараас авсан 1500 ш, 60 хоногтой дэгдээхэйг 1 ширхэгийг 4500 төгргөөр тооцож, 6 750 000 төгрөгийг дэгдээхэйн үнэ гэж хэлээд, итгээд гарын үсэг авалгүй бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл Ж.Хүүхэнбаатар нь баримт үйлдээгүйг дөрөөлөн 10 гаруй сая төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Би Ж.Хүүхэнбаатарт төлөх дэгдээхэйн үнийг бүрэн төлсөн тул мөнгө нэмж төлөх үндэслэлгүй. Иймд уг хэргийг бүхэлд нь хянан үзэж надаас 44 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                           ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Ж.Хүүхэнбаатар нэр төр сэргээж, сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг, 1500 дэгдээхэйн үнэ 4 044 000 төгрөг, алданги 1 011 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 86 770 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан зардал 4 500 төгрөг, нийт 10 146 270 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр төр сэргээж, сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, 5 146 000 төгрөг шаарджээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дэгдээхэйний үнэнд 6 750 000 төгрөг төлсөн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж  хариуцагч Ц.Мэндээгээс дэгдээхэйний үнийн үлдэгдэлд 44 000 төгрөг гаргуулж бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгтэй нийцсэн байна.

 

Талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд худалдах, худпалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч худалдсан барааны үнийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байхад шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг гэж тодорхойлсон нь буруу байна.

 

   Хариуцагч дэгдээхэй тус бүрийг нь 4500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх дэгдээхэй нэг бүрийн үнийг 2696 төгрөгөөр тооцож зөрүүг нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.    

 

Дэгдээхэй нэг бүрийг нь хэдэн төгрөгөөр худалдан авах, 1 хоногтой дэгдээхэйг 3 сартай болтол нь бойжуулсан зардлыг хариуцагч тал төлөх талаар тохиролцсон бичгийн баримтгүй байх ба хариуцагчийн “1500 ширхэг дэгдээхэйн үнэнд 6 750 000 төгрөг бэлнээр төлсөн” гэх, нэхэмжлэгчийн “хариуцагч 4 000 000 төгрөгийг 1500 ширхэг дэгдээхэйг 3 сарын хугацаанд өсгөн бойжуулахад гарсан зардалд төлсөн” гэх тайлбаруудаа хэргийн оролцогч баримтаар нотлоогүй гэж шүүх үзсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгч нь 1500 ширхэг дэгдээхэйний үнэ 4 0044 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаандаа төлөөгүйгээс алдангид 1 011 000 төгрөг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах санд төлөхөөр Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 106 дугаар шийдвэр гарсан байх боловч уг алдангийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгтэй нийцэхгүй байхын зэрэгцээ хариуцагч нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах санд 1500 ширхэг дэгдээхэйний үнэ 4 0044 000 төгрөгийг төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн нь баримтаар нотлогдоогүй тул анзын 1 011 000 төгрөгийг тэмдэгтийн хураамж 86 770 төгрөгийн хамт гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн дэгдээхэйн тэжээлийн үнэд “Угтуул Алтай” ХХК-д 2 400 000 төгрөг төлсөн орлого, зарлагын баримт, “Бөхөг” ХХК-ийн байр болон цахилгааны төлбөр 1 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх, иргэн Я.Отгонбаярт тахиа малласны ажлын хөлсөнд 600 000 төгрөг төлсөн баримтууд хэргийн 77-80 дугаар талд, Родонит-2 үүлдрийн дэгдээхэйн тэжээлийн хэмжээ, зардлын тооцооллын талаар  “НБЦ” ХХК, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн албан бичиг бүхий тодорхойлолт 118-120 дугаар талд авагдсан байдаг боловч эдгээр зардлыг хариуцагч нөхөн төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон үйл баримт тогтоогдсонгүй.   

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул зохигчдын нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн нэр төр сэргээж, гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

 

            Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03544 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Мэндээгээс 44 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Хүүхэнбаатарт олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 5 102 270 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Хүүхэнбаатар нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж    өөрчилж,

шийдвэрийн “2” дахь заалтыг “3” болгож, “3” дахь заалтыг “4” болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөг, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 300 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                         М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                    А.МӨНХЗУЛ