Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0235

 

“Г э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч “Г э м” ХХК-ийн захирал О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н-Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0034 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Г э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0034 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г э м” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 299 дугаар шийдвэрийн “Г э м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Өргөн, Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг “Н т” гэх нэртэй газар байрлах .....Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ашиглах эрхийг “Г э м” ХХК-д сэргээн эзэмшүүлэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Г э м” ХХК давж заалдах гомдолдоо: “... 1. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээ өөрчилж, засварлан шүүхэд өгсөн.

Шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авсан хэдий боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагчид гардуулж, хариу тайлбар авах ажиллагааг хийлгүй хурлыг товлон хуралдуулсан.

2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Хариуцагч захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийн талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь баримт бичиг хүлээлцэх дэвтэр, “М ш” ХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08/153 дугаар албан бичиг, шуудан хүргэлтийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. Иймд нэхэмжлэгчийн ... тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаар ямар ч мэдэгдэл ирүүлээгүй, ... хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдээгүй” гэсэн талбар үндэслэлгүй байна” гэжээ

Хэргийн материалд “М ш” ХК-аас мэдэгдлийг хаягийн дагуу гардуулсан тухай албан бичгийг хуулбар үнэн тэмдэгтэй хоёр хуудас хавсралтын хамт захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Тус хоёр хуудас хавсралтад заасны дагуу албан мэдэгдлийг гардаж авсан Ч гэгч нь манай компанид ажилладаггүй бөгөөд огт танихгүй, мэдэгдлийг аваагүй гэдгээ нэхэмжлэгчийн зүгээс илэрхийлж байсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах” нь шүүхийн үүрэг байсаар байтал Ч гэгч этгээдийн гарын үсэг өөр хоорондоо зөрүүтэй байгааг, мөн түүний хэн болохыг тодруулж, гэрчээр асуулгүйгээр нэхэмжлэгчийг мэдэгдлийг гардан авсан гэж таамаглаж дүгнэсэн нь хууль бус байна.

3. Шүүхийн зүгээс маргаан бүхий захиргааны акттай холбоотойгоор гуравдагч  этгээдийн хөндөгдөх эрх, ашиг сонирхол байгаа эсэхийг хариуцагчаас болон холбогдох байгууллагаас тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газар нь манай компанийн эзэмшиж байсан .....Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгосон байх магадлалтай ч түүнийг шалгалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Монголын Хуульчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Ж-тай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, шүүхэд өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргах боломжит хугацаа олгох хүсэлтийг шүүхэд гаргажээ. Шүүх 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15:00 цагт хийхээр шүүх хуралдааныг товлосон. Хэдийгээр өмгөөлөгч маань 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралд дээр “өмгөөлөгч миний бие 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай” гэж хэлж байсан ч түүнийг үл харгалзан шүүх хурлыг товлосон.

Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, ямар нэг ажиллагаа явуулах хугацаа олгоогүй шүүх хурлыг товлосон.

Ингээд нэхэмжлэгчийн гэрээ байгуулсан өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй ба шүүгч шүүх хурлыг хойшлуулахгүй, хангалттай хойшилсон гэсний дагуу арга буюу шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй юм.

Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, өмгөөлөгчийг биечлэн оролцох эрхийг хангаагүй зэрэг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0034 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээв.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Г э м” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Нэхэмжлэгчээс дээрх 299 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу холбогдох мэдэгдлийг өгөлгүйгээр тусгай зөвшөөрлийг шууд цуцалсан нь манай компанийн эрх ашгийг зөрчсөн, ... нэхэмжлэгч компанийн захирал О.Э ОХУ-д эмчлүүлж байсан тул хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан тухай мэдэгдлийг хүлээж аваагүй, авах боломжгүй байсан, ... “М ш” ХК-ийн гардуулсан гэх баримтад хэн хүлээж авсан нь тодорхойгүй, гардуулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу “Г э м” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дотор тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Ийнхүү тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан журмын дагуу бүрэн төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл болох бөгөөд дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “... төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн дараа жилийн төлбөрийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлж, баримтаа төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийг эзэмших эрх нь хадгалагдах учиртай.

Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулиар тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй бол Ашигт малтмалын тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэгтэй байна.

Гэтэл нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний дотор төлөх ёстой 7 дахь жилийн төлбөрийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх өдрийг хүртэл алдангийн хамт төлөөгүй, ийнхүү төлөөгүй үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, гагцхүү нэхэмжлэгч “тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдээгүй, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаан байсан” гэх агуулгаар маргасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

Дээрх хуульд зааснаар төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсон талаар тодорхой тусгаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэхээр, харин тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тохиолдолд захиргаа уг баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрөл “цуцлах тухай” мэдэгдлийг хүчингүй болгох, хэрэв үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг “цуцалж”, эдгээр шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/1781[1], 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/2809[2] дугаар бүхий албан бичгүүд, уг албан бичгүүдийг “Г э м” ХХК-д хүргүүлсэн талаарх “Баримт бичиг хүлээлцэх” дэвтэрт хийгдсэн тэмдэглэгээ[3], “Монгол шуудан” ХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08/156 дугаар албан бичиг[4], хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар[5] зэргээс үзвэл хариуцагчаас тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдэл болон цуцалсан талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн, “М ш” ХК-аас мэдэгдлийг хариуцагчид буцаан хүргүүлсэн гэх ямар нэгэн баримт байхгүй энэ тохиолдолд шүүхээс хариуцагч захиргааны байгууллагыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүйн дээр мэдэгдэлд заасан үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байх тул “цуцлах үндэслэл бүрдсэн талаар болон цуцалсан талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “тусгай зөвшөөрөл нь цуцлагдах болсон үндэслэл” бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлж буй зорилго нь төлбөрөө төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нь нотлох боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон зохицуулалт болохоос бус төрийн захиргааны байгууллагаас цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдэл ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлнө гэсэн ойлголт биш, харин хүндэтгэн үзэх шалтгаан байсан тохиолдолд тусгай зөвшөөрлийн төлбөрийг нөхөн төлөх боломжийг олгосон зохицуулалт байх тул хуулиар тогтоосон хугацаанд болон түүний дараа өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэл болох хууль зүйн боломжгүй юм.

Нэхэмжлэгч “Г э м” ХХК нь XV-....... дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө, тус хуулийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх ...” гэсний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан байна.

Гэтэл нэхэмжлэгч “Г э м” ХХК нь тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанаас өмнө мөн хэрэв хэтрүүлсэн бол алданги төлөх хугацааны дотор алдангийн хамт огт төлөх боломжит хугацаанд болон түүний дараа ч огт төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид үүнтэй маргаагүй.

Нэхэмжлэгчийн “...компанийн захирал О.Э эрүүл мэндийн шалтгааны улмаас ОХУ-д эмчилгээ хийлгэж байх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа өнгөрсөн” гэх тайлбарыг анхан шатны шүүх хүлээн аваагүйг буруутгах үндэслэлгүй байна.

“Г э м” ХХК-ийн захирал О.Э нь 2015 оны 02 дугаар сарын 18-аас 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрүүдэд ОХУ-д зорчиж, яаралтай мэс засалд орж байсан талаарх баримт нотолгоо болох хавтаст хэрэгт авагдсан О.Э-ын Үндэсний энгийн гадаад паспортын хуулбар[6], ОХУ-д мэс засалд орж байсан тухай магадлагаа[7], нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх хүсэлт[8] зэргээс үзвэл нэхэмжлэгч компани нь захирал О.Э ОХУ-д явсан, эмчилгээ хийлгэсэн цаг хугацаанаас өмнө болон хойно тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжтой байжээ гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...ОХУ-аас Монгол Улсад ирэхэд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст миний нэр дээр эрүүгийн хэрэг үүсгэж, улсын хилээр нэвтрэх, эзэмшиж байсан бүх тусгай зөвшөөрөл, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, шилжилт хөдөлгөөн хийх эрхүүдэд хориг тавьж, банкны бүх дансыг хаалгасан байсан нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна ... удаан хугацаанд хэлмэгдэж, иргэний эрх хязгаарлагдаж байсан учраас хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй ...” гэж дурдсан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаарх ямар нэгэн баримт нотолгоог гаргаж мэтгэлцээгүйн дээр тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд “...ОХУ-д эмчилгээнд явахаас өмнө тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байсан ...” гэх тайлбарыг гаргасан байх тул нэхэмжлэгч компанийн захирлын эрүүгийн хэрэгт шалгагдсан талаарх баримтыг тодруулаагүй гэж шүүхийн буруутгах үндэслэлгүйг, мөн компанийн эрх бүхий этгээдээс өөрийгөө бусдаар төлөөлүүлэх замаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөр боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Ийнхүү “Г э м” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасан хугацаанд болон тус хугацаа хэтэрсний дараа ч огт төлөөгүй, төлбөр төлөөгүй шалтгааныг нотлох хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа баримтаар нотлоогүй энэ тохиолдолд тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасантай нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүхийг буруутгасан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх үүрэгтэй боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаан товлохоос өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, боломжгүй бол эх сурвалжийг нь шүүхэд зааж мэдүүлэн нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргах эрхтэй, энэ эрхийг шүүх хязгаарлаагүй байна.

Нэхэмжлэгч “мэдэгдлийг гардаж авсан н.Ч гэдэг хүн манай компанид ажилладаггүй” гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байх боловч н.Ч-г “Г э м” ХХК-д ажилладаггүй талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, эсхүл энэ талаар хүсэлт гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байх тул тус гомдолтой холбогдуулан шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчээс өөрийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгосон эсэх талаар маргаагүй байх тул “... хайгуулын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгосон байх магадлалтай, үүнийг шалгалгүйгээр хэргийн хянан шийдвэрлэсэн” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Үүнээс гадна нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, ямар нэг ажиллагаа явуулах хугацаа олгоогүй шүүх хурлыг товлосон, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй” гэжээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах эрхийг хангаж, өмгөөлөгч Г.Ж-ын “... Хэргийн материалтай танилцахад олон хоногийн хугацаа шаардлагагүй ...” гэсэн хүсэлтийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг 3 хоног хойшлуулж, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр товлосон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хэргийн материалтай танилцаж, хэргийн материал танилцуулсан баримтад гарын үсэг зурсан[9] болох нь, мөн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны ирцтэй холбоотой санал, хүсэлт гаргах шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “... шүүх хуралдааныг өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр үргэлжлүүлэх боломжтой ...” гэх тайлбар гаргаснаар шүүх хуралдаан үргэлжилсэн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, бусад баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэв нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон бол шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтээ, холбогдох баримтын хамт гаргаж, шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргаагүй байх тул өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон                                           

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0034 дүгээр шийдвэрийн хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г э м” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ 

 


[1] ХХ-ийн 62 дугаар хуудас

[2] ХХ-ийн 66 дугаар хуудас

[3] ХХ-ийн 63, 64, 68 дугаар хуудас

[4] ХХ-ийн 71 дүгээр хуудас

[5] ХХ-ийн 69, 70 дугаар хуудас

[6] ХХ-ийн 24 дүгээр хуудас

[7] ХХ-ийн 25-32 дугаар хуудас

[8] ХХ-ийн 21 дүгээр хуудас

[9] ХХ-ийн 92 дугаар хуудас