Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 215/МА2023/00020

 

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2023/00191 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: .......... аймгийн ......... сумын ........... багт оршин суух, Н.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........... аймгийн ........... сумын ......... багт оршин суух, Б овогт Ш.Б-д холбогдох,

“............” ХХК-ийн 37 хувийн хувьцааг Ш.Б хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э, Б.Б (цахимаар), хариуцагч Ш.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “............” ХХК-ийн 37 хувийн хувьцааг Ш.Б хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгох тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие Н.Б нь 2011 онд “............” ХХК-ийг ганцаараа үүсгэн байгуулан үйл ажиллагаа явуулж байсан юм. Ш.Б нь надтай 2015 оны 12 дугаар сард танай компанид хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Тэгээд аймгийн төлөөлөгчид Хами муж руу айлчлах гэж байна надад танай компанид зээл өгсөн гэсэн баримт байх юм бол хөрөнгө оруулалт хийх газар байна гэсэн. Тэгээд 130,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээд нотариатаар батлуулаад авч явсан юм. Хами аймгийн Сантунхуа муж руу очоод хөрөнгө оруулалт бүтээгүй юм. Тэгээд 2016 оны 03 дугаар сард БНХАУ-ын Хами аймгийн Цэргийн 13-р компаниас 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн санал ирүүлсэн байна. Би компанийн 51 хувийг эзэмшигч болох юм бол надад энэ компани хөрөнгө оруулалт хийж өгнө гэсэн хятадаар бичсэн санамж бичиг авчирч үзүүлсэн юм. Би тухайн үед энэ хүнд итгээд компанийхаа 51 хувийн эзэмшигч болгон хурлын тогтоол гаргаад БНХАУ-ын Бээжин хот явж тухайн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн газартай нь очиж уулзахад хөрөнгө оруулалт хийх боломжгүй гэсэн юм. Гэтэл Ш.Б нь хувьцаа эзэмшигч болж байгаа юм чинь цаашид хамтран ажиллана би банкнаас зээл авч хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах хүсэлтэй байна гээд Хаан банкнаас 120,000,000 төгрөгийн зээл авлаа гээд надад цувуулж нийт 98,204,000 /ерэн найман сая хоёр зуун дөрвөн мянга/ төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2016 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн. Ш.Б нь би цаашид хамтран ажиллах юм чинь надад компанийхаа хувьцаанаас 37 хувийг эзэмшүүлээч гэсэн хүсэлт тавьсан. Би тухайн үед хамтран ажиллана гэж байгаа тул 23 хувийг эзэмшүүлнэ гэтэл цаашид хамтран ажиллана хөрөнгө оруулалт хийнэ гэхээр нь 37 хувийг эзэмшүүлсэн юм. Ш.Б нь хөрөнгө оруулалт хийсэн мөнгөө би иргэн Н.Б-д зээлээр өгсөн гэж маргаан гарган шүүхэд хандаж “............” ХХК-иас гаргуулах шийдвэр гарсан юм. Иймд Ш.Б нь намайг хуурч мэхлэн миний үүсгэн байгуулан ажиллуулж байсан “............” ХХК-ийн 37 хувийн хувьцааг хууль бусаар авсан тул эзэмшигчийг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн тайлбар: Н.Б нь 2012 оноос хойш эхлээд надаас мөнгө зээлж байсан. 2015 оны 12 сард дансаар, бэлнээр авсан мөнгөө эцсийн байдлаар тооцож үзээд 130,000,000 төгрөгийн тооцоо нийлж зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ хийгээд сүүлдээ тэр мөнгөө өгч чадахгүй махны үйлдвэрээс хувьцаа ав гээд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 51 хувийн хувьцаа өгсөн. Бид хувь нийлүүлэгчдийн хурал хийж тогтоол гаргаж Улсын бүртгэлийн газар хууль ёсны бүртгэл хийлгэсэн. Улсын бүртгэл хийлгэсэн бүртгэлийг Н.Б өөрөө өргөдлөө өгч материалаа бүрдүүлж бүртгэлээ хийлгэсэн. Н.Б нь хууль бус бүртгэл хийгдсэн гэж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл өгч тэр нь хэрэгсэхгүй болж байсан. Прокурорын 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 186 дугаартай мэдэгдэл байгаа. Энэ мэдэгдэл дээр Н.Б нь мөнгө авч байсан 130,000,000 төгрөг өгөх ёстой юм. Энэ мөнгөндөө хувьцаа өгсөн гэж хэлсэн нь прокурорын мэдэгдэл дээр хоёр удаа бичсэн байдаг. Прокурорт өөрөө тэгж тайлбар гаргаж байсан байдаг. Намайг 51 хувийн хувьцаа авч байхад компани гурван тал блокон хашаа, 50*10 харьцаатай хоосон сендвичин байшин байсан. Зургийг нь нотлох баримтаар өгсөн. Миний бодлоор тэр хөрөнгө 60-70 сая төгрөгийн өртөгтэй байхаар хөрөнгө байсан. Тэрийг тухайн үед Н.Б нь 150,000,000 төгрөгөөр үнэлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн баримттай байсан. Тэгээд би 150,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж 130,000,000 төгрөгт 51 хувийг эзэмшихээр тохирсон. Миний тухайд залилж Хятадаас мөнгө авч ирнэ гэсэн зүйл байхгүй. Н.Боос авах ёстой мөнгөнд тохироод 03 дугаар сарын 16-нд 51 хувь эзэмшиж орж ирсэн. Н.Б 2012 оноос хойш авсан зарим мөнгө нь өөрийнх нь дансны хуулгаас харагдаж байгаа. Ихэнх мөнгийг нь бэлнээр авсан байдаг. 2012 оноос хойш хүнээс мөнгө авч явчихаад энэ олон жилийн дараа ийм зүйл яриад хувьцаагаа буцааж авна гээд суух нь болчимгүй асуудал юм. Олон удаа хууль зөрчиж худлаа ярьж намайг мэхэлж одоог хүртэл явж байгаа. Би гэр бүлээрээ бие сэтгэлээрээ хохирч 10 гаран жил явж байна. Иймд шүүх үнэн зөвийг нь олж намайг хохиролгүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б овогтой Ш.Б-ын эзэмшиж байгаа “............” ХХК-ийн 37 хувийн хувьцааг нэхэмжлэгч О овогтой Н.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгож ..... шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн хариуцагч Ш.Б-ын өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2023/00191 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд гаргана гэснийг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүйгээр үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан “............” ХХК-ийн 37 хувийн хувьцааг эргүүлэн авах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр буюу “............” ХХК-ийн 37 хувийн хувьцааг Ш.Б хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж шийдвэрлэсэн.

Мөн анхан шатны шүүх захиргааны байгууллага буюу улсын бүртгэлийн байгууллагын зохих хууль тогтоомжийн дагуу талуудын хүсэл зориг дээр үндэслэн бүртгэсэн бүртгэлийн холбогдох баримтууд болон урьд энэ нэхэмжлэлийн агуулгыг шийдвэрлэсэн удаа дараагийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Иргэний хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрүүдийг үндэслэлгүйгээр үгүйсгэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгаагаа тайлбарлаагүй, мөн хүчин төгөлдөр бүхий захиргааны байгууллагын улсын бүртгэлийн баримтыг Захиргааны хэргийн шүүх хүчин төгөлдөр бусад тооцоогүй байхад иргэний эрх зүйн маргаанаар харьяалан дүгнэлт шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч нь “............” ХХК-ийн 37 хувийн хувьцааг Ш.Б хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгож, уг хувьцааг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэсэгтээ “хувьцаа эзэмшигч Ш.Б-аас “............” ХХК-ийн 37 хувийн хувьцааг эргүүлэн авах гэж тодорхойлсон, харин нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт “............” ХХК-ийн 37 хувийн хувьцааг хууль бусаар авсан тул эзэмшигчийг тогтоож өгнө үү гэж тусгажээ.

Тиймээс нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг “............” ХХК-ийн 37 хувийн хувьцааг Ш.Б хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, уг хувьцааг гаргуулах тухай шаардлага гэж тодорхойлох үндэслэлтэй.

 

Эд хөрөнгө түүний эрхийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлага гаргаж байгаа тохиолдолд хариуцагч тухайн маргаж байгаа эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдсон байх шаардлагатай.

 

Нотолгооны үүргийн хувиарийн дагуу аливаа үйл явдал болсон гэж үзэж байгаа тал тухайн үйл явдал болсныг тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ш.Б “............” ХХК-ийн 37 хувийн хувьцааг хууль бусаар эзэмшиж байгаа болохыг нотлож чадаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргасан нотлох баримтаар Ш.Б нь “............” ХХК-ийн 37 хувийн хувьцааг хууль бусаар эзэмшиж байгаа нь нотлогдохгүй байна.

 

Харин уг 37 хувийн хувьцааг хууль ёсоор эзэмшиж байгаа талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, хэрэгт авагдсан 130.000.000 төгрөгийн зээлийн гэрээ (1 дүгээр ХХ 56), 54.000.000 төгрөг Ш.Б-аас Н.Б-д шилжүүлсэн шилжүүлгийн баримт, Прокурорын мэдэгдэх хуудсанд хэрэг бүртгэх ажиллагааны явцад гэрчээр Н.Б өгсөн мэдүүлгийг тусгасан “... Ш.Б бид хоёрын хооронд 62 550 000 төгрөгийн тооцоо байсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сард Ш.Б бид хоёр 130 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт болгож хувьцаа эзэмшихээр гэрээ байгуулсан...” (3 дугаар ХХ 18-19) зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00016 дугаар тогтоолын хянавал хэсгийн 12-т “....нэхэмжлэгч Ш.Б болон Н.Б нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 130,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан баримт байх боловч хариуцагч уг гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй, бусдад үзүүлэхийн тулд ийм гэрээ байгуулсан гэсэн бол нэхэмжлэгч нь уг баримтыг хувьцааны үнийг төлсөн нотолгоо гэсэн тайлбар гаргасан, хариуцагч нь 2012 онд орон сууц барих үед нэхэмжлэгчээс 62,500,000 төгрөгийг авч байсан, тооцоо байгаа гэсэн тайлбар гаргасан, үүний дараа Ш.Б нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “............” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болж, 2016 оны 03 дугаар сарын 16-наас 2016 оны 09 дүгээр сарын 18-ны хооронд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хаан банкнаас 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 120,000,000 төгрөгийг зээлж авсан, компанид 98,204,192 төгрөгийг нь зарцуулсан, нэхэмжлэгч нь компанийн тавилга, бетон зуурмагийн үнэд нийт 9,500,000 төгрөгийг өгсөн талаар хариуцагч маргаагүй, хариуцагчаас 31,723,200 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, одоо “............” ХХК-ийн 37 хувийн хувьцаа эзэмшигч нь Ш.Б, 63 хувийн хувьцаа эзэмшигч нь Н.Б байна гэж дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай үйл баримтын үндэслэлийг тогтоогоогүй, улмаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2023/00191 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “............” ХХК-ийн 37 хувийн хувьцааг Ш.Б хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

                  ШҮҮГЧИД                            Ш.Б

                                                               Ц.О