Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 894

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Гт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726021315 дугаартай, 2 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. дугаарын регистртэй, А.Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Г нь Э.Зтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2016 оны 11 дүгээр сарын 15-наас 16-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны орчим “Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн а/356/396 дугаартай хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт болон аюултай бодис болох 1532,3 гр цэвэр жинтэй мөнгөн усыг хадгалсан, Э.Зд дамжуулсан, худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ:  

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Гын өгсөн:

“...2016 оны 11 сарын 14-ний өдөр Маакуу гээд найзтайгаа 120 мянгатын ойролцоо уулзахад халаасандаа савтай мөнгөн ус хийчихсэн явж байсан Маакуу хэлэхдээ энэ манай компаний мөнгөн ус байгаа юм, ямар ч асуудалгүй гэхээр нь би хуурай ах З рүү залгаад энэ талаар хэлэхэд ах нь авах хүн асуугаад өгье гэсэн. Хэсэг хугацааны дараа З ах над руу залгаад мөнгөн усны чинь зураг хэрэгтэй байна гэхээр нь би Маакуугаас савтай мөнгөн усыг нь аваад З ахын гэрийн үүдэнд очоод зургийг нь авахуулсан. Би тэндээсээ мөнгөн усаа аваад гэрийнх нь ойролцоо гадаа сууж байтал З ах дахин над руу залгаад хаана байна, зурагнаас сайн харагдахгүй байна, чи хүрээд ирэх үү гэхээр нь би орцон дотор нь З ахтай уулзаад савтай мөнгөн усаа үлдээгээд, эргээд холбогдъё гээд явсан. Үүнээс 3 хоногийн дараа З ахтай ярьсан чинь цагдаа нарт баригдсан талаараа хэлсэн.

Маакуугийн бүтэн нэрийг би цээжлээгүй, хэцүү хэлэгддэг, бурханы нэртэй хүүхэд. Би багадаа пүүз сольж байгаад танилцаж байсан, гэр нь Улаанбаатар паласын эсрэг талын Ногоон төгөл хотхонд байсан боловч би хэрэг болсноос хойш 2 удаа тэр гэрт нь очиход хүнгүй байсан. Сураг сонсоход Шар хадны тийшээ нүүсэн гэсэн. Би өмнө нь шар хадны ойролцоох гэрт нь 1 удаа очиж байсан боловч дахиж очих гээд олохгүй юм байна лээ. 88097070 гэсэн дугаарыг тухайн үед барьж байсан боловч сүүлийн үед холбогдохгүй байгаа. Батлан хамгаалах их сургуулийн харьяа жолооны курсыг ажиллуулж байгаад больсон. Энэ хэрэг болсон талаар би Маакууд хэлсэн боловч тэр чинь мөнгөн ус биш, чи өөрөө наад учраа олоорой надад хамаагүй гээд байсан бөгөөд дахиж холбогдож чадаагүй. З ах энэ асуудалд огт холбоогүй, надад тус болох гэж яваад л давхар өөрөө асуудалд орчихлоо, би З ахаас зараад өгөх хүн байна уу асуугаад өгөөч гэж хэлээгүй байсан бол ийм асуудал болохгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 74, 245, 2-р хх-н 1-2/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Згийн өгсөн:

“... 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би найз Чингисийн хамт гэрт нь сууж байтал манай хуурай дүү Ганбаяр над руу залгаад “дүүгийнх нь танилд мөнгөн ус байна, ямар ч асуудалгүй юм гэнэ, та авах хүн байна уу асуугаад өгөөч” гэхээр нь “за хүнээс асуугаад өгье” гэж хэлсэн. Ингээд Чингисээс “манай дүүд мөнгөн ус байна гэнэ, авах хүн байна уу” гэж асуухад Чингис О гээд  найз руугаа залгаад хэлсэн. О бас хүнээс асууж өгье гэж хэлсэн байсан. Тэгээд О зургийг нь харуулах хэрэгтэй байна гэхээр нь би Ганбаяр руу залгаад “мөнгөн усаа аваад хүрээд ир, зургийг нь авах хэрэгтэй байна” гэж хэлээд Ганбаяртай уулзаж мөнгөн усны зургийг гар утсан дээрээ аваад Чингис бид хоёр Отай гэмтлийн эмнэлэг дээр уулзаад, гар утаснаасаа Оын утас руу явуулсан. ... Ингээд 11 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагийн үед Отай түүний гэрт нь уулзахад О “мөнгөн ус авах хүн нь Төмөр замын Монгол хуушуур цайны газарт байна гэхээр нь такси бариад төмөр зам руу явсан.  Ойролцоо нь очоод О мөнгөн усаа аваад ганцаараа Монгол хуушуур цайны газар руу ороод авах хүнтэйгээ уулзаад 10-15 орчим минутын дараа гарч ирээд нөгөө хүн чинь авна гэж байна, 5 шард очиж мөнгөө аваад, мөнгөн усаа өгөхөөр боллоо, хоёулаа такси бариад явъя гээд таксинд суугаад Улаанбаатар паласын хойд талын зам дээр түгжрээд зогсож байтал 2 талаас хаалга онгойлгоод цагдаа бариад авсан. ... Манай найз Чингис мөнгөн ус авах хүн асуугаад Оыг надтай холбож өгсөн.

... Ганбаяр мөнгөн усыг өөртөө авчихсан явж байсан бөгөөд би гар утсан дээрээ зургийг нь аваад, ...Чингисийн гэрт очиж Чингистэй хамт эмнэлэг дээр очиж Отай уулзаад зургаа явуулсан. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр ярихад хүнээс асууж байна гэсэн. Орой нь дахиад залгатал маргааш өглөө хоёулаа уулзъя, чи мөнгөн усаа өөр дээрээ авчих гэхээр нь би Ганбаяр руу залгаад ахдаа мөнгөн усаа аваад ир гэхэд Ганбаяр орой 20-21 цагийн үед манай гэрт ирээд мөнгөн усаа өгсөн. Би гэртээ тэр савтай мөнгөн усыг авч ороод маргааш өглөө нь 10 цагт Отай уулзсан ... /1-р хх-н 13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Оын өгсөн:

“ ... 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ... Чингис миний фэйсбүүк хаяг руу нэг зураг явуулаад “манай танилд зарах мөнгөн ус байна аа, чи хятадуудтай ажилладаг хүн байна асууж сураглаач” гэхээр нь би юу ч гэсэн сураглаад үзье гэж хэлсэн. Тэгэж байтал орой 22 цагийн үед Чингис над руу ярьж байгаад мөнгөн усаа аваад гэмтлийн эмнэлэг дээр З найзтайгаа ирсэн. Харахад жижиг савтай, саарал мөнгөлөг өнгөтэй ус байсан. Би харчихаад ... Ви чат аппликейшнд зар тавьсан. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр 20 цагийн үед 8811-тэй дугаараас над руу залгаад маргааш уулзаж мөнгөн усыг чинь үзье, би хонгор сумаас гарна, маргааш 9 цагийн үед хотод ирнэ гэхээр нь та ирээд над руу залгачих миний юм биш ээ, танилд маань байгаа юм гэж хэлсэн. Ингээд 11 сарын 16-ны өдөр З бид 2 уулзаад мөнгөн ус үзнэ гэсэн хүнтэй Төмөр замын Богд Ар хороололд байх Монгол Хуушуур цайны газарт уулзахаар болоод тариурт соруулсан байсан мөнгөн усаа үзүүлэхэд авна аа 1 цагийн дараа 5 шард уулзаж, мөнгөө өгье тэнд хүрээд ир гэхээр нь З бид 2 такси бариад Баянгол дүүргийн замын цагдаагийн тасгаас хойшоо эргээд 100 метр орчим явж байтал цагдаа нарт баригдсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 14/, 

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Нгийн өгсөн:

            “... 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед ... 2 залуу гараа өргөөд зогсож байхаар нь авсан. Эхлээд 21-р хорооллын Би Эс Би орж хүнээс мөнгө авчихаад буцаад явна, хүлээлгийх нь мөнгийг өгнө, санаа зоволтгүй, гялс ажил амжуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгснээ 1 залуу нь гар утсаараа ярьж дууссаныхаа дараа эхлээд гэмтлийн эмнэлэг орох болчихлоо гэхээр нь би 4-р байрны хажууд явж байтал цагдаа нар зогсоосон. Бид нар машинаас буугаад би цагдаа нараас юу болоод байгааг асуутал миний машинд сууж явсан 2 залуугийн нэгэнд нь савтай мөнгөн ус байсныг хурааж авч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 27/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Чийн өгсөн:

“... 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр найз З бид 2 манай гэрт юм яриад сууж байтал Згийн утас руу хүн ярьсан. Ярьж дууссаныхаа дараа З манай 2 танил дүүд мөнгөн ус байна, яахаа мэдэхгүй байна гэнэ, асууж өгөх хүн байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэсэг хугацааны дараа О гээд оюутны ангийн найз Фэйсбүүкт идэвхитэй байж харагдахаар нь мэнд мэдэнгээ мөнгөн усны талаар асуусан. Тэгтэл О миний утас руу залгаад “ээж гэмтлийн эмнэлэгт хэвтчихсэн, сахиж байна, гарч орох боломжгүй байна, чи зургийг нь дараад над руу явуулчихгүй юу” гэхээр нь орой З нөгөө 2 хүүхэдтэйгээ холбогдож уулзаад, зургийг нь дарж аваад, мөнгөн усаа авсан юм шиг байна лээ. Тэр зургаа З над руу явуулахаар нь би О луу явуулахад “зураг нь бүрсийгээд сайн харагдахгүй байна, наад мөнгөн усаа аваад над дээр хүрч ирээд үзүүлээдхээч” гэж О хэлсэн. Тэгэхээр нь З бид 2 уулзаад гэмтлийн эмнэлэг дээр очиж Отай уулзаж мөнгөн усаа үзүүлсэн. О за за харчихлаа маргааш яръя гээд салцгаасан. 11 дүгээр сарын 16-ны өдөр би ажилтай байсан учир З, О 2 утсаар яриад өөрсдөө уулзсан байсан. З, О 2 бие биенээ танихгүй, би холбож өгсөн ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 38/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Эын өгсөн:

“... 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орой 22 цагийн үед гэртээ гар утсаараа интернэтэд холбогдоод Ви Чат аппликейшн ашиглан сошиал ертөнцөөр мэдээ мэдээлэл сонирхож байтал “Монгол” гэсэн нэртэй групп дээр “О” гэж хүн “Мөнгөн Ус зарна” гэсэн зар байршуулсан байсныг би хараад ямар учиртай болохыг нь сонирхоод, үнэхээр мөнгөн ус мөн бол химийн хорт бодисыг интернетэд зар тавьж байгаад бусдад зарж борлуулж болохгүй гэдгийг эрх зүйч хүний хувьд мэдэж байсан учраас О гэж хүн рүү хандаад, би мөнгөн ус сонирхъё, утасныхаа дугаарыг өгчих гэсэн. Би түүний 88708555 дугаар руу залгаад би өөрийгөө “Дархан Уул аймгийн Хонгор сумаас ярьж байна, мөнгөн усыг чинь үзье, агууламж гайгүй өндөртэй бол авая” гэхэд О “мөнгөн ус нь манай найзынх байгаа юм. Одоо надад байхгүй” гээд маргааш нь цаг болзоод уулзахаар тохирсон. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр би О руу залгаад ах нь хотод ирчихлээ, одоо уулзая гээд Богд Ар хорооллын Монгол хуушуур гэдэг газар уулзахад мөнгөн усаа бүгдийг нь биш 1 граммын тариуранд соруулаад дээжлээд авчирч үзүүлсэн. Та 7,500,000 төгрөгөө бэлэн өгөх юм бол 1500 грамм мөнгөн ус манай найзад гадаа бэлэн байгаа, би таныг авъя гэвэл нэг газар тохироод тэндээ наймаагаа хийе гэж ярьсан. Тэндээс гараад би 5 шарын Худалдаа хөгжлийн банктай өндөр барилгын үүдэнд зогсоол дээр 1 цагийн дараа уулзья гэж тохироод салсан. Ингээд би мөнгөн ус мөн байхыг хараад хууль бусаар наймаалцах гэж байгааг мэдсэн даруйдаа өөрийн ... дугаарын утаснаас 102-т залгаж “энд мөнгөн ус зарах гэж байгаа хүн байна. Яг одоо Богд Арын урд Варьеттагийн урд явж байна шүү” гээд өмссөн хувцасыг нь хэлээд дуудлага өгөхөд за ойлголоо дуудлага хүлээж авлаа гэж хариу өгсөн. Үүнээс хойш над руу дахин цагдаагийн байгууллагаас залгаагүй. Тухайн үед О зар тавиад нэг их удалгүй устгасан байсан. Би амжаад харчихсан байсан болохоор О гэх хүн рүү өөрөө холбогдоод гар утасных нь дугаарыг аваад ярьсан. Би зургийг нь аваагүй болохоор одоо миний утсан дээр тухайн үед тавьсан зар болон зураг нь байхгүй.

Би О гэж хүнийг үнэхээр мөнгөн ус зарах гэж байсан үгүйг мэдэхгүй, худлаа зар ч байж болох учир юу ч гэсэн өөрөө нүдээрээ харж, баттай болгож байж цагдаагийн байгууллагад мэдэгдье гэж бодсон. Хэрэв би О гэж хүн мөнгөн ус зарах гэж байна гээд өөрөө харахаасаа өмнө хэлчихдэг, бөөн ажил болгоод шалгатал тэр нь мөнгөн ус биш байвал би өөрөө хүн гэмт хэрэгт гүтгэсэн асуудалд орох болохоор маргааш нь уулзсаныхаа дараа 102-т залгаж мэдэгдсэн. О гэж залуугийн содон шинж тэмдэг гэвэл 30 орчим насны 170-175 орчим см өндөртэй, махлагдуу биетэй, барзгар хар царайтай залуу байсан. Монгол хуушуур дотор орж ирэхдээ ганцаараа орж ирсэн бөгөөд гадаа найз нь байгаа гэж хэлж байсан. Мөнгөн усыг 1 кг-г нь 5,0 сая төгрөг гэж тохироод 1 кг 500 грамм байгаа гэхээр нь 7,500,000 төгрөгөөр авахаар болсон ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 40/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Нцын өгсөн:

“...Манай гэрийнхэн болон найз нөхөд намайг Мааку гэж дууддаг, намайг авгайлж дуудсан нэр байгаа юм. ...Ганбаяр гар утаснаасаа залгаад хаана явж байгаа юм, хүрээд ир гэхээр нь би төрсөн ах Идэрбатын эзэмшлийн Приус 20 маркийн машинтай Ганбаярын байрных нь гадаа яваад очсон. Тэгээд 19-н үйлчилгээний төвийн хажууд байх Ганбаярын гэрийн гадаа очиход Ганбаяр машинд орж ирж суугаад юм ярьж байхдаа машины урд талын хайрцаг онгойлгоод юм үзэж байгаад хайрцаг дотор байсан савтай мөнгөн усыг гаргаж ирж үзсэнээ “энэ юу юм бэ, энүүгээр яадаг юм” гээд асуухаар нь “мөнгөн ус байгаа юм, манай ахын компанид ашигладаг мөнгөн ус байгаа юм” гэсэн. Тэгээд “ийм хүнд байдаг юм уу, би хүнд зарчих уу” гээд “байрныхаа ахад үзүүлээд өгье” гээд аваад буугаад байрныхаа булан тойроод яваад өгсөн. Би араас нь яваагүй машин дотроо орцных нь үүдэнд хүлээгээд байж байсан чинь 20-30 орчим минут хүлээгээд ирэхгүй болохоор нь гар утас руу нь залгахад одоохон очлоо гэж байснаа утас нь холбогдох боломжгүй болохоор нь аргаа ядаад явсан юм. ... Тэгээд нилээн хэд хоногийн дараа над руу нэг танихгүй дугаараас Ганбаяр залгаад “чи хаана байгаа юм бэ” гэж асуухад нь би шар хаданд хадмындаа байна гэсэн чинь “би ээжийг суулгаж өгөх гээд явж байна. Тэгээд ярья, чи ирж мөнгөө аваарай, би нөгөө юмыг чинь зарчихсан” гэж хэлэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, наадах чинь манай ахын юм нэхээд байна” гэсэн чинь эргээд ярья гээд ахиж холбогдоогүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 184-185/,

 

            Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар:

            1. Шинжилгээнд ирүүлсэн гадуураа шар өнгийн / хүнсний бүтээгдэхүүний уут/ цахилгаантай нийлэг уут бүхий 1560,4 гр жинтэй /бохир жин/ дээж ирүүлэв. Уг уутанд цайвар өнгийн миллитрийн хуваарь бүхий 100 миллитрийн саванд мөнгөлөг өнгийн шингэн, хүнд зүйл, 1 миллитрийн 3 ширхэг шприц, үүний 1 ширхэг нь 5 мкг жинтэй мөнгөлөг өнгийн шингэн агуулсан ба 2 ширхэг нь ямар нэг зүйл агуулаагүй хоосон байв. Эдгээр зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд авсан мөнгөлөг өнгийн шингэн бодисын физик, химийн шинж чанарыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо.

            3. 4. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-ын 658 дугаарт мөнгөн ус нь химийн хортой бодис буюу Н400, Н410 усан орчинд архаг, хурц хордолт үүсгэнэ. Н331 амьсгалын замаар хурц хордуулах шинж чанартай гэсэн ангилалд багтаж байна.

            5. Шинжилгээнд ирүүлсэн бодисын хэмжээ, найрлага, нягтшил, агууламжийг хүснэгтээр харуулав.

Бодисын нэр

 Хэмжээ

Найрлага

Нягт, г/мл

Агууламж

HG,%

Бохир жин1 , гр

Цэвэр жин2, гр

Бортогоны жин3, гр

Мөнгөн ус

1560,4

1532,3

28,10

Цэвэр мөнгөн ус

13,56

99.0

            7. Шинжилгээний явцад ач холбогдолтой зүйл илрээгүй болно гэх дүгнэлт /1-р хх-н 47-49/

             

            - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-н 7-9 /,

            - Э.З, З.О нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 18-25/,

            - Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт /1-р хх-н 49-50/,

 

            - Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай Прокурорын тогтоол /1-р хх-н 177/,

            -  Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт, явуулах хугацааг тогтоох тухай Прокурорын тогтоол /1-р хх-н 178/,

 

            Шүүгдэгч А.Гын хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1-р хх-н 102/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 103/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

         Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүгдэгч А.Г нь Э.Зтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны орчим “Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн а/356/396 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт болон аюултай бодис болох 1532,3 гр цэвэр жинтэй мөнгөн усыг хадгалсан, Э.Зд дамжуулсан, худалдахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            шүүгдэгч А.Гын “...2016 оны 11 сарын 14-ний өдөр Маакуу гээд найзтайгаа 120 мянгатын ойролцоо уулзахад халаасандаа савтай мөнгөн ус хийчихсэн явж байсан Маакуу хэлэхдээ энэ манай компаний мөнгөн ус байгаа юм, ямар ч асуудалгүй гэхээр нь би хуурай ах З рүү залгаад энэ талаар хэлэхэд ах нь авах хүн асуугаад өгье гэсэн. Хэсэг хугацааны дараа З ах над руу залгаад мөнгөн усны чинь зураг хэрэгтэй байна гэхээр нь би Маакуугаас савтай мөнгөн усыг нь аваад З ахын гэрийн үүдэнд очоод зургийг нь авахуулсан. Би тэндээсээ мөнгөн усаа аваад гэрийнх нь ойролцоо гадаа сууж байтал З ах дахин над руу залгаад хаана байна, зурагнаас сайн харагдахгүй байна, чи хүрээд ирэх үү гэхээр нь би орцон дотор нь З ахтай уулзаад савтай мөнгөн усаа үлдээгээд, эргээд холбогдъё гээд явсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч З.Оын өгсөн “... 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ... Чингис миний фэйсбүүк хаяг руу нэг зураг явуулаад “манай танилд зарах мөнгөн ус байна аа, чи хятадуудтай ажилладаг хүн байна асууж сураглаач” гэхээр нь би юу ч гэсэн сураглаад үзье гэж хэлсэн. Тэгэж байтал орой 22 цагийн үед Чингис над руу ярьж байгаад мөнгөн усаа аваад гэмтлийн эмнэлэг дээр З найзтайгаа ирсэн. Харахад жижиг савтай, саарал мөнгөлөг өнгөтэй ус байсан. Би харчихаад ... Ви чат аппликейшнд зар тавьсан. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр 20 цагийн үед 8811-тэй дугаараас над руу залгаад маргааш уулзаж мөнгөн усыг чинь үзье, би хонгор сумаас гарна, маргааш 9 цагийн үед хотод ирнэ гэхээр нь та ирээд над руу залгачих миний юм биш ээ, танилд маань байгаа юм гэж хэлсэн. Ингээд 11 сарын 16-ны өдөр З бид 2 уулзаад мөнгөн ус үзнэ гэсэн хүнтэй Төмөр замын Богд Ар хороололд байх Монгол Хуушуур цайны газарт уулзахаар болоод тариурт соруулсан байсан мөнгөн усаа үзүүлэхэд авна аа 1 цагийн дараа 5 шард уулзаж, мөнгөө өгье тэнд хүрээд ир гэхээр нь З бид 2 такси бариад Баянгол дүүргийн замын цагдаагийн тасгаас хойшоо эргээд 100 метр орчим явж байтал цагдаа нарт баригдсан ...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Чийн өгсөн “... О гээд оюутны ангийн найз Фэйсбүүкт идэвхитэй байж харагдахаар нь мэнд мэдэнгээ мөнгөн усны талаар асуусан. Тэгтэл О миний утас руу залгаад “ээж гэмтлийн эмнэлэгт хэвтчихсэн, сахиж байна, гарч орох боломжгүй байна, чи зургийг нь дараад над руу явуулчихгүй юу” гэхээр нь орой З нөгөө 2 хүүхэдтэйгээ холбогдож уулзаад, зургийг нь дарж аваад, мөнгөн усаа авсан юм шиг байна лээ. Тэр зургаа З над руу явуулахаар нь би О луу явуулахад “зураг нь бүрсийгээд сайн харагдахгүй байна, наад мөнгөн усаа аваад над дээр хүрч ирээд үзүүлээдхээч” гэж О хэлсэн. Тэгэхээр нь З бид 2 уулзаад гэмтлийн эмнэлэг дээр очиж Отай уулзаж мөнгөн усаа үзүүлсэн. О за за харчихлаа маргааш яръя гээд салцгаасан. 11 дүгээр сарын 16-ны өдөр би ажилтай байсан учир З, О 2 утсаар яриад өөрсдөө уулзсан байсан. ... З, О нар 2 бие биенээ танихгүй, би холбож өгсөн З надад “мөнгөн ус байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “О гэдэг найзтайгаа холбож өгье. Манай найз Хятадуудтай цуг ажилладаг” гэж хэлсэн. Ингээд зургийг нь үзсэн. Би энэ 2 хүнийг танилцуулсан ...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Нгийн өгсөн “... 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед ... 2 залуу гараа өргөөд зогсож байхаар нь авсан. ... Бид нар машинаас буугаад би цагдаа нараас юу болоод байгааг асуутал миний машинд сууж явсан 2 залуугийн нэгэнд нь савтай мөнгөн ус байсныг хурааж авч байсан ...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Э.Эын өгсөн “... 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орой 22 цагийн үед гэртээ гар утсаараа интернэтэд холбогдоод Ви Чат аппликейшн ашиглан сошиал ертөнцөөр мэдээ мэдээлэл сонирхож байтал “Монгол” гэсэн нэртэй групп дээр “О” гэж хүн “Мөнгөн Ус зарна” гэсэн зар байршуулсан байсныг би хараад ямар учиртай болохыг нь сонирхоод, үнэхээр мөнгөн ус мөн бол химийн хорт бодисыг интернетэд зар тавьж байгаад бусдад зарж борлуулж болохгүй гэдгийг эрх зүйч хүний хувьд мэдэж байсан учраас О гэж хүн рүү хандаад, би мөнгөн ус сонирхъё, утасныхаа дугаарыг өгчих гэсэн. Би түүний 88708555 дугаар руу залгаад би өөрийгөө “Дархан-Уул аймгийн Хонгор сумаас ярьж байна, мөнгөн усыг чинь үзье, агууламж гайгүй өндөртэй бол авъя” гэхэд О “мөнгөн ус нь манай найзынх байгаа юм. Одоо надад байхгүй” гээд маргааш нь цаг болзоод уулзахаар тохирсон. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр би О руу залгаад ах нь хотод ирчихлээ, одоо уулзая гээд Богд Ар хорооллын Монгол хуушуур гэдэг газар уулзахад мөнгөн усаа бүгдийг нь биш 1 граммын тариуранд соруулаад дээжлээд авчирч үзүүлсэн. Та 7,500,000 төгрөгөө бэлэн өгөх юм бол 1500 грамм мөнгөн ус манай найзад гадаа бэлэн байгаа, би таныг авъя гэвэл нэг газар тохироод тэндээ наймаагаа хийе гэж ярьсан. ... Ингээд би мөнгөн ус мөн байхыг хараад хууль бусаар наймаалцах гэж байгааг мэдсэн даруйдаа өөрийн 88111887 дугаарын утаснаас 102-т залгаж “энд мөнгөн ус зарах гэж байгаа хүн байна. Яг одоо Богд Арын урд Варьеттагийн урд явж байна шүү” гээд өмссөн хувцасыг нь хэлээд дуудлага өгөхөд за ойлголоо дуудлага хүлээж авлаа гэж хариу өгсөн. ... Мөнгөн усыг 1 кг-г нь 5,0 сая төгрөг гэж тохироод 1 кг 500 грамм байгаа гэхээр нь 7,500,000 төгрөгөөр авахаар болсон ...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Нцын өгсөн “... 2016 оны 11 сарын 14-ний өдөр ... Ганбаяр машинд орж ирж суугаад юм ярьж байхдаа машины урд талын хайрцаг онгойлгоод юм үзэж байгаад хайрцаган дотор байсан савтай мөнгөн усыг гаргаж ирж үзсэнээ энэ юу юм бэ, энүүгээр яадаг юм гээд асуухаар нь мөнгөн ус байгаа юм. Манай ахын компанид ашигладаг мөнгөн ус байгаа юм гэсэн. Тэгээд ийм хүнд байдаг юм уу, би хүнд зарчих уу гээд байрныхаа ахад үзүүлээд өгье гээд аваад буугаад байрныхаа булан тойроод яваад өгсөн ...” гэх мэдүүлгүүд, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт Э.З, З.О нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Гт холбогдуулан 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг авч үзэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын хэмжээ нь бага боловч торгуулийн ялын хэмжээ нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах торгуулийн ялын хэмжээнээс их түүнчлэн шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх ялтай байдлыг тооцох эсэх асуудлыг харгалзан үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийг гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч А.Гт холбогдох хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8, 3.7 дугаар зүйлүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилэх нь зүйтэй.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч А.Г нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

 

            Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж засарч хүмүүжих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд хадгалагдаж буй 1532.3 грамм цэвэр жинтэй мөнгөн усыг хэрэгт хадгалан үлдээж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Гт Баянгол дүүргийн прокурорын газраас 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8, 3.7 дугаар зүйлүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч А.Гын химийн хорт аюултай бодисыг бүлэглэж, худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж засарч хүмүүжих үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд хадгалагдаж буй 1532.3 грамм цэвэр жинтэй мөнгөн усыг хэрэгт хадгалан үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Гт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ