Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 917

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.Бд холбогдох эрүүгийн ...тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... дугаарын регистртэй, З.Б.

 

Шүүгдэгч З.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн подвальд байрлах бэлтгэлийн зааланд иргэн Б.Рийг “ёсолсонгүй, инээлээ” гэсэн шалтгаанаар биед нь хүч хэрэглэн халдаж зүүн чих рүү нь алгадаж, нүүр лүү нь өвдөглөн биед нь зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч З.Бын өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн үед МҮИС-н подвальд байрлах тулааны урлагийн зааланд би хичээлд орох гэж очсон. Би 4-р курсын Аюулгүй байдлын ангийн оюутан юм. Тэгээд багшдаа хааяа туслаж дадлага хийж доод курсынхээ хүүхдүүдэд хичээл ордог юм. Тэгээд би хичээл завсарлахаар нь яваад ороход 1-р курсын оюутнууд хувцсаа солиод гарах гэж байсан. Тэгэхээр нь би хийсэн бэлтгэлийг нь шалгая гэхэд өөдөөс тайлбар тавиад байхаар нь би хөвгүүдийг нь бөгс рүү нь нарийн модоор цохисон. Тэгэхэд тэдний Р инээгээд байхаар нь би шоолоод байна уу гээд зүүн чихрүү нь алгадаад, доошоо тонгойгоод нүүрээ гараараа дарахаар нь би гарлуу нь өвдөглөсөн. Тэгээд завсарлаад тарцгаасан. Тухайн үед Рт гар хүрсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би Рт эхний ээлжинд чихний дусаагуурын мөнгө 35,000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/ ,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Рийн өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 09-нд өглөө 09 цагийн өнгөрч байхад МҮИС-н подвальд байрлах таеквондогийн зааланд эхний цагийн хичээл тараад хувцсаа солиод гарах гэж байхад манай 4-р курсын З.Б орж ирээд манай ангийн Дорждэрэм бид 2-г дуудаад та 2 ёсолдоггүй юмуу гээд нарийн модоор бид 2-н бөгсрүү 2, 2 удаа цохисон. Тэгээд намайг толгойноос барьж байгаад өвдөглөсөн, бөгсрүү өшиглөж, зүүн чихрүү 1 удаа алгадсан. Тухайн үед миний зүүн чих дүнгэнээд чихнээс хий гарч байгаа нь мэдэгдэж байсан. Тэгээд хичээлдээ ороод завсарлаад тарсан. Хичээлээ тараад маргааш нь ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэхэд чихний хэнгэрэг цоорсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 8-9/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Хы өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 06-нд МҮИС-н төв байрны подвальд байрлах тулаан урлагийн бэлтгэлийн зааланд таеквандогийн хичээл манай ангид өглөө 08 цагт эхний паар орох байсан. Тэгээд манай ангид хичээл заах багш ирээгүй 09:40 цагт хичээл завсарласан. Тэгээд завсарлаж байхад багшийн оронд хичээл ордог 4-р курсын Б ах орж ирсэн. Тэгээд Б ахтай ёслогоо үйлдээд манай ангийн Р, Дорждэрэм нар хувцас солих өрөөрүү явчихаад хувцсаа солиод гарах гэж байхад Б ах тэр 2-г дуудаад ёсолдоггүй юмуу яасан том зантай болсон юм гээд загнасан. Тэгээд нарийн модоор тэр 2-н бөгсрүү нь цохисон. Тэгээд заал руу орж ирээд манай ангийн О гэрлүүгээ харья гэснийг сонсоод чи ингэж ярьдаг болсон юм уу гээд Оыг бөгсрүү нь цохиход ард нь Р, Дорждэрэм 2 зогсож байсан. Тэгээд эргэж хараад Р дээр очоод чи инээгээд шоолоод байна уу гээд бөгс рүү нь өшиглөөд, нүүрлүү нь цохиод сандал дээр суусан. Тэгээд суухад нь толгойноос нь барьж байгаад өвдөглөөд, зүүн чихрүү нь 1 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн ... тоот: 

1. Б.Рэнцэнжүгэрийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 17/,

 

            - Хохирогчийн хүсэлт /хх-н 44/,

 

Шүүгдэгч З.Бын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 35/

- сургуулийн тодорхойлолт /хх-н 32/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 39/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч З.Б нь Монгол Үндэсний их сургуулийн подвальд байрлах бэлтгэлийн зааланд иргэн Б.Рийг “ёсолсонгүй, инээлээ” гэсэн шалтгаанаар биед хүч хэрэглэн халдаж зүүн чих рүү нь алгадаж, нүүр лүү нь өвдөглөн биед нь зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч З.Бын “...Би 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн үед МҮИС-н подвальд байрлах тулааны урлагийн зааланд ...Р инээгээд байхаар нь би шоолоод байна уу гээд зүүн чихрүү нь алгадаад, доошоо тонгойгоод нүүрээ гараараа дарахаар нь гарлуу нь өвдөглөсөн. Тухайн үед Рт гар хүрсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Рийн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 09-нд өглөө 09 цагийн өнгөрч байхад МҮИС-н подвальд байрлах таеквондогийн зааланд ...манай 4-р курсын З.Б ...намайг толгойноос барьж байгаад өвдөглөсөн, бөгсрүү өшиглөж, зүүн чихрүү 1 удаа алгадсан. Тухайн үед миний зүүн чих дүнгэнээд чихнээс хий гарч байгаа нь мэдэгдэж байсан. Хичээлээ тараад маргааш нь ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэхэд чихний хэнгэрэг цоорсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Хы “...МҮИС-н төв байрны подвальд байрлах тулаан урлагийн бэлтгэлийн зааланд ...Б ахтай ёслогоо үйлдээд манай ангийн Р, Дорждэрэм нар хувцас солих өрөөрүү явчихаад хувцсаа солиод гарах гэж байхад Б ах тэр 2-г дуудаад ёсолдоггүй юмуу яасан том зантай болсон юм гээд загнасан. ...Тэгээд эргэж хараад Р дээр очоод чи инээгээд шоолоод байна уу гээд бөгс рүү нь өшиглөөд, нүүрлүү нь цохиод сандал дээр суусан. Тэгээд суухад нь толгойноос нь барьж байгаад өвдөглөөд, зүүн чихрүү нь 1 удаа алгадсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн ... тоот  дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас З.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч З.Быг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

            Хавтаст хэргийн 44 дүгээр талд хохирогч Б.Р нь “...эмчилгээний зардлыг гаргуулан авсан тул миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч З.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч З.Бд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос З.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч З.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Быг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар З.Бын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ