Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 921

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Х.Энхчимэг,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... дугаарын регистртэй, Б.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 26 дугаар байрны зогсоолд байсан __ УНЛ улсын дугаартай Toyota vits маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обудын хамт авч хохирогч Н.Эт нийт 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ:

“...Би таксинд явж байгаад UB Паласаас хүн аваад Бичил хорооллын тэнд гэр хороололтой байранд хүнээ буулгаад явж байтал дэлгүүрийн тэнд гоё хоёр обуд харагдсан. Тэгээд би машинаа өөр газар аваачиж тавьчихаад буцаж алхаж ирээд хоёр дугуйг нь тайлж авсан. Маргааш нь таксинд явж байгаад нэг хүн суулгатал хоёр дугуй авсан газар нөгөө хүн буусан. Дугуй авах гэж тэнд очоогүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Агийн өгсөн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 03:00 цагийн үед таксинд явж байгаад Баянгол дүүргийн 6 дугаар бичил хорооллын нэг байранд очиж хүн буулгачихаад буцаад явах гэтэл уг байрны зогсоолд саарал өнгийн витз маркийн автомашин байсан бөгөөд надад обуд дугуй нь таалагдахаар нь би уг машины обудтай дугуйг нь тайлж авахаар доор нь тоосго өрж, домкрат тавьж байгаад хоёр ширхэг дугуйг нь хулгайлж аваад яваад өгсөн юм. Тэгээд би дараа нь дахиад нөгөө хоёр дугуйг нь авахаар ирэхэд уг машины эзэн нь гарч ирээд намайг дугуй хулгайлсан гээд байхаар нь би хэргээ хүлээгээд өөрийн унаж явж байсан машинаа барьцаанд үлдээгээд хоёр ширхэг обудтайгаа дугуйг нь их нарангийн дугуй засварын газарт түр хадгалуулчихсан байснаа буцаж аваад эзэнд нь обудтай дугуйг нь 50.000 төгрөгийн хамт өгсөн юм. Тэгээд дараа нь цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 13-14, 37-38/,

            Мөрдөн байцаалтад хохирогч Н.Эын өгсөн:

            “...Би 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 18:00 цагийн үед Хүнсний зах орж хүнсээ цуглуулчихаад гэртээ ирж өөрийн эзэмшлийн __ УНЛ улсын дугаартай Тоёота витз маркийн автомашиныг Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны автомашины зогсоол дээр байрлуулж тавьчихаад маргааш өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 07:00 цагийн үед гэрээсээ гараад машин дээрээ иртэл миний машины хоёр ширхэг дугуйг хулгайлж авчихсан байсан. Тэгээд би зургийг нь авчихаад цагдаагийн байгууллага дээр очоод өргөдөл гаргаж өгсөн юм. Тэгээд би хоёр дугуйны обудыг авсан юм чинь өнөөдөр шөнө дахиж миний хоёр дугуйны обуд болон дугуйг хулгайлж авах байх гэж бодоод 2018 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө найз Б.Э-ийг дуудаад машинаа яг хуучин байрлуулсан газраа байрлуулаад өөрөө найзынхаа оптима маркийн автомашинд сууж байтал шөнийн 04:00 цагийн үед саарал өнгийн соната 6 маркийн автомашин ирэхээр нь хартал их л сэжигтэй байхаар нь би очоод шууд миний машины дугуйг авсан хүн байна гээд асуутал нөгөө соната 6 машиныг жолоодож явсан залуу үгүй хүн андуураад байна гэхээр нь би гар утсан дээрээ бичлэг хийгээд чи мөн гээд нилээн ширүүхэн чанга дуугаар асуухад нөгөөх залуу хэргээ хүлээгээд чиний машины дугуйг би аваад толгойтод айлын хашаанд хийчихсэн байгаа гэхээр нь би машиныхаа түлхүүрийг өг миний дугуйг авчираад өгвөл би чиний машиныг өгье гээд хэлтэл нөгөө залуу зөвшөөрөөд надад машины түлхүүрээ үлдээгээд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 14.00 цагийн үед миний хоёр обудтай дугуйг авчирч өгөөд машины түлхүүрийг өгсөн юм. Тэгээд шөнө нь надаас гуйгаад эхнэр хоёр хүүхэдтэй чи өргөдлөө буцаагаад авчих гээд байхаар нь би эхлээд дугуйгаа авч байж болно гэсэн юм.

Би өөрийн алдсан дугуйгаа 500.000 төгрөгөөр үнэлж байна. Уг обудтай дугуйгаа албан ёсны үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 470.000 төгрөгөөр үнэлсэн байна. Би гэхдээ өөрийн автомашины гуперийг нь үнэлээгүй өөрийн алдсан эд зүйлийг нь үнэлсэн байгаа. Миний автомашины обудтай дугуйг хулгайлах гэж байгаад гуперийг их муухай гэмтээсэн бөгөөд хулгайлж авсан дугуй маань сэнсэрчихсэн, буцааж хийхэд хавираад зуураад дуугарч яваад байгаа би эдгээр хохирлыг бас нэхэмжилмээр байна. Би миний дугуйг хулгайлсан залуугаас өөрийн хоёр ширхэг дугуйгаа авахдаа 50.000 төгрөгийн хамт авсан. Одоо надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 7-8, 31/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Б.Э-ий өгсөн:

“...2013 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө манай найз Э нь өөрийн __ УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хоёр ширхэг дугуйг хулгайд алдсан юм. 2018 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө би найз Этай хамт тухайн хулгайч дахиж ирээд машины нөгөө талын дугуйг хулгайлж магадгүй гэж бодоод отсон юм. Тэгтэл 03-аас 04 цагийн орчимд соната-6 маркийн машинтай ганцаараа ирээд бид хоёрын машины ард машинаа байрлуулсан. Тэгээд Э энэ залуу яг хулгайлсан байж магадгүй гэж хэлээд машинаас бууж очоод тэр хүнийг барьж авсан. Камерын бичлэгийг Э утсан дээрээ хуулбарлаад авсан байсан бөгөөд тэр бичлэгийг үзүүлж энэ чиний машин байна мөн үү гэхэд тэр залуу мөн байна гэж хэлээд дугуй хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Тэгээд дугуй хаана байгаа юм бэ? гэхэд айлын хашаанд хадгалсан байгаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 32/,

 

           - Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 10-11/,

 

            Шүүгдэгч Б.Ан хувийн байдалтай холбоотой:

            - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 15/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 16/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 26 дугаар байрны зогсоолд байсан __ УНЛ улсын дугаартай Toyota vits маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обудын хамт машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдэн Н.Эт нийт 470.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

шүүгдэгч Б.Агийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 03:00 цагийн үед таксинд явж байгаад Баянгол дүүргийн 6 дугаар бичил хорооллын нэг байранд очиж хүн буулгачихаад буцаад явах гэтэл уг байрны зогсоолд саарал өнгийн витз маркийн автомашин байсан бөгөөд надад обуд дугуй нь таалагдахаар нь би уг машины обудтай дугуйг нь тайлж авахаар доор нь тоосго өрж, данхраад тавьж байгаад хоёр ширхэг дугуйг нь хулгайлж аваад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Н.Эын “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өглөө 07:00 цагийн үед гэрээсээ гараад машин дээрээ иртэл миний машины хоёр ширхэг дугуйг хулгайлж авчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 7-8, 31/,

 

            гэрч Э.Б.Э-ий “...2018 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө би найз Этай хамт тухайн хулгайч дахиж ирээд машины нөгөө талын дугуйг хулгайлж магадгүй гэж бодоод отсон юм. Тэгтэл 03-аас 04 цагийн орчимд соната-6 маркийн машинтай хүн ганцаараа ирээд бид хоёрын машины ард машинаа байрлуулсан. Тэгээд Э энэ залуу яг хулгайлсан байж магадгүй гэж хэлээд машинаас бууж очоод тэр хүнийг барьж авсан. Камерын бичлэгийг Э утсан дээрээ хуулбарлаад авсан байсан бөгөөд тэр бичлэгийг үзүүлж энэ чиний машин байна мөн үү гэхэд тэр залуу мөн байна гэж хэлээд дугуй хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа“...Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолд машин механизм хэрэглэсэн гэдгийг тайлбарлахдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах үедээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлдэж ашиглахыг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтонд хамааруулахгүй гэж заасан байдаг. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү..” гэсэн санал гаргасан боловч шүүгдэгч Б.А нь машин механизмтай явж байхдаа хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийг хөнгөвчилж түргэтгэсэн шинжийг агуулж байх тул өмгөөлөгчийн саналыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Б.Аг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт хохирогч “...одоо надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлсэн /хх-н 31/ байх тул шүүгдэгч Б.Аг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан ба гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 01 /нэг/ жил хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 01 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ