Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 931

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүрги йн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч/хохирогч О.М,

шүүгдэгч/хохирогч Б.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн О.М, Б.О нарт холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч/хохирогч: Монгол Улсын иргэн, ... дугаарын регистртэй, О.М.  

 

Шүүгдэгч/хохирогч: Монгол Улсын иргэн, ... дугаарын регистртэй, Б.О.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин худалдааны төвийн 6 дугаар давхарт иргэн Б.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан маргалдаж Б.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин худалдааны төвийн 6 дугаар давхарт иргэн О.Мтой хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан маргалдаж О.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О мэдүүлэхдээ:

“...Би нүүрэндээ олон тооны сорив авсан. Эмчилгээний төлбөрөө авсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.М мэдүүлэхдээ:

“...Тухайн гэмт хэрэг болсны дараа толгой тархи өвдөөд байсан. Одоо бид эвлэрсэн...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Мын өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүүхэддээ биеийн тамирын хувцас авахаар Хар хорин худалдааны төв ороод 6 давхарт куртик үзэж явсан. Тэгээд хүүхдээсээ болж О гэх эмэгтэйтэй маргалдаж зодолдсон. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа санал хүсэлт байхгүй. Оийн нүүрийг маажсан буруугаа ойлгож гэмшиж байгаа уучлалт гуйж хохирлыг нь барагдуулна...гэх мэдүүлэг /хх-н 32, 53/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Оийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр миний сандлыг М гэх эмэгтэйгийн хүүхэд нь түрээд явж байхаар нь би аниа нь сандлаа авъя гэж хэлээд сандлаа зөөлхөн татаад авсан. Тэгтэл тэр хүүхэд плита шалан дээр халтираад уначихсан. М болохоор 6 давхрын баруун үзүүрт лангуун дээр юм үзээд явж байсан хүүхэд нь зүүн үзүүрт сандал түрээд явж байсан. Тэгтэл М намайг хүүхдийг нь түлэхээд унагаачихлаа гэж ойлгоод над дээр ирээд хэлэх хэлэхгүй үгээр хэлээд нударч авсан тэгэнгүүт нь би бөгсрүү нь зөөлөн шахам өшиглөсөн чинь эргэж хараад намайг үсдэж аваад нүүр маажихаар нь би зөрүүлээд үсдэлцсэн. М бид хоёр хоорондоо зууралдаж байх явцад л Мт гэмтлүүд үүссэн байх...” гэх мэдүүлэг /хх-н 33, 56/,  

Мөрдөн байцаалтад хохирогч О.Мын өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 16-17 цагийн орчимд би 3 настай хүү болон эх Нийн хамт Хар хорин худалдааны төвөөс хүүхэддээ хувцас авчихаад гарах гэж байхад манай ээж куртик үзье гэхээр нь 6 давхарт гараад куртик үзэж яваад лангууны дугаарыг нь санахгүй байна шатны баруун талаасаа хамгийн эхний лангуунаас куртик үзээд зогсож байхад манай хүүхэд куртик үзэж байсан лангууны сандлыг түрээд голын эгнээгээр явчихаар нь би хүүгээ араас нь хараад зогсож байтал хүүхэд ирэхгүй болохоор араас нь очих гэж байхад манай хүүхэд нөгөө сандлаа буцаад наашаа түрээд ирж байсан тэгэхээр нь би хараад зогсож байтал голын лангуунаас нэг хүүхэн очоод /одоо энэ О/ сандлыг нь авах гэтэл хүүхэд өгөхгүй байсан чинь угзарч татаад авсан чинь манай хүүхэд бөгсөөрөө газар уначихсан тэгээд нөгөө хүүхэн явчихсан. Би хүү дээрээ очих замдаа От “...мэдрэл муутай юмуу хүүхдээс сандал булаагаад тэнэг авгай чинь гэж хэлэхэд..” миний урдаас “...чи өөрөө авгай...” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би хэрэлдчихээд хүүхдээ хөтлөөд явах гэтэл О миний бөгсрүү өшиглөчихсөн эргэж хараад чи яаж байгаа юм гэж хэлэхийн зуургүй бид хоёр үсдэлцээд тэгэнгүүт тэр хавийн бүх худалдагч нар гүйгээд ирцгээж бид хоёрыг салгасан. Тэгсэн О надруу дахиж ирээд намайг үсдээд дарсан тэгээд бид хоёр ахиж үсдэлцээд ноцолдож зодолдсон. Тэгээд бид хоёрыг салгаад харсан чинь би Оийн нүүрийг маажчихсан байсан. Надад Оээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Оийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр би Хар хорин худалдааны төвийн 6 давхрын 40-р лангуун дээр байж байхад миний сандлыг Мын хүүхэд нь түрээд явж байхаар нь аниадаа сандлаа өгчих гэж хэлээд сандлаа зөөлхөн авсан сандал нь халтирдаг болохоор хүүхэд нь халтираад шалан дээр уначихсан чинь М намайг хүүхдийг минь түлхэж унагаалаа гэж элдвээр доромжилж загнаад дахин дахин ирж хэрүүл хийж намайг нударч авахаар нь би Мын бөгсрүү нэг л удаа өшиглөсөн тэгсэн эргэж хараад намайг үсдээд маажчихсан. Миний биед учирсан баруун хацар, зүүн чамархай, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хамар, баруун хөмсөг, баруун хацар, шанаа, хүзүү, зүүн хацар, шанаа, зүүн чихэнд зулгаралт гэмтлүүдийг М учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Дын өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нэг жаахан хүүхэд Оийн сандлыг түрээд цаашаа яваад өгсөн тэгсэн Одка араас нь эгчийнхээ сандлыг нааш нь өгчих гэж хэлээд сандлаа авахад нь хүүхэд нь халтираад уначихсан. Тэгсэн цаад үзүүрээс ээж нь ирээд Орүү хүүхэд чи унагаачихлаа гэж хэлээд хүүхдээ аваад буцаж явахдаа Оийн хажуугаар гарахдаа гараараа цохисон чинь О хэн чиний хүүхдийг түлхэж унагаасан юм гээд тэр хүүхнийг араас нь өшиглөчихсөн тэгсэн чинь эргэж харангуутаа тэр хоёр үсдэлцээд эхэлсэн. Оийн нүүрийг нь урчихсан байсан. Тэгээд Оийн эгч Ганчимэг нь нөгөө хүүхэнрүү чи хүүхдийн нүүр ямар болгосноо хараач гэж хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганчимэгийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед хүүхдээ дагуулсан эмэгтэй ээжтэйгээ хамт над дээр ирээд ээж нь манай лангуунаас куртик үзээд зогсож байсан. Тэгсэн хамт явж байсан хүүхэд нь миний сандлыг түрээд цааш нь явсан тэгсэн нөгөө хүүхэн ээжийг нь та өмсөөд байж бай гэж хэлээд хүүхдийнхээ араас явсан. Тэгсэн нилээн байж байхад чимээ гарахын хувьд гарсан тэгээд анзаараагүй байж байтал манай хажуу талын лангууны эмэгтэй Ганаа эгчээ тэнд Одког хүн зодоод байна та очоочээ гэхээр нь би Оийн лангуун дээр гүйгээд очсон чинь О нөгөө хүүхэнтэй хоёулангийх нь үс гэзэг нь доошоо унжчихсан хоёулаа доошоо харчихсан байсан би Оийг боль гэхэд О болиод гараа авсан боловч нөгөө хүүхэн гараа татаж авахгүй байхаар нь би нөгөө хүүхний гарыг болиулах гэтэл миний гарыг хазсан тэгээд арай хийж болиулаад дүүгээ ардаа хийгээд зогсож байхад нөгөө хүүхэн тэнд байсан хүмүүсийг захын балай авгай нар хачин хүүхэн чинь гээд нилээн бүдүүлэг хүүхэн байсан. Би энэ хүүхдийн нүүрийг хардаа ийм болгочихсон байна шүү дээ гэж хэлэхэд сандал авч бид хоёрлуу чулуудсан би тэгээд гараараа хаасан. Тэр хүүхэн бид нарыг нилээн хэл амаар доромжилсон би тэгээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ... тоот:

               1. О.Мын биед шанаа, хүзүү, шуу, хуруунд шалбаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.  

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ... тоот:

               1. Б.О-н биед баруун хацар, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хамар, баруун хөмсөг, баруун хацар, шанаа, хүзүү, зүүн хацар, шанаа, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 27/,

 

- Хохирогч нарын хүсэлт /хх-н 41, 42/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 34, 37/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35, 38/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36, 39/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.О нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт О.Мтой хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан маргалдаж О.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Оийн “...М намайг хүүхдийг нь түлэхээд унагаачихлаа гэж ойлгоод над дээр ирээд хэлэх хэлэхгүй үгээр хэлээд нударч авсан тэгэнгүүт нь би бөгсрүү нь зөөлөн шахам өшиглөсөн чинь эргэж хараад намайг үсдэж аваад нүүр маажихаар нь би зөрүүлээд үсдэлцсэн. М бид хоёр хоорондоо зууралдаж байх явцад л Мт гэмтлүүд үүссэн байх...” гэх мэдүүлэг,

 

хохирогч О.Мын “...О миний бөгсрүү өшиглөчихсөн эргэж хараад чи яаж байгаа юм гэж хэлэхийн зуургүй бид хоёр үсдэлцээд тэгэнгүүт тэр хавийн бүх худалдагч нар гүйгээд ирцгээж бид хоёрыг салгасан. Тэгсэн О надруу дахиж ирээд намайг үсдээд дарсан тэгээд бид хоёр ахиж үсдэлцээд ноцолдож зодолдсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Дын “...Орүү хүүхэд чи унагаачихлаа гэж хэлээд хүүхдээ аваад буцаж явахдаа Оийн хажуугаар гарахдаа гараараа цохисон чинь О хэн чиний хүүхдийг түлхэж унагаасан юм гээд тэр хүүхнийг араас нь өшиглөчихсөн тэгсэн чинь эргэж харангуутаа тэр хоёр үсдэлцээд эхэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Ганчимэгийн “...Оийн лангуун дээр гүйгээд очсон чинь О нөгөө хүүхэнтэй хоёулангийх нь үс гэзэг нь доошоо унжчихсан хоёулаа доошоо харчихсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.М нь Б.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан маргалдаж Б.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Мын “...О гэх эмэгтэйтэй маргалдаж зодолдсон. Оийн нүүрийг маажсандаа буруугаа ойлгож гэмшиж байгаа уучлалт гуйж хохирлыг нь барагдуулна...гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Оийн “...М намайг хүүхдийг минь түлхэж унагаалаа гэж элдвээр доромжилж загнаад дахин дахин ирж хэрүүл хийж намайг нударч авахаар нь би Мын бөгсрүү нэг л удаа өшиглөсөн тэгсэн эргэж хараад намайг үсдээд маажчихсан. Миний биед учирсан баруун хацар, зүүн чамархай, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хамар, баруун хөмсөг, баруун хацар, шанаа, хүзүү, зүүн хацар, шанаа, зүүн чихэнд зулгаралт гэмтлүүдийг М учруулсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Дын “...Орүү хүүхэд чи унагаачихлаа гэж хэлээд хүүхдээ аваад буцаж явахдаа Оийн хажуугаар гарахдаа гараараа цохисон чинь О хэн чиний хүүхдийг түлхэж унагаасан юм гээд тэр хүүхнийг араас нь өшиглөчихсөн тэгсэн чинь эргэж харангуутаа тэр хоёр үсдэлцээд эхэлсэн. Оийн нүүрийг нь урчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Ганчимэгийн “...Оийн лангуун дээр гүйгээд очсон чинь О нөгөө хүүхэнтэй хоёулангийх нь үс гэзэг нь доошоо унжчихсан хоёулаа доошоо харчихсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.О, О.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.О, О.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хавтаст хэргийн 41, 42 талд хохирогч нараас “...гомдол санал байхгүй...” гаргасан хүсэлтүүдийг харгалзан шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч шүүгдэгч Б.О, О.М нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хор уршигийн хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Б Б.О, О.М нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.О, О.М нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.М, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М, шүүгдэгч Б.О нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.М, шүүгдэгч Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М, шүүгдэгч Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ