Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2023/01042

 

 

 

 

 

 

 

 

2023 05 22 210/МА2023/01042

 

 

Б ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/01270 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК -ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоос битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Б ХХК нь И ХХК -тай 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №20131017/-01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээнд заасан үүргээ Б ХХК -ийн зүгээс өөрийн эзэмшилд байсан * дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 3013/0036 (ГД: 0228372), 3013 /0035 (ГД:0228640) дугаар бүхий аж ахуйн зориулалттай газрыг И ХХК -ийн нэр дээр шилжүүлсэн. Дээрх гэрээний 4.1.2-т зааснаар Б ХХК нь тус барилгад 8000 м.кв хэмжээтэй талбайг өмчлөх эрхтэй болсон. Мөн талууд 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж нийт 8031.8 м.кв талбайг өмчлөх эрхтэй болсон. Энэ хугацаанд Б ХХК -аас И ХХК -д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эрхийг харилцан зөвшөөрөх тухай гэрээ байгуулж, Алтан сан цогцолбор орон сууцны хорооллын барилгаас манай компанийн өмчлөлийн 79 орон сууц үл хөдлөх эд хөрөнгүүд нь Б ХХК -ийн өмчлөлд шилжих эд хөрөнгө болохыг хүлээн зөвшөөрсөн учраас бие даасан шаардлагаасаа татгалзсан бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан. Мөн И ХХК , Б ХХК -иуд гэрээнд заасан дээрх байрнуудаас гадна нийт 198.84 м.кв талбай бүхий 3 байр нэмж авахаар харилцан тохиролцсон. Ийнхүү манай компани болон Б ХХК нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээний дагуу Нийслэлийн * дүүргийн 22 хороонд байрлалтай "* хорооллын * дүгээр байрны 2 дугаар орцны 1-7 давхрын А, В, С, D, Е, F, С, Н, J, 8 дугаар давхрын О, Н, 9 дүгээр давхрын А, В, 10 дугаар давхрын В, D, Е, 11 дүгээр давхрын D, 13 дугаар давхрын В, С, D, Е, F, 15 дугаар давхрын С, C, Е, F тоотын нийт * м.кв талбай бүхий * орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн. Алтан сан цогцолбор орон сууцны барилгуудыг улсын комисст хүлээлгэн өгөөгүйгээс манай компанийн өмчлөлд шилжих ёстой орон сууц, үйлчилгээний талбайн өмчлөх эрх баталгаажаагүй байгаа боловч бид 2016 оноос тэдгээрийг өөрийн захиран зарцуулах эрхэд бүрэн шилжүүлэн аваад байгаа. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/00003 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад Алтан сан цогцолбор орон сууцны хорооллын 1, 3, 4 дүгээр блок барилгад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан манай компанийн өмчлөлийн * орон сууцыг бидэнд мэдэгдэлгүйгээр битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж, улмаар дуудлага худалдаанд оруулах ажиллагаа явуулсан байна.

Манай компанийн өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг залруулж, дуудлага худалдаагаар худалдсан барилгаас манай компанийн өмчлөлийн орон сууцнуудыг хасаж өгөх хүсэлтийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан боловч хариуг өгөөгүй. Иймээс шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагааны талаар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргахад 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд биш... гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Манай компани нь дээр дурдсан үндэслэлүүдээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөлийн биш, манай компанийн өмчлөлийн * орон сууцыг битүүмжилсэн, хураасан, дуудлага худалдаанд оруулсан. Иймд Б ХХК -ийн Нийслэлийн * дүүргийн 22 хороонд байрлалтай * хорооллын * дүгээр байрны 2 дугаар орцны 1-7 давхрын А, В, С, D, Е, F, С, Н, J, 8 дугаар давхрын О, Н, 9 дүгээр давхрын А, В, 10 дугаар давхрын В, D, Е, 11 дүгээр давхрын D, 13 дугаар давхрын В, С, D, Е, F, 15 дугаар давхрын С, C, Е, F тоотын нийт * м.кв талбай бүхий * орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 188/11 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00003 дугаар шийдвэрээр И ХХК -аас 16,876,268,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 84,539,290 төгрөгийн хамт гаргуулж Б ХХК -д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тул дээрх шүүхийн шийдвэрт И ХХК -ийн өмчлөлийн * дүүргийн 22 дугаар хороо, Цайз, Б.Доржийн гудамж 104/2-6 тоот хаягт байршилтай * хорооллын 1, 3, 4 дүгээр блок барилгыг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 188/11 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 188/29 дүгээр тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр Мөнх оргил трейд ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход 1 дүгээр блок барилгыг 23,489,400,000 төгрөг, 2, 3 дугаар блок барилгыг тус бүр 5,856,100,000 төгрөг, нийт 35,201,600,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад танилцуулж, анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үнэлэгдсэн үнэлгээг 70 хувиар бууруулан оруулахад худалдан борлогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдаанд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үнэлэгдсэн үнэлгээг 50 хувиар бууруулан оруулахад Гант анд ХХК ялагчаар тодорч 1 дүгээр блок барилгыг 11,772,000,000 төгрөгөөр, 3 дугаар блок барилгыг 3,100,000,000 төгрөгөөр, 4 дүгээр блок барилгыг 3,120,000,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болж тус байгууллагын дансанд худалдан авсан хөрөнгийн үнийг байршуулсан. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанууд нь хуулийн дагуу явагдаж байна. Нэхэмжлэгч Б ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал биш бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй хуулийн этгээд юм. Нэхэмжлэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар худалдан борлуулсан 1 дүгээр блок барилгын тодорхой хэсгийг хамтран ажиллах гэрээний дагуу өмчлөх эрхтэй, И ХХК -тай харилцан тохиролцсон мэтээр дурдсан нь тухайн хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний маргаан юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204073537 дугаарт бүртгэлтэй, 1 дүгээр блок барилгыг худалдан борлуулах ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд Б ХХК нь дээрх хөрөнгийн өмчлөгч биш, уг барилга нь ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК -ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Битүүмжилсэн, хураасан, дуудлага худалдаа явуулсан үйл явдал 2018 онд болоод, 2019 онд 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдан борлогдоод явсан үйл баримт байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс битүүмжилсэн тогтоол гарснаас хойш 2 жил 8 сарын дараа нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж байна. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрт И ХХК -ийн хүлээн зөвшөөрөөд байгаа уг өр төлбөрт худалдан борлогдсон талаарх үйл баримт дурдагдаагүй. 2017 оны шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгө битүүмжлэгдсэн гэдэг үйл баримт яригдаагүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх нь эргэлзээтэй. Хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа. Энэ нь битүүмжлэх, хураах, худалдах аль ч үе шатанд байгаагүй учраас Н- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу худалдан борлуулсан. Шүүхийн шийдвэр дээр мөн, биш гэж дурдагдаж байгаагаас харахад нэхэмжлэгчийн зүгээс 13 давхрын G, H байрны өмчлөгчөөр тогтоосон гэж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 13 давхрын асуудлыг ярихаар 13 давхрын B, C, D, E, F-ийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулахаар шаардсан. Энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсаны дагуу өмчлөгчөөр тогтоосон үйл баримт хэрэгт байхгүй байна. Эд хөрөнгө нь хураагдсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн. Цаашаа үргэлжлээд албадан дуудлага худалдаагаар борлуулагдахад нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Хураагдсан гэдэг дээр нэхэмжлэл гаргана. Тэрнээс бол дуудлага худалдаагаар борлуулагдсан гэдэг дээр нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалт байхгүй. Учирч байгаа хохирлоо буруутай этгээдээс нь нэхэмжлэх эрх байсан. Б ХХК нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ямар өмчлөлийн зүйлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилсэн тогтоол нь хэний эрхийг зөрчөөд, ямар хуулийн заалтыг зөрчөөд байгаа дээр шүүх анхаарч үзээсэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр Б ХХК болон И ХХК нарын хооронд хийгдсэн маргааны хувьд Б ХХК оролцогч биш гэдэг талаар илэрхийлсэн. 2007, 2008 оноос хэрэглээд байгаа хуульд маш тодорхой тайлбарласан байгаа. Бидний хувьд дахин нотлохгүй байх баримт биш юм. Энэ өмчлөлийн маргаан биш, зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргаан гэж ойлгож байна. Б ХХК мэдэхгүй байсан нь нотлох баримт шинжлэн судлахад тодорхой заагдсан. Хэзээ татгалзсан, хэзээ битүүмжлэх арга хэмжээ авсан, хэзээ Б ХХК -тай гэрээ байгуулсан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед шүүгчийн захирамж гарахаас өмнө уг үйл ажиллагаанд оролцоод явж байсан нь нотлогдож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан асуудлыг тавьсан боловч энэ үндэслэл, энэ маргаанд хамааралгүй. Энэ эд хөрөнгө хураагдаад, битүүмжлэгдээд явж байхад Б ХХК өмчлөгч байгаагүй. Харин 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр энэ байрын өмчлөгч мөн юм байна гэж тогтоосон үйл баримт байна. Энэ асуудлыг Н- мэдэх боломжгүй. Битүүмжлэх ажиллагаагаар энэ байрны өмчлөгч биш байсан нь нотлогдож байгаа. Иймд өмнө нь хийгдсэн битүүмжлэгдсэн, хураагдсан, дуудлага худалдаа явагдсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан эрхийг эдлэх эрхгүй байснаа өөрсдөө энэ тайлбараараа нотолж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н-т холбогдох, Б ХХК -ийн Нийслэлийн * дүүргийн 22 хороонд байрлалтай * хорооллын * дүгээр байрны 2 дугаар орцны 1-7 давхрын А, В, С, D, Е, F, С, Н, J, 8 дугаар давхрын О, Н, 9 дүгээр давхрын А, В, 10 дугаар давхрын В, D, Е, 11 дүгээр давхрын D, 13 дугаар давхрын В, С, D, Е, F, 15 дугаар давхрын С, C, Е, F тоотын нийт * м.кв талбай бүхий * орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 188/11 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар үнэлж дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу Б ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2022/02260 дугаар шийдвэрээр тогтоогдсон. Б ХХК -ийг өмчлөгчөөр тогтоосон * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2022/02260 дугаар шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй шууд хамааралтай, хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримт юм. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах замаар нотлох баримтыг үнэлэхээр хуульчлагдсан боловч 101/ШШ2023/01270 дугаартай шийдвэрт Шүүх иргэний хэрэг үүссэн тухайн үед 184/ШШ2022/02260 дугаартай иргэний хэрэг хэлэлцэгдэж байсныг нотлоогүй, хэргийн материал, зохигчийн тайлбараар тогтоогдоогүй гэж дүгнэж Б ХХК -ийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2022/02260 дугаар шийдвэрийг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг заалтуудыг тус тус зөрчсөн.

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх заалтыг явцуу хүрээнд буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч шүүхэд гомдол гаргана гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрх зөрчигдсөн, хөндөгдсөн тохиолдолд тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувьд гуравдагч этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгож зохицуулсан. Шүүх нь дээрх хуулийн зүйл заалтыг буруугаар тайлбарлаж хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаанаар гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Өмчлөх эрх зөрчигдсөн тухай нотлох баримтыг бүрэн үнэлээгүй. Б ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу хураагдсан эд хөрөнгөд өмчлөх эрх зөрчигдсөн талаарх холбогдох гэрээ, холбогдох бичиг баримтыг нотлох баримтаар гаргаж өгснөөс гадна Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б ХХК өөрийн эзэмшилдээ байлгаж, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдийн хувьд өмчлөгч, мөн Шүүхийн 184/ШШ2022/02260 дугаартай шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон зэргээр хангалттай нотлогдож байгаа. Гэтэл шүүх нь төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд тодорхой бус гэж дүгнэх нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4 дэх хэсэг заалтуудыг тус тус зөрчсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль бус хэргийн оролцогч оролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон. "Б ХХК -аас Г.Г т 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэл, Б ХХК -ийн дүрэм, гэрчилгээ орчуулга, мөн Б ХХК -ийн 2020 оны 04 дүгээр улирлын хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, орчуулгын хамт хэрэгт авагдсан. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б ХХК -аас Г.Г т олгосон итгэмжлэлд гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, тамга дарсан боловч Б ХХК -ийн дүрэмд гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй эрх бүхий этгээд нь Ван жин мин байдаг. Дээр дурдсаны дагуу Б ХХК -ийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдээгүй, компанийн эрх бүхий албан тушаалтан биш этгээдээс Г.Г нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр итгэмжлэл авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг зөрчсөн. Энэхүү хэргийн оролцогчийн талаар шүүгчид удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

6. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ирүүлсэн нотлох баримтыг иргэний хэрэг үүссэнээс хойш нотлох баримт гаргасан гэх үндэслэлээр үнэлэхгүй гэж дүгнээгүй. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол гарах үед өмчлөгч тогтоогдоогүй байсан бөгөөд 4 жилийн дараа нэхэмжлэгч Б ХХК -ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоогдох эсэхийг мэдэх боломжгүй байсан. Тус иргэний хэрэг 2020 онд үүссэн. * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр Б ХХК болон И ХХК нарын маргааныг шийдвэрлэсэн бөгөөд Бээжин фу хуан барилгын хөгжил" ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан болон хэргийг шийдвэрлэсэн талаар мэдээгүй бөгөөд нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгснөөр мэдсэн. Энэхүү хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 188/11 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоос маргаан бүхий * орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх нь үндэслэлгүй. 2018 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2020 онд нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасан. Нэхэмжлэгч Б ХХК шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш бөгөөд Б ХХК -ийн нэхэмжлэлтэй, И ХХК -д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан боловч өөрсдийн хүсэлтээр гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээсээ татгалзсан. Нэхэмжлэгч тал хэргийн хууль бус оролцогчийн талаар 2020 оноос хойш 3 жилийн турш тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Б ХХК , Б ХХК -аас олгосон итгэмжлэлд үнэлэлт дүгнэлт хийх, гомдол гаргах эрхтэй этгээд биш юм. Б ХХК -аас олгосон итгэмжлэлийн хамт тус компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, орчуулга, 2020 оны 4 дүгээр улирлын хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, орчуулгыг тус тус шүүхэд гаргасан. Б ХХК нь БНХАУ-ын хуулийн этгээд бөгөөд зохих журмын дагуу Г.Г т итгэмжлэлийг олгосон тул хууль зөрчөөгүй.

Анхан шатны шүүх тус шүүхийн шийдвэрийг үнэлээгүй нь үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн маргаан бүхий орон сууц хураагдах үе шатанд нэхэмжлэгч Б ХХК нэхэмжлэлээ гаргах боломжтой байсан ба албадан дуудлага худалдаагаар борлуулагдсаны дараа нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэгч Б ХХК , И ХХК -д холбогдуулан маргааны бүхий 82 орон сууцны асуудлаар хохирлоо гаргуулах нь зүй юм. Хууль бус хэргийн оролцогчийн тухайд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Б ХХК 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл 9 жилийн турш эдийн засгийн хувьд хохирч байна. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдлууд тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан * дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай * хорооллын 104-р байрны 2-р орцны 1-7-р давхрын А, B, C, D, E, F, G, H, J тоот, 8-р давхрын G, Н тоот, 9-р давхрын А, B тоот, 10-р давхрын B, D, E тоот, 11-р давхрын D тоот, 13-р давхрын B, C, D, E, F тоот, 15-р давхрын C, D, E, F тоот нийт 8,031.8 м.кв талбай бүхий 82 ширхэг орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн 188/11 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоос битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талын байр суурийг дэмжин оролцсон байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хамтран ажиллах гэрээний үндсэн дээр Алтан сан цогцолбор хорооллын орон сууцны болон үйлчилгээний барилгын талбайгаас нийт 8,031.8 м.кв талбай бүхий * орон сууцыг өмчлөх эрхтэй болсон. Гэвч шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ бидэнд мэдэгдэлгүйгээр битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж, улмаар дуудлага худалдаанд оруулсан нь компанийн өмчлөх эрхийг зөрчсөн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг залруулж, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, Б ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал биш байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй, барилгын тодорхой хэсгийг хамтран ажиллах гэрээний дагуу өмчлөх эрхтэй талаар И ХХК -тай тохиролцсон гэсэн нь тухайн хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний маргаан байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

5. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

5.1. * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00003 дугаар шийдвэрээр хариуцагч И ХХК -аас 16,876,268,000 төгрөг болон 84,539,290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК -д олгож шийдвэрлэсэн; /1хх 65-81/

5.2. Шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага нь * дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай * хорооллын 19,828 м.кв талбай бүхий 1, 3, 4-р блок барилгыг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 188/11 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 188/29 тоот тогтоолоор хураан авсан./1хх 94-95, 97, 101-103/

5.3. * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2022/02260 дугаар шийдвэрээр * дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай * хорооллын 104-р байрны 2-р орцны 1-7-р дугаар давхрын A, B, C, D, E, F, G, H, J тоот, 8-р давхрын G, H тоот, 9-р давхрын A, B тоот, 10-р давхрын B, D, E тоот, 11-р давхрын D, 13-р давхрын G, H тоот, 14-р давхрын B, C, D, E, F тоот, 15-р давхрын C, D, E, F тоот нийт 4,838.09 м.кв талбай бүхий 82 ширхэг орон сууцны өмчлөгчөөр Б ХХК -ийг тогтоосон./2хх 224-226/

6. Нэхэмжлэгч Б ХХК нь дээр дурдсан * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2022/02260 дугаар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.

6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууцны тоот, нийт талбайн хэмжээ зөрүүтэй байхад энэ талаар тодруулаагүй, зохигч талуудыг мэтгэлцүүлээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий барилгын 13-р давхрын B, C, D, E, F тоотыг битүүмжээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал дээрх шүүхийн шийдвэрт эдгээр нь тусгагдаагүй, дээрх шүүхийн шийдвэрээр 13-р давхрын G, H тоот, 14-р давхрын B, C, D, E, F тоотын өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон байтал эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй байна.

Мөн нэхэмжлэгчийн битүүмжээс чөлөөлүүлэхээр шаардсан орон сууцны тоо ширхэг 82, шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоосон орон сууцны тоо ширхэг мөн 82 байтал нийт талбай нь нэхэмжлэлд 8,031.8 м.кв гэж, шүүхийн шийдвэрт 4,838.09 м.кв гэж зөрүүтэй тусгагдсан байна.

6.2. Анхан шатны шүүх эд хөрөнгө битүүмжилсэн, хураан авсан тогтоолд дурдагдсан блок барилга болон нэхэмжлэгчийн шаардсан блок барилга зөрүүтэй байхад энэ талаар тодруулаагүй, зохигч талуудыг мэтгэлцүүлэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Тодруулбал, хариуцагч байгууллагаас холбогдох барилгын 1, 3, 4-р блокийг битүүмжилж, хураан авсан үйл баримт тогтоогдсон. Харин нэхэмжлэгч нь барилгын 1, 2-р блоктой холбоотой шаардлагыг гаргасан./1хх1-4, 3хх31-48/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардлагад хамааралтай 2-р блок нь битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтад тусгагдсан эсэх нь тодорхойгүй байна.

7. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, нотлох баримтад дурдагдсан зөрүүтэй нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоогоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/01270 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН