| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2018/0909/Э |
| Дугаар | 940 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсайхан |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 940
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,
улсын яллагч Б.Б,
шүүгдэгч Б.Э,
хохирогч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... дугаарын регистртэй, Б.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюу” нэртэй караокед иргэн Б.Бтай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:
“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ:
“...09 дүгээр сарын 30-ны өдөр манай найз хөдөөнөөс ирээд хамт караокед орсон. Караокед ороод хамт архи авч ууж байгаад гадаа тамхи татах гээд гарсан. Тамхи татаад зогсож байхад Э ирээд “ахаа тамхи байвал өгөөч” гэж асуухаар нь нэг тамхи өгсөн. Би найзтайгаа хамт юм яриад зогсож байхад Э “та хоёр Увсын ах нар юм уу” гэж асууж байсан. Тэр үед манай найз манай нутгийн дүү хамт суугаач гэж хэлсэн. Би найзтайгаа хамт тамхиа татчихаад дотогшоо караокед ороод сууж байхад Э ирээд миний ширээн дээр хүн сууцан байна та хоёрын хажууд сууж болох уу гээд хамт суугаад архинаас 2,3 татаад хамт уусан. Бид 3 хамт архи ууж байгаад би архи дуусах үед дүүд мөнгө байна уу гэж асуухад “дүүд нь мөнгө байхгүй” гэж хэлсэн. Манай найз хажуунаас “эр хүн мөнгөтэй ч, мөнгөгүй ч байж болно” гэж хэлэх үед Э 5000 төгрөг өгсөн. Манай найз надад 30.000 төгрөг өгөхөөр нь би текэн дээр очоод өмнөх тооцоогоо хийчихээд дахиад нэг шил архи, 2 ширхэг цэвэр ус аваад найзынхаа хажууд суусан. Архиа хамтдаа ууж байгаад Эт хундагалаад архи хийж өгөх үед архиа уугаад нэг цэвэр усаар даруулаад бүгдийн уучихаар нь би “чи ямар сонин юм бэ бүгдийн уучихлаа” гэж хэлэх үед манай найз ундааны бөглөө аваад Э руу шидсэн. Тэр үед Э муухай харж байгаад босоод явсан. Э текэн дээр зогсож байгаа харагдаж байсан. Миний араас хүн татах шиг болохоор нь эргээд харсан чинь намайг Э цохисон. Миний 3 шүд унасан тул хохирлоо барагдуулмаар байна...” гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Эын өгсөн:
“...2018 оны 09 сарын 30-ны өдөр найз Ганааг хүлээх зуураа 18 цагийн үед хорооллын эцэст байрлах Оюу караокед орсон. Ороод 2 шил 0,5 литрийн хэмжээтэй Нийслэл нэртэй пиво уусан. Уугаад сууж байтал 20 цагийн үед гаднаас надтай маргалддаг 2 ах орж ирсэн. Караокений үүдэнд тамхи татах гэж гарсан. Караокений үүдэнд тэр 2 ахтай тамхи татангаа танилцсан намайг тэр 2 ах хэнтэй явж байгаа юм гэхээр нь би ганцаараа явж байна найзыгаа зөндөө удаан хүлээлээ ирэхгүй байна гэхэд тэр 2 ах надад ганцаараа байгаа юм бол 2 ахтайгаа хамт суугаарай гэж хэлсэн. Би тамхи татчихаад араас нь ороход миний сууж байсан ширээн дээр гаднаас орж ирсэн хүн суулгасан байхаар нь би тэр 2 ахтай хамт суусан. Тэр 2 ах нэг шил 0,5 литрийн архи авсан ууж байсан намайг ширээнд суухад надад тэр 2 ах архи хийж өгсөн би өгсөн архийг нь уусан тэр 2 ахтай танилцаад уугаад сууж байтал архи дууссан. Архи дууссан чинь тэр 2 ах дүү ганц юм авчих гэсэн би надад 5.000 төгрөг л байна гэж хэлэхэд надад цохиулдаг ахын найз нь энэ мөнгөн дээр нэмээд авчих гээд 20,000 төгрөг өгсөн тэгээд нэмж 0,5 литрийн Хараа нэртэй архи 2 жижиг савтай цэвэр устай авсан. Архиа уугаад сууж байтал надад цохиулдаг Б ахын өмнө нь байсан усыг аваад уутал 5000 төгрөг гаргачихаад яасан их идэж уудаг дураараа бацаан бэ гэж хэлээд надруу урдаа байсан усны бөглөөг аваад шидээд одоо чи зайл гээд Б ах намайг шилэн хүзүүн дээрээс базаад түлхсэн. Би босоод тэр караокений бармений утаснаас дүү Энхсүхрүү ахыгаа ирээд хорооллоос авчих гэж мессеж бичээд тэр 2-ын хажуунаас куртикаа аваад гарах гэтэл Б надад дүү явах гэж байна уу явах болоогүй шүү бид 2-той хамт гарна шүү байж бай гэсэн би тэгэхээр нь караоке хаах гэж байна дүү нь явлаа гээд явах гэтэл араас Б намайг татахаар нь би эргэж хараад нэг удаа нүүрлүү нь цохисон. Надад цохиулсан Бы найз босож ирээд надтай зууралдаад бөөн юм болсон. Тэгээд караокеноос гараад тэр караокений шатны доор намайг Бы найз болох ах намайг хэд хэдэн удаа өшиглөхөөр нь зугатаад гүйж байгаад бичил цайны газрын урд гүйж байгаад Б ахад баригдсан. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Би хохирлыг төлж барагдуулна. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 27-29, 35-36/,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бы өгсөн:
“...2018 оны 9 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн үед Хорооллын эцэст байрлах Оюу караокед найз Бтай хамт орсон юм. Караокед ороод 0,5 литрийн Сархад нэртэй архи 2 лааз ундаа аваад Б бид 2 уугаад суусан. Сууж байгаад караокений үүдэнд гараад тамхи татаад зогсож байтал нэг жижигхэн шар залуу бид 2-оос тамхи асуусан. Тэр залууд нэг тамхи өгчихөөд найзтайгаа хоёулаа юм яриад зогсож байтал тэр залуу ах нар Увс аймгийнх уу би бас Увсынх гэж бид 2-той яриа өдөөд эхэлсэн найзтайгаа уулзах гээд хүлээсэн ирдэггүй би ганцаараа сууж байна гэж хэлсэн. Тамхи татаж дуусаад караоке руу орох үед манай найз Б нэг нутгийнх юм байна дүү ганцаараа явж байгаа бол ороод хамт суу гэж хэлсэн. Караокед ороод сууж байтал нөгөө залуу бид 2-ын сууж байсан ширээн дээр ирээд миний сууж байсан ширээн дээр хүн суулгацан байна та хоёртой хамт сууя гэсэн. Тэр залууг ширээн суунгуут нь ууж байсан архинаасаа хийж өгсөн. Удалгүй ууж байсан архи дууссан, манай найз Б ахиад нэг архи авах юм уу гэтэл тэр залуу дүүд нь 5.000 төгрөг л байна гээд 5.000 төгрөг өгсөн тэгсэн чинь манай найз Б хүнд мөнгөтэй мөнгөгүй үед байдаг юм гээд 5.000 төгрөгийг нь аваад надад 20.000 төгрөг өгөөд нэг 0,5 литртэй архи авчих гэсэн. Тэгээд би текэн дээр очоод өмнөх тооцоогоо хийчихээд дахиж нэмж 0,5 литрийн Хараа нэртэй архи, 2 цэвэр ус аваад эргээд ширээндээ сууж бид 3 хамт ууцгаасан. Уугаад сууж байх хооронд тэр залуу бид 2-оос байн байн тамхи асуугаад миний ууж байсан ус ундаанаас байнга уугаад байхаар нь би чи чинь ямар хаашаа юм бэ бос манай ширээнээс гэсэн тэгтэл тэр залуу муухай харж сууж байгаад босож яваад текэн дээр зогсоод байсан.
Нэг хүн араас татах шиг болсон чинь эргээд харсан чинь тэр залуу миний нүүрлүү цохисон. Миний амнаас цус гараад би 00 орсон. Манай найз Б тэр залууг барьж аваад цагдаа дуудаарай гэсэн. Би 00 орж амнаас гарсан цусаа арччихаад караокений гадаа гараад иртэл тэр залуу зугтсан би найз Бтайгаа тэр залууг хөөж байгаад Е Мартын зүүн талд байрлах бичил цайны газрын үүднээс барьж аваад цагдаад өгсөн. 3 шүд булгарч унасан шинээр шүд хийлгэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-н 13-15/,
Мөрдөн байцаалтад гэрч М.Сгийн өгсөн:
“...Би 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр орой 23 цагийн үед караокенийхоо 00 өрөө болон гаднах хогийг цэвэрлээд байж байтал манай караокед үйлчлүүлж байсан нэг залуу манай найзыг энэ шар залуу цохьчихлоо гэж хэлсэн. Цохиулсан гэх найзынх нь амнаас цус гарсан зогсож байсан. Цохисон гэж байгаа нь жижигхэн биетэй шар залуу байсан. Цохиулсан залуугийн амнаас цус гараад цусаа угаах гэж байгаад манай 00-ийн өрөөг тэр чигт нь цус болгосон. Юу ч байсан нилээн их цус гарсан байсан. Манайхаар нь бас тухайн үед үйлчлүүлж байсан нэг хүн 3 шүдийг цөм цохисон юм шиг байна гэж хэлээд гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,
Мөрдөн байцаалтад гэрч С.Бийн өгсөн:
“...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 21-22 цагийн хооронд найз Бы хамт Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Оюу нэртэй нийтийн караокед орж текний эсрэг талын урдаасаа 2 дахь ширээнд суугаад нэг шил 0.5 литрийн Сархад нэртэй архи, 2 лааз ундаатай аваад ууж байхад манай эгнээний хойд талын буланд намхан шар залуу ганцаараа суугаад дуулж байсан. Б бид 2 тамхи татахаар гадаа гараад үүдэнд тамхи татаад зогсож байтал дотор дуулж байсан намхан шар залуу гадна талын хашлага налаад зогсож байснаа бид 2 дээр ирээд тамхи байна уу гээд асуухаар нь би нэг ширхэг тамхи асаагаад өгтөл ах нар Увс аймгийнх юм уу би нэг найзыгаа хүлээгээд ирдэггүй утас нь холбогдохгүй байна гээд бид 2-той 10-15 минут юм ярьсан. Б бид чи ганцаараа явж байгаа бол ах нартайгаа ороод хамт суучих гээд дотогшоо ортол намхан шар залуугийн сууж байсан ширээн дээр өөр хүмүүс суучихсан байсан. Тэгээд 3-лаа манай ширээнд суугаад тал шилтэй архийг хувааж уусан. Б намхан шар залуутай 2-3 удаа гарч хамт тамхилсан Намхан шар залуу дураараа өөртөө архи хийж уугаад байсан. Тэгээд архи дуусаад дахиад нэг шил архи авах уу гэтэл намхан шар залуу надад байгаа энэ гээд 5.000 төгрөг гаргаж өгөхөөр нь би дээр нь 20.000 төгрөг нэмж өгөөд дахиж нэг шил 0,5 литрийн Хараа архи аваад 3-лаа хувааж уусан. Тэгтэл намхан шар залуу байн байн тамхи асуугаад архи дураараа хийж уугаад Бы ундааг авч уугаад байсан чинь Б чи чинь ямар сонин юм бэ манай ширээнээс бос гэтэл хоорондоо үг хаяалцаад байсан. Би караокены зурагтруу хараад сууж байтал нэг мэдсэн нөгөө залуу босчихсон текний хажууд явж байсан. Тэгтэл гэнэт Б цохичилоо гээд сандал дээр хойшоо гэдийгээд амнаас нь цус гарчихсан дараад сууж байхаар нь би босоод нөгөө намхан шар залууруу очих гэтэл цаана сууж байсан танихгүй 3 залуугийн нэг өндөр залуу нь ирээд намхан шар залууг найзыг чинь цохичихлоо гэж надад хэлээд залуучууд дотор зодоон цохион хийгээд яахав гээд дагуулаад гарсан. Би араас нь дагаад гартал өндөр залуу намхан шар залууг элэгдээд шатаар доош дагуулж буугаад зугт гээд явуулчихсан. Б араас гарч ирээд цагдаа дуудъя гээд би намхан шар залуугийн араас нь хөөж байгаад 100-150 метрийн цаана барьж авсан. Араас Б ирээд хамт барьж зогсож байгаад цагдаа ирэхэд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ... тоот:
1. Б.Б-н биед 3 шүдний булгарал, уруулд шарх гэмтэл тогтоогдоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид 3 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15% нөлөөлнө гэх дүгнэлт /хх-н 24/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 30/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюу” нэртэй караокед иргэн Б.Бтай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Б.Эын “...2018 оны 09 сарын 30-ны өдөр ...Энхсүхрүү ахыгаа ирээд хорооллоос авчих гэж мессеж бичээд тэр 2-ын хажуунаас куртикаа аваад гарах гэтэл Б надад дүү явах гэж байна уу явах болоогүй шүү бид 2-той хамт гарна шүү байж бай гэсэн би тэгэхээр нь караоке хаах гэж байна дүү нь явлаа гээд явах гэтэл араас Б намайг татахаар нь би эргэж хараад нэг удаа нүүрлүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 27-29, 35-36/,
хохирогч Б.Бы “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн үед Хорооллын эцэст байрлах Оюу караокед найз Бтай хамт орсон юм. ...Нэг хүн араас татах шиг болсон чинь эргээд харсан чинь тэр залуу миний нүүрлүү цохисон. Миний амнаас цус гараад би 00 орсон. ...3 шүд булгарч унасан шинээр шүд хийлгэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг,
гэрч М.Сгийн “...Би 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр орой 23 цагийн үед караокенийхоо 00 өрөө болон гаднах хогийг цэвэрлээд байж байтал манай караокед үйлчлүүлж байсан нэг залуу манай найзыг энэ шар залуу цохьчихлоо гэж хэлсэн. Цохиулсан гэх найзынх нь амнаас цус гарсан зогсож байсан. Цохисон гэж байгаа нь жижигхэн биетэй шар залуу байсан...” гэх мэдүүлэг,
гэрч С.Бийн “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 21-22 цагийн хооронд найз Бы хамт Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Оюу нэртэй нийтийн караокед орж текний эсрэг талын урдаасаа 2 дахь ширээнд суугаад нэг шил 0.5 литрийн Сархад нэртэй архи, 2 лааз ундаатай аваад ууж байхад манай эгнээний хойд талын буланд намхан шар залуу ганцаараа суугаад дуулж байсан. ...гэнэт Б цохьчихлоо гээд сандал дээр хойшоо гэдийгээд амнаас нь цус гарчихсан дараад сууж байхаар нь би босоод нөгөө намхан шар залууруу очих гэтэл цаана сууж байсан танихгүй 3 залуугийн нэг өндөр залуу нь ирээд намхан шар залууг найзыг чинь цохичихлоо гэж надад хэлээд залуучууд дотор зодоон цохион хийгээд яахав гээд дагуулаад гарсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн зүгээс баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Б.Эыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Б.Б нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Эт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ