Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 941

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч В.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн В.Од холбогдох эрүүгийн ... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... дугаарын регистртэй, В.О.

 

Шүүгдэгч В.О нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-2” захын хашаан дотор 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр насанд хүрээгүй иргэн Ч.Лын гээгдүүлсэн түүний эзэмшлийн Ай фоне 6 маркийн гар утсыг, гар утасны гэрний хамт бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 360.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч В.Огийн өгсөн:

“...Би Барс-2 худалдааны төвд хүнсний лангуу ажиллуулдаг юм. 2018 оны 08 дугаар сарын сүүлчээр ажил дээрээ байж байгаад агуулахаас бараа оруулж ирэхээр гартал зам дээр шилэн наалт нь хагарсан цагаан өнгийн нүүртэй, шар өнгийн артай Iphone 6 загварын гар утас байхыг олсон юм. Тэгээд би тэр утсыг гэртээ авч ирээд өөрийн .... гэсэн дугаарын сим картыг хийгээд барьж байсан юм. Гэтэл .... гэсэн миний дугаар луу 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагаас залгаад уулзая гээд цагдаагийн хэлтэс дээр дуудсан. Намайг очиход утсаа гаргаад ир гээд алдагдсан утас байна гээд хурааж авсан. Асааж үзэхэд зүгээр асаж байсан. Пин код нэхэхгүй асчихаж байсан. Дотор нь Юнителийн сим карт байсан. Тэр сим картыг нь хаяад өөрийнхөө сим картыг хийчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/ ,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Ч.Лын өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 09 цагийн үед би өөрийн нагац эгч буюу ээжийн төрсөн эгч Б.Эгийн ажилд туслахаар Барс-2 худалдааны төв рүү гэрээсээ гараад очсон юм. Манай эгч Б.Э нь Барс-2 худалдааны төв дээр хүнсний лангуу ажиллуулдаг ба би зуныхаа амралтаар түүнд туслаж цалин авч байсан. Тэр өдөр би өөрийнхөө гар утсыг алдсан ба хаана гээснээ мэдэхгүй байсан юм. Гар утсаа алдсан өдөр би өөрийн эгч Б.Эгийн лангууг хаагаад 19 цаг өнгөрөөгөөд Барс-2 захаас 21-р хороолол руу явсан. Явахдаа таксидаж явсан. Би Содон хорооллын автобусны буудал дээр буугаад автобусанд суугаад Ханын материалын эцэст байдаг Сүбина дэлгүүр лүү явсан юм. Сүбина дэлгүүрийг манай ээж ажиллуулдаг юм. Барс-2 зах дээр байх хувцсаа солиод гарахдаа гар утсаа байгааг харсан. Тэгээд тэрнээс хойш шалгаагүй юм. Би эхэлж таксигаар яваад дараа нь автобусаар зорчсон юм. Тэгээд би автобусанд гээсэн байх гэж бодсон. Одоо бодоход хамгийн сүүлд гар утсаа байгааг шалгасан газар нь Барс-2 зах байсан юм. Би гар утсаа Барс-2 зах дээр гээсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 12, 16-17/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Өгийн өгсөн:

            “...2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд миний хүү болох Ч.Л нь 21-р хорооллын автобусны буудлаас ХМК-н автобусны хуучин эцсийн буудал хүрэх Офицер-ХМК гэсэн автобусанд суугаад 19 цаг 40 минутын орчимд буугаад халаасандаа байсан Ай фоне 6 гар утсаа үзтэл байхгүй болсон байсан гэсэн учраас хүүхдийнхээ алдсан гар утсыг олж авмаар байна. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Тэди төвөөс 350.000 төгрөгөөр авсан. Одоо авсан үнээрээ үнэлж байна, 16гб багтаамжтай Голд өнгөтэй хар, улаан өнгийн Арсенал клубын тэмдэгтэй хавтастай байсан миний хүүгийн алдсан утсан дээр миний зураг бас олуулаа авхуулсан зурагнууд байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

            - Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 25/,

            - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 57-59/,

 

Шүүгдэгч В.Огийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 29/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 31/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч В.О нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-2” захын хашаан дотор 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр насанд хүрээгүй иргэн Ч.Лын гээгдүүлсэн түүний эзэмшлийн Ай фоне 6 маркийн гар утсыг, гар утасны гэрний хамт бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 360.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч В.Огийн “...Би Барс-2 худалдааны төвд хүнсний лангуу ажиллуулдаг юм. 2018 оны 08 дугаар сарын сүүлчээр ажил дээрээ байж байгаад агуулахаас бараа оруулж ирэхээр гартал зам дээр шилэн наалт нь хагарсан цагаан өнгийн нүүртэй, шар өнгийн артай Iphone 6 загварын гар утас байхыг олсон юм. ...Асааж үзэхэд зүгээр асаж байсан ...сим картыг нь хаяад өөрийнхөө сим картыг хийчихсэн юм...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй хохирогч Ч.Лын “...Барс-2 зах дээр байх хувцсаа солиод гарахдаа гар утсаа байгааг харсан. Тэгээд тэрнээс хойш шалгаагүй юм. ...Одоо бодоход хамгийн сүүлд гар утсаа байгааг шалгасан газар нь Барс-2 зах байсан юм. Би гар утсаа Барс-2 зах дээр гээсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Өгийн “...2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ...19 цаг 40 минутын орчимд буугаад халаасандаа байсан Ай фоне 6 гар утсаа үзтэл байхгүй болсон байсан гэсэн учраас хүүхдийнхээ алдсан гар утсыг олж авмаар байна...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас В.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч В.Ог гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

            Хавтаст хэргийн 71 дүгээр талд насанд хүрээгүй хохирогч Ч.Л, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө нар нь “...утсаа олж авсан гомдол байхгүй...” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч В.Ог бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч В.Од холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос В.Од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч В.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч В.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Ог 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар В.Огийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол В.Од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ