Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 30

 

  М.Р.Ж-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч М.Р.Ж, түүний өмгөөлөгч С.Энхбат, орчуулагч Г.Ундармаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 456 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1215 дугаар магадлалтай, М.Р.Ж-д холбогдох 1910026720331 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Австралийн холбооны улсын иргэн, М.Р.Ж  /M.R.J/.

М.Р.Ж  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Р.Ж  /M.R.J/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Р.Ж  /M.R.J/ 1.350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Р.Ж  /M.R.J/ нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж тайлбарлаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Р.Ж  /M.R.J/-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт 6.774.136 /зургаан сая долоон зуун далан дөрвөн мянга нэг зуун гучин зургаа/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Н д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Н  нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжпэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Э.Энххэрлэн гаргасан гомдолдоо “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1215 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, мөн хуулийн 1.2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” тус тус зааснаар шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар гаргаж байна.

Учир нь, 1. Шүүгдэгч М.Р.Ж  хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдэгдэхдээ өөр гэмт хэргийн шинжтэй буюу Сингапур улсын иргэн С.П.Ф тэй нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдсан гэмт хэргийн шинжийг давхар агуулсан болох нь Г.Н гийн “Анх ази царайтай залуу миний цээж орчим газарт цохиод цааш түлхсэн юм. Тэгэхээр нь би эргэж хараад ази царайтай залууг гараараа 1 удаа цохисон. ... Энэ үед Европ царайтай сахалтай залуу миний хажуу талаас цохиод намайг газар унагасан. Энэ үед дээрээс өшиглөсөн. ... Ази царайтай залуу болон Европ царайтай залуу 2 намайг зодсон...”,

“2019 оны 11 дүгээр сарын 01-02-ны шилжих шөнө ... Австрали улсын иргэн намайг санаатай түлхсэн би тэр үед газар унах гээд тэнцвэрээ алдаж яаж байна гээд гараа далайлгасан чинь гадаад Сингапур улсын иргэн миний зүүн талын чих рүү өшиглөсөн ... би газар унасан чинь хамгаалагч нар болон манай найз нар ирээд салгасан ... Камерийн бичлэг шүүж үзсэн чинь Сингапур улсын иргэн миний зүүн талын чих рүү өшиглөсөн чинь хамт байсан Монгол иргэн бас намайг өшиглөхөд Австрали улсын иргэн текнээс пивоны бакалаар миний толгойны баруун хөмсөгний дээд талд нэг удаа цохисон. /хх-31/,

Гэрч Д.Батхүүгийн: “...Намжааг нэг гадаад залуу араас нь түлхсэн юм. Тэгсэн чинь Н  эргээд харсан чинь Н г түлхсэн залуу нүүрэн тус газарт нь цохиод авсан юм. Энэ үед Н  газар унахаар нь би явж гүйж очоод нөгөө гадаад залууг түлхээд холдуулсан юм. Тэгтэл нөгөө гадаад залуу миний араар тойроод Намжилмааг босч амжаагүй байхад нь гартаа барьчихсан стаканаар Н гийн нүүрэн тус газарт нь цохиод авсан.... Ер нь бол 2 гадаад залуу байсан ба 1 нь ази царайтай, нөгөөх нь Европ хүн байсан. ... Ази царайтай ...орилж, хашгираад Н  руу дайраад байсан боловч хүмүүс уг залууг хориод ойртуулаагүй. ... асуудал дууссаны дараа үйлчлэгч ирээд шалан дээр туссан болон хагарсан стаканыг цэвэрлэж байсан.” /хх-55/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “02:23:02-д Сингапур Улсын иргэн S.P.F -ийн Г.Н гийн баруун шанаан тус газарт баруун гараараа цохив.”,

“02:23:03-д Г.Н  нь Сингапур Улсын иргэн S.P.F -ийн баруун шанаан тус газарт баруун гараараа зөрүүлэн цохиод газар унах үед Австрали Улсын иргэн M.R.J босч ирэв.”,

“02:23:05-д Австрали Улсын иргэн M.R.J газар унасан Г.Н гийн дээрээс нь баруун гараараа цохих гээд дайрах ба баруун гартаа юм барьсан байгаа мэт харагдаж байв.”,

“02:23:02-д хохирогч Г.Н г Австрали Улсын иргэн M.R.J-ийг цохисны дараа Сингапур Улсын иргэн S.P.F  Г.Н гийн баруун шанаан тус газарт баруун гараараа цохив.” /хх-187/ тэмдэглэл зэргийг харьцуулан судалвал уг хэрэгт Сингапур улсын иргэн S.P.F  нь миний үйлчлүүлэгчийг Австрали Улсын иргэн M.R.J-тэй бүлэглэн үйлдсэн гэж үзэхээр атал анхан шатны шүүх “...хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд болон хяналтын камерийн бичлэг зэргийг харьцуулан судлахад шүүгдэгч М.Р.Ж  болон түүний нөхөд болох Сингапур залуу, Монгол залуусын зүгээс бусдыг илтэд басамжилж доромжилсон, хохирогчийн биед бүлэглэн халдсан, тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулж, үйлчлүүлж буй олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.” гэсэн нь дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Сингапур Улсын иргэн С.П.Ф  хохирогч Г.Н г гараар цохин унагааж, газар унасан хойно нь Австрали улсын иргэн М.Р.Ж тэй бүлэглэн өшиглөн зодож байгаа үйлдэлд нь хариуцлага хүлээлгэлгүйгээр зөвхөн Австрали улсын иргэн М.Р.Ж т холбогдох үйлдлийг шүүхээр шийдвэрлүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцсэнгүй.

Хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг учрал болсон гэх цэнгээний чинь газрын хяналтын камерийн бичлэг бүхий диск эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргагдсан. Дээрх СD бичлэгт хэргийн үйл баримтууд сэргээн дүрсэлж маш тодорхой бичигдсэн бичлэг бүхий СD нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлах гэсэн боловч тодорхойгүй шалтгааны улмаас бичлэг уншигдах боломжгүй байсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий чухал нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй, шинжлэн судлах боломжгүй нөхцөл байдал бий болсон, дээрх СD бичлэг бүхий эд мөрийн баримтыг нотлох баримтаас хасч тооцоогүй атлаа хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч М.Р.Ж ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсоны тухайд:

Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч М.Р.Ж т холбогдох эрүүгийн хэрэгтээ 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр танилцаж маргааш нь буюу 04 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурцад “...Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглээгүй байх тул дээрх үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаа дуусч шүүхэд шилжүүлэх саналтай, мөрдөгч хэргийг прокурорт хүргүүлсний дараа яллах дүгнэлт үйлдэгдэхээс өмнө миний бие прокурорт дээрх үндэслэлээр хүсэлтийг гаргасан байхад уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийн зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчиж, хүсэлт гомдол гаргах эрхийг хязгаарласан.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан CD бичлэг болон түүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэлийг үзэхэд Сингапур Улсын иргэн С.П.Ф  хохирогч Г.Н г гараар цохин унагааж, газар унагаасан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн бол Прокуророос Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол...”-т зааснаар хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэл байхад ийнхүү арга хэмжээ аваагүй нь зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино гэсэн Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу хариуцлага хүлээлгэхгүйгээр орхигдуулсан нь ойлгомжгүй болжээ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч М.Р.Ж  хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Миний гаргасан үйлдэл нь согтуу Г.Н гаас өөрийгөө болон найзыгаа хамгаалсан үйлдэл байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь зөв үнэлж дүгнэсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд хэрэгт хяналт тавьсан прокурор 4 дүгээр сарын 29-ний өдөр хариу өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан тул оролцогчийн буюу хохирогчийн эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчсөн асуудал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Р.Ж т холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх энэ зүйл хэсгээр гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч М.Р.Ж ийн үйлдсэн хэрэг камерийн бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Г.Н гийн өмгөөлөгч шүүгдэгчийг бусадтай бүлэглэж буюу Синапур улсын иргэнтэй хамтарч хэргийг үйлдсэн гэсэн гомдол яригдсан. Шүүхээс найзыг нь цохилоо гэх шалтгаанаар Г.Н гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Харин бүлэглэж Г.Н г цохисон гэх үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзсэн ба М.Р.Ж т холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан гомдлыг үндэслэн М.Р.Ж д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан “...хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хоёр шатны шүүх М.Р.Ж ийг 2019 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт цэнгээний газрын бүжгийн талбай дээр “найзыг нь цохилоо” гэх шалтгаанаар Г.Н г гартаа барьсан стаканаар нүүр рүү нь цохиж, хөлөөрөө бие рүү нь өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн сэргээн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд хийсэн дүгнэлт нь хууль ёсны үндэслэлтэй болжээ.

Шүүх шүүгдэгч М.Р.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл хэмжээний доторх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...М.Р.Ж  нь Сингапур улсын иргэн С.П.Ф тэй нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдсан гэмт хэргийн шинжийг давхар агуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. ...Мөн хэргийг прокурорт хүргүүлсний дараа яллах дүгнэлт үйлдэгдэхээс өмнө прокурорт мөрдөн шалгах ажиллагааг дахиж хийлгэх хүсэлт гаргахад уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй үлдэж, оролцогчийн эрхийг хязгаарласан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан нийтийн хэв журмын бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинж нь өөрөөсөө бусдыг дорд үзэх, илэрхий үл ойшоох басамжлах, дээрэлхэх, бүдүүлэг догшин авирлах, өөрийн ичгүүргүй зан авир, балмад жигшүүрт үйлдлээр бусдын анхаарлыг татахыг эрмэлзэх зэрэг сэдэлтэй байдаг бөгөөд өөрийгөө бусад хүмүүсээс бүх талаар илүү, давуу гэдгийг ямар ч аргаар хамаагүй батлан харуулах зорилготой байхаас гадна гэмт санаа сэдлийн хувьд эмх замбараагүй, гэнэт үүссэн шинжтэй, урьдчилан төлөвлөөгүй, хүрэх үр дүн тодорхойгүй байдаг.

Тухайн үед болсон үйл явдлыг дүгнэхэд хохирогч Г.Н  нь Сингапур улсын иргэн С.П.Ф ийг түлхэх, гар руу нь цохиж барьж байсан эд зүйлийг нь газарт унагасан зүй бус үйлдлийн улмаас хоорондын таарамжгүй харьцаа үүсч маргалдан, харилцан хүч хэрэглэх үед Австрали улсын иргэн М.Р.Ж  нь найзыгаа цохилоо гэх шалтгаанаар хохирогч Г.Н г гартаа барьж байсан стаканаар нүүр рүү нь цохиж, хөлөөрөө өшиглөх зэрэг хүч хэрэглэж зодсон нь нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч Г.Н  болон Сингапур улсын иргэн С.П.Ф  нарын хооронд хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн хувийн таарамжгүй харилцаанд М.Р.Ж нь найзыгаа өмөөрөх байдлаар оролцсоноор үргэлжилсэн бөгөөд дээрх үйл баримтыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэгт хамаарахгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

Түүнчлэн Австрали улсын иргэн М.Р.Ж  нь Сингапур улсын иргэн С.П.Ф тэй нэгдсэн зорилгоор нэг үр дүнд хүрэхийн тулд үйлдлээ нэгтгэсэн буюу гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо нотлогдоогүй бөгөөд М.Р.Ж ийн хохирогч Г.Н  руу чиглэсэн үйлдлийн үр дүнд хохирогч Г.Н гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн 13304 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Т.Чимэд-Осор болон гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн 2 удаагийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул М.Р.Ж ийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

М.Р.Ж т холбогдох эрүүгийн хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд мөн өдөр хохирогчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн зүгээс прокурор Б.Хурцад хандан гаргасан хүсэлтэд тэрээр 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” прокурорын тогтоолоор хариу өгч, энэ талаар албан бичигт дурдсан нь хавтаст хэрэгт авагдсан байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, түүний өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр хохирогчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 456 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1215 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН