Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
    Нэхэмжлэгч: Д.Галбаатар
    Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга
    Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын  2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Д.Галбаатарыг Засаг даргаас чөлөөлж, Н.Баатархүүг Засаг даргаар түр томилох тухай” Б/06  дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Галбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.
    Нэхэмжлэгч Д.Галбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Давааням овогт Галбаатар нь Архангай аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/80 дугаар захирамжаар Цахир сумын Засаг даргаар томилогдон одоог хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэтэл аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдааны 1/10 дугаар тогтоолын хариуг өгөлгүйгээр, сумын засаг дарга миний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний Удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтойгоор зөрчиж байна.
    
Иймд Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад үүрэгт ажлаас чөлөөлсөн Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Галбаатар нь 2012 оны 12 дугаар сард Цахир сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сард 4 жилийн хугацаа дууссан тул аймгийн Засаг дарга Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг үндэслэн тус сумын Засаг дарга Д.Галбаатарыг үүрэгт ажлаас нь 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 тоот захирамжаар чөлөөлсөн. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-т заасныг үндэслэн Цахир сумыг Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд тус сумын орлогч дарга Н.Баатархүүг Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр томилсон нь хуулийн дагуу гарсан захирамж юм. Д.Галбаатарын Засаг даргаар ажилласан хугацаа хуулийн дагуу дуусгавар болсон. Цахир сумын Засаг даргад нэр дэвшсэн Г.Болд-Эрдэнэ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гараагүй байна. Д.Галбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Д.Галбаатарын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Галбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар Цахир сумын Засаг дарга Д.Галбаатар намайг Монгол улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж ажлаас чөлөөлсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2., 3. дахь хэсэг болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. дэх хэсгийг ноцтой  зөрчсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Аймгийн Засаг дарга хуулийг дур зоргоороо буруу хэрэглэж хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Засаг даргын захирамжаар бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа.  Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг  тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг хорооны Засаг даргыг харьяалах сум дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэж заасан. Ажлаас чөлөөлөх гэсэн заалт биш, зөвхөн томилох тухай заалт байгаа. Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга  доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална гэж заасан байхад хуулийг ноцтой зөрчиж, миний хөдөлмөрлөх эрх, сонгох сонгогдох эрхэд халдаж байгаа үйлдэл болж байна. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. дэх хэсэгт аймаг, нийслэлийн Засаг даргын биеийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө зөвхөн өөрөө хүсэлт гаргасан бол үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэж заасан байгаа. Миний бие аймгийн Засаг даргад ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаагүй. Ийм хүсэлт гаргаагүй байхад намайг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын 2017 оны  01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаар захирамж бол Н.Баатархүүг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр шинээр томилсон. 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сумын анхдугаар хуралдаанаас сумын Засаг даргад А.Ганзоригийг дэвшүүлсэн. Нэр дэвшүүлсэн хүнийг хуулийн шаардлага хангасан бол томилж, хангаагүй бол татгалзсан хариу өгөх байсан. Гэтэл одоо болтол хариу өгөөгүй. Дараагийн Засаг дарга томилогдох хүртэл миний бие ажлаа хийх ёстой гэж үзэж байна. Иймд Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Засаг даргын 2012 оны 12 сарын 12-ны өдрийн Б/80 дугаартай захирамжаар Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Д.Галбаатарыг Цахир сумын Засаг даргаар томилсон. Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  Засаг даргыг 4 жилийн хугацаагаар томилно гэж заасан байгаа. Д.Галбаатарын бүрэн эрхийн хугацаа  2016 оны  12 дугаар сарын   12-ны   өдөр   дууссан.   Ийм   учраас   Д.Галбаатарын   бүрэн   эрхийн   хугацаа дууссан   гэж   үзэж,   аймгийн   Засаг   дарга    2017   оны   01   дүгээр   сарын   03-ны өдрийн  Б/06  дугаар  захирамжаар  Цахир  сумын  Засаг  даргын  үүрэгт  ажлаас  нь чөлөөлсөн.  Мөн  захирамжийн  хоёр  дахь  заалтаар  сумын  Засаг  даргын  орлогчид Засаг  даргын  үүрэгт  ажлыг  хариуцуулсан захирамж гаргасан. Засаг даргын захирамж нь  хууль  зөрчөөгүй.  Архангай  аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 1/10 дугаартай тогтоол байдаг. Энэ тогтоол нь Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол байсан. Энэ тогтоолын 1 дэх хэсэгт сумын Засаг даргад ардчилсан намаас нэр дэвшигч хуралд оролцсон төлөөлөгчдийн 52.4 хувийн санал авсан  А.Ганзоригийг  тус  сумын  Засаг  даргад  нэр  дэвшүүлсэн.  Ганзоригийг  нэр дэвшүүлсэнтэй  холбоотой  Д.Галбаатарын  бүрэн  эрхийн  хугацаа  дууссан  гэдэг  нь тогтоогдож  байгаа  учраас  бүрэн  эрхийн  хугацаа  дууссантай  холбогдуулж  үүрэгт ажлаас   чөлөөлсөн   шийдвэр   гаргасан.   Нэхэмжлэгч   Монгол   Улсын   Үндсэн  хуулийн 60  дугаар  зүйлийн  3  дахь  хэсгийг  зөрчсөн  гэж  ярьж  байна.  Монгол  Улсын  Үндэслэн  хуулийн  60  дугаар  зүйлийн  3 дахь  хэсэгт Засаг даргыг нэр дэвшихээс татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална гэж заасан байгаа. Цахир сумын Засаг даргын хувьд А.Ганзоригийг нэр дэвшүүлэхээр ирүүлсэн боловч татгалзсан хариу өгөөгүй. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3 дахь хэсэг энэ хэрэгт яригдахгүй. Энэ заалт  хамаарахгүй. Татгалзсан тохиолдолд энэ заалт яригдана. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд “Засаг даргыг чөлөөлөх огцруулах, Засаг дарга огцрох” гэсэн заалт байгаа. Хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “аймгийн Засаг даргын биеийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэж заасан. Энэ заалт бол бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө буюу 4 жил дотроо гэсэн үг. Д.Галбаатарын тухайд 4 жилийн хугацаа бүрэн дууссан учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг зөрчөөгүй. 4 жилийн хугацаан дотроо байсан бол энэ хуулийн заалт яригдах ёстой байсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
    Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
    Иргэн Д.Галбаатар Архангай аймгийн /цаашид “аймгийн” гэх/ Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын  2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Д.Галбаатарыг Засаг даргаас чөлөөлж, Н.Баатархүүг Засаг даргаар түр томилох тухай” Б/06  дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
    Аймгийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06  дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2., Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7. дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Галбаатарыг Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ . 
    Нэхэмжлэгч Д.Галбаатар нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумын Засаг даргыг дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх зохицуулалт байхгүй тул аймгийн Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлгүй гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Д.Галбаатар аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/80 дугаар захирамжаар тус сумын Засаг даргаар томилогдсон тул Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... сум дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; ... дөрвөн жилийн хугацаагаар томилно.” гэж заасны дагуу дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ.
    Нэхэмжлэгч Д.Галбаатарыг тус аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Засаг даргаар томилох тухай” Б/80 дугаар захирамжаар Цахир сумын Засаг даргаар томилогдон  ажиллахад байхад нь аймгийн Засаг дарга нь  2017 оны 01 дүгээр сарын 03-ны “Д.Галбаатарыг Засаг даргаас чөлөөлж, Н.Баатархүүг Засаг даргаар түр томилох тухай” өдрийн Б/06  дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2., Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7. дахь хэсгийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйл. “Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох”, 32 дугаар зүйлийн 32.1. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.” гэж заажээ.
    Хуулийн дээрх заалтаас үзвэл сумын Засаг дарга нь эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ дээд шатны Засаг даргад гаргасан тохиолдолд бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр хуулийн зохицуулалттай байх бөгөөд бусад тохиолдолд сумын Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хуулийн зохицуулалт байхгүй байна.
    Архангай Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 1/10 дугаар тогтоолоор А.Ганзоригийг сумын Засаг даргад нэр дэвшүүлэн, аймгийн Засаг даргад уламжилжээ .
    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цахир сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэртэй холбоотой асуудал нь маргаантай байгаа бөгөөд энэ асуудал нь шүүх дээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл аймгийн Засаг дарга Цахир сумын Засаг даргыг томилох эсэх асуудлаар хариу өгөх боломжгүй байгаа гэжээ.
    Дээрх нөхцөл байдлаас үзвэл Архангай Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас А.Ганзоригийг сумын Засаг даргад нэр дэвшүүлэн, аймгийн Засаг даргад уламжилсан байх бөгөөд аймгийн Засаг дарга томилох эсхүл томилохоос татгалзсан хариугаа өгөөгүй байна.  
    Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйл. 2 дахь хэсэг “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.”,  3 дахь хэсэг “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална.” гэж  тус тус заажээ.
    Үндсэн хуулийн дээрх заалтуудаас үзвэл сумын Засаг дарга нь дөрвөн жилийн хугацаагаар томилогдох бөгөөд дараагийн Засаг дарга томилогдтол бүрэн эрхээ хэвээр хадгалах зохицуулалттай байна. 
    Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд сумын Засаг даргыг чөлөөлөх тухай асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсан байх бөгөөд дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх хуулийн зохицуулалт байхгүй байхад нэхэмжлэгч Д.Галбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь холбогдох хууль, тогтоомжид нийцээгүй шийдвэр болсон байна гэж үзлээ.  
  Иймд нэхэмжлэгчийн “Архангай аймгийн Засаг даргын  2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Д.Галбаатарыг Засаг даргаас чөлөөлж, Н.Баатархүүг Засаг даргаар түр томилох тухай” Б/06  дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2., 3. дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын  2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Д.Галбаатарыг Засаг даргаас чөлөөлж, Н.Баатархүүг Засаг даргаар түр томилох тухай” Б/06  дугаар захирамжийг хүчингүй болгосугай. 
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                С.ГАНБАТ