Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1352

 

Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХт холбогдох,

 

Хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэхийг хүссэн үндсэн, “Тахилт” нэртэй дэлгүүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ХХтай манай эхнэр ХХХХХ гэрээ хийж, манай гэр бүлийн өмчлөлийн ХХХХХХ аймгийн ХХХХХХ сум, ХХХХХХХХХХ дугаар байр хаягт байрлах, тухайн үед Алтайн хороо 1 дүгээр баг гэсэн хаягтай байсан, 132 м.кв талбай бүхий 4 өрөө, 2 давхар гарааштай орон сууцыг 22 000 000 төгрөгөөр үнэлж худалдсан бөгөөд мөнгийг цувуулан төлж барагдуулсан юм. Дээрх орон сууцны хажууд залгаа хүнсний дэлгүүр байдаг ба уг дэлгүүрийн барилга нь ХХХХХ аймгийн ХХХХХХ сум, ХХХХХХХХХХ байрны дэргэд гэсэн хаяг бүхий байршилтай, 48 м.кв талбай бүхий ХХХХХХХХХХ дугаартай тусдаа улсын бүртгэлийн гэрчилгээтэй юм. Энэхүү дэлгүүрийг бид ХХт түр эзэмшиж байхыг зөвшөөрч шаардсан үед чөлөөлж өгөхөөр тохиролцсон. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрч байгаа боловч бид түрээс болон бусад ямар нэг төлбөр ХХаас аваагүй болно. Одоо ХХ нь дэлгүүрийг чөлөөлж өгөхгүй байна.

ХХ нь уг байртай хамтруулан дэлгүүрийн барилгыг хамт авсан гэж тайлбарлаад байгаа боловч зөвхөн ХХХХ дугаар байрыг л худалдах итгэмжлэлийг нэхэмжлэгчийн зүгээс ХХХХХХХд олгосон болохоос дэлгүүрийг худалдах итгэмжлэл болон эрх олгогдоогүй. Нэхэмжлэгч Хгийн 48 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болоогүй тул Баянхайрхан багийн ХХХХ дугаар байрны дэргэд байрлах, дэлгүүрийн зориулалттай, 48 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарын гэрчилгээ бүхий 48 м.кв үл хөдлөх хөрөнгө нь Хгийн өмчлөл бөгөөд 2004 онд Х нь ХХт 132 м.кв 4 өрөө орон сууцыг худалдсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2004 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би Хгоос ХХХХХХ сум, ХХХХХ багийн ХХХХ дугаар хаягт байрлах 132 м.кв талбай бүхий 4 өрөө, 2 давхар, гарааштай орон сууцыг дэлгүүрийн хамт 22 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед энэ орон сууцыг 15 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан, дэлгүүрийн хамт 22 000 000 төгрөг болж байсан. Миний бие дэлгүүрийн гэрчилгээг шилжүүлж авах талаар ярилцаж байсан боловч Х нь тохиролцсоноосоо илүү мөнгө нэхээд шилжүүлээгүй юм. Би худалдаж аваад 11 жил орон сууцанд нь амьдарч дэлгүүрийг нь ажиллуулсаар ирсэн. Энэ хугацаанд дэлгүүрээ орон сууцны хамт зарсан гэдэг талаар ярьж байснаас дэлгүүрийг надад түр эзэмшүүлэх талаар нэг ч удаа ярьж байгаагүй.

Нэхэмжлэлийн шаардлага бол зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж байгаад шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн байна. Гэхдээ энэ үл хөдлөх хөрөнгийг анх 2005 оны 7 дугаар сарын 19-нд Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХгээс худалдаж авсан. Энэ хүсэл зоригийн дагуу ХХ нь 2 давхар орон сууцыг бөөрөөр нь нийлсэн 1 давхар дэлгүүрийн хамт 22 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнийгээ илэрхийлж 2005 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах гэрээг 14 000 000 төгрөгөөр, үлдсэн 8 000 000 төгрөгөөр тухайн байртай залгаа дэлгүүрийг худалдаж авсан. Үүнээс хойш энэ дэлгүүрийг 11 жилийн хугацаанд ашиглаж байсан ч энэ хугацаанд Х нь сайн дураараа гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрчилгээг нь нэр дээр нь шилжүүлж өгөхгүй байсан. Маргааны зүйл болсон байрыг 2005 онд худалдсанаас хойш гэрчилгээг нь 2009 онд гаргуулж авсан байна. Өөрөөр хэлбэл 2005 онд байраа худалдчихаад 2009 онд гэрчилгээг аваад байгаа нь аль нэг талын ашиг сонирхлыг зөрчил давуу байдлыг гаргаж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан.

ХХ худалдаж авсан эд хөрөнгөө зохих хууль дүрмийн дагуу дэлгүүрийн байдлаар ашиглаж шударгаар эзэмшиж ашиглаж байгаа. Гэтэл 11 жилийн дараа 2009 онд гаргуулж авсан гэрчилгээгээр дэлгүүрээ чөлөөлүүлэхээр шаардаж байна. Энэ орон сууц болон дэлгүүр нь доороо газартай бөгөөд энэ газрын хэмжээгээр Говь-Алтай аймгийн Засаг дарга ХХт газрыг эзэмшүүлэхээр захирамж гаргасан. Үндсэндээ хүний газар дээрх обьект болчихоод байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхдээ Монгол улсад байгаа хууль тогтоомжийн дагуу газраа дагаж бүртгэгддэг бөгөөд газар хэний нэр дээр байгаагаас шалтгаалж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гардаг. Гэтэл энэ газар нь Хгийнх гэдэг нь батлагдахгүй байна. Нөгөө талаар худалдах, худалдан авах гэрээнд маргаан гаргадаггүй, 8 000 000 төгрөгийг аваагүй гэж бас маргадаггүй. 14 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийж нотариатаар батлуулснаас тодорхой харагддаг. Нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа гэж үзэж байна. Газраа дагаж үл хөдлөх хөрөнгө явдаг болохоос газрын эрх шилжүүлэх захирамж ХХын нэр дээр гарчихсан байхад миний эзэмшлийнх гээд 11 жилийн дараа мэтгэлцэж байна. 11 жилийн өмнө бол газар болон үл хөдлөх эд хөрөнгө Хгийн нэр дээр байсан бөгөөд нэхэмжлэлд газартай холбоотой зүйл байхгүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Шүүх ХХт холбогдох хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байгаа тул үүнд шүүх дүгнэлтээ гаргана гэдэгт итгэлтэй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол анх ХХын зүгээс өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг Хгоос гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ХХХХХ аймгийн ХХХХХХ сум, ХХХХХХХХХХ дугаар байрны дэргэд байршилтай, дэлгүүрийн зориулалттай, 48 м.кв талбай бүхий 1 өрөө, улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн нэхэмжлэгч Хгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ХХын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хгоос ХХХХХ аймгийн ХХХХХХ сум, ХХХХХХХХХХ дугаар байрны дэргэд байршилтай, 48 м.кв талбай бүхий, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхийг хүссэн хариуцагч ХХын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжил төлсөн 307 950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 100 төгрөгийг Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 5315640052 тоот данснаас гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж нотлох баримтууд дутуу буруу үнэлж шийдвэрлэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн ХХХХХХХд олгосон итгэмжлэлийн дагуу ХХХХХХХ нь 2005 оны 7 дугаар сарын 19-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр 132 м.кв талбай бүхий 4 өрөө, 2 давхар орон сууцыг 14 000 000 төгрөгөөр худалдаж, ХХ, ХХХХ нар нь худалдан авч нотариатаар гэрчлүүлэн Говь-Алтай аймгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн 000121306 дугаартай гэрчилгээг гаргуулсан.

ХХ, ХХХХ нараас Хд 22 000 000 төгрөгийг өгсөн, худалдах, худалдан авах гэрээг 14 000 000 төгрөгөөр байгуулсан талаар маргаагүй. Илүү өгсөн 8 000 000 төгрөгийг 48 м.кв талбай бүхий дэлгүүрт тооцож өгөөд түүнээс хойш 11 жил эзэмшиж, ашиглаж байна. Энэ байдалд анхан шатны шүүх ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан төдийгүй 2005 оны 7 дугаар сарын 19-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээг хэрхэн яаж ойлгож дүгнэж байгаа нь тодорхойгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна.

2. Анхан шатны шүүхийн шүүгч нь ХХ, ХХХХ нарын 2005 оны 7 дугаар сарын 19-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр 132 м.кв талбай бүхий 4 өрөө, 2 давхар орон сууцыг 14 000 000 төгрөгөөр худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн Говь-Алтай аймгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн 000121306 дугаартай гэрчилгээг авсан үйлдэл, орон сууц худалдах, худалдан авах гэрээг нотариат гэрчилж баталсан болон улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн санд бүртгэж 000121306 дугаартай гэрчилгээжүүлсэн хууль зүйн дагуу хийгдэж явагдсан төрийн үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгэсэн байна.

Өөрөөр хэлбэл ХХ, ХХХХ нар нь 14 000 000 төгрөгөөр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөө нотариатаар гэрчлүүлж, батлуулан улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж гэрчилгээ авахаас өөрөөр шүүхийн өмнө хэрхэн яаж батлах ёстой байсан талаар дүгнэж тайлбарлаагүй атлаа шууд ХХХХ дугаар байрыг 22 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь илтэд хэт нэг талын барьж нотлох баримтыг хуулиас өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүхэд хариуцагч миний төлөөлөгч оролцож тайлбар гаргахдаа Хгийн өөрийн өмч хөрөнгөө шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар ямар нэг тайлбар гаргаагүй, тийм тайлбар өгөөгүй байхад шүүх энэ талаар шүүхийн шийдвэртээ бичсэн нь үндэслэлгүй. Харин Х нь 48 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2003 онд авсан, ХХт худалдаагүй байсан бол яагаад энэ олон 11 жил үл хөдлөх хөрөнгөө эзэмшүүлж ашиглуулчихаад эргүүлэн авах талаар шаардаагүй юм бэ. Энэ нь өөрөөр хэлбэл худалдахаар тохирсон үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэг газар дээр байрлалтай, хоорондоо нэг ханаар залгаатай байсан үндсэндээ худалдсан болохоор эргүүлэн авах талаар шаардаагүй гэж ойлгох үндэслэл бий болоод байна.

Мөн ХХ 11 жил эзэмшиж ашиглаад, холбогдох татвар хураамжийг төлөх ажиллаж тодорхой хэмжээний зардал, хөрөнгө өөрөөсөө гаргаад байхад ХХын үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, харин худалдах, худалдан авах хэлцэл хийж үүргээ буюу гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж өгөхгүй хадгалаад байсан Х ямар нэг татвар хураамжийг төлөн ажиллаж тодорхой хэмжээний зардал, хөрөнгө гаргалгүйгээр гэрчилгээтэй байсан гэдгээрээ шаардах эрхтэй болж байгаа нь үнэн бодит байдал уу эсвэл хуулийн байгууллагыг ашиглаж хуулийн дагуу дээрэм хийж байна уу гэдэгт л анхан шатны шүүхийг үнэлэлт, дүгнэлт хийхийг л хүсэж тайлбараа гаргаж байсан байна.

4. ХХ нь итгэлцэл дээр хийсэн худалдаа түүнчлэн 14 000 000 төгрөгөөр орон сууцыг, 8 000 000 төгрөгөөр дэлгүүрийн хэсгийн нийт 22 000 000 төгрөгөөр худалдах үнийг тохирсон байсан тул Хг нэр дээр нь шилжүүлээд өгнө гэж хүлээж байсан төдийгүй 11 жилийн хугацаанд хууль бусаар өөрийн нэр дээрээ шилжүүлж авах гэж төрийн байгууллагад хандаагүй ба харин ч Говь-Алтай аймаг улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг банкны болон бусад барьцаанд тавигдах, хөдөлгөөнд оруулахгүй байхыг хүссэн хүсэлтээ 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргаж байсан үйл баримтаар өмчөө хамгаалах үйлдэл хийж байсан нь харагдаж нотлогдож байна.

5. ХХ, ХХХХ нар ХХХХХХ сумын ХХХХХХ багийн ХХ дугаар байр болон түүнтэй нэг ханаар залгаатай дэлгүүрийн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны эзэмшигч төдийгүй өөрийн өмчлөлийн ХХХХ дугаар байр байрлах газрын татвар, хураамжийг Монгол улсын Газрын тухай хуульд заасны дагуу 2005 оноос хойш төлж байсан. Тэгтэл анхан шатны шүүх ХХт эзэмшүүлсэн 1 жилийн хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дууссан, одоо газар хэний нэр дээр бүртгэлтэй байгаа эсэх талаарх баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаагүй гэж дүгнэсэн хуульд нийцэхгүй ба газрыг эзэмших эрх Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг А/458 дугаартай захирамжаар ХХын эрхэд байхад анхан шатны шүүх уг газрыг Хгийн газар болох боломжтой гэж дүгнэж байна гэж үзэж байна.

Газрыг эзэмших эрхийг нэг, нэг жилээр сунгалт хийж аймгийн Засаг даргын захирамж гаргаж ажиллаж байгаа гэсний дагуу л аймгийн газрын харилцааны албанаас өгсөн баримт.

Шүүх үнэхээр нэг мөр иргэний хэрэг маргааныг шийдвэрлэх гэж үзэж байгаа бол газар эзэмших эрх нь хэнийх юм гэдгээс эхлэх нь хуульд нийцэх байсан. Учир нь хүний газар дээр үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх асуудал уу, эсвэл өөрийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдын эзэмшилээс авах асуудлуу гэдгийг дүгнэлгүйгээр орхигдуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээтэй гэж үзэн илтэд буруу дүгнэлт хийж байгаа нь ашиг сонирхолын зөрчил байхыг ч үгүйсгэхгүй байна.

Иймд хуульд нийцээгүй, ойлгомжгүй анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдасан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн бодитой дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн, мөн уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлсэн боловч талуудын хоорондын маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зохиуцуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХт холбогдуулан ХХХХХХ аймгийн ХХХХХХ сумын ХХХХХХХ баг ХХХХ дугаар байрны дэргэд байршилтай, дэлгүүрийн зориулалттай 48 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ХХын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчээс гаргуулж, нэр дээрээ шилжүүлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Х болон ХХХХХ, ХХХХХ, ХХХХ, ХХХ нараас ХХХХХХХд ХХХХХХ аймгийн ХХХХХХ сумын Алтайн хорооны ХХХХ дугаар байр, улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, 132 м.кв талбай бүхий 4 өрөө, 2 давхар орон сууцыг Худалдах-худалдан авах хэлцэл хийх эрх бүхий итгэмжлэлийг 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдөр олгосны дагуу ХХХХХХХ нь ХХ, ХХХХ нартай 2005 оны 7 дугаар сарын 19-ний өдөр уг үл хөдлөх хөрөнгийг Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тэдгээрийн өмчлөлд шилжиж, ХХХХХХХХХХ дугаартай гэрчилгээ олгогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна. /хэргийн 3, 47, 82 дугаар тал/

 

Хариуцагч нь дээрх 48 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон дэлгүүрийг 2 давхар орон сууцны хамт худалдаж авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ХХХХ дугаар зүйлийн ХХХХ.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Учир нь нэхэмжлэгч Х маргааны зүйл болох ХХХХХХ аймгийн ХХХХХХ сумын ХХХХХХ багийн ХХХХ дугаар байрны дэргэд байршилтай, дэлгүүрийн зориулалттай, 48 м.кв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 2003 оны 3 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болсон нь мөн өдрийн ХХХХХХХ тоот, 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ХХХХХХХ тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд, Говь-Алтай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЛВГ-3062 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 169 дугаартай, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 218 дугаартай албан бичгүүд зэргээр тус тус тогтоогдсон ба дээрх гэрээнд уг эд хөрөнгийг худалдах талаар тохиролцоогүй байна.

/хэргийн 223, 4, 47, 78, 184-185, 224 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болсон 48 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хгийн өмчлөлд бүртгэлтэй хэвээр болон хэлцлийн үндсэн дээр хариуцагчид шилжүүлсэн нь нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт журмын дагуу өмчлөх эрх хариуцагчид шилжсэн үйл баримт тогтоогдоогүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв юм.

 

Хариуцагч ХХ нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авах эрхтэй гэж үзэж байгаа бол 2005 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой шаардлагаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 72.2.2-т заасан хугацааны дотор гаргах байжээ. Уг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн дээрх гэрээнд орон сууцны үнийг 14 000 000 төгрөг гэж тохиролцсон, нэмж 8 000 000 төгрөг нэхэмжлэгчид төлж дэлгүүрийг худалдан авсан гэж хариуцагч тайлбарлаж байх боловч тэрээр нэхэмжлэгчийн эхнэртэй орон сууцыг 22 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2004 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр бичгийн баримт үйлдсэн байна. Энэхүү баримтыг хариуцагч үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаагүй тул хариуцагч маргааны зүйл болсон 48 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 132 м.кв талбай бүхий орон сууцны хамт худалдан авсан талаарх түүний давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан уг дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид үнэ төлбөргүй ашиглуулж байгаад 2014 онд өөрийн эхнэрийн дүү ХХХХХХыг хариуцагчтай уулзуулан дэлгүүрийн түлхүүрийг авахаар шаардсан боловч өгөөгүй гэсэн тайлбар нь үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлуулах талаар Говь-Алтай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хариуцагч 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл гаргасан гэх тус хэлтсийн 2016 оны 218 тоот албан бичгээр тогтоогдож байх тул энэ үеэс нэхэмжлэгч эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс маргааны зүйл болох 48 м.кв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Харин шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх журмыг тодорхойлсон 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийг, мөн хариуцагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон гэж маргаж, уг эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчээс шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ,эд хөрөнгийн шударга эзэмшигчийн шинж байдлыг тодорхойлсон 90 дүгээр зүйлийн 90.1, шударга эзэмшигчийн шаардах эрхийн үндэслэлд  хамаарах 90.2 дахь хэсгийг тус тус хэрэглэсэн нь буруу болжээ.

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 100 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэхдээ хариуцагчид гэж буруу бичсэн байгааг зөвтгөх нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “106.2, 110 дугаар зүйлийн 110.1” гэснийг хасаж,

2 дахь заалтын “75 дугаар зүйлийн 75.2.2, 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2-т заасныг тус тус баримтлан” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж,

3 дахь заалтын “70 300” гэсний дараа “төгрөгөөс 70 200” гэж нэмж, “нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид илүү төлсөн” гэснийг “хариуцагчаас тэмдэгтийн хураамжид илүү төлсөн” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэгсийг үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч ХХын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                          А.МӨНХЗУЛ

 

                                                                                    С.ЭНХТӨР