Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 944

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн .... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. дугаарын регистртэй, Б.Д.

 

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Коко” нэртэй караокед иргэн Б.Мын зүүн долоовор хурууг хазаж, уруулан тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Дгийн өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн үед өөрийн найз Мын хамтаар уулзаж 3-р эмнэлгийн ойролцоо пабад 1 шил 0,75 литрийн архи уусан. Тэндээсээ гараад 3, 4-р хорооллын Минж плазагийн хажуу талд байрлах “Спарк” нэртэй нийтийн караокед орж 1 шил 0,5 литрийн архи авч ууж, дуулж суусан. Тухайн үед уг караокед манай найз Мөнх-Эрдэнэ 2 эгчийнхээ хамт орж ирээд хажуу ширээнд суусан. Тухайн үед М тэр 3-г дагуулаад ир хамт сууя гээд байхаар нь би уулзаагүй. Тэгээд шөнө 02 цагийн үед караокеноос гарах гээд тооцоогоо хийх гээд М чи 2 хүүхэд аргалаад суулгачиж чадахгүй, тооцоогоо хийж чадахгүй арчаагүй гуйлгачин гээд бид 2 муудалцсан. Тухайн үед М надруу хуруугаараа чичээд байхаар нь би хурууг нь хазсан. Тэгээд намайг мөргөхөөр нь зүгээр сууж байгаад уурандаа уруулруу нь 1 удаа гараараа цохисон. Тухайн үед тэнд байсан хүмүүс ирээд салгаад би гараад явсан. Хохирогч Б.Мын биед учирсан гэмтлийг би хурууг нь хазаж, нүүрэн тус газар цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 26-27/ ,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Мын өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-нд орой 19 цагийн үед өөрийн найз Д-тай уулзаж, 10-р хороололд пабад сууж 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэндээ орой 23 цагийн үед гараад 3, 4-р хорооллын “Коко” нэртэй нийтийн караокед орж 1 шил 0,5 литрийн архи авч хувааж уусан. Тухайн үед гаднаас Д-гийн найз нь 2 эмэгтэйтэй хамт өөр ширээнд сууж байсан. Тэгээд архи дуусаад дахиад архи захиалах гэтэл Д- мөнгө байхгүй гэхээр нь би уурлаж чамд мөнгө байгаа шүү дээ чи 2 хүүхэн харчихаад намайг жийгээд байна чи арчаагүй шүү дээ гээд бид 2 маргалдсан. Тэгээд би Д-гийн нүүрлүү нь мангасдаж түлхэхэд миний зүүн гарын долоовор хурууг хазсан. Тэгээд би босоод хажуу талын ширээн дээр ганцаараа суухад араас Д- хүрч ирээд зодолдъё гээд эргээд хартал уруулруу 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн ... тоот: 

1. Б.М-н биед тархи доргилт, дээд уруулын дотор хэсэгт, зүүн долоовор хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 17/,

 

            - Хохирогчийн хүсэлт /хх-н 41/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 32/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б.Мын зүүн долоовор хурууг хазаж, уруулан тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Дгийн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой ... М надруу хуруугаараа чичээд байхаар нь би хурууг нь хазсан. Тэгээд намайг мөргөхөөр нь зүгээр сууж байгаад уурандаа уруулруу нь 1 удаа гараараа цохисон. ...Хохирогч Б.Мын биед учирсан гэмтлийг би хурууг нь хазаж, нүүрэн тус газар цохиж учруулсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Мын “...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-нд ...би Д-гийн нүүрлүү нь мангасдаж түлхэхэд миний зүүн гарын долоовор хурууг хазсан. Тэгээд би босоод хажуу талын ширээн дээр ганцаараа суухад араас Д- хүрч ирээд зодолдъё гээд эргээд хартал уруулруу 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Дг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

            Хавтаст хэргийн 41 дүгээр талд хохирогч нь “...ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Дд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Дд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Дгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ