Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 953

 

 

                                                         

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа, 

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Л.Ц, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн,

хохирогч О.А, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Л.Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .. дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... дугаарын регистртэй, Л.Ц.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн баруун талын замд Тоёота приус маркийн ... УНХ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч О.А, Д.Ц нарыг мөргөж, О.Агийн эрүүл мэндэд нь хүнд хохирол уруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ц мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.А мэдүүлэхдээ:

“...2018 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө найзтайгаа хамт явж байгаад машинд мөргүүлсэн. Би эх рүүгээ утсаар ярьж байхад машинд мөргүүлсэн байсан. Би ухаан алдсан байсан. Ухаан алдаад өглөө сэрэх үед дүү байсан дүүгээсээ юу болсон талаар асуухад таныг мөргөсөн жолооч энэ байна гэж хэлсэн. Би энэ хүнээс “ах та яагаад хоёрын хоёр хүнийг мөргөчихвөө та зогсож болоогүй юм уу гэхэд ах нь сандраад хаазан дээрээ гишгэчихсэн” гэж хэлсэн. Би эмнэлэгт хэвтэж байгаад эмнэлгээс гарсан. Би барилга дээр ажилладаг байсан. Одоо ажлаа хийж чадахгүй байгаа. Би эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилсэн. Энэ хүн над руу яриагүй. Би ажилгүй байсан 4 сарын цалингаа нэхэмжилж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Цын өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 00 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн баруун талын замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй замын нэгдүгээр эгнээгээр 40 орчим км/цагийн хурдтай машиндаа ганцаараа төрсөн дүү Л.Цгийн эзэмшлийн Т.Приус маркийн ... УНХ улсын дугаартай автомашинтай явж байтал гэнэт л машины баруун урд үзүүр хэсэгт тас гээд л явчихсан тэгээд л сандраад цаашаа яваад л зогсоод машинаасаа буугаад иртэл 2 хүн мөргөгдсөн нэг нь газарт хэвтэж байсан тэгэнгүүт би сандраад өөрийнхөө 99809184 утсаар дуудлага өгсөн юм. Тэгээд тэр хүмүүс дээр яваад очтол одоо энэ Ц нь нилээн их согтуу газарт хэвтэж байсан О.Аг татаж босгох гээд байхаар нь би болиулаад эмнэлэг дуудсан юм. Би тэр 2 хүнийг зам дээр зогсож байгааг нь хараагүй чигээрээ явж байгаад л тоормос гишгээгүй очиж мөргөөд мөргөснийхөө дараа л тоормос гишгээд зогссон тухайн үед их сандарсан болохоор тэр дороо тоормос гишгэж амжаагүй сандраад нилээн хол очоод зогссон юм. Удаагүй эмнэлгийн машин ирээд Ц, А нарыг авч явсан би цагдаа ирээд хэмжилт хийсний дараа эмнэлэг ороход Цийг ямар нэгэн гэмтэл байхгүй байна гээд шууд гаргасан харин А ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн юм. Нэгэнт би буруутай болохоор сайн дураараа Агийн эмчилгээний зардалд одоогоор 1,300,000 төгрөг өгч байгаа би ямар ч байсан эмчилгээнд гарсан бодит зардлыг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-н 61-62/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Агийн өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн орчим СХД-н 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудал дээр хамаатны залуу болох Д.Цтэй уулзсан юм. Тухайн үед би 3 дугаар эмнэлгийн тэнд “Од хийморь” гэх хувийн эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд бид уулзаагүй удсан болохоор Саппорогийн автобусны арын пабад 1 шил 0,75 гр-н архи хоёр хоёр пиво хувааж уугаад нилээн согтоод тэндээсээ 2018 оны 8 дугаар сарын 24-ний 00 цаг өнгөрч байхад гараад Баянгол дүүргийн 6 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн баруун талын урдаасаа хойшоо явдаг чиглэлийг бид 2 очоод зам хөндлөн гараад тэндээс Цэд такси барьж өгөх санаатай уг замын зүүн талаас машин барих гээд зорчих хэсэг дээр нэгдүгээр эгнээнд зогсоод Ц гар өргөсөн юм тэр үед би Цийн баруун гар талд утсаар яриад зогсож байсан тэгтэл тас гээд л явчихсан тэрнээс хойш би сайн санахгүй маргааш нь ГССҮТ-д ухаан орсон дараа нь ухаан ороод Цээс асуухад урдаасаа хойшоо чиглэлтэй явсан ... УНХ улсын дугаартай Т.Приус маркийн автомашин шууд чигээрээ ирээд миний зүүн хөл хэсэг рүү мөргөхөөр нь чигээрээ яваад намайг мөргөөд цаашаа нилээн хол яваад зогссон гэж надад хэлж байсан мөн тухайн үедээ нөгөө мөргөсөн жолооч нь та 2-г хараагүй, эхний хүнийг мөргөөд тоормосоо гишгэх гээд сандраад хаазаа гишгээд 2 дахь хүн буюу намайг мөргөсөн гэж хэлж байсан мөн тэр мөргөсөн ах намайг эмнэлэгт байхад ирээд ах нь тоормосоо андуураад хаазаа гишгээд мөргөчихлөө гэж надад хэлж байсан. Тухайн ослоос болж би эмнэлэгт 10 хоноод гарсан. Тухайн үед би утсаар ярьж байсан болохоор уг машиныг хараагүй мөргүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Л.Цгийн өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 00 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн баруун талын замд Т.Приус маркийн ... УНХ улсын дугаартай автомашины жолооч нь явган зорчигч О.А, Д.Ц нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Л.Цын унаж явсан ... УНХ улсын дугаартай Т.Приус маркийн автомашин миний нэр дээр байдаг юм. Гэхдээ энэ машиныг би төрсөн ах Л.Цдаа 2018 оны 7 дугаар сард өгөөд нэрээ шилжүүлж амжаагүй байсан юм. Энэ ослоос болж миний машинд эвдрэл учирсан гэхдээ миний хувьд ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй автомашинаа үнэлүүлэхгүй. Энэ машин нь 2004 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол улсад орж ирсэн тэрнээс хойш би унаж байгаад л ахдаа өгсөн машин байгаа юм. Би хохирсон хүмүүсийнх нь эмчилгээнд боломжоороо тусална...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Цийн өгсөн: 

“...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн орчим СХД-н 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудал дээр хамаатны залуу болох О.Атай уулзсан. Тэгээд бид уулзаагүй удсан болохоор автобусны арын пабад 1 шил 0,75 литрийн архи, хоёр хоёр пиво хувааж уугаад нилээн согтоод тэндээсээ 2018 оны 8 дугаар сарын 24-ний 00 цаг өнгөрч байхад гараад Баянгол дүүргийн 6 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн баруун талын урдаасаа хойшоо явдаг чиглэл дээр бид 2 очоод зам хөндлөн гараад тэгээд буцаад уг замын зүүн талаас машин барих гээд зорчих хэсэг дээр нэгдүгээр эгнээнд зогсоод гар өргөсөн юм тэр үед би машинд гар өргөөд харин А миний баруун гар талд утсаар яриад зогсож байтал урдаасаа хойшоо чиглэлтэй явсан ... УНХ улсын дугаартай Т.Приус маркийн автомашин шууд чигээрээ ирээд миний зүүн хөл хэсэг рүү мөргөхөөр нь би арагшаа ухартал эргээд нүүрээрээ газар шүргээд босоод иртэл нөгөө машин чигээрээ яваад миний баруун гар талд 2-3 орчим метр зайтай зогсож байсан О.Аг машиныхаа урд хэсгээр мөргөөд цаашаа нилээн яваад автобусны буудлын тэнд очиж зогсоод машинаасаа жолооч нь буугаад ирсэн тэгээд ирээд та 2-г хараагүй очоод мөргөчихлөө яанаа гээд байсан тэгээд л удаагүй эмнэлгийн машин ирээд бид 2-г эмнэлэг авч явсан миний биед ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй тухайн үед нүүр л жаахан шалбарсан байсан өөр зүйлгүй одоо ямар нэгэн сорви байхгүй эдгэрсэн байгаа. Тухайн машин зам дээр такси барих гээд зогсож байсан бид 2-г хараагүй хурдаа хасаагүй ирээд л шууд мөргөсөн юм. Уг машин Аг мөргөтөл А дээшээ нилээн хөөрөөд л зам дээр толгойгоороо унаад толгойноос нь цус гараад эхэлсэн юм. Би эмнэлэг дээр иртэл цусыг нь тогтоож байгаад эмнэлэг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн ... тоот:

1. Т.Prius загварын ...УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна.

2. Урд шил баруун доод хэсэгтээ цуурч цацарсан, баруун их гэрэл хагарсан, копут баруун гэрлийн талд хонхойсон байна.

3. Урд шил баруун доод хэсэгтээ цуурч цацарсан, баруун их гэрэл хагарсан, копут баруун гэрлийн талд хонхойсон байгаа нь ослын үед үүссэн учир тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй.

4. Дээрхи эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн учир осол гарахад нөлөөлөхгүй.

5. Тоормосны ABS буюу шингэн дамжуулгатай, цахилгаан системтэй, тоормос хэвийн ажиллагаатай байна.

6. Тоормосны систем нь хийн, хийн буюу шингэн дамжуулгатай. АВS бол дээрх тоормосны системүүдийн үед авто машин тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүснэ гэх дүгнэлт /хх-н 31-35/,

                                   

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн ... тоот.

1. О.А-н биед баруун чамархай яс болон суурь яс дайрч үргэлжилсэн зөрүүтэй хугарал, зүүн чамархай суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, баруун этмойд хөндийн ар хананд зөрүүгүй, зүүн нүдний ухархайн ар доод болон дээд хананд зөрүүтэй хугарал, духны баруун зүүн хэсгийн хуйхан доор, баруун зүүн нүдний дээд доод зовхи зүүн чихний дэлбэнгийн ар, урд хэсэгт цус хуралттай, баруун мөр, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт  /хх-н 39/,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 2/,

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н  4-7/,

- Хохирогч О.Агийн өвчний түүхийн хуулбар /хх-н 44-51/,

- Хохирлын баримтууд /хх-н 75-86, 106-107/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 63/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 72/          зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн баруун талын замд Тоёота приус маркийн ... УНХ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч О.А, Д.Ц нарыг мөргөж, О.Агийн эрүүл мэндэд нь хүнд хохирол уруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Л.Цын “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 00 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн баруун талын замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй замын нэгдүгээр эгнээгээр 40 орчим км/цагийн хурдтай машиндаа ганцаараа төрсөн дүү Л.Цгийн эзэмшлийн Т.Приус маркийн ...УНХ улсын дугаартай автомашинтай явж байтал гэнэт л машины баруун урд үзүүр хэсэгт тас гээд л явчихсан тэгээд л сандраад цаашаа яваад л зогсоод машинаасаа буугаад иртэл 2 хүн мөргөгдсөн нэг нь газарт хэвтэж байсан тэгэнгүүт би сандраад өөрийнхөө 99809184 утсаар дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч О.Агийн “...2018 оны 8 дугаар сарын 24-ний 00 цаг өнгөрч байхад гараад Баянгол дүүргийн 6 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн баруун талын урдаасаа хойшоо явдаг чиглэлийг бид 2 очоод зам хөндлөн гараад тэндээс Цэд такси барьж өгөх санаатай уг замын зүүн талаас машин барих гээд зорчих хэсэг дээр нэгдүгээр эгнээнд зогсоод Ц гар өргөсөн юм тэр үед би Цийн баруун гар талд утсаар яриад зогсож байсан тэгтэл л тас гээд л явчихсан тэрнээс хойш би сайн санахгүй маргааш нь ГССҮТ-д ухаан орсон дараа нь ухаан ороод Цээс асуухад урдаасаа хойшоо чиглэлтэй явсан ... УНХ улсын дугаартай Т.Приус маркийн автомашин шууд чигээрээ ирээд миний зүүн хөл хэсэг рүү мөргөхөөр нь чигээрээ яваад намайг мөргөөд цаашаа нилээн хол яваад зогссон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Цийн “...2018 оны 8 дугаар сарын 24-ний 00 цаг өнгөрч байхад гараад Баянгол дүүргийн 6 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн баруун талын урдаасаа хойшоо явдаг чиглэл дээр бид 2 очоод зам хөндлөн гараад тэгээд буцаад уг замын зүүн талаас машин барих гээд зорчих хэсэг дээр нэгдүгээр эгнээнд зогсоод гар өргөсөн юм тэр үед би машинд гар өргөөд харин А миний баруун гар талд утсаар яриад зогсож байтал урдаасаа хойшоо чиглэлтэй явсан ... УНХ улсын дугаартай Т.Приус маркийн автомашин шууд чигээрээ ирээд миний зүүн хөл хэсэг рүү мөргөхөөр нь би арагшаа ухартал эргээд нүүрээрээ газар шүргээд босоод иртэл нөгөө машин чигээрээ яваад миний баруун гар талд 2-3 орчим метр зайтай зогсож байсан О.Аг машиныхаа урд хэсгээр мөргөөд цаашаа нилээн яваад автобусны буудлын тэнд очиж зогсоод машинаасаа жолооч нь буугаад ирсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч О.Агийн өвчний түүхийн хуулбар, хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тээврийн  прокурорын газраас шүүгдэгч Л.Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Цыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт хохирогчийн зүгээс хохирлын нийт 3.610.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх ба шүүгдэгчийн төлсөн 2.200.000 төгрөгийг хасаж тооцвол 1,410,000 төгрөгийн хохирол төлөгдөхөөр байна. Шүүгдэгч Л.Ц нь ... УНХ улсын дугаартай Т.Приус маркийн автомашиныг өмчлөгч Л.Цгийн зөвшөөрлөөр жолоодон явахдаа гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-д зааснаар иргэний хариуцагч Л.Цгаас 1.410.000 төгрөг гаргуулж хохирогч О.Ад олгож, хохирогч О.А нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Л.Цд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хор уршигийн хэмжээ, хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн, гэмшиж байгаа хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Л.Цд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан В ангиллын 626497 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

         

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цд оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Л.Цгаас 1.410.000 төгрөг гаргуулж хохирогч О.Ад олгож, хохирогч О.А нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Ц цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Л.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн В ангиллын 626498 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ