Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01038

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01038

 

Б.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 184/ШШ2023/01302 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Д-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч С- ХХК-д холбогдох

 

Олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл 30,483,607 төгрөг, хортой нөхцөлийн нэмэгдэл 4,250,633 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон хувь хүний орлогын албан татварын тайлангийн залруулга хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Солонго, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ундармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Д- нь 2016 оны 05 сарын 09-ний өдрийн № 16/Б39 тоот тушаалаар С- ХХК-ийн М- эмнэлэгт гэмтэл согогийн мэс засалч эмчээр ажиллаж эхэлсэн. Тус эмнэлэгт ажиллаж байх хугацаанд илүү цаг, хортой нөхцөлд ажилласны мөнгийг олгохгүй байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар цалин хөлсний маргаан үүсгэж 2022 оны 10 сарын 12-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлт гаргасныг 2022 оны 10 сарын 13-ны өдөр С- ХХК-ийн 22/5-362 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Түүний ажиллаж байх хугацаанд жижүүр эмчээр ээлжинд гарахад ажлын өдөр 50,000 төгрөг, амралтын өдөр 75,000 төгрөгөөр бодож илүү цагийн нэмэгдлийг олгохдоо дутуу олгож байсан. Түүнд мэс заслын урамшуулал, хортой нөхцөлд ажилласны нэмэгдлийг огт олгоогүй. Б.Д- 2022 оны 10 сард компанийн 2 шатны удирдлагад хандаж дутуу олгосон цалин хөлсийг нөхөн авахаар ярилцахад хүлээж аваагүй нь ажлаас гарах шалтгаан болсон.

Тэрээр 2022 оны 10 сарын 14-ний өдөр ажлаас гарсантай холбогдуулан сүүлийн 3 жилийн хугацааны ажил, амралтын цагийн бүртгэлийн тооцоо нийлэх тухай хүсэлтийг С- ХХК-д гаргасан ч хариуцагч нь 2022 оны 11 сарын 03-ны өдрийн 01/249 тоот мэдэгдлээр цагийн бүртгэлийн тооцоог гаргаж өгөх, тооцоо нийлэх боломжгүйг мэдэгдсэн. С- ХХК болон Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх боломжгүй, гурван талт хорооноос 2022 оны 11 сарын 07-ны өдрийн №1330 тоотоор хариу мэдэгдсэн тул Б.Д- нь шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Мөн тус байгууллагад ажиллаж байх хугацаанд буюу сүүлийн 3 жилийн хугацааны хортой нөхцөлийн нэмэгдэл 4,250,633 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Дээрх шаардлагад ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан болон хувь хүний орлогын албан татварын тайлангийн залруулга хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд дурдсан саруудад С- ХХК нь гүйцэтгэх захирлын 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 19/А-48 дугаартай тушаалаар ажилтнуудын урамшуулал, нэмэгдэл цалин хөлсийг олгодог байсан. Тухайн үед гэмтэл согог мэс засалч болон ерөнхий мэс засалч эмч нарын жижүүрийн урамшууллыг ажлын өдөр 50,000 төгрөг, амралтын өдөр 75,000 төгрөг, баярын өдөр 100,000 төгрөгөөр бодож олгосон. Нэхэмжлэгч Б.Д-ын хувьд ажиллаж байх хугацаандаа цалин, урамшууллаа бүрэн авсан. Нэхэмжлэгч нь өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзсэн бол энэ тухай гомдлоо эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандах эрхтэй байсан ч уг хугацаанд шийдүүлээгүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй.

С- ХХК нь хортой нөхцөлийн нэмэгдэл цалинг мөнгөн хэлбэрээр олгодоггүй ба гүйцэтгэх захирлын 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 21/А-42 тоот тушаалаар ажилтнуудад хор тайлах бүтээгдэхүүнийг олгодог. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам нь төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгохтой холбоотой ба хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч С- ХХК-аас нэмэгдэл хөлс 2,202,252 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-т олгож, Б.Д-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг 2022 оны 07 сарын 13-ны өдрөөс 2022 оны 10 сарын 13-ны өдрийн хугацаагаар нөхөн төлөхийг хариуцагч С- ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 32,531,988 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Д-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 488,907 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан Б.Д-т олгож, хариуцагч С- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 50,186 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гаргасан гомдлын агуулга: Анх 30,483,607 төгрөг, хортой нөхцөлийн нэмэгдэл 4,250,000 төгрөг, нийгмийн даатгал тайлан хүн амын орлогын албан татварын тайлангийн залруулга хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. "С- ХХК илүү цагийн хөлсийг олгоогүй гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтаар баталгаажуулж мэдсэн. Нэхэмжлэл гаргах үед хууль зүйн зөвлөгөө авснаар хөдөлмөрийн гэрээний зүйл заалт бүрийг тулгаж Б.Д-ын цалингийн жагсаалт "Жи мэйл хаягаар ирдэг байсныг үндэслэн цалингийн мэдээлэлд зөрүүг тооцсон. Б.Д- нь Эрсдэлийн сангийн гэрээний дагуу олгогдох байсан 2022 оны 03 дугаар сарын 3,000,000 төгрөг олгогдоогүй гэж 2022 оны 09 дүгээр сарын сүүлийн цалин хүртэл талууд маргалдсаар ажил олгогч тал дээрх цалингийн дэлгэрэнгүй хүснэгт, цагийн бүртгэл зэргийг огт гаргаж өгч байгаагүй. Б.Д- өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан. Б.Д- ажлаас гарсны дараа Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээтэй нэг бүрчлэн танилцаж, илүү цагийн хөлсийг "С- ХХК хоногийн мөнгөөр дүйцүүлэн 50,000, 75,000, 100,000 төгрөгөөр олгодог нь хууль бус гэдгийг 2022 оны 10 сард буюу ажлаас гарсан үед хууль зүйн туслалцаа авснаар мэдэж, нэхэмжлэл гаргах эрхтэйгээ мэдсэн.

Б.Д- эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой гэж шүүх дүгнэсэн нь цалин бодсон цагийн бүртгэлийн дэлгэрэнгүй хуудсыг аваагүй байхад хэдэн цаг илүү ажиллаад байгааг тодорхойлох боломжгүй юм. Цагийн бүртгэл түүнтэй холбоотой материал бүгд С- ХХК-ийн захиргаанд байдаг. Мөн Б.Д- маш их ачаалалтай, өндөр эрсдэлтэй нарийн мэргэжилтэй учир энэ бүхнийг шалгах зав, боломжгүй байсныг цагийн бүртгэл, жижүүр эмчийн хуваариас харж болно. Б.Д- нь С- ХХК-д ажиллах хугацаанд цагийн бүртгэлийг мэдэхийг хүссэн ч, ажил олгогчийн зүгээс энэхүү маргааныг хөдөлмөрийн гэрээний 12.1 дэх хэсгийг баримтлан шийдээгүй байдаг.

Анхан шатны шүүхээс жил бүр хөдөлмөрийн гэрээг сунгасан нь Б.Д-ыг зөрчигдсөн эрхээ мэдэх боломжтой гэж үзсэн. Б.Д-ын хувьд цалин хугацаандаа орж, 2022 оны 03 сар хүртэл маргаангүй ажилласан. Мөн хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан ч гэрээний зүйл заалт бүрийг ойлгоогүй нь илүү цагийн хөлсийг 2022 оны 10 сар хүртэл мэдээгүй явсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг ажилтан судлах боломж байсан нь эргэлзээтэй. Иймд зөрчигдсөн эрхээ мэдэх боломжтой гэж дүгнэх нь ажилтны шаардах эрхийг хязгаарласан, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргаж гэж дүгнэж байна.

Шүүхэд 2019, 2020 2021 онуудын хөдөлмөрийн гэрээ, Эрсдэлийн сангийн гэрээ 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 17/А-2 тоот хөдөлмөрийн дотоод журам цалингийн шатлал нотлох баримтаар ирсэн нь "С-" ХХК санаатайгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 1 хувь үйлдэж ажилтанд гардуулаагүй нь нотлох баримтаас харагдана. Иргэн бүр хуулийн мэдлэггүй учир шүүх тэгш эрхийг баримтлан тэнцвэртэй байх зарчмыг баримтлах учир нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрхийг 2022 оны 10 сард мэдсэнээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 158.1 154.8-т зааснаар анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж гомдож, нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийг шалгаж, анхан шатны шүүхийн нэхэмжлэлээс хангаагүй 32,531,988 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг дахин шалгаж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал 2022 оны 10 дугаар сард эрхийн зөрчлийн талаар мэдсэн гэж тайлбарласан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 хуудсанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ...2022 оны 03 дугаар сараас цалин хөлсний асуудлын маргаан гарах үед мэдсэн гэж тайлбарласан. Хариуцагчийн өмгөөлөгч ...тухайн үед яагаад гомдол гаргаагүй вэ гэж асуухад ...тухайн үед удирдлагуудтай уулзаж байсан гэж тайлбарладаг. Иймд Б.Д- эрх зөрчигдсөн буюу цалин хөлс дутуу авч байсантай холбоотой асуудлыг 2022 оны 03 дугаар сард мэдсэн. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд 2022 оны 03 дугаар сараас мөн оны 09 дүгээр сар хүртэл цалин хөлсний асуудлаар маргалдаж байсан гэж тайлбарлаж байна. Иймд эрх нь зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс 90 хоногийн дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс өмнөх хугацааны цалин хөлсийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч С- ХХК-д холбогдуулан илүү цагийн олгогдоогүй нэмэгдэл 30,483,607 төгрөг, хортой нөхцөлийн нэмэгдэл 4,250,633 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон хувь хүний орлогын албан татварын тайлангийн залруулга хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Б.Д- нь С- ХХК /М- эмнэлэг/-ийн захирлын 2016 оны 05 сарын 09-ний өдрийн 16/б-39 тоот тушаалаар тус эмнэлгийн Гэмтэл согог заслын эмчээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 22/Б-362 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх.18-21, 26-35, 2хх-180,181х/

3.1. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 11 сард хандсаныг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 1330 дугаар албан тоотоор гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдэж, нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /хх-24, 25/ Иймээс шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэнэ.

3.2. Нэхэмжлэгч Б.Д- нь 2019 оны 11 сараас 2022 оны 10 сарыг хүртэлх хугацааны илүү цагийн болон хортой нөхцөлийн нэмэгдлийн талаархи нэхэмжлэлийг 2022 оны 11 сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор шийдвэрлүүлэх хуульд заасан хугацааг хэтрүүлжээ. Энэ талаархи үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөн үед уул эрхээ өөрөө хамгаалах, хэрэгжүүлэх боломжгүй бол хууль зүйн туслалцаа авах замаар эрхээ хамгаалуулах боломжтой учир шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, шаардлага гаргах эрхийг хязгаарласан гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл-ийн талаар ажил олгогч болон ажилд орох гэж байгаа хүнтэй тохиролцсоноор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх бөгөөд эдгээр нөхцөлийг харилцан тохиролцоогүй бол мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцохгүй.

Нэхэмжлэгч нь 2016 2022 оны хооронд хариуцагчтай хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж, ажил олгогчтой тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлөөр цалин хөлсөө авч байсан нь нэхэмжлэгч Б.Д-ын 2019-2022 оны цалингийн дэлгэрэнгүй хүснэгтээр тогтоогдож байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан эрх, үүргээ мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэхгүй юм.

3.3. Иймд нэхэмжлэгч Б.Д- нь 2019 оны 11 сараас хойшхи хугацааны илүү цагийн болон хортой нөхцөлд ажилласны нэмэгдэл хөлсийг авч байгаагүй, энэ талаархи эрхээ мэдээгүй, ажлын ачааллаас шалтгаалан мэдэх боломжгүй байсан гэх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй бөгөөд эрхээ зөрчигдсөнийг мэдэх боломжтой байсан гэж үзэх тул нэхэмжлэгч Б.Д-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан 90 хоногийг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. /хх-41, 48, 2хх-125,126/

 

4. Нэхэмжлэгч тал гомдолдоо Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаагаар тооцон нэмэгдэл хөлсийг гаргуулахаар дурджээ. Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулсан нарийвчилсан хууль учир мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан 90 хоногийн хугацааны дотор нэхэмжлэгч гомдлоо гаргах үүрэгтэй тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг баримтлахгүй, нэхэмжлэгчийн энэ тухай гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбогдох маргаанд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг баримтлан эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитой үнэлж, нэхэмжлэгчийн 2022 оны 07 сараас 10 сарын хугацаанд ажилласан 152 цагт ногдох илүү цагийн хөлсийг түүний нэг сарын үндсэн цалингаас нэг цагийн хөлс 9,59 төгрөгөөр тооцон 2,202,252 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг давж заалдах шатны шүүх залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 184/ШШ2023/01302 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Д-ын гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ