Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Л.Соёмбо,

Шүүгдэгч Т.М- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Т-ын М-т холбогдох эрүүгийн 18050000000000 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, тусгай дунд боловсролтой, Вагоны техникч мэргэжилтэй, Зорчигч вагоны депод үзэгч засварчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хилчин 000000 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ц овогт Т-ын М

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Т.М- нь “2018 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудал дээр Э.Б-той марган зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславч мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Б- мэдүүлэхдээ: “...тэгээд бид нар 100 айлд байдаг М-ын ажлынхаа ахын гэрт нь очиж бид архи ууцгаагаад шөнийн 00 цаг өнгөрч байхад тэднийхээс М- бид хоёр гараад буцаад 10-р хороололд ирээд 10-р хорооллын замын урд байдаг Волли гэдэг нэртэй пабад ороод нэг шил архи хувааж уусан. Тэгэж байтал бараг шөнийн 03 цаг болж байсан. Тэгээд пабад найз охин Оюунсувд нь нэг найз охинтойгоо ирсэн. М- буудалд оръё гэсэн. Тэгэхээр нь би М-т хандаж чи түрүүн гэртээ харина гээ биз дээ гэж хэлсэн чинь намайг найз охиныхоо найзыг харамлаад гээд над руу үг хаяаад бид хоёр маргалдаж пабаас хоёулаа муудалцаад гараад 10 дугаар хорооллын автобусны буудлын хойд талд нь М- намайг боохоор нь би өөдөөс нь боогоод хавирч унагаагаад явъя гээд байхад өөдөөс зөрүүдлээд байхаар нь би 2-3 удаа нүүр лүү нь гараараа цохьсон. Тэгээд манай найз охин бид хоёрыг салгаад байж байтал М- босч ирээд миний нүүр лүү 2-3 удаа цохьсон, юугаар цохьсоныг мэдээгүй. Тэгсэн миний баруун хөмсөг сэтэрч, цус гарсан, зүүн нүд цаашаа ухархайруу өвдөөд байсан. Тэгээд манай найз охин найз охиныгоо дагуулаад гэмтлийн эмнэлэг орсон...” гэжээ. / хх 13-15 хуудас/

 

Гэрч Б.О мэдүүлэхдээ: “...найз залуу Б-дээр очихоор 10 дугаар хорооллын автобусны буудлын ард байдаг нэрийг нь мэдэхгүй пабад очоод бид дөрөв хамт сууж байгаад найз охинтойгоо ТҮЦ рүү яваад буцаад ирэхэд Б-, М- хоёр маргалдчихсан байсан. Тэгээд тэндээсээ гараад М-, Б-хоёр муудалцаад Б-М-ыг 2 удаа цохьсон чинь М-ын амнаас цус гарчихсан, М- зөрүүлээд Б-ын эхлээд цээж рүү нь дараа нь нүүр лүү нь гараараа цохьсон. Нүд рүү нь бас цохьсон. Нүд рүү нь гараараа цохьсон уу эсвэл юмаар цохьсон уу гэдгийг хараагүй. Тэгээд би тэр хоёрыг салгасны дараа Б-ын хөмсөг нь сэтэрчихсэн нүд нь хөхөрчихсөн байсан..” гэжээ. /хх 16-17 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10821 дугаар дүгнэлтэд: “...Э.Б-ын биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславч мурийлт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. Дээрх гэмтэл нь 2018.08.11-ний өдөр үүссэн байх боломжтой” гэжээ. /хх 19 хуу/

 

Хохирогч Э.Б-ын хохирол нэхэмжилсэн баримтууд /хх 54/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Т.М- нь “2018 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудал дээр Э.Б-той марган зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславч мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан” болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Э.Б-ийн: “...би М-т хандаж чи түрүүн гэртээ харина гээ биз дээ гэж хэлсэн чинь намайг найз охиныхоо найзыг харамлаад гээд над руу үг хаяаад бид хоёр маргалдаж пабаас хоёулаа муудалцаад гараад 10 дугаар хорооллын автобусны буудлын хойд талд нь М- намайг боохоор нь би өөдөөс нь боогоод хавирч унагаагаад явъя гээд байхад өөдөөс зөрүүдлээд байхаар нь би 2-3 удаа нүүр лүү нь гараараа цохьсон. Тэгээд манай найз охин бид хоёрыг салгаад байж байтал М- босч ирээд миний нүүр лүү 2-3 удаа цохьсон, юугаар цохьсоныг мэдээгүй. Тэгсэн миний баруун хөмсөг сэтэрч, цус гарсан, зүүн нүд цаашаа ухархайруу өвдөөд байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.О-ын: “...найз охинтойгоо ТҮЦ рүү яваад буцаад ирэхэд Б-, М- хоёр маргалдчихсан байсан. тэгээд тэндээсээ гараад М-, Б-хоёр муудалцаад Б-М-ыг 2 удаа цохьсон чинь М-ын амнаас цус гарчихсан, М- зөрүүлээд Б-ын эхлээд цээж рүү нь дараа нь нүүр лүү нь гараараа цохьсон. Нүд рүү нь бас цохьсон. Нүд рүү нь гараараа цохьсон уу эсвэл юмаар цохьсон уу гэдгийг хараагүй. Тэгээд би тэр хоёрыг салгасны дараа Б-ын хөмсөг нь сэтэрчихсэн нүд нь хөхөрчихсөн байсан..” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10821 дугаар дүгнэлт /хх 19/, хохирогч Э.Б-ын хохирол нэхэмжилсэн баримтууд /хх 54/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Т.М-т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         

            Шүүгдэгч Т.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Т.М- нь хохирогч Э.Б-д төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Т-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц овогт Т-ын М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Т.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг сануулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ