Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01116

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01116

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 184/ШШ2023/01321 дугаар шийдвэртэй, Н.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М-д холбогдох

 

17,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өнөр-Оюун, хариуцагчийн өмгөөлөгч Э.Гомбо, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Өнөрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зуслангийн байшиндаа засвар хийлгэхээр У х к- ХХК-ийн зарын дагуу захирал Д.М-тэй холбогдож 2020 оны 06 сарын 16-ны өдрөөс 2020 оны 07 сарын 08-ны өдрийн хугацаанд ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Д.М- нь засварын ажлаа эхлүүлсэн ч хугацаанд нь дуусгаагүй, хариуцагч хэдэн төгрөгийн засварын ажил хийснийг тогтоолгох гэхэд Д.М- 2 жилийн турш хүлээж аваагүй. Н.Б-ын бие муудаж удаа дараа хагалгаанд орсон бөгөөд цэвэр агаарт байх шаардлагатай учир 2022 онд Д- ХХК-тай гэрээ байгуулан байшингийн засвараа дуусгасан. Анх телевизийн зар сурталчилгаагаар хуулийн этгээд гэсэн ч түүнийг төлөөлж байгаа хүн нь Д.М- байсан. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн газрыг Д.Г-т худалдсан. Иймд нэхэмжлэгч нь Д- ХХК-аар доголдлоо арилгуулсан учир гарсан хохирлоо иргэн Д.М-гээс нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Хэрэгт ажил гүйцэтгэх гэрээг иргэн Д.М- бус У х к- ХХК болон Н.Б- нарын хооронд байгуулагдсан тул Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээд хариуцлага хүлээнэ. Д.М- нь энэ компанийн захирал гэж худлаа хэлээгүй, хуулийн этгээдийн захирал бөгөөд хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан гэж тайлбарласан. Д.М- хариуцагч биш, нотлох баримт шинжлэн судлахад нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Д.М- нь анхнаасаа манай зуслангийн байрыг засах биш, бид нарын газарт шунаж, зуслангийн байр засна гэж гэрээ байгуулсан ч хугацаандаа ажлаа хийгээгүй, гэрээний хугацаа өнгөрсөн хойно мөнгө шаардлагатай, 1 газраа өгчих гэж хөгшин хүмүүсийг мэхэлж биднийг хохироосон. Засварын ажлын чанар нь шаардлагад хүрээгүй, шаардлагад хүрсэн байсан бол газраа өгөх байсан, өгнө гэж ярьж тохирсон байсан. Гэвч Д.М- шаардлага хангасан ажил хийээгүй, 2 жил хугацаа алдсан. Манай өвгөн эрүүл мэндээрээ хохирч, хөрөнгийг үнэгүйдүүлж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-д зааснаар хариуцагч Д.М-гээс 1,641,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-т олгож, үлдэх 15,709,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.М-гээс 41,206 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гаргасан гомдлын агуулга: Шүүх хэрэгт авагдсан материалыг бодитой үнэлээгүй шийдвэр гаргасан. Бид хариуцагчаас гэрээнд тусгасан ажлаа дутуу хийсэн болон хариуцагчийн эвдэн сүйтгэсэн эд хөрөнгийг дахин засварлуулсан хохирлоо шаардсан, энэ нь хэрэгт авагдсан өмнөх болон дараах харьцуулсан фото зургаар нотлогдсоныг нөхөж засварлуулан 17,350,000 төгрөгийн засварын ажил хийлгүүлсэн талаар тодорхой тайлбарласан. Хэрэгт Д- ХХК-тай байгуулсан гэрээнд хийгдсэн ажлуудыг тодорхой тусгасан. Мөн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн гол агуулгыг тусгалгүй орхигдуулсны зэрэгцээ мушгин гуйвуулж үнэлсэнд гомдолтой байна.

Ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т "хариуцагч тал өөрийн зардлаар засварын ажлыг хийж гүйцэтгэнэ" гэсэн байтал нэхэмжлэгчийн эхнэрийг хууран мэхэлж газрыг нь гуравдагч этгээдэд худалдсан нь хэрэгт ач холбогдолтой байхад энэ талаар шийдвэрт тусгаагүй, хариуцагчийн нотлох баримтууд хуурамч байж болох талаар шийдвэрт гуравдагч этгээд тодорхой тайлбарласныг анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Шүүх шийдвэртээ нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжихдээ гаргасан доголдлыг өөр этгээдээр арилгуулах" гэж илт буруу дүгнэсэн. Доголдлыг арилгуулах биш хариуцагчийн өөрийнх нь эвдсэн зүйлийг өөр этгээдээр засварлуулсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардсан байтал нэхэмжлэгч гэрээнд заагаагүй ажил гүйцэтгэхийг шаардсан" гэж шүүх хуралдаанд мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийсэн.

Мөн шүүх нэхэмжлэгчийн төлбөрийн баримтуудыг үнэлэхдээ зөвхөн гэрээний хугацаагаар хязгаарласан нь учир дутагдалтай. Нэхэмжлэгч нь Д- ХХК-тай ямар нэг харилцаагүй бөгөөд зөвхөн ажил гүйцэтгүүлэхээр холбогдсон учир тус компанид тухайн зуслангийн байшингийн засварын ажлын хөлс 17,350,000 төгрөг төлснөөс өөр мөнгө төлөх шаардлага байгаагүй, энэ тухай хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргаагүй. Шийдвэрт нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар шүүх тодорхой тайлбарлаагүй нь мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Тухайн хэрэг маргаан үүссэнээс хойш нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байсан. Мөн нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтад хариуцагч Д.М- нь миний хийж гүйцэтгэсэн ажил хэвээрээ байна. Мөн гуравдагч этгээдээр хийж гүйцэтгүүлсэн зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэгч нь доголдлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэх тайлбарыг хэлсэн. Гуравдагч этгээдээр хэрхэн доголдлыг арилгуулж, хэдэн төгрөгийн зардал гаргуулсан болох нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Д.М-д холбогдуулан 17,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, доголдол гаргасан тул доголдлыг өөр этгээдээр арилгуулж, гарсан зардлаа нөхөн төлүүлнэ гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ хариуцагч нь хуулийн этгээд, иргэн Д.М- хариуцагч биш гэх агуулгаар тус тус тайлбарлажээ.

 

4. Нэхэмжлэгч нь хохирол 17,350,000 төгрөгийг У х к- ХХК-ийн захирал Д.М-гээс гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Анхан шатны шүүх энэ талаар тодруулахад Д.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан байна. Иймд нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагчаар Д.М-г тодорхойлсон гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хэнд холбогдуулан нэхэмжлэлийн ямар шаардлага гаргах нь зөвхөн нэхэмжлэгчийн эрх боловч өөрийн нь эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн этгээдэд холбогдуулан зохих шаардлагаа гаргах үүрэгтэй.

 

5. Хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь зуслангийн байшиндаа завсар хийлгэхээр У х к- ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэгч У х к- ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, гэрээний хохиролтой холбоотой шаардлагыг гэрээний талд холбогдуулан гаргах нь зохилтой буюу нэхэмжлэгч нь компанийн гүйцэтгэх удирдлага бөгөөд хувьцаа эзэмшигч Д.М-д холбогдуулан гэрээг цуцалж учирсан хохирлоо гаргуулахаар шаардсан нь хариуцагчаа зөв тодорхойлоогүй гэж үзнэ.

 

Хариуцагч Д.М- нь тус компанийн гүйцэтгэх удирдлага бөгөөд компанийн энгийн хувьцааг 100 хувь эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогджээ. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчийн хариуцлага нь хуульд зааснаар үүсэх бөгөөд хувьцаа эзэмшигч, хуулийн этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх тодорхой зааглагдсан эсэхийг бие даасан тодорхой ажиллагаагаар шалган тогтоож улмаар хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээдийн хүлээх үүргийг түүний өмнөөс хувийн хөрөнгөөрөө хариуцах эсэхийг шийдвэрлэх ба энэ нь компанийн эрх зүйн хязгаарлагдмал хариуцлагын үндсэн зарчимтай холбоотой. Энэ тохиолдолд шүүх Компанийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг шууд хэрэглэхгүй.

Анхан шатны шүүх энэ талаархи хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч Д.М-г У х к- ХХК-ийн хүлээх үүргийг хариуцах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд хариуцагч Д.М- нь У х к- ХХК-ийн бусдын өмнө хүлээх үүргийг хуульд зааснаар хариуцахгүй тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Түүнчлэн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 8.3-д зааснаар талууд маргаанаа арбитрт хандан шийдвэрлүүлэхээр заасан нь гэрээний нэг тал шүүхэд нэхэмжлэл гаргасныг нөгөө тал эсэргүүцээгүй, хэргийн харьяаллын талаар зохигч маргаагүй учир анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй. Нэхэмжлэгч Н.Б- нь У х к- ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Д.М-гээс 17,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 184/ШШ2023/01321 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.М-гээс 17,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,700 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Э.ЭНЭБИШ