Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 201/МА2023/00016

 

 

С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШШ2023/00007 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, *******, *******,

Хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, *******, ******* нарт тус тус холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Т.Мөнхзаяагаас гаргуулж *******д олгохыг даалгах, орон сууцнаас Т.Мөнхзаяаг албадан чөлөөлүүлэх,

Нотариатч *******гийн Т.Мөнхзаяад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах,

Хүчин төгөлдөр бус өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч *******эс 34 871 250 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.Мөнхзаяагийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Т.Мөнхзаяа, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие төрсөн цагаасаа эхлээд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоот хоёр өрөө байранд аав, ээж, дүү, эмээгийн хамт оршин суудаг байсан. Эмээ маань 2019 оны 11 сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барсан. Эмээ ******* нас барах үедээ миний аав, дүүтэй минь хамт амьдарч байсан. Миний бие хугацаат цэргийн алба хааж байсан ба ээж ******* Турк улсад ажиллаж амьдарч байсан. Миний аав, ээж хоёр гэр бүлийн баталгаатай, албан ёсны гэр бүл байсан. Эмээг нас барсны дараа буюу 2019 оны 12 сарын 26-ны өдөр миний аав ******* зуурдаар нас барсан. ... Ар гэрийн гачигдлаар 2020 оны 01 сард цэргийн албанаас халагдсан бөгөөд Дорнод аймагт очих газар байхгүй байсан тул Улаанбаатар хотод ээж, дүү дээрээ шууд очсон. Сургуулийн төлбөрөө төлж чадахгүй байсан учраас сургуулиасаа гарч, ажил хийдэг болсон. Энэ хугацаанд миний ээж *******, дүү ******* нар Турк улсад амьдарч байсан учраас өвлөх эрхийн гэрчилгээгээ бид авч чадаагүй байсан.

Бидний амьдарч байсан байр бол миний өвөө Төмөрөөс түүний ганц хүү *******т үлдсэн өв хөрөнгө бөгөөд ааваас минь бидэнд үлдсэн хөрөнгө юм. Аав эмээ хоёрыгоо нас барсны дараа өвлөх эрхийн гэрчилгээг авах гээд Дорнод аймаг дахь 2 тойргийн нотариатчид хандсан боловч орон сууцны гэрчилгээг эх хувиар авчрахыг шаардсан. ... Орон сууцны гэрчилгээ бидэнд байхгүй бөгөөд М.Мөнхзаяа эгчид хэлэхэд өгөөгүй, мөн хуулбарыг авах гээд Улсын бүртгэлийн газар хандсан боловч гаргаж өгөх боломжгүй гэх хариуг өгсөн учраас 2021 оны 10 сард шүүхэд хандсан. Шүүхээс нотариатад очоод өвлөх эрхийн гэрчилгээгээ ав гэсэн бөгөөд нотариатч ******* дээр очоод шүүх дээр маргаантай байгаа гэдгээ хэлэхэд надад орон сууцны гэрчилгээг нэхэмжлэхээр шүүхэд төлөөлөх эрхийг өвлүүлсэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.

... Бидний амьдарч байсан байрыг аавын маань эгч болох Т.Мөнхзаяа эзэмшээд бидэнд өгөхгүй байгаа, ... сургуулиа төгсөж ирээд байрандаа ороорой гэж хэлж байсан боловч би сургуулиа төгсөж чадаагүй учир эгчийн хэлснийг биелүүлж чадаагүй, миний бие насанд хүрсэн, эцгийн гал голомтыг залгах ганц хүү, тэгээд ч энэ байранд насаараа амьдарсан, гэрийн маань бүх эд хөрөнгө уг байранд байсаар байтал Т.Мөнхзаяа эгч бидний өвлөх эрхийг хязгаарлан саад болж байгаа учраас аавынхаа үлдээсэн хөрөнгийг, өвлөх эрхийн гэрчилгээгээ авах шаардлагатай байгаа тул Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоот хоёр өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Мөнхзаяагаас гаргуулж, түүнийг уг орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон тайлбартаа: ... Нэхэмжлэгч ******* миний бие ээж *******, дүү ******* нарын хамт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Ээж дүү хоёр маань Турк улсаас надад шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон итгэмжлэлийг өгсөн тул би өөрөө нэхэмжлэгчээс гадна ээж, дүү хоёроо төлөөлж байгаа болно. ... Миний бие өмнө нь буюу 2021 оны 10 сард Т.Мөнхзаяа эгчээс орон сууцны гэрчилгээгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 2700 дугаартай захирамжаар нотариатаас өвлөх эрхийн гэрчилгээ авах шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед миний бие хотод ажил хийж байсан тул нэг хэсэгтээ ирж чадахгүй байгаад 2022 оны 7 сард амралтаараа Дорнод аймагт ирсэн. Ингээд нотариатч *******д хандаж шүүгчийн захирамжаа үзүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргана гэдгээ хэлэхэд надад өвлөх эрхийн гэрчилгээ өгсөн. Үүнийг маргаан бүхий байрны өвлөх эрхийн гэрчилгээг олгосон гэж ойлгосон боловч шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ олгосон байсан. ... Т.Мөнхзаяа эгчтэй уулзсан боловч намайг хүлээж аваагүй, би өвлөх эрхийн гэрчилгээ авсан ч өвөө авч чадахгүй байсан тул дахин Т.Мөнхзаяа эгчээс орон сууцны гэрчилгээгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Т.Мөнхзаяагийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримттай танилцахад нотариатч ******* нь Т.Мөнхзаяад манай байрны эмээд ногдох хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээг олгосон, уг өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Т.Мөнхзаяа эгч байрны өмчлөгчөөр ганцаараа бүртгүүлсэн болохыг мэдлээ. Шүүгчийн захирамж дээр манай ээж *******, дүү *******, Т.Мөнхзаяа бид 4 хүнийг бүгдийг нь өвлөх эрхийн гэрчилгээг ав гэсэн байхад нотариатч зөвхөн Т.Мөнхзаяад өвлөх эрхийн гэрчилгээг өгсөн байгаа нь Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 43 дугаар зүйлүүдэд заасныг, мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасныг тус тус зөрчиж ... нотариатын үйлдэл хийсэн байна.

... Т.Мөнхзаяа гэдэг хүн энэ байранд амьдарч байгаагүй. Т.Мөнхзаяа нь нотариатын байгууллагаас өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа Хэрлэн сумын 9-р баг, *******-р байрны ******* тоотод талийгаачийг нас барах хүртэл хамт амьдарч байсан тухай хууль бус нотлох баримт гаргаж өгсөн байсан. Энэхүү байрны хууль ёсны өвлөгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар ******* гэдэг хүний эхнэр *******, охин *******, хүү ******* нар байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2 дахь хэсэгт зааснаар өвлөгчид өөрсдийн өвлөх эрхээс татгалзаагүй учраас *******ын өвөөс *******т оногдох хэсгийг авах үндэслэлтэй байна. Т.Мөнхзаяагийн хувьд 2022 оны 05 сард *******ын өвийг хүлээж авах тухай хүсэлтээ нотариатад гаргасан. *******ын хувьд ээжийнх нь өв нээгдсэний дараа нас барсан тохиолдолд түүний хууль ёсны  өвлөгчид тухайн өвийг авах эрх нь хуулиар олгогдсон байдаг. ******* гэдэг хүний хууль ёсны өвлөгчид байгаа учраас эмээ *******ын үл хөдлөх эд хөрөнгөөс өвлөх эрхтэй болох нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2 дахь хэсэгт тусгагдсан байна. Иймд нотариатч зөвхөн Т.Мөнхзаяад байрны 50 хувийг өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь буруу гэж үзэж байна.

Мөн уг хүчин төгөлдөр бус өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өөр өвлөгч байгаа эсэхийг нягтлан шалгалгүйгээр Т.Мөнхзаяаг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгосон байгаа нь бусад өвлөгч бидний эрхийг зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Тиймээс нотариатч *******гийн 2022.06.06-ны өдрийн Т.Мөнхзаяад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү.

Хүчин төгөлдөр бус өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Т.Мөнхзаяад олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээг хүчингүй болгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү. гэжээ.

3. Хариуцагч Т.Мөнхзаяа хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоот орон сууц бол угаасаа миний эцэг эхийн ариун гал голомт. Эцэг, эхийн гал голомтыг оргүй болгож үгүй хийх ёсгүй бөгөөд өнөд хадгалж, хамгаалж явахыг захисан эцэг, эхийн захиасыг миний бие биелүүлж, одоог хүртэл гал голомтыг нь авч явж байгаа. Миний эцэг Төмөр төр түмэндээ хүндтэй ... нэгэн байсан. ... Миний дүү нар, дүүгийн үр хүүхдүүд ч ялгаагүй өвөг эцгийн ариун гал голомтыг ариунаар сахиж явах ёстой. Миний хувьд аавыгаа нас барахад надад өв өвөх эрх нь хуулиар байсан ч ээж дүү хоёртоо өвийг өгөхөөс татгалзаагүй. Ээж маань өнгөрөөд 49 хоног нь ч өнгөрөөгүй байхад дүү ******* зуурдаар өнгөрсөн. Дүү маань эхнэр хүүхэддээ хаягдаж, орь ганцаар гашуудаж байхад нь тэд ирээгүй. Дүүгийн эхнэр болох ******* дүүтэй минь таарч тохирохгүй гээд салаад Турк явсан. Мөн ээжээр маань зээл авахуулаад төлөхгүй байснаас ээж минь шүүхэд дуудагдан бие нь хямарч, тэтгэврийн хэдэн төгрөгөө ч гар дээрээ авч чадалгүй байсаар бие нь муудаж нас барсан. Ээж дүү хоёрын минь үхэлд *******г буруутай гэж би үздэг. Ээж дүү хоёрынхоо буяны ажлыг миний бие гардаж өнгөрүүлсэн бөгөөд *******, ******* нар миний хэлэх үнэн үг, хатуу үгнээс зугатааж орон гэрийг нь өөд татаж яваагүй. С.Бат-Эрдэнийг цэргээс ирэхэд нь Миний дүү сургуулиа төгсөөд ирвэл эгч нь ажилд оруулж өгч байрыг чинь нэр дээр чинь шилжүүлээд өгнө. гэж хэлж явуулсан боловч эргэж ирээгүй. Гэнэтхэн л нэг өдөр ээжийнхээ эгч нартай хамт ирээд байраа авна гэхэд нь би өгөхгүй гэж хатуу үг хэлсэн нь үнэн. Түүнээс эгчээ би сургуулиа төгсчихлөө, одоо эндээ амьдарна гэж, мөн байрны гэрчилгээ хэрэгтэй гэнэ өвлөх эрхийн гэрчилгээгээ авмаар байна гэж нэг ч удаа ирж байгаагүй байж намайг байранд огт хамаагүй мэтээр хандаж шүүхэд нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Миний хувьд ч ээжийнхээ үлдээсэн өвийг өвлөх эрхтэй гэж үзэж байна. гэжээ.

4. Хариуцагч ******* хариу тайлбартаа: Нотариатч миний хувьд нотариатын үйлдлийг Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх заавар журамд заасны дагуу хийсэн...

Нэгдүгээрт: Өв хүлээж авах тухай хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээ олгох хоёр нь хоорондоо ялгаатай ойлголт. Тодорхой өв хөрөнгийг өвлөж авахдаа  хугацаанд нь аль ч нотариат болон Засаг даргад хандан өв хүлээж авах тухай хүсэлт гаргадаг. Тухайн өв хүлээж авах хүсэлтийг гарын үсэг зурж баталгаажуулдаг. Өв хүлээн авах хүсэлт нь хамт амьдардаггүй хүмүүс бол нэг жилийн дотор гаргах ёстой. Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлтийг хэзээ ч гаргаж болно. Т.Мөнхзаяа нь 2022 оны 05 сарын 25-ны өдөр өв хүлээж авах тухай хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг Нотариатын хуульд заасны дагуу 0210 гэсэн гарын үсгээр баталгаажуулсан. Тухайн хүсэлтэд Миний ээж Доржханд нь Хэрлэн сумын 9-р баг, *******-р байрны ******* тоот 2 өрөө байрыг хүү Сүхбаатарын хамт өмчилж байсан. Ээж Доржханд нас барсан учраас ээжид оногдох өвийг хууль ёсны дагуу өвлөж авах хүсэлтэй байна. гэсэн хүсэлтийн дагуу Т.Мөнхзаяад оногдох хувийг өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу олгосон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхзаяад өвлөх эрхийг өгөөд *******д өвлөх эрхийг өгөөгүй гэж яриад байна. Би хүмүүсийг шаардах эрх байхгүй. Өвийг хүлээж авах тухай хүсэлт гаргах нь тухайн хүний эрхийн асуудал.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгч нь өмгөөлөгч, хуулийн зөвлөхтэй байсан юм бол түүнээс хуулийн зөвлөгөө авах эрх нь нээлттэй байсан байна. *******эс ямар үйлчилгээ авах вэ гэж асуухад шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ авна гээд өөрөө хүсэлтээ бичиж өгсөн. Үүний дагуу *******ын өмнөөс орон сууцны гэрчилгээг шүүхэд нэхэмжлэх эрхийг өвлүүлсэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгчийн зүгээс Сүхбаатарын өвийг хүлээж авах тухай хүсэлтээ гаргаад материалаа бүрдүүлээд ирсэн бол би хүсэлтийг шийдвэрлэхгүй байх боломж байхгүй. Харин нэхэмжлэгч нь өвийг хүлээж авах хүсэлтээ өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч болон түүний ээж Урантуяа нарыг хуулийн мэдлэггүй гэж бодоод талийгаач Сүхбаатарын регистрийн дугаараар хайлт хийж үзэхэд Сүхбаатарын өмчлөлийн газрыг 2021 оны 01 сарын 19-ний өдөр ******* өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсан. ... Тиймээс Т.Мөнхзаяад олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй. гэжээ.

5. Хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн төлөөлөгч хариу тайлбартаа: Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоот байрны өмчлөх эрх *******, ******* нарын өмчлөлд бүртгэлтэй байсан. 2022 оны 06 сарын 06-ны өдрийн 135 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу Т.Мөнхзаяад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон байдаг. Энэ нь Улсын бүртгэлийн тухай хууль болон хөтлөх журамд зааснаар бусад өвлөгчийн асуудал шийдэгдээгүй, нотлох баримт хангагдаагүй байхад гэрчилгээ олгосон нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байна. Иймээс тухайн гэрчилгээг хүчингүйд тооцох үндэслэлтэй байгаа. Нэхэмжлэгчийн хувьд манай байгууллагад шууд хүсэлт гаргасан бол улсын байцаагч хүлээн авч шийдвэрлэх боломжтой байсан. Нэхэмжлэгч нь шүүхэд хандсан учраас тухайн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй гэжээ.

6. Хариуцагч Т.Мөнхзаяа нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь Т.Мөнхзаяагаас орон сууцны гэрчилгээ гаргуулах, байрыг чөлөөлүүлэх тухай бөгөөд өвлөх эрхийн асуудалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Т.Мөнхзаяагийн хувьд энэхүү байрны өөрт оногдох буюу ээж *******ад оногдох хувийг өвлөж авах тухай хүсэлтээ нотариатчид гаргасан. Үүний дагуу өөрт оногдох хувийг хуулийн дагуу өвлөж авсан. Мөн өмнө жилийн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болсонтой холбогдуулан байрны үнэлгээг гаргуулсан. Тухайн үнэлгээгээр байрыг 64 125 000 төгрөгөөр үнэлсэн. Иймээс Т.Мөнхзаяагийн хувьд ******* маргаан бүхий байранд орохоор бол түүнээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу байрны засварын төлбөр 8 000 000 төгрөг, 1-2 жилийн СӨХ, дулаан, цахилгааны төлбөр 1 200 000 төгрөг, ББСБ-ын зээл 2 140 000 төгрөг, *******ын оршуулгын зардал 7 500 000 төгрөг, тухайн байрны өөрт оногдох болон ээж *******ад оногдох хувь 16 031 250 төгрөг, нийт 34 871 250 төгрөгийг *******эс нэхэмжилж байгаа. Тухайн мөнгийг өгсөн тохиолдолд нэхэмжлэгч *******д байрыг өгч болно. Гэвч ******* аавын минь гал голомтыг зарна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул байраа өөрөө авч, тодорхой хэмжээний хувь буюу 20 сая төгрөгийг өгч болно. Түүнээс 48 сая төгрөг өг гэдгийг зөвшөөрөхгүй... гэжээ.

7. Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагчийн зүгээс маргаан бүхий байрыг Вендо үнэлгээний газраар 64 125 000 төгрөгөөр үнэлүүлсэн байдаг. Энэхүү үнэлгээтэй бид нар маргаагүй. Тухайн байрыг ******* болон ******* нар 50,50 хувиар өмчилдөг. Үүнээс *******ын өвийг ******* болон Т.Мөнхзаяа нар өвлөж авах ёстой байсан. Өв нээгдсэнээс хойш ******* нь сарын дараа нас барсан учраас түүний өвийг *******ын хууль ёсны өвлөгчид өвлөх ёстой. Иймээс тухайн байрны 1/3 хувь нь Т.Мөнхзаяад, 2/3 нь ******* болон түүний ээж дүү нарт оногдохоор байна. Иймд маргаан бүхий байрны 25 хувь нь Т.Мөнхзаяад оногдож, 10 687 500 төгрөг өгөхөөр байна. ББСБ-ын зээл буюу 2 140 000 төгрөгийг нэхэмжлэгчийн хувьд хүлээн зөвшөөрнө. Энэхүү зээлийг *******, *******, ******* нар авсан боловч Т.Мөнхзаяа төлсөн учраас уг мөнгийг ******* төлөхөөс татгалзаагүй. Оршуулгын зардал болох 7 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед нэхэмжлэгч ээж, дүүгийн хамт оршуулгын ажилд очсон боловч Т.Мөнхзаяа нь хөөгөөд байсан учраас тодорхой хэмжээний мөнгөн төлбөр төлж, оршуулгын ажилд оролцсон. Мөн оршуулгын зардлыг *******, ******* нарын хэнээс нь нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, оршуулгын зардалд хэдэн төгрөг зарцуулсан нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Тухайн байрны засварын төлбөр, СӨХ, дулаан, цахилгааны төлбөрүүдийг нэхэмжлэгчийн хувьд тухайн байрыг ашиглаагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ... Иймээс Т.Мөнхзаяа эгч байрыг маань өгнө гэвэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12 827 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч болно, Мөнхзаяа эгч байраа авна гэвэл байрны үнээс 75 хувийг нь бид авах ёстой гэж үзэж байгаа учир 48 000 000 төгрөг өгвөл байраа үлдээхэд татгалзахгүй. Түүнээс Мөнхзаяа эгчийн нэхэж байгаа 34 сая төгрөгийг байраа зарж байж л өгөх боломжтой, түүнээс надад ямар ч хөрөнгө байхгүй, би ажил хийж цалингаасаа байрны түрээс өгч үлдэгдлээр нь амьдардаг... гэжээ.

8. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШШ2023/0007 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528.1, 528.2, 528.3, 5*******.2.1, 5*******.2.4, 491 дүгээр зүйлийн 491.6, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д тус тус зааснаар хариуцагч Төмөрийн Мөнхзаяагаас 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сүхбаатарын Бат-Эрдэнэд, *******эс 2 140 000 төгрөгийг гаргуулж Т.Мөнхзаяад тус тус  олгож,  Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байр  ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан *******д олгохыг даалгах, тус орон сууцнаас Т.Мөнхзаяаг албадан чөлөөлүүлэх, нотариатч *******гийн Т.Мөнхзаяад олгосон өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдлийг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас  14 840 000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс нь гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн - дугаартай Т.Мөнхзаяад олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар сарын 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг, хариуцагч Мөнхзаяагийн төлсөн 332 *******6 төгрөг төлсний улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* нь 478 575 төгрөгнөөс төлсөн 70 200 төгрөгийг хасч үлдэх 408 375 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагч Т.Мөнхзаяагаас 20 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 257 950  төгрөгийг гаргуулан *******д олгох, *******эс 2 140 000 төгрөгийг тэмдэгтийн хураамж 49 190 төгрөгийг гаргуулж Мөнхзаяад олгож,... шийдвэрлэжээ.

9. Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоолын 1 дэх хэсэгт заасан шийдвэртэй санал нийлэхгүй байна.

Нэхэмжлэгч нар нь Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотын 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, *******д олгохыг даалгах, уг байрнаас Т.Мөнхзаяаг албадан чөлөөлүүлэх гэсэн шаардлага гаргасан. Энэ шаардлагын үндэслэл нь өвлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан учраас Иргэний хуульд зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан асуудал нь гол шаардлага байсан. Учир нь нэхэмжлэгч нарын гэр буюу Хэрлэн сумын 9 дүгээр баг, *******-******* тоот орон сууц нь эцгээ, эмээгээ нас барах хүртэл тэдний амьдарч байсан гэр орон байсан бөгөөд эцгийг нь нас барсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг аавынх нь эгч Т.Мөнхзаяа авсан ба нотариатын газарт хандан өв залгамжлалаа авахаар хүсэлт гаргах гэхэд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь өгөхгүй байсан учраас шүүхэд хандан зөрчигдөж байгаа эрх ашгаа л хамгаалуулах шаардлага гаргасан.

Хэдийгээр Т.Мөнхзаяа нь эх Х.Доржхандын ноогдох хэсгээс өвлөх эрх байгаа ч гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр бичигдсэн өмчлөгч *******ын болон Х.Доржхандын ноогдох хэсгээс өвлөх эрх нь хуулиар олгогдсон *******, *******, ******* нарын эрхийг хязгаарлах ёсгүй. Шүүх уг өвлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг шаардаж буй шаардлагыг юун түрүүнд анхаарч үзэх байтал яагаад энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгааг ойлгохгүй байна.

... *******-******* тоот орон сууцыг өмчлөгч *******тай гэр бүл болоод ******* нар үр хүүхдүүд болон хадам ээж, эмээ Х.Доржхандын хамт амьдарч байсан. *******, ******* гэх 2 хүүхэд энэ гэрт л төрж өссөн. Аавыг нь нас барсны дараагаас л тэднийг гэрт нь оруулахгүй, түлхүүрийг нь өөрчлөөд эд хөрөнгийг нь гаргаж хаяад өөрийн эзэмшилдээ хариуцагч Т.Мөнхзаяа авсан. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн, Т.Мөнхзаяа нь хөрөнгийн тодорхой хэмжээгээр өвлөх эрхтэй ч бүхэлд нь эзэмшиж ашиглах эрх байхгүй. Өнчин хоцорсон хүүхдүүд гэр орондоо байж ааваасаа үлдсэн хөрөнгө, гэр орондоо амьдрахыг л хүссэн.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг гол болгон шийдвэрлэж чадаагүй, шууд л өвлөх эрхийн асуудлаар шийдвэр гаргасан нь буруу. Шүүхээс нэхэмжлэгч нарыг талийгаач *******ын нэгдүгээр ээлжийн өвлөгч мөн болохыг зөв дүгнэсэн. Харин эмээ Х.Доржхандын өвлөгч болохыг огт дүгнэсэнгүй. Х.Доржхандын нэгдүгээр өвлөгч нь Т.Мөнхзаяа гэж дутуу дүгнэсэн алдаатай байна. Нэхэмжлэгч ******* нарыг эмээ Х.Доржхандын эхний ээлжийн өв залгамжлагч биш бөгөөд хууль ёсны өвлөгч болох боломжгүй байна гэж буруу тайлбарласан. ******* нь эх Х.Доржхандын дараа нас барсан ба Т.Доржханд нас барснаар ******* нь өв залгамжлах эрх нь нээгдсэн ба тэрээр нас барснаар түүний үр хүүхдүүд нь өвлөх эрхтэй болсон. Гэтэл шүүх үүнийг анхаарсангүй. Харин ч нэхэмжлэгч нарыг өв хүлээн авах, өвөөс татгалзсан гэж шүүх өвлөгч нарын эрхэнд халдсан шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч нар өвлөх эрх нээгдэж 1 жил болсны дараа өвлөх эрхээ хэрэгжүүлэхээр шүүхээр маргаад яваад байгаа энэ тохиолдолд зөвхөн нотариатад өв авах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй гэж дүгнэсэн нь буруу. Харин ч яг энэ эрх нь зөрчигдөж арга буюу шүүхэд хандаад байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Улмаар шүүхээс Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 гэж дүгнэх нөхцөл болсон нь үйл баримтыг шүүх огт өөр байдлаар дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг зөрчсөн. Дорнод аймгийн тойргийн нотариатч Сарангуа, Энхтуяа нар дээр аль алинд нь очиж өв авах хүсэлтээ гаргасан боловч өвлөх эрхийг харуулсан хөрөнгийн гэрчилгээг авч ир, тэгэхгүй бол өв авах хүсэлтийг юуг үндэслэн бичих вэ гээд С.Бат-Эрдэнийг буцаасан. Тэгээд Т.Мөнхзаяа эгчдээ хандаад болохгүй байсан учраас 2 дахь удаагаа шүүхэд хандсан. Энэ хооронд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хуулийн зохицуулалт ч байгаа. Т.Байгалмаа шүүгч хоёр удаа ******* нарын өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах маргааныг хэлэлцсэн. Нотлох баримт нь хэргийн материалд байгаа. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасны дагуу нэхэмжлэгч нарыг *******ын өвөөс татгалзсан гэж үзээд шаардах эрхгүй гэж алдаатай дүгнэсэн. Үндсэндээ шүүхээс нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас өөр байдлаар шийдвэр гаргаж маргааны үйл баримтыг өөрчлөн дүгнэсэн байна.

Хариуцагч нотариатч ******* нь өв хүлээж авах хүсэлтийг улсын бүртгэлийн лавлагааг үндэслээд аль ч нотариатад гаргаж болдог гэж байгаа боловч яг өөрөөр нь үйлчлүүлэхээр очиход энэ талаар лавлагаа биш эх хувиар нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч ир гэж ******* надад удаа дараа хэлсэн. Дараа нь би өмгөөлөгчийнхөө хэлсний дагуу шүүгчийн захирамжаа авч очоод уулзахад өвлөх эрхийн гэрчилгээн дээр юу бичих вэ гэхэд шүүгчийн захирамжид байгаа өгүүлбэрийг өөрөө бич гээд бичүүлсэн. Гэтэл шүүх хуралдаанд орохдоо өөрийгөө хамгаалан өөрийнх нь бичсэнээр л би өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж тайлбарласан.

... Нотариатч *******гаар хариуцагч Т.Мөнхзаяа мөн яг нэг асуудлаар, нэг өв хөрөнгө, өв залгамжлал дээр шийдвэр гаргуулж байсан байна. Тэгэхээр манай асуудлыг сайн мэдэж байсан. Эмээ Х.Доржхандын өвийг *******ын өвлөгч байсаар байтал оролцуулаагүй татгалзсан гэж үзээд 50 хувиар нь шийдсэн нь буруу байтал шүүх үүнийг хүчингүй болгоогүй нь үйл баримтыг ерөөсөө дүгнэж чадахгүй байна гэж харагдаж байна. Т.Мөнхзаяагаас өмнө 2 удаа ******* нотариатчид хандсан. Манай асуудлыг огт сонсоогүй, мэдээгүй хүн биш. Харин ч зөвлөж хэрхэн яаж шийдэх, ямар нотлох баримт бүрдүүлэх, юу гэж хандах талаар сайтар зөвлөх үүргийг Нотариатын тухай хуулиар олгосон байхад үйлчлүүлэгч надад үйлчилж чадаагүй.

Улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж орон сууцны үнээс гаргуулах зэргээр шийдсэн нь буруу байна. Бид гэрчилгээ гаргуулах байтал орон сууцны үнийн дүнгээс тооцон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэв манай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бидний гарт байсан бол өвлөх эрхийн гэрчилгээгээ авсан байх ба харин ч нотариатч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр байгаа Х.Доржханд, ******* нарын хууль ёсны өвлөгч *******, *******, *******, Т.Мөнхзаяа нарт ноогдох хувийг тодорхойлж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байх байсан. Гэвч бид эхний ээлжинд энэ үйлдлийг хийлгэж чадахгүй байсан учраас байрны гэрчилгээгээ шүүхээр гаргуулъя гэж л хандсан. Ингэж хандах эрх нь нэхэмжлэгч нарт байгаа. Байрнаас албадан гаргуулах асуудлаа дараа нь шийдэж болох байх.

Бид Ё.Төмөрийн удам залгасан үр хүүхдүүд, ач нар. Ааваасаа, хайранд нь өссөн эмээгээсээ үлдэх хөрөнгө ч үгүй, орох оронгүй болоод байгаа тул бид арга буюу шүүхэд хандаж байгаа. Ер нь шударга ёс үйлчлэх бол энэ орон сууцанд бид амьдарч байсан учраас бидний л өмч болох ёстой. Мэдээж Т.Мөнхзаяа эгчээс байрны гэрчилгээг хүч хэрэглэн авч болохгүй. Т.Мөнхзаяа эгч ч өвөөс ноогдох хувиа авах ёстой учраас маш их хүндэтгэлтэй хандаж байсаар бид хохирох ёсгүй.

Иймд өвлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоож эрхээ хэрэгжүүлэх гэж шүүхэд хандсан биш өвлөх эрхгүй гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч нарын эрхийг маш ихээр хөндөж, үйл баримтыг буруу дүгнэсэн нь шүүхийн шийдвэр алдаатай, хуулийг буруу тайлбарлах үндэслэл болсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсвэл дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэжээ.

10. Хариуцагч Т.Мөнхзаяа давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нь анхнаасаа Т.Мөнхзаяа надаас *******-******* тоотын 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан *******д олгохыг даалгах, уг байраас Т.Мөнхзаяаг албадан чөлөөлүүлэх гэсэн байсан. Энэ утгатай нэхэмжлэлийг 2 дахь удаагаа шүүхэд гаргаж байгаа.

Байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотариатууд уг гэрээний эх хувийг авч ир гэж шаардаад өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байсан мэтээр тайлбарлаж байгаа. Эхлээд нотариатууд эх хувь шаардах, эх хувиа олж ирж чадахгүй бол Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа аваад өгч болох байсан. Гэтэл огт тэгээгүй.

... Бат-Эрдэнэ нар өв хүлээн авах хүсэлтийг албан ёсоор гаргаагүй. Яаж гаргадгийг Бат-Эрдэнэ болон ээж Урантуяа нар мэдэхгүй хүмүүс биш. Манай дүүгийн банкинд байсан дансны мөнгийг нь хүлээн авах хүсэлт гаргаад авсан байсан. Мөн хувийн эзэмшлийн газрын гэрчилгээг нь хүсэлт гаргаж өөрсдийн нэр дээр болгож авсныг би шүүх хурал дээр мэдсэн. Өв хүлээн авах хүсэлт гаргаж бүртгүүлээд өвлүүлэгчийн нас барсны 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ бичигддэг юм байна лээ. Шүүхээс өв хүлээн авах хүсэлт гаргах боломжийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр олгосон. Үүний дагуу би хүсэлтээ гаргасан. Дараа нь гэрчилгээ бичүүлсэн. Үнэндээ намайг заль мэх зохиож луйвардаж авсан мэтээр надтай уулзаагүй байж шүүхэд хандаж, намайг албадан эцгийн голомтоос гаргуулах утгатай нэхэмжлэлийг үзээд дургүй хүрч, асуудлыг номынх нь дагуу шийдвэрлүүлье гэж шийдсэн.

... Миний хувьд өв хөрөнгийн ноогдох хувь мөн өвийг хамгаалах, сайжруулахад зүй ёсоор хоёр ч удаа хөрөнгө оруулсан гэдгээ нотолж бусад зардал зүйлсийг нэхэмжилж, миний авах ёстой 34 871 000 төгрөгийг гаргаад өгчих, эсвэл эцгийн голомтыг зарах гэж байгаа бол би авч үлдье, өгөх мөнгийг би өгье гэсэн. Мөн өв хүлээн авах хүсэлтээ хуулийн дагуу гаргаагүйгээс болж хоосон хоцроохгүйн тулд дүүгийнхээ хоёр хүүхдэд 20 сая төгрөг гаргаж өгье гэж янз бүрээр санал тавьж ярилцсан. Тэгэхэд байраа авна Мөнхзаяад бид яаж ийм их мөнгө төлдөг юм чадахгүй гэсэн. Нэхэмжлэгч нар уг байранд амьдрахгүй бодит нөхцөл үүссэн. Бат-Эрдэнэ нь Улаанбаатарт ажиллаж амьдарч байгаа, Урантуяа, охин хоёр Туркд сурч ажиллаж байгаа. Мөнгө хэрэгтэй гадагшаа гарна л гэсэн яриа байгаа. Иймээс би эцгийн голомтоо, эцгийн найз нөхөд, хамаатан садан нь ирж мөргөдөг голомтыг үгүй хийлгэхгүй л гэж бодож байгаа. Түүнээс би орон байргүй болоод юм уу бололцоогүйдээ ингэж санал гаргаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу. гэжээ.

11.Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. гэв.

12. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хүү *******дээ намайг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр олгосон байсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож байгаа тул хүү *******д олгосон итгэмжлэлээс татгалзаж байна. Харин хүү ******* дүү *******э төлөөлж байгаа. Миний хувьд *******тай гэр бүл болж амьдарсан. Би энэ гал голомтыг авч явах гэж олон жил хичээсэн. Намайг тайлбар бүр дээр доромжлоод байгааг нь үнэхээр ойлгохгүй байна. ... Уг нь энэ асуудал нэг талд шийдвэрлэгдэх эсвэл тохиролцож, ярилцах боломжтой гэж бодож байсан. Гэтэл тийм байсангүй. Т.Мөнхзаяа намайг биш юмаа гэхэд хоёр хүүхдэд минь эцгээс нь үлдсэн хөрөнгийг нь өгөх хэрэгтэй гэж үзэж байна. Би өмгөөлөгчтэйгээ ижил байр суурьтай байна. гэв.

13. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 07 тоот шийдвэрт нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргасан бөгөөд үндэслэлээ гомдолд дэлгэрэнгүй тайлбарласан. ... Нэхэмжлэгч нар өвлөх эрхийн гэрчилгээгээ авахын тулд орон сууцны гэрчилгээ шаардлагатай болоод байгаа бөгөөд энэ гэрчилгээ нь Т.Мөнхзаяад байгаа, тэр өгөхгүй байгаа учраас орон сууцны гэрчилгээгээ авах тухай шаардлага гаргаад байхад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүссэн хүмүүсийн эрхийг хамгаалж чадалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас хальж, өвийн асуудлыг дүгнэж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна.

... Шүүхийн шийдвэрт нэг бол шаардах эрхээ алдсан, өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй гэж дүгнэж байгаа атлаа дараагийн дугаарт өөр дүгнэлт өгөөд байгааг ойлгохгүй байна. 64.125.000 төгрөгөөр тухайн байр үнэлэгдсэн. Гэтэл улсын тэмдэгтийн хураамжийг тодорхойлохдоо 64.*******0.000 төгрөгөөр тооцсон байна. ... Мөн Т.Мөнхзаяагийн нэрийг алдаатай бичсэн асуудал яригддаг. Энэ техникийн алдаа ч байх боломжтой юм. Гэхдээ эргэлзээ төрүүлж байна. Шүүхийн шийдвэрээр өвлөгчийн эрхийг шууд хязгаарлаж байгаа нь ноцтой алдаа гэж үзэж байна. ... Тиймээс дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэв.

14. Хариуцагч Т.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Давж заалдах гомдолтой холбогдуулан өгсөн тайлбараа дэмжиж байна. ******* миний эцгийн гал голомтыг авах байтугай, орох ч эрхгүй хүн гэдгийг хэлье, өөр хэлэх тайлбар байхгүй. гэв.

*******. Хариуцагч Т.Мөнхзаяагийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлага дээр орон сууцны гэрчилгээг гаргуулах талаар дурдсан байсан. Ингэхдээ Нотариатын газар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувийг нэхээд байгаа гэдэг. Үүнийг нь Т.Мөнхзаяа эгч өгөхгүй байгаа. Тиймээс гаргуулж өгнө үү. гэсэн зүйлсийг бичсэн байна. Гэтэл орон сууцны гэрчилгээний лавлагааг нь аваад өгчих боломжтой. ... Өвлөх эрхийн хугацааг сэргээлгэх хуулийн хугацаа дуусгавар болсны дараа нэхэмжлэл гаргасан. Шаардах эрх нь орон сууцны гэрчилгээ гаргуулах байтал өвлөх эрхийн асуудал яригдаад эхэлсэн ба энэ маргаан хэлэлцэгдэх үед өвийн талаар шилжихээс өөр аргагүй байсан. ... Өв хүлээж авах хүсэлтээ гаргаагүй учраас өв хүлээж авах боломжгүй болсон. Т.Мөнхзаяагийн хувьд эцгийнхээ гал голомтыг засаж янзалж авч явж байгаа. Сүхбаатарын хүүхдүүдэд тодорхой хэсгийг өгөх ёстой гэдгийг ойлгож байгаа учраас 20.0 сая төгрөг өгөх санал гаргасан гэж тайлбарладаг. Анхнаасаа өгнө, бүхэлд нь өгнө гэж бодож байсан. Гэхдээ надтай зүй бус харьцаж, доромжилж, нэг ч төгрөг авах эрхгүй гэдэг хандлагаар хандсан учраас эцсээ хүртэл асуудлыг шийдвэрлүүлэхээр шийдсэн юм гэдгээ л тайлбарладаг. ... Шүүх энэ асуудал дээр харин ч хуулийн хүрээнд хуульд заасан хэм хэмжээнд зохицуулж шийдсэн... гэв.

16. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 22 жилийн хугацаанд энэ ажлыг хийж байна. Би Нотариатын тухай хуульд заасны дагуу ажилласан. Тэр тусмаа өвлөх эрхтэй холбоотой асуудалд илүү нухацтай ханддаг. ... Бидний хувьд цахим архиваа заавал шүүж үздэг. Гэтэл 2019 оноос хойш тухайн өвтэй холбоотой гаргасан нэг ч хүсэлт байхгүй байсан. Т.Мөнхзаяагийн хувьд 5 сард над дээр ирээд би 6 сард гэрчилгээг нь гаргаж өгсөн. Надад тухайн хүсэлтийг хянахаас татгалзах эрх байхгүй. ******* нар хүсэлтээ өөрсдөө гаргах ёстой байдаг. Даанч өөрсдөө хүсэлтээ гаргаагүй байсан... гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч ******* болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Т.Мөнхзаяад холбогдуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоот хоёр өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Мөнхзаяагаас гаргуулж, түүнийг уг орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хамтран хариуцагч нотариатч *******, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан нотариатч *******гийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн Т.Мөнхзаяад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, хүчин төгөлдөр бус өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Т.Мөнхзаяад олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай гэрчилгээг хүчингүй болгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж,

Хариуцагч Т.Мөнхзаяа нь нэхэмжлэгч *******эс 34 871 250 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

3. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Нэхэмжлэгч бид эцгээс өвлөгдөн ирсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоот хоёр өрөө орон сууцыг өвлөж авахаар өвлөх эрхийн гэрчилгээг авах хүсэлтийг нотариатчид гаргахад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар авч ирэхийг шаардсан. ... Гэтэл аавын минь эгч Т.Мөнхзаяа уг байрны гэрчилгээг авчихаад өгөхгүй байгаа нь бидний өвөө авах эрхийг зөрчиж байгаа тул өөрсдийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Т.Мөнхзаяагийн эзэмшлээс гаргуулж, түүнийг уг байрнаас албадан гаргуулна,

... нотариатч ******* нь бидэнд өвлөх эрхийн гэрчилгээг бичиж өгөхгүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь шаардсан. Гэтэл байрны 50 хувийг Т.Мөнхзаяад өвлүүлэх өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоолгож, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож,

... мөн дээрх орон сууцны бусад өмчлөгч нар байсаар байтал үүнийг шалгаж нягтлалгүйгээр хүчин төгөлдөр бус өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн орон сууцны өмчлөгчөөр зөвхөн Т.Мөнхзаяаг бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байх тул уг гэрчилгээг хүчингүй болгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү. ... гэж,

4. Хариуцагч Т.Мөнхзаяа нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ: ... миний бие өөрийн эцгийн гал голомтыг өдийг хүртэл арчилж хамгаалж явна. ... Дүүгийн маань эхнэр нөхрөө хаяад, охиныг нь нууцаар аваад явсан. Мөн ээжээр минь зээл авахуулаад төлөлгүй явснаас хойш гэртээ ирэлгүй одоог хүртэл Турк улсад амьдарч байгаа. Энэ байдлаас нь болж миний ээж, дүү хоёр маань нас барсан. ... Дүүгийн маань ганц хүү *******д аавыг нь нас барсны дараа Сургуулиа төгсөөд эндээ амьдрахаар ирвэл байрыг чинь өгнө. гэж хэлсэн боловч нэг ч удаа ирээгүй. Байрны гэрчилгээ хэрэгтэй байна гэж ирээгүй байж, гэнэтхэн нэг өдөр байраа авна гэж ирэхэд нь би өгөхгүй гэж хэлсэн. ... миний хувьд ээж *******ын хууль ёсны өвлөгчийн хувьд энэ байрны ээждээ ногдох хэсгийг өвлөн авч, байрны өмчлөгчөөр бүртгүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нар хуульд заасан хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээгээ аваагүй байж намайг энэ байрнаас өвлөх эрхгүй, эцгийн минь гал голомт болсон байрыг зарна гэж байгаад гомдолтой тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ... гэж,

5. Хариуцагч нотариатч ******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ: ... Миний хувьд Т.Мөнхзаяад дээрх орон сууцны оногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хууль болон холбогдох дүрэм зааврыг зөрчөөгүй. ... Т.Мөнхзаяа дээрх байрны ээждээ ногдох хэсэг болох 50 хувиа өвлөж авах тухай хүсэлтээ гаргасныг хүлээн авч, бусад өвлөгч нар хүсэлтээ гаргасан эсэхийг цахим бүртгэлээс лавлаж шалгасны үндсэн дээр Т.Мөнхзаяад өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Цахим лавлагаанаас харахад нэхэмжлэгч нар энэ байрны өв нээлгэх тухай болон өвлөх эрхийн гэрчилгээгээ авах тухай хүсэлтийг аль алийг нь гаргаагүй байсан, одоог хүртэл гаргаагүй, ... ******* өвлөх эрхийн гэрчилгээ авна гэж ирэхэд нь энэ талаар лавлахад байрны асуудал шүүх дээр маргаантай байгаа, байрны гэрчилгээгээ авахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн тул би дээрх байрны гэрчилгээг эцэг *******ын өмнөөс нэхэмжлэх шүүхэд төлөөлөх эрхийг өвлүүлсэн өвлөх эрхийн гэрчилгээг бичиж өгсөн. Түүнээс надад хөрөнгөө өвлөж авах тухай өвлөх эрхийн гэрчилгээг олгох хүсэлтийг гаргаагүй. Хөрөнгө өвлөх эрхийн гэрчилгээг авахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиар хэрэгтэй байдаг боловч албан ёсны лавлагаа байхад болдог. ... гэж тус тус тайлбар гарган маргадаг.

6. Хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа ... дээрх байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Мөнхзаяаг бүртгэж гэрчилгээ олгохдоо бусад өвлөгч нар байгаа талаарх нотлох баримтыг нягтлан шалгалгүйгээр олгосон манай байгууллагын алдаа байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэрчилгээг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрнө, маргах зүйлгүй. гэжээ.

7. Хариуцагч Т.Мөнхзаяа сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...******* байраа авахаар бол түүнээс байрны засварын төлбөр 8 000 000 төгрөг, 1-2 жилийн СӨХ, дулаан, цахилгааны төлбөр 1 200 000 төгрөг, ББСБ-ын зээл 2 140 000 төгрөг, *******ын оршуулгын зардал 7 500 000 төгрөг, тухайн байрны өөрт оногдох болон ээж *******ад оногдох хувь 16 031 250 төгрөг, нийт 34 871 250 төгрөгийг *******эс нэхэмжилнэ. Нэхэмжлэгч нар энэ байранд амьдрахгүй гэдэг нь тодорхой. Мөн эцгийн маань гал голомтыг зарна гэж байгаа тул байрыг өөртөө үлдээнэ. ... гэж,

8. Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ: ... Миний хувьд Т.Мөнхзаяагийн нэхэмжилсэн 34,0 сая төгрөгийг төлөх боломжгүй тул байраа зарж байж л төлнө. Миний сургуулийн төлбөрийг төлөхийн тулд эмээгийн нэр дээр зээл авсан, үлдэгдэл мөнгийг Т.Мөнхзаяа төлсөн нь үнэн тул 2 140 000 төгрөгийг төлж болно. Аавын минь оршуулгад биднийг оролцуулаагүй. Мөн би байрандаа 2 жилийн хугацаанд амьдраагүй тул бусад шаардлагыг зөвшөөрөхгүй. ... гэж тус тус тайлбар гарган маргадаг.

9. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлж дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлыг шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагатай нийцээгүй байна.

10. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч Т.Мөнхзаяад холбогдуулан түүний эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, түүнийг уг орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх ба уг шаардлагыг гаргахдаа эцэг *******ыг төлөөлж дээрх орон сууцны гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхийг өвлүүлсэн 0174 тоот өвлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 8 сарын 10-ны өдөр авсан /хх-1,4 дэх тал/,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөх эрх *******, ******* нарын өмчлөлд бүртгэлтэй байсан ба ******* нь 2019 оны 11 сарын 12-ны өдөр, ******* нь 2019 оны 12 сарын 26-ны өдөр тус тус нас барсан /хх-79, 80 дахь тал/,

Хариуцагч Т.Мөнхзаяа дээрх орон сууцны *******ад ногдох хэсгийг өвлөх хүсэлтийг нотариатчид гаргаж, нотариатч ******* 2022 оны 6 сарын 06-ны өдрийн өвлөх эрхийн 0135 тоот гэрчилгээг олгосноор Т.Мөнхзаяа нь уг орон сууцны *******ад ногдох хэсгийг өвлөн авч, улмаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан уг орон сууцны өмчлөгч болсон /хх-78,81 дэх тал/ үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.

11. Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний тайлбараас үзвэл тэрээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоот хоёр өрөө орон сууцнаас өөрийн эцэг *******т ногдох хэсгийг өвлөж авах өвлөх эрхийн гэрчилгээг авахын тулд нотариатчид хандан хүсэлт гаргасан боловч нотариатч өвлөгдөх эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шаардсан байна. Улмаар улсын бүртгэлийн гэрчилгээ нэхэмжлэгчид байгаагүй, Т.Мөнхзаяагийн эзэмшилд байгаа боловч тэрээр түүнд өгөөгүйгээс өвлөх эрхийн гэрчилгээ авах эрх нь зөрчигдсөн гэж үзэн, Т.Мөнхзаяагийн эзэмшлээс орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар шаардсан нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болжээ.

12. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх шаардлагыг өвлөгдөх эд хөрөнгийн буюу өвийн маргаан гэж үзэн энэ талаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй 20,0 сая төгрөгийг хариуцагч Т.Мөнхзаяагаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх ба Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлд хууль ёсны өвлөгч гэж хэн болох, ямар хэмжээгээр өвийг өвлөх эрхтэй болохыг, мөн хуулийн 528 дугаар зүйлд өвлүүлэгчийн өвийг өвлөгч хүлээн авах, өвийг хүлээн авахаас татгалзах тухай тус тус заасан.

Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь өвлөх эрхтэй холбоотой боловч тэрээр өвлөгдөх эд хөрөнгийн буюу хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгох, өв хуваалгах зэргээр өвийн маргаантай холбоотой шаардлагыг шүүхэд гаргаагүй байхад шүүх энэ талаар дүгнэсэн нь буруу байна.

13. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-т хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, ...-д гаргана. гэж, 531.2-т Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно. гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь нотариатад өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргахын тулд түүнд маргааны зүйл болж байгаа орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ шаардлагатай болсон байх ба өөрийн эцэг *******ыг шүүхэд төлөөлөх эрхийг олгосон өвлөх эрхийн 0174 тоот гэрчилгээг 2022 оны 8 сарын 10-ны өдөр авснаар нэхэмжлэгч *******д хариуцагчаас орон сууцны гэрчилгээг гаргуулахаар шаардах эрх үүссэн байна.

Харин хариуцагч Т.Мөнхзаяа нь 2022 оны 6 сарын 06-ны өдрийн өвлөх эрхийн 0135 тоот гэрчилгээгээр дээрх орон сууцны *******ад ногдох хэсгийг өвлөн авсан боловч өвлүүлэгч *******т ногдох хэсгийг түүний өвлөгч нар өвлөх эсэх асуудлыг шийдвэрлэгдсэний дараа Т.Мөнхзаяа уг орон сууцыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг өмчлөх эрхтэй болно.

Иймд хариуцагч Т.Мөнхзаяагийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж үзэв.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой; гэх үндэслэл байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Мөнхзаяаг орон сууцнаас албадан гаргуулах эсэх, нотариатч *******гийн Т.Мөнхзаяад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хүчин төгөлдөр эсэх талаар болон хариуцагч Т.Мөнхзаяагийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар тус тус энэ удаагийн шүүх хуралдаанаар дүгнэх шаардлагагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Мөнхзаяа, ******* нарт тус тус холбогдох Т.Мөнхзаяаг орон сууцнаас албадан гаргуулах, нотариатч *******гийн Т.Мөнхзаяад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай болон *******эс 34 871 250 төгрөг гаргуулах тухай Т.Мөнхзаяагийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

*******. Хариуцагч Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгч нарын гаргасан Хүчин төгөлдөр бус өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Т.Мөнхзаяад олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх ба зохигч талууд энэ талаар гомдол гаргаагүй.

Харин анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагч Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох байтал хариуцагч хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх тул тус шүүх зөвтгөх замаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзнэ.

16. Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгч нарын хамт, хамтран хариуцагч нарыг нэмж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа шүүгчийн захирамж гаргаагүй байгааг анхаарвал зохино.

17. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

18. Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШШ2023/00007 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дор дурдсанаар өөрчлөлт оруулсугай. Үүнд:

1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч Т.Мөнхзаяагийн эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Мөнхзаяа, ******* нарт холбогдох Т.Мөнхзаяаг орон сууцнаас албадан гаргуулах тухай, Нотариатч *******гийн Т.Мөнхзаяад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай, *******эс 34 871 250 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.Мөнхзаяагийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс нь Т.Мөнхзаяад олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг хүчингүй болгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгөөс 70 200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, төсвийн орлогоос 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д, хариуцагч Т.Мөнхзаяагийн төлсөн 332 *******6 төгрөгийг гаргуулан хариуцагч Т.Мөнхзаяад тус тус буцаан олгосугай. гэж тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******эс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

Г.УРТНАСАН