Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1353

 

Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/02427 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХад холбогдох,

 

Өр төлбөргүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Худалдах, худалдан авах гэрээний илүү төлсөн 15 000 000 төгрөг, хохирлыг 13 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Хийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би дэлгүүрээ ажиллуулах боломжгүй болоод сонинд зар өгөөд ХХ надтай ирж уулзсан. Тухайн үед сар бүр 1 140 000 төгрөгийг банкинд төлдөг байсан. Би дэлгүүрээ 40 000 000 төгрөгөөр зарна гэдгээ хэлсэн. Анх 5 000 000 төгрөг хийсэн, бид нар харилцан тохиролцоод 9-10 сард цалингийн зээл дуусахаар банкны 1 140 000 төгрөгийг төлнө гэж хэлсэн. Сарын 1 140 000 төгрөг төлөөд нийтдээ 7 800 000-аад мянган төгрөг төлсөн. Үлдэгдэл 40 000 000 төгрөг өгөхдөө тооцоо нийлнэ гэж тохиролцсон. Илүү дутуу зөрүү гарсан зүйл байхгүй. Түүнээс гадна 26 000 000, 14 000 000 төгрөг миний дансанд орсон. Хамгийн сүүлд банкнаас 40 000 000 төгрөг миний дансанд орж ирэхэд ХХын данс руу 2 000 000 төгрөгийг нь буцааж шилжүүлсэн. Одоо энэ хэрэгт байгаа олон баримтад надаар гарын үсэг зуруулсан. Банкны зээл авахаар хөөцөлдөж байсан тул би хэрэгтэй гэсэн баримтад нь гарын үсэг зурж байсан. Миний тооцоогоор бидний хооронд ямар нэгэн өр төлбөргүй, тооцоо дууссан тул намайг энэ хүнд өр төлбөргүй болохыг тогтоож өгнө үү.

Би өөрийн эзэмшлийн 8 нэрийн дэлгүүрийг ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХ тоотод ажиллуулж байсан. Уг дэлгүүрийг хашаа байшин газрын хамт зарахаар болж 2014 оны 3 сард шуурхай зар сонинд зар өгсний дагуу 2014 оны 3 сард ХХ ирж уулзаад би цалингийн зээлтэй байгаа болохоор зээлээ дуусгаад банкнаас зээл аваад авна гэсэн тул хашаа байшин, дэлгүүрээ 40 000 000 төгрөгөөр зарахаар харилцан тохиролцсон. Гэхдээ дэлгүүрийн зөвшөөрөл өөр хүний нэр дээр байгаа гэдгийг би хэлсэн, өөрөө ч зөвшөөрсөн. 2014 оны 9 сард цалингийн зээл нь дуусахаар авна гэсэн. Манай хашаа байшинг сарын 500 000 төгрөгөөр түрээслэхээр болсон, 7 сарын түрээсийн төлбөр нь 3 500 000 төгрөг болсон. Мөн дэлгүүрт байсан барааны мөнгө 6 800 000 төгрөг болсныг өгөх боломж байна уу гэхэд эхлээд 5 000 000 төгрөгийг нь өгчихье гэсэн. Тиймээс барааны үлдэгдэл 1 800 000 төгрөг байгаа. Би өөрөө бас банкинд зээлтэй байсан,энэ зээлийн хүүнд 1 140 000 төгрөгийг төлдөг байсан. ХХ нь уг зээлийн хүү болох 1 140 000 төгрөгийг бас төлөөд явж байгаад зөрүү гарвал өгье гэж тохиролцсон. Бид 2014 оны 10 сард тооцоогоо нийлээд зөрүү 2 000 000 төгрөг байсан тул би уг 2 000 000 төгрөгийг ХХад шилжүүлээд тооцоо дууссан. Гэтэл надаас мөнгө зээлье гэхэд нь би чадахгүй гэсэн тул маргаан гарсан. Худалдах, худалдан авах гэрээний дагуу хашаа байшин дэлгүүрээ шилжүүлсэн, зөрүү мөнгө 2 000 000 төгрөгийг нь буцааж өгсөн тул одоо намайг өр төлбөргүй бидний хооронд тооцоо дууссан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 3 дугаар сарын 11-ний Зар сонингоор найман нэрийн дэлгүүр компани зарна гэж байсан тул ХХХХХХХХ дугаараар холбогдож, зээлээр авах боломжтой гэдгээ хэлээд эхлээд 30 000 000 төгрөгөөр тохирч байсан, Х нь 5 000 000 төгрөгийг түрүүлж байршуулж өгөөч гэсний дагуу шилжүүлсэн. Би энэ хүний банкны зээлийг чөлөөлөхийн тулд 10 дугаар хороололд байрлах зээл чөлөөлдөг газраас өдрийн 1 хувийн хүү төлж зээл авсан. Мөн 2014 оны 3 дугаар сарын 20-ноос 2014 оны 10 дугаар сарын 10-ны хооронд нийтдээ 14 030 000 төгрөг төлсөн. Би энэ хүний дэлгүүрийг авахаар 60 000 000 төгрөгний зээлийг банкнаас авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн боловч 40 000 000 төгрөг Хийн дансанд орсон. Энэ мөнгөнөөс 23 000 000 төгрөгийг л авах эрхтэй, бусад мөнгийг надад буцаан өгөхөөр тохирсон атлаа өгөөгүй. Мөнгөө нэхэхэд 2-3 хоног хүлээ гэсэн, бидний хооронд мөнгөний тооцоо байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, бид эхлээд хашаа байшин дэлгүүрээ 35 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцоод 5 000 000 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн. Энэ нь утасны ярианы бичлэгээр нотлогдоно. Гэвч нэхэмжлэгч 40 000 000 гэж маргаад байгаа болохоор 40 000 000 төгрөгөөр тохиоролцсон гэдгийг зөвшөөрч байна. Үл хөдлөх хөрөнгө болох байшинг 40 000 000 төгрөг, газрыг нь 20 000 000 төгрөгөөр гэж гэрээ байгуулсан боловч уг гэрээг банкинд 60 000 000 төгрөгний зээл хөөцөлдөхөөр хийсэн юм. Мөн 1 000 000 төгрөг болон 1 500 000 төгрөгний гэрээ бол албан татвар бага төлөхөөр хийсэн хуурамч гэрээнүүд юм. Зээл эхлээд хөөцөлдөөд гарахгүй байсан.Х өөрөө надруу залгаж, банкны зээл болох 1 140 000 төгрөгийг төлөөд явж байгаад зээл орохоор үлдсэн мөнгийг нь төлөхөөр тохирсон. Миний хувьд мөнгийг төлж явж байгаад 2014 оны 10 сард зээл гараад Хийн дансанд орсон. Гэтэл Х нь илүү төлсөн 17 000 000 төгрөгийг буцааж өгөх ёстой байхад өгөөгүй, өр төлбөргүй гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч ХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие зарын дагуу Хтай уулзаж, уулзахад 30 000 000 төгрөгөөр хашаа байшин газрыг, найман нэрийн дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөлтэй компанитай цуг зарна гэсэн. Би цалингийн зээлтэй байсан болохоор бэлэн мөнгө байгаагүй, тиймээс худалдан авахаар зээл хөөцөлдөөд бүтээгүй юм. Гэтэл Х өөрөө залгаад чамд л дэлгүүрээ зарчихмаар байна, би цагдаагийн асуудалтай мөнгө хэрэгтэй байна гэхэд нь би зээл бүтэхгүй байна 9-10 сарын үед л цалингийн зээлээ төлөөд дуусахаар зээл авч мөнгөтэй болно гэсэн. Тэгэхэд Х нь би өөрөө банкинд миний өмнөөс төлж байгаад өөрсдийн зээл бүтэхээр үлдэгдэл банкны өрийг төлөөд хашаа байшин, 8 нэрийн дэлгүүрийг авчих, дээр нь нэмээд 5 000 000 төгрөгийг бэлнээр өгчих гэсэн.

Ингээд 2014 оны 3 дугаар сарын 20-нд Хийн ХААН банкны дансанд 5 000 000 төгрөгийг ХХХХХХоор дамжуулж, урьдчилгаанд хийсэн. Мөн 9 030 000 төгрөгийг ХААН банкинд Хийн зээлийн төлбөрт төлсөн. 2014 оны 3 сарын 20-ноос 2014 оны 10 сарын 10-ны хүртэл нийт 14 030 000 төгрөг төлсөн.

2014 оны 9 сард үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар Төрийн банкнаас 60 000 000 төгрөгний зээл авахын тулд 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн эд хөрөнгийг авахад 40 000 000 төгрөгний зээл хэрэгтэй байсан боловч зээлийн 30 хувийг урьдчилан байршуулах ёстой байсан тул Хтай 40 000 000 төгрөгөөр хашаа байшин авах, 20 000 000 төгрөгөөр газар авах гэрээг хийсэн. Мөн Хийн өмнөөс зээл төлөлт хийсэн баримт болох 14 030 000 төгрөгийг Төрийн банкны зээлийн урьдчилгаанд байршуулсан. Ингээд зээл авах баримтуудаа өгсний дараа 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн банкнаас зээл гарч шууд Хийн дансанд орсон. Эхлээд 26 000 000 төгрөг, дараа нь 14 000 000 төгрөг зарцуулах эрх нь олгогдсон. Энэ мөнгөнөөс Х нь 23 000 000 төгрөгийг өөртөө аваад үлдэгдэл 17 000 000 төгрөгийг надад буцааж өгөхөөр харилцан тохиролцсон байсан боловч 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөнгөө нэхэхэд 2 дахь өдөр данснаас мөнгө гаргамааргүй байна гээд 2 000 000 төгрөгийг нь надад буцаан шилжүүлсэн байсан. Үлдэгдэл мөнгийг нь асуухад зээл чөлөөлөхөд хэрэглэчихсэн, 2-3 хоног хүлээж бай гээд утасаа авахаа больсон.

Хашаа байшин, газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан боловч 8 нэрийн дэлгүүрийн тусгай зөвшөөрөл нь өөр хүний нэр дээр байсан учраас шилжүүлж өгөхгүй, үлдэгдэл мөнгийг минь өгөхгүй байснаас миний байдал хүндэрч, банкны зээл шахагдаж үл хөдлөх хөрөнгө, хадам эхийн хашаа байшинг банкны зээлийн барьцаанд алдах дээрээ тулаад байна. Иймд Хаас 15 000 000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү.

Төрийн банкнаас авсан зээлийн мөнгө 40 000 000 төгрөг бүхэлдээ энэ хүний данс руу орсон, Х нь ярьж тохирсоноороо буцаж одоо хүртэл үлдэгдэл 15 000 000 төгрөгийг надад гаргаж өгөхгүй байгаа юм. Төрийн банкнаас зээл төлөхийг шаардаж, би аргагүйн эрхэнд энэ хүнээс авсан хашаа байшингаа хямд зарсан. Одоо би орох оронгүй болж, айлын хашаа байшинг 250 000 төгрөгөөр хөлсөлж байгаа тул хохирлын 13 000 000 төгрөгийг нэмж нийтдээ 28 000 000 төгрөгийг Хаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Надад компани байгаагүй, би дэлгүүрийн зөвшөөрөлтэй гэж хэлээгүй. Анх ХХыг ирээд уулзахад нь дэлгүүрийн зөвшөөрөл өөр хүний нэр дээр гэж хэлж байсан. Гэтэл өөрөө зөвшөөрөөд хашаа байшин, дэлгүүрийг авахаар болж, 40 000 000 төгрөгөөр харилцан тохиролцоод зарсан, мөн барааны мөнгө түрээсийн мөнгө төлөгдөөд дансанд орж ирсэн мөнгөнөөс тооцоо нийлэхэд 2 000 000 төгрөг илүү төлөгдсөн болохоор нь буцааж өгсөн. Одоо бидний хооронд тооцоо байхгүй, хохирлын 13 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Хийн өр төлбөргүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Хаас 9 280 350 төгрөг гаргуулж, хариуцагч ХХад олгож, Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.3-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 18 719 650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58  дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч ХХын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХад олгож, хариуцагч ХХ нь сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлөх 222 950 төгрөгнөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Хийн өр төлбөргүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Хаас 9 280 350 төгрөг гаргуулж, хариуцагч ХХад олгохоор шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

Тус шүүх хуралдаан дээр ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХ тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай 81 м2талбайтай үл хөдлөх хөрөнгө болон 270 м2 талбайтай газрыг хариуцагч тал нь 35 000 000 төгрөгөөр, нэхэмжлэгч тал нь 40 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон  гэж мэтгэлцсэн байдаг бөгөөд Шүүх уг үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг талууд 40 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь үндэслэлтэй байна гэж дүгнэхдээ ямар нотлох баримтыг үндэслэсэн болохоо заагаагүй нь хууль зөрчсөн байна.

Шүүхээс үндэслэх хэсэгтээ ... зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг шилжүүлэх, хариуцагч хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж дүгнэсэн боловч Худалдах, худалдан авах гэрээ хэдийд байгуулагдсан, уг гэрээг ямар хэлбэрээр байгуулагдсанд дүгнэлт өгөөгүй хууль зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Х нь үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулахаар 2014 оны 3 дугаар сард зар өгсөн байдаг боловч зарын дагуу ирсэн хариуцагч ХХХХХХХ нь тухайн үед цалингийн зээлтэй байгаа учраас одоо эд хөрөнгөө худалдан авах боломжгүй, 9 сард зээл бүтэхээр худалдаж авьяа, харин дэлгүүрийг чинь тэр болтол түрээслүүлж ажиллуульяа гэсэн саналыг  тавьж уг саналын дагуу талууд дэлгүүрийг сарын 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, дэлгүүрийн бараандаа тооллого хийн, 6 800 000 төгрөгийн барааны үнээс 5 сая төгрөгийн барааны үнэ Хийн дансанд 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шилжин орсноор тус түрээсийн харилцаа 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилсэн байдаг. Гэтэл шүүхээс:

Хариуцагч ХХ нь 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хийн ХААН банкны дансанд үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахад урьдчилгаанд 5 000 000 төгрөг төлсөн гэж үндэслэлгүй юм.

Дээрхи мөнгийг хариуцагч ХХын дүү ХХХХХХоос 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Д.Хийн дансанд “орлого” гэсэн гүйлгээний утгатайгаар 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр барааны үнэнд шилжүүлсэн байдаг. Шүүх нэхэмжлэгчийг 6 800 000 төгрөгний бараатайгаа нотлоогүй учир хариуцагчийн төлсөн 5 сая төгрөгийг дэлгүүрийн барааны үлдэгдэл төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

ХХ, Х нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдаж урьдчилгаа төлбөр төлөх тохиролцоо хийгдээгүй бөгөөд энэ талаар нотлох баримт байхгүй байхад шүүх ийм дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Ямар ч иргэн 40 сая төгрөгөөр худалдах эд хөрөнгөндөө тавхан сая төгрөгний урьдчилгаа авч эд хөрөнгөө худалдахгүй нь ойлгомжтой.

Хариуцагч ХХ нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Энэ хүн 8 000 000 төгрөгний бараатай гээд байна. Тухайн үед 2 000 000 төгрөгний бараатай байсан. Бэр эгч болон ах ХХХХХХХХХХтэй нь хамт тоолсон гэж мэдүүлсэн мөртлөө 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр “Ах эгч 2 нь бүх бараагаа ачаад явсан” гэж зөрүүтэй мэдүүлэг өгч байгаагаас хариуцагч худал мэдүүлээд байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчээс хашаа байшинг газрын хамт түрээслүүлсний 7 сарын төлбөрт 3 500 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй, түрээсийн төлбөрийг төлж байсан гэсэн нь үндэслэлгүй, хариуцагч түрээсийн төлбөр биш зээлийн хүү гэж төлөлт хийгдсэн, Түрээсийн гэрээг нөхөж байгуулсан гэж зохигчид тайлбарласан тул талуудын хооронд түрээсийн гэрээг байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цалингийн зээлтэй байсны улмас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах боломжгүй байсан бөгөөд уг хугацаанд түрээслэх болсон нь хариуцагчийн “Би цалингийн зээлтэй байсан болохоор бэлэн мөнгө байгаагүй, тиймээс худалдан авахаар дахин зээл хөөцөлдөөд бүтээгүй, 9-10 дугаар сарын үед л цалингийн зээлээ төлөөд дуусахаар зээл авч мөнгөтэй болно” гэсэн тайлбар, талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдоно. Түрээсийн гэрээг нөхөж байгуулсныг түрээсийн гэрээ огт байгуулагдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй талууд гэрээг нөхөж байгуулсан гэж тайлбарласан болохоос түрээсийн харилцаа байгаагүй гэж мэдүүлээгүй. Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй байсан боловч хожим хуульд нийцүүлэн нөхөн байгуулсан байдаг.

Хариуцагчаас 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 10-ны хооронд шилжүүлсэн мөнгө нь нэхэмжлэгчийн зээлийн хүүнд гэсэн гүйлгээний утгатай байх тул түрээсийн мөнгө гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Хариуцагчийн тайлбарласнаар анхнаасаа сард худалдах, худалдан авах зээлийн төлбөрт 1 140 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон бол хариуцагч яагаад 570 000, 640 000, 550 000 гэх мэтээр төлбөр хийж, үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчээс гүйцээн төлж байсанд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. ХХтай анхнаасаа би зээлийн хүүнд сар бүр 1 140 000 төгрөг төлдөг, чи түрээсийн 500 000 төгрөг дээр барааны үлдэгдэл мөнгөнөөсөө нэмээд сар бүр миний дансанд хий үлдэгдлийг нь би төлж байя гэж тохиролцсоны дагуу мөнгө хийж байсан. ХХ нь миний зээлийн төлбөрөөс төлж байгаа гэдэг утгаараа зээлийн хүүнд гэсэн утгаар мөнгө шилжүүлдэг байсан.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийн үйл баримтыг зөв тодорхойлсон боловч, зохигчдын хоорондох харилцааг зохицуулсан Иргэний хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХад холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээ” дуусгавар болсон тул өр төлбөргүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “Худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу илүү төлөгдсөн 15 000 000 төгрөг, хохирол 13 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХ тоотод байршилтай, 270 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг 81 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамт 40 000 000 төгрөгөөр хариуцагчид худалдсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ “Өөрийн эзэмшлийн хашаа, байшинг газрын хамт шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул хариуцагч нь хашаа байшин, газрын үнэ болох 40 000 000 төгрөг, уг хашаа байшинг 7 cap түрээслэсний төлбөр 3 500 000 төгрөг, дэлгүүрийн үлдэгдэл барааны үнэ 6 800 000 төгрөг, нийт 50 300 000 төгрөг төлөхөөс 2 000 000 төгрөгийг илүү төлснийг тооцоо нийлж, хариуцагчид буцаан шилжүүлсэн тул өр төлбөргүй” гэсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д зааснаар гэрээний харилцаа дуусгавар болсон гэх агуулгатай байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, сөрөг нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “2014 оны 3 дугаар сарын 20-ноос 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 54 030 000 төгрөг /14 030 000 төгрөг + 40 000 000 төгрөг/ Хт шилжүүлснээс газар, хувийн сууцны үнэ, буцааж авсан мөнгө зэргийг хасаад илүү шилжүүлсэн 15 000 000 төгрөг, уг илүү шилжүүлсэн мөнгийг буцаан өгөөгүйгээс банкнаас авсан зээлээ буцааж төлөхийн тулд уг газар, хувийн сууцыг худалдан борлуулж, бусдаас байр хөлсөлж хохирол учирсан гэж 18 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөг гаргуулна” гэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгчид гэрээний үнийн дүнгээс илүү төлбөр үндэслэлгүй шилжүүлсэн гэж мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үндэслэлгүй авсан мөнгөө буцаан төлөх үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг шаардсан гэж тус тус үзэхээр байна.

 

Талууд 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулж, 270 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг 20 000 000 төгрөг, хувийн сууцыг 40 000 000 төгрөг байхаар тохиролцсон хэдий ч, нэхэмжлэгч газар, хувийн сууцыг нийт 40 000 000 төгрөгөөр өгч авалцахаар тохиолцсон гэж нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа бичсэнийг, хариуцагч 35 000 000 төгрөгөөр тохиролцсон гэж маргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн 40 000 000 төгрөгөөр газрыг хувийн сууцны  хамт худалдсан гэснийг зөвшөөрч, маргаагүй байна. /хэргийн 3, 33-34 дүгээр тал/

 

Төрийн банкнаас “Зээлийн гэрээ”-ний дагуу хариуцагчид шилжүүлэх мөнгийг, түүний нэхэмжлэгчтэй байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний төлбөрт тооцон шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч Х нь маргаан бүхий үл хөдлөхийн эд хөрөнгийг хариуцагч ХХын өмчлөлд шилжүүлсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн болон газар өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ. /хэргийн 4-5, 31-32 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Төрийн банкан дахь дансны хуулга, Хаан банкны мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлэг зэргээр хариуцагч нийт 51 280 350 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

 

Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний “Түрээсийн гэрээ” байгуулагдсан байх боловч нэхэмжлэгч нь хувийн сууцыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу дэлгүүрийн зориулалтаар, барааны хамт хариуцагчид шилжүүлэн өгсөн  болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй гэж шүүх дүгнэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Тиймээс хариуцагчийн шилжүүлсэн мөнгийг түрээсийн төлбөр, барааны үнэнд тооцсон гэх нэхэмжлэгч талын тайлбар, энэ үндэслэлээр давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх газар, хувийн сууцны үнэ 40 000 000 төгрөг, нэхэмжлэгчээс буцаан авсан 2 000 000 төгрөг, нийт 42 000 000 төгрөгийг хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 51 280 350 төгрөгөөс хасч, үлдэх 9 280 350 төгрөгийн хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг 18 719 650 төгрөг, үндсэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч бусадтай “Хувийн сууц хөлслөх гэрээ” байгуулсанд нэхэмжлэгч буруутай гэж үзэхгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар хариуцагч гомдол гаргаж маргаагүй болно.

 

Зохигчид “Худалдах худалан авах гэрээ”-ний үүргийг шаардаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу болжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/02427 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Хийн хариуцагчтай байгуулсан гэрээ дуусгавар болсон гэх үндэслэлээр өр төлбөргүй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаас 9 280 350 төгийг гаргуулж, хариуцагч ХХад олгож, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч  ХХын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 18 719 650 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Хийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 635 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                           А.МӨНХЗУЛ

 

                                                                                      С.ЭНХТӨР