Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0083

 

2019 оны 02 сарын 14 өдөр   

  Дугаар 221/МА2019/0083

Улаанбаатар хот

 

 

“Д т ү” ХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, С.С, Д.У, Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0729 дүгээр шийдвэртэй, “Д т ү” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар, тус газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч татварын улсын байцаагч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0729 дүгээр шийдвэрээр: “...Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 28 дугаар зүйлийн 28.1.9, 29 дүгээр зүйлийн 29.1.8, 74 дүгээр зүйлийн 74.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д т ү” ХК-иас гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 дугаар актын тогтоох хэсгийн 1.11 дэх хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 дугаар актын тогтоох хэсгийн 1.11 дэх хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 28 дугаар зүйлийн 28.1.9, 29 дүгээр зүйлийн 29.1.8, 74 дүгээр зүйлийн 74.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.2-т заасныг тус тус баримтлан “Д т ү” ХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, актын 1.8-д заасан 292.200.088.763,2 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх “актын 1.7, 1.12 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан “татварын залруулсан тайланг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, залруулсан тайланг хүлээн авахыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч компанийн татварын тайланг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, залруулсан тайланг хүлээн авахыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт даалгаж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 дугаар актаар ногдуулсан нийт торгууль, алдангиас татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор хассан үнийн дүнгээр тооцож 429.969.354,2 төгрөгийн торгууль, 256.385.410,8 төгрөгийн алданги, нийт 686.354.765,0 төгрөгийг өршөөн хэлтрүүлж нэхэмжлэгчийн төлөх нийт төлбөрийг 193.386.182,6 төгрөг болгож багасгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 дугаар актын 1.11 дэх хэсэг хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нар давж заалдах гомдолдоо: “...актын тогтоох хэсгийн 1.11 дэх хэсэгт заасан зөрчил нь 2011 онд дотоодод борлуулсан хүдрийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар дутуу ногдуулж, төсөвт төлж тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.1-д заасныг зөрчсөн гэж үзээд төлбөр ногдуулсан. Татвар төлөгчөөс дээрх дүн болон зөрчилд маргаагүй Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг илүү төлөлтөөс суутган тооцох боломжтой байхад их хэмжээний татвар ногдууллаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Хэрэв Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтөөс суутган тооцох боломжтой байсан гэж үзэж байгаа бол нөхөн татвар болох 84.236.769,5 төгрөгийг төлж, татвар төлөгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа их хэмжээний татвар бий болголоо гэдэг асуудал болох 60.917.504,7 төгрөгийн алданги торгуулийг өршөөлийн хуульд хамруулах үндэслэл бий болно. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь актын 1.11 дэх хэсэгт заасан зөрчилд маргаагүй гэж дүгнэсэн атлаа түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч нь төмрийн хүдэр, баяжмалыг дотоодын аж ахуйн нэгжид борлуулж, түүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дотоодын аж ахуйн нэгжид борлуулсан үнээс тооцож ногдуулсан байсан. Гэтэл төмрийн хүдэр, баяжмалыг Монгол Улсад ашигладаггүй бөгөөд худалдан авсан аж ахуйн нэгжүүд нь бүгд экспортод гаргасан нь гаалийн мэдүүлгээр нотлогдож байгаа.

“Д т ү” ХК-д өнөөдрийн байдлаар илүү төлөлт байхгүй байхын зэрэгцээ хэрэв илүү төлөлт үүсэх тохиолдолд энэ нь татварын хяналт шалгалтаар эцэслэн тогтоогддог зохицуулалттай. Тэгэхээр тайлангаар илүү төлөлт үүсээгүй, хяналт актаар тогтоогдоогүй нөхцөлд татварын илүү төлөлттэй гэж үзэх боломжгүй бөгөөд шүүхээс ямар төрлийн татварын илүү төлөлт үүсгээд буцаан олго гээд байгаа нь шийдвэрт тодорхой бус байна. Мөн ямар төрлийн хэдэн оны тайланг хүлээн авч залруулга хий гээд байгаа нь ч тодорхой бус. Нөгөө талаас татвар төлөгч нь хүссэн хугацаандаа тайланг өөрийн хүссэнээр засварлах боломжгүй, үнэхээр илүү төлөлт үүсч байгаа эсэхийг хянаж шалгасны үндсэн дээр татвар төлөгчид буцаан олгох эрх зүйн зохицуулалттай гэдгийг энд дурдах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгчээс тайланг ирүүлээгүй байхад хүлээн авахгүй байгаа нь хууль бус гэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь хэсгийн актын 1.8-д хамаарах хэсэг, 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болгож, өршөөлд хамруулах дүнг нь хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нар нь “Д т ү” ХК-ийн 2009-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 210003852 дугаар актаар[1] 10.602.294.746,1 төгрөгийн нөхөн татвар, 3.552.646.923,8 төгрөгийн торгууль, 2.092.197.583,5 төгрөгийн алданги, нийт 16.247.139.253,4 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Уг актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нараас Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянаад 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар тогтоолоор[2] дээрх актаар ногдуулсан төлбөрөөс 9.113.998.706,9 төгрөгийн зөрчилд ногдох 916.410.830,7 төгрөгийн нөхөн татвар, 274.928.249.7 төгрөгийн торгууль, 285.923.060,4 төгрөгийн алданги, нийт 1.477.262.140,8  төгрөгийн төлбөрийг хасч, 304.166.857.998,5 төгрөгийн зөрчилд ногдох 9.685.883.915,4 төгрөгийн нөхөн татвар, 3.277.718.674,1 төгрөгийн торгууль, 1.806.274.523,1 төгрөгийн алданги, нийт 14.769.877.112,6 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

“Д т ү” ХК-иас “маргаж буй актын 1.7, 1.8, 1.11, 1.12 дахь хэсгүүдийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн 2010-2017 оны татварын залруулсан тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, зарлуулсан тайланг хүлээн авахыг Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого, хяналтын газарт даалгуулах, уг актаар тавигдсан нийт торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулах”-ыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

1. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 дугаар актын 1.7, 1.12 дахь хэсгийн тухайд:

Актын 1.7 дахь хэсгээр “компани дотоодын хэрэгцээнд хэрэглэсэн өөрийн бүтээгдэхүүнийг борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлж, тайлагнаагүй 100.355.107,0 төгрөгийн зөрчилд 10.035.510,7 төгрөгийн нөхөн татвар, 3.010.653,2 төгрөгийн торгууль, 2.801.832,0 төгрөгийн алданги”, 1.12 дахь хэсгээр “Зулзагын амралтанд амарсан ажилчдад олгосон хөнгөлөлтийн борлуулалтын орлого 8.186.600,0 төгрөгийн, компани дотоодын хэрэгцээнд хэрэглэсэн өөрийн бүтээгдэхүүнийг борлуулалтын орлого 100.355.107,0 төгрөг, 2012 онд “Ган хүдэр орд” ХХК-д борлуулсан хүдрийн нунтаг баяжмалын 84.270.300,0 төгрөгийн борлуулалтын орлого, 2012 онд “Хөтөлийн Цемент шохой” ХК-д борлуулсан 4733.48 тн хүдрийн баяжмалын хаягдлын 18.741.900.0 төгрөгийн борлуулалтын орлого, 2012 онд “Талст өргөө” ХХК-д кран ашиглуулсны төлбөрийн 3.023.200,0 төгрөгийн борлуулалтын орлого, 2010 онд “Ган хүдэр орд” ХХК-аас авах авлагыг тооцохдоо тооцооны механик алдаа гаргасны улмаас 14.459.500,0 төгрөгийн борлуулалтын орлого, нийт 229.036.607,0 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгасан зөрчилд 56.893.360,7 төгрөгийн нөхөн татвар, 17.068.008,2 төгрөгийн торгууль, 15.564.691,7 төгрөгийн алданги”-ийг тус тус ногдуулсан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нараас шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “...давж заалдах гомдлын хүрээнд хянах ...үүрэгтэй” гэж заасны дагуу дүгнэлт өгөөгүй болно.

2. Маргаж буй актын 1.8 дахь хэсгээр “Дотоодын компаниудад худалдан борлуулсан төмрийн хүдэр, баяжмалын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дутуу ногдуулж төсөвт төлж, тайлагнаагүй 2011 онд 53.626.949.810,8 төгрөг, 2012 онд 77.097.485.680,1 төгрөг, 2013 онд 161.475.653.272,3 төгрөг, нийт 292.200.088.763,2 төгрөгийн зөрчилд 9.492.497.732,8 төгрөгийн нөхөн татвар, 2.847.749.319,9 төгрөгийн торгууль, 1.549.889.112,3 төгрөгийн алданги ногдуулсан байна.

Нэхэмжлэгчээс тухайн хэсгийн нэхэмжлэлийн үндэслэлээ “...дотоодын борлуулалтыг экспортын бүтээгдэхүүний борлуулалт гэж үзсэн нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...дотоодын зах зээлд борлуулсан гэж үзэх боломжгүй, түүнийг худалдан авсан аж ахуйн нэгжүүд нь бүгд экспортод гаргасан учраас татвараас зайлсхийх гэсэн оролдлого” гэж тус тус тайлбарлан маргасан ба анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:”, 47.2.2-т “дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн”, 47.2.3-д “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж тус тус зааснаас үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс дотоодод олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тогтоохдоо дотоодын зах зээлийн үнийг, эсхүл дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг тус тус үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр байна.

“Д т ү” ХК нь 2011-2013 онуудад 292.200.088.763,2 төгрөгийн төмрийн хүдэр, баяжмалыг дотоодын компаниудад худалдан борлуулсан гэдэгтэй хариуцагч маргадаггүй атлаа экспортын бүтээгдэхүүний борлуулалт гэж үзэн Олон Улсын зах зээлийн жишиг үнийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөд хүрчээ.

Хариуцагч татварын улсын байцаагч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нар давж заалдах гомдолдоо “...Төмрийн хүдэр, баяжмалыг Монгол Улсад ашигладаггүй бөгөөд худалдан авсан аж ахуйн нэгжүүд нь бүгд экспортод гаргасан нь гаалийн мэдүүлгээр нотлогдож байна” гэж дурдсан бөгөөд бусад аж ахуйн нэгжүүд нь худалдан авсан бүтээгдэхүүнийг экспортод гаргасныг нэхэмжлэгч компани олон улсын жишиг үнийн аргаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой гэж үзэх үндэслэл болохгүй тул уг гомдлыг хүлээн авах боломжгүй.

Анхан шатны шүүх актын 1.8-д хамаарах хэсгийг хангаж, 1.7, 1.12-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хамааралгүй, байхгүй хуулийн заалтыг бичсэн тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

3. Актын 1.11 дэх хэсгээр дотоодод борлуулсан хүдрийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар дутуу ногдуулж төсөвт төлж, тайлагнаагүй 2011 оны 842.367.695,3 төгрөгийн зөрчилд 84.236.769,5 төгрөгийн нөхөн татвар, 25.271.030,9 төгрөгийн торгууль, 36.646.473,8 төгрөгийн алданги ногдуулсныг анхан шатны шүүх “шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн” гэж үзэн уг хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Тодруулбал, нэхэмжлэгчээс дотоодод борлуулсан хүдрийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг дутуу ногдуулан төсөвт төлж, тайлагнаагүй 842.367.695,3 төгрөгийн зөрчил гаргасан гэдэгтэй маргаагүй байхад шүүхээс нэхэмжлэгч 2011 онд дотоодод борлуулсан төмрийн хүдрийг экспортын жишиг үнээр андуурч тооцсоноор 155.941.420 төгрөгийн татварыг илүү тайлагнасан тул дутуу ногдуулсан нөхөн татварыг татвар төлөгчийн илүү тайлагнасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнгээс хасч тооцох боломжтой, өнөөдрийн байдлаар татварын хяналт шалгалт хийгдэж байгаа, уг шалгалтын хүрээнд түүнийг зөвтгөх боломжтой гэж үзэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу юм.

Нэгэнт нэхэмжлэгч дотоодод борлуулсан хүдрийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг дутуу ногдуулан төсөвт төлж, тайлагнаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д заасантай нийцээгүй байх тул энэ хэсгийг хангах үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн “...нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь актын 1.11 дэх хэсэгт заасан зөрчилтэй маргаагүй гэж дүгнэсэн атлаа түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авахаар байна.  

Энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч компанийн Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.9-д заасан эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдахын сацуу актын 1.11 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаатай холбогдуулан шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хассан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

4. Анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, актын дүнг багасгасан Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор тогтоосон дүнгээс тооцож, торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлтэй, тооцооллын хувьд зөв байна. 

5. Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт холбогдуулан ““Д т ү” ХК-ийн 2010-2017 оны татварын залруулсан тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, залруулсан тайланг хүлээн авахыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шүүхээс шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгаж шийдвэрлэхээр байна.

“Д т ү” ХК 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт 1-1/2240 дүгээр албан бичгээр[3] “...2009 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус компаниас экспортод гаргасан болон борлуулсан төмрийн хүдрийн баяжмалд тооцсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг холбогдох хуулийн этгээдүүдтэй байгуулсан гэрээний үнээр тооцож, ногдуулсан татвараас хасч, суутган тооцоолол хийж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг тус газар хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 01/04 дүгээр албан бичгээр[4] “...өөрөөр хэлбэл “Алтайн хүдэр” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт төлөлтийн байдлыг татварын албанаас шалгаад илрүүлсэн зөрчилд татварын хуулийн тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулсан татварын улсын байцаагчийн актыг тухайн аж ахуйн нэгж хүлээн зөвшөөрөхгүй маргаан үүсгэж улмаар тухайн актыг шүүхээс хүчингүй болгосон нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх, татвар төлөхийг зогсоох үндэслэл болохгүй болно” гэх хариуг өгчээ.

Урьдчилан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэгч нь Татварын ерөнхий газрын даргад 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1-1/0261 дүгээр албан бичгээр[5] гомдол гаргасан байх бөгөөд тус газраас 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10/723 дугаар албан бичгээр[6] гомдлыг хүлээн авах боломжгүй талаар хариуг өгсөн байна.

“Д т ү” ХК нь өөрийн компанийн 2010-2017 оны татварын залруулсан тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, залруулсан тайланг хүлээн авахыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт даалгуулахыг хүссэн байх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид зохих журмын дагуу тайланг хүргүүлээгүй байхад шүүхээс залруулсан тайланг хүлээн авахыг хариуцагчид даалгах учиргүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт гаргасан 1-1/2240 дугаартай хүсэлтийг 2010-2017 оны татварын залруулсан тайлан гэж үзэх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, дээрх нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, илүү төлсөн татварыг суутган тооцуулах эрхтэй талаар дүгнэсэн атлаа залруулсан тайланг хүлээн аваагүй нь хууль бус гэжээ. Энэхүү тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “...одоогийн байдлаар тухайн оны тайлангуудаар тайлагнасан татвараа төлөөгүй байгаа, залруулсан тайлангийн дагуу төлнө” гэх тайлбарыг гаргаж байгаагаас үзвэл нэхэмжлэгч компани илүү төлсөн татваргүй бөгөөд суутган тооцуулах зохицуулалт хамаарахгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан илүү төлсөн татвараа суутган тооцуулах хүсэлтэд хариуцагч албан бичгээр хариу өгсөн байх бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь энэхүү хүсэлтээс зөрүүтэй байхад шүүх анхаараагүй нь буруу байна.    

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ “актын 1.9 дэх заалтын төлбөрийн хэмжээг багасгуулах” талаар дурдсан бөгөөд уг хэсгээ татан авах хүсэлтэй байгаа талаар “Д т ү” ХК-ийн захирал М.Отгонбаяр шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1-1/1710 дугаар албан бичгээр илэрхийлж, шүүх хуралдаанд тухайн хүсэлтээ дэмжсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг хэмжээг ...багасгах...” гэж заасан эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  хариуцагч татварын улсын байцаагч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0729 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 13 дугаар зүйлийн 13.11, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3.1, 7.3.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.2-т заасныг тус тус баримтлан “Д т ү” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 дугаар актын 1.8 дахь хэсгийг хүчингүй болгон, үлдэх “актын 1.7, 1.11, 1.12 дахь хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж

          3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Д т ү” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Д т ү” ХК-ийн 2010-2017 оны татварын залруулсан тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, залруулсан тайланг хүлээн авахыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж,

          5 дахь заалтыг хасч, 3, 6 дахь заалтын дугаарыг “2” “5” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч татварын улсын байцаагч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч “Д т ү” ХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ   

         ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

         ШҮҮГЧ                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-14 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-30 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-163 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-164 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-168 хуудас

[6] Хавтаст хэрэг 1-169 хуудас