Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/0080

 

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/0080

Улаанбаатар хот

 

 

А.Э-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн

Засаг даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                   Г.Банзрагч

Б.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/846 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0689 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 62 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0689 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/846 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 62 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 689 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 62 дугаартай магадлал нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг болон нотлох баримтыг буруу үнэлсэн, нотлох баримтгүйгээр үнэлэлт дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

4. Учир нь нэхэмжлэгч А.Э нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2004 оны 140 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хорооллын 40 дүгээр байрны баруун талд байрлалтай 576 м.кв хэмжээтэй үйлчилгээний зориулалттай газрыг 15 жилийн хугацаагаар олгосон.

5. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжаар иргэн А.Э-т дээрх газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар олгож, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2004 оны 140 дүгээр захирамжийн А.Э-тод хамаарах хэсгийг хүчингүй болгож, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг үйлчилгээтэй орон сууц болгон 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 689 шийдвэрээр А.Э-ийн 1998 оноос эзэмшүүлсэн газрын хэмжээ, байршил өөрчлөгдөөгүйн дээр уг газар дээрээ үйлчилгээний зориулалттай барилга барьж, 2003 онд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206004949 дугаарт өөрийн өмчлөлдөө бүртгүүлж, 102 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 6 дугаар сар хүртэл зориулалтын дагуу ашигласан болох нь дүүргийн Газрын албанаас ирүүлсэн нэгж талбарын 18622309531396 дугаартай талбарын байршлыг сансрын зурагтай давхцуулсан зургаас тогтоогдож байна... газраа зориулалтын дагуу бодитоор ашигласан, барилгыг буулгасан энэ хугацаанаас тооцох ... гэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ...анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж дүгнэсэн.

7. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамж нь үйлчилгээтэй орон сууц газрын зориулалтаар олгосон байхад өмнөх хүчингүй болсон захирамжийн дагуу бий болсон үйлчилгээний объектыг зориулалтын дагуу ашигласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох бөгөөд үйлчилгээ бүхий орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх олгосноос хойш 2 жилийн хугацаанд тухайн газарт барилга баригдаагүй нь хуульд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрх үүссэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдах үндэслэл болохгүй гэдэг нь дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

9. Учир нь тухайн газарт 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу 2 жил ашиглаагүй, мөн ойр орчмын байрны үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа, барилга барих боломжгүй, Хан-Уул дүүргийн Засаг даргаас Нийслэлийн Засаг даргад 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 01/338 албан бичгээр тухайн нутаг дэвсгэрт Газрын тухай хууль зөрчин олгосон, газар эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг болон бусад нотлох баримтыг харгалзан үзээгүй шүүх шийдвэр гаргасан билээ.

10. Иймд, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсгох ажиллагааг хэрэгжүүлэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/846 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримтлан хүчингүй болгосон нь үндэслэл бүхий байх тул шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв хэрэглэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

12. Нэхэмжлэгч А.Э-т анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 1998 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 40-р байрны урд 576 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, мөн Засаг даргын 2004 оны 140 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн хугацааг 15 жилээр сунгасан, 2014 онд нийслэлийн Засаг даргын А/502 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийг шинэчлэн баталгаажуулж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар уг газрын зориулалтыг үйлчилгээтэй орон сууц болгож өөрчлөн А.Э-т эзэмшүүлсэн үйл баримт тогтоогджээ.

13. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/846 дугаар захирамжаар ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ... гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч А.Э-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хариуцагчаас дээрх захирамжийг гаргахдаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн, мөн дээрх газруудад барилга байгууламж баригдвал үзэгдэх орчинг хаах, тухайн орчны иргэдийн ая тухтай, амар тайван амьдрах эрхийг ноцтой зөрчих нөхцөл байдал үүссэн тухай агуулга бүхий 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/338 дугаар албан бичгийг үндэслэсэн талаар тайлбарласан байна.

14. Нэхэмжлэгчээс ... 1998 оноос 2018 он хүртэл газраа бодитоор ашиглаж ирсэн, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр газрын зориулалтаа үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар ашиглахаар өөрчилж холбогдох байгууллагуудад хандан барилга барихад шаардагдах бүхий л техникийн нөхцөлүүдээ авч, барилга барих зөвшөөрлөө 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр авсан, барилга барихад зэргэлдээ орших Тулга-2 СӨХ-ны эсэргүүцэлтэй тулгарч өнөөдөр хүрсэн байхад энэ нөхцөл байдлыг тогтоолгүй газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус ... гэсэн үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан.

15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр МЗХ2018/16-12 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар авахаас эхлэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 139/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авах хүртэлх хугацаанд уг газрыг нийслэлийн Засаг даргын 2018 оны А/546 дугаар захирамжаар зөвшөөрсөн үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшихэд шаардагдах барилгын загвар зураг, техникийн нөхцөлүүдийг батлуулж авсан байна.

16. Үүнээс дүгнэвэл, нэхэмжлэгч А.Э- нь уг газраа 2018 оны 6 дугаар сард өөрчлөгдсөн шинэ зориулалтаар нь эзэмшиж эхлэх (барилгын ажил эхлүүлэх) шаардлага, нөхцөлийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэхэд хангасан байжээ. Гэвч зохих мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлийн дагуу барилгын ажил эхлүүлэх үед өөрөөс нь үл шалтгаалах нөхцөлөөс үүдэн барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон нь хэргийн оролцогчдын тайлбар, баримтаар тогтоогджээ.

17. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам-д зааснаар орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад тухайн орчны оршин суугчдаас санал авах шаардлагын дагуу зэргэлдээ орших нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц эзэмшигч, өмчлөгч нар, Тулга-2 СӨХ-ны эсэргүүцлийг харгалзах бодит шалтгааны улмаас нэхэмжлэгч А.Э- нь газраа шинэ зориулалтын дагуу эзэмших боломжгүйд хүрсэн байна. Ийнхүү Газрын тухай хуульд заасан 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу эзэмшээгүй нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй байхад хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

18. Нөгөө талаар, хариуцагч нийслэлийн Засаг дарга өөрөө уг газрын зориулалтыг өөрчлөх зөвшөөрөл олгосон бөгөөд хөрш зэргэлдээ орших нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчид зөвшөөрөөгүй учраас барилга барих боломжгүй болсны улмаас газраа хуучин зориулалтаар ашиглах хүсэлтээ[1] хариуцагчид илэрхийлж байжээ. Нэхэмжлэгч тухайн газрыг 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барих зориулалтаар эзэмших боломжгүй болсон нь уг газрыг өмнө нь эзэмшиж ирсэн зориулалт буюу зэргэлдээ орших оршин суугчдын эрхийг зөрчихгүйгээр эзэмших эрхийг хөндөх үндэслэл болохгүй байна.

19. Иймд, дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0689 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 62 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Ц.ЦОГТ

 

 

 

[1] Хавтаст хэргийн 13 дахь тал