Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
    Нэхэмжлэгч: Б.Лхагвасүрэн
    Хариуцагч: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Д.Гандолгор
    Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагчийн “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын зарим үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17\01\04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн, хариуцагч Д.Гандолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн 2015-2016 оны төлөвлөлт гүйцэтгэлийн байдалд аудит хийж “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар нь төрийн жинхэнэ албан хаагчид олгох мөнгөн тэтгэмжийн төлөвлөлт, зарцуулалтын талаар Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, журам стандартын шаардлагыг хангаж ажиллаагүй байна” гэж дүгнэсэн юм. Б.Лхагвасүрэн миний бие энэхүү дүгнэлтийг эс зөвшөөрч аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дээд шатны байгууллага болох Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт дээрх дүгнэлтийг хүчингүй болгуулах гомдлыг гаргасан бөгөөд Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас уг гомдлыг хянан үзээд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12-1\6720 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн болно. 
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 17\01\04 дүгээр дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Д.Оюунчимэгт олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжийн 25,270,3 мянган төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Лхагвасүрэнгээр төлүүлэх нэхэмжлэлийг Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Энэ нэхэмжлэлийг гаргахдаа үндэслэл болгосон “Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын зарим үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Д.Гандолгорын гаргасан 17\01\04 дүгээр дүгнэлтийн улмаас аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Лхагвасүрэн миний эрх ашиг хөндөгдөж байна.
Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Д.Гандолгор нь дээрх дүгнэлтийг гаргахдаа Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг мөрдөөгүй дүгнэлт нь хууль бус байх тул “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын зарим үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17\01\04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
        Хариуцагч Д.Гандолгор шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас чиг үүргийнхээ дагуу аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу тусгайлсан аудитыг хийж, байгууллага албан тушаалтнаас үйл ажиллагааны тодорхой зорилтыг хэрэгжүүлэх, бусад байгууллагатай харилцах явцад үүсч, хөтлөгдөж буй зохион байгуулалтын баримт бичиг болох дүгнэлтийг гаргасан болно. Аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн 2015-2016 оны төлөвлөлт, гүйцэтгэлийн байдалд албанаас дотоод аудит хийхдээ батлагдсан удирдамжийг 2016 оны 8 дугаар сарын 11-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Лхагвасүрэнд танилцуулж, ажлаа эхэлсэн. Аудитын явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзсэн Б.Лхагвасүрэн, Д.Оюунчимэг, Д.Даваасүрэн, Ц.Цэнд-Очир нартай утсаар холбогдох болон биечлэн уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг тайлбарлан хэлж, тайлбар, санал гаргах боломжоор хангаж ажилласан. Энэ талаар дотоод аудитын ажлын тайланд тусгасан. Тус тайланг дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандарт /ДАМПОУС/-ын дагуу тайлагнадаг. Удирдамжийн дагуу аудитын ажлыг хийж, ажлын баримтыг үндэслэн тайлагнаж, дүнг аймгийн Засаг дарга түүний тамгын газарт 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газарт мөн үүгээр аудитын ажлын тайлан хүргэгдсэн.
Иймд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Гандолгор би хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд аудитын үйл ажиллагааг явуулж, шийдвэрлэсэн. Нэхэмжлэлд дурдсанаар Захиргааны ерөнхий хуулийн заалтыг зөрчөөгүй гэжээ.
Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлагч байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17/01/04 дүгээр дүгнэлтийг миний бие дараах үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6.-д бусдын эрх, хууль ёсны  ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан бөгөөд улсын байцаагч нь дүгнэлт гаргахдаа ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн оролцоог хангах ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Мөн тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид оролцогч/ захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд  татан оролцуулсан этгээдийг ойлгоно”. гэж заасны дагуу миний бие тус захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогч юм.  Энэ  хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэсний дагуу шийдвэр гаргах ажиллагаанд бүрэн оролцох  эрхтэй бөгөөд тухайн захиргааны байгууллага шийдвэр гарахаас өмнө оролцогч этгээдийг тодорхойлж шийдвэр гаргах ажиллагаанд оролцох оролцоог нь хангаж өгөх ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсэн бөгөөд 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлэх ёстой. Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтад “Хорь буюу түүнээс доош этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж заасан байтал надад ямар нэгэн сонсох ажиллагааны талаар мэдэгдэл ирээгүй. Энэ нь захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж заасан бөгөөд энэхүү шалгалтыг миний бие урьдчилан дүгнэлтийн дагуу түүнийгээ батлах замаар хийгдсэн шалгалт гэж үзэж байна. Мөн тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт “Хяналт шалгалт эхлэхээс өмнө  эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэж заасан байтал тус шалгалтыг хийсэн улсын байцаагч нь хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгалтын зорилгыг танилцуулаагүй бас удирдамж болон хяналтын хуудасны нэг хувийг өгөлгүйгээр хяналт шалгалт хийсэн. Түүнчлэн дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэж, нэг хувийг шалгаруулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана” гэж заасан. Мөн 5 дугаар зүйлийн 5.9.3 дахь хэсэгт шалгуулагч этгээдийн санал хүсэлтийг тусгахаар заасан ч тус байцаагч нь дүгнэлтээ миний санал хүсэлтийг огт тусгаагүй болно. 
Тус байцаагч гаргасан дүгнэлтдээ: Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оюунчимэг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хэрнэ тухайн үедээ хүсэлтэй гаргаагүй бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргад, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нарт хандан өндөр насны тэтгэвэрт гарах хувийн өргөдөл хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг албан тушаалтнууд хүлээн авч  Тамгын газрын 2016 оны төсвөөс 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 585 тоот төлбөрийн хүсэлтээр Д.Оюунчимэгт тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж нэрээр 25.3 сая төгрөг олгосон нь төрийн албаны тухай хууль болон төрийн жинхэнэ албан хаагчид олгох мөнгөн тэтгэмжийн төлөвлөлт зарцуулалтын талаар Монгол улсын хууль тогтоомж зөрчсөн хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх эрхтэй гэж зохицуулсан байгаагаас үзэхэд ажилтан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нь тэтгэвэр авах эрх үүсч байгаа хэлбэр гэж үзэж болохоор байна. 
Иймээс Д.Оюунчимэг нь өөрийн хүсэлтийг гаргасны дараа Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын зүгээс ажлаас чөлөөлж тэтгэвэрт гаргах эсхүл төрийн албанд цаашид ажиллуулах эсэхийг шийдвэрлэх хууль зүйн боломж нээгдэх юм. Д.Оюунчимэг нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын тамгын газрын даргад тус тус хандан өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан бөгөөд манай байгууллагын зүгээс тухайн хүсэлтийг хүлээн авч 2016 ны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар  ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Иймээс тус байцаагчийн дүгнэлтэд дурдсанаар Д.Оюунчимэг тухайн үед тэтгэвэрт гарах хүсэлтээ өгөөгүй нь тэтгэвэрт гарах эрх үүсээгүй хэмээн дүгнэсэн нь  хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Учир нь  Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунчимэгийн тэтгэвэрт гарах эрх 55 нас хүрснээр үүссэн байна. 
Тухайн байцаагч дүгнэлтдээ: 2016 онд 48.9 сая төгрөг батлагдсаны 23.6 сая төгрөгийг төсөвлөсөн 1 ажилтны тэтгэмжид  олгож, үлдэх 25.3 сая төгрөгийг төсөвлөөгүй ажилтанд буюу аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 585 тоот төлбөрийн хүсэлтээр Д.Оюунчимэгт тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж нэрээр олгосон гэж дүгнэсэн. Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т Төрийн албан хаагч тэтгэвэр, тэтгэмж авах гэж заасан байдаг. Иймээс манай байгууллагын зүгээс 2016  оны төсөв суугдсан төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох 48.9 сая төгрөгийн үлдэгдэл 25.3 сая төгрөгөөс Д.Оюунчимэгт олгох 25.3 сая төгрөгийн тэтгэмжийг олгосон. Энэ нь хууль зүйн хувьд ямар нэгэн зөрчилгүй болно. 
Мөн тус байцаагч дүгнэхдээ: Монгол улсын Засгийн газрын 2014 оны 405 тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 8 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана” гэснийг зөрчсөн байна гэж дүгнэсэн байсан. Манай байгууллагын зүгээс  Д.Оюунчимэгт олгосон тэтгэмжийг Монгол улсын Төсвийн тухай хуульд нийцүүлэн 2015 оны төсөвт баталсан хөрөнгөөс буюу төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжид 2016 онд нийт 48.9 сая төгрөг батлагдсаны үлдэгдэл 25.3 сая төгрөгийг олгосон нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. Энэ нь сангийн яамны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3-3/6425 тоот албан бичигт дээрх эх үүсвэрийг 24686.3 мянган төгрөгөөр баталсан. Байгууллагын 2015 оны төсөвт тусгагдаагүй дүнг 2016 оны төсөвт тусган баталсан болно. Сангийн яамнаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Д.Оюунчимэгт 2015 оны төсөвт тусгагдаагүй дүнг 2016 оны  төсөвт тусган баталсан тухай 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3-3/6425 тоот албан бичгээр мэдэгдсэн. Энэ дагуу иргэн Д.Оюунчимэг нь 2015 оны төсөвт тусгагдаагүй дүнг нь энэ онд авах боломжтой байна гэснээр тус тус нотлогдож байна.
Иймд Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17/01/04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв. 
Хариуцагч Д.Гандолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 дугаар сарын 11-ны өдөр удирдамж боловсруулж энэ өдрөө Засаг даргын тамгын газрын даргын өрөөнд орж мэдэгдсэн. Өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээрээ танилцуулсан мэдэгдсэн талаар тэмдэглэсэн байгаа. Бусад холбогдох хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж, утсаар холбогдож ярилцаж тайлбарыг нь авч ийм асуудал үүссэн талаар ярилцсан байгаа. Тэтгэмжтэй холбоотой ямар санхүүгийн анхан шатны баримт бичиг үүссэн энэ бүгдийг авчирч тал бүрээс нь харуул гэж хэлсэн.  Энэ тухай дотоод аудитын тайланд тусгасан. Удирдамжийн ажиллагаа дуусаад аймгийн Засаг даргад болон тамгын газарт тайлангаа албан бичгээр хүргүүлсэн. Аймгийн Засаг дарга тайлантай танилцаад нягтлан бодогчид өгсөн байсан. Тухайн үед Б.Лхагвасүрэн дарга байхгүй байсан. Байхгүй байхаар нь аймгийн Засаг даргад тайлангаа хүргүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт урьдчилсан дүгнэлт гаргаж түүнийг батлах замаар хяналт шалгалт хийхийг хориглоно гэж заасан байгаа. Энэ бол улсын байцаагчийн хориглох заалт байгаа. Бид нарын хувьд урьдчилан дүгнэлт гаргаад түүнийгээ батлах замаар ажилладаггүй. Бид анхан шатны баримтад тулгуурлан үнэлгээ дүгнэлтээ өгдөг. Тэрнээс батлах маягаар ажиллаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Хяналт шалгалтын удирдамжийг би Б.Лхагвасүрэн даргын өрөөнд нь орж танилцуулсан. Манайх мэргэжлийн хяналтын байгууллагаас 2014 онд Засгийн газрын тогтоол, шийдвэрээр тусдаа гарч аймгийн Засаг даргын харъяа алба болж ажилласан байгаа. Үүнээс хойш хяналтын хуудсыг хэрэглээгүй. Хэрэглэх эрх зүйн үндэслэл байхгүй. Шалгалтын тэмдэглэлийг 2 хувь үйлдэж гарын үсэг зуруулаагүй гэж ярьж байна. Манай санхүүгийн хяналт аудитын алба уг үүргийнхээ хүрээнд санхүүгийн хяналт шалгалт дотоод аудит гэсэн 2 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Тэтгэмжтэй холбоотой Засаг даргын тамгын газар хийгдсэн асуудал удирдамжаараа дотоод аудитын ажиллагаа хийгдсэн. Дотоод аудитын шалгалтад тэмдэглэл бичдэггүй, тайлан бичих ёстой байдаг. Би тайлангаа бичсэн. Санхүүгийн хяналт шалгалт хийсэн тохиолдолд тэмдэглэл бичих ёстой байдаг. Хүсэлтээ гаргасны дараа тэтгэмжийг нь олгосон хууль зөрчөөгүй гэж ярьж байна. Улсын ахлах байцаагчийн хувьд ямар үндэслэлээр дүгнэсэн бэ гэхээр “Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Д.Оюунчимэг нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 55 нас хүрсэн байгаа. 2015 оны төсөвт тамгын газраас төсвийн шууд захирагч нар 2015 оны төсөвтөө 3 ажилтны нэрээр төсөвлөж явсан. Энэ нь тэтгэвэрт гарах насанд хүрмэгцээ тухайн ажилтан төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлтээ гаргах насанд хүрсэн тохиолдолд хүсэлтээ гаргах зайлшгүй шаардлагатай гэж хуульд зааж өгсөн байдаг. Үүнд тухайн ажилтан хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд гаргахад эрх бүхий албан тушаалтан цааш нь ажиллуулах, тэтгэвэрт нь гаргаж тэтгэмжийн асуудлыг шийдэх талаар шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл шийдвэр гаргаагүй. 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Засаг даргад болон тамгын даргад хүсэлтээ гаргасан байсан. Д.Оюунчимэг даргыг 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тамгын газрын даргын тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг үндэслэн чөлөөлсөн байдаг. Тухайн үед тэтгэвэр тэтгэмжийн ямар нэгэн асуудал яригдаагүй. 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр эгүүлэн ажилд нь томилсон байдаг.  Төрийн албаны тухай хуулийн тайлбарт тэтгэвэрт тогтоолгох насанд хүрсэн хүнийг юу гэж үзэх вэ гэхээр тухайн иргэнийг иргэний үнэмлэх дээр байгаа хугацаагаар тооцно гэж заасан байдаг. Нэг удаагийн тэтгэмж авах эрх үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.  Энэ  дээр 2015 онд хоёр ажилтанд 47,000,000 төгрөг төсөвлөж, 2016 онд 48,9 сая төгрөг төсөвлөөд 23.6 сая төгрөгийг нь 3 сард нэг ажилтанд олгож, үлдсэн мөнгийг нь Д.Оюунчимэг даргад олгосон байдаг. Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.2 дахь хэсэгт зааснаар Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах зарцуулалтад хяналт тавих бүрэн эрхтэй. Төсвийн шууд захирагч нь төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар төсвийг тухайн байгууллагынхаа сар улирлын хуваарийн дагуу батлуулах ёстой байдаг. Энэ хүрээнд сангийн сайдын 2013 оны 73 тоот тушаалаар журмыг боловсруулж төсвийн сар улирлын төсвийг баталж гаргасан байдаг. Төсвийн шууд захирагч хүн төсвийн зарцуулалт бүрдүүлэлтэд тавих хяналтыг төсвийн сар улирлын батлагдсан хуваарийн дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Тухайн 2015 оны төсвийн сар улирлын хуваарьт санхүүгийн ахлах мэргэжилтэн Даваасүрэн, хяналт шалгалтын үнэлгээний мэргэжилтэн Бямбасүрэн нарт энэ ондоо тэтгэмж өгнө гэдэг байдлаар төсөвлөж батлуулсан байдаг. 2016 онд хяналт шалгалтын үнэлгээний дарга Чадраабал, санхүү төрийн сангийн бүртгэлийн мэргэжилтэн Пүрэвсүрэн нарт  тэтгэмж олгоно гэж баталсан байсан. Сангийн яаманд Д.Оюунчимэг даргын  тэтгэмжийн асуудал 2015 онд хянагдсан. Эх үүсвэр нь батлагдаагүй. 2016 онд тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой Засгийн газрын 5 дугаар тогтоолоор тухайн төсөв захирагч нар төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжтай холбоотой төсвийг жил бүрийн төсөвт тусгана гэж зааж өгсөн. Архангай аймгийн тамгын газраас тухайн ажилтанд тэтгэвэр тогтоолгох нэг удаагийн тэтгэмжийн асуудлыг судалж шийдвэрлээгүй нь төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг, Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчид буцалтгүй тусламж олгох журмын 9 дүгээр зүйл төрийн жинхэнэ албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг нь хянаж үзсэний үндсэн дээр төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байна. Д.Оюунчимэг даргыг ажилд томилсон шийдвэрүүдийг үзсэн. Үүнд 2012 онд анх  томилох шийдвэр гаргахдаа Монгол улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн түр орлон гүйцэтгэгчийн журмыг үндэслэн тухайн үед албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон байсан. Үүн дээр миний зүгээс түр орлон гүйцэтгэгчийн хугацааг шийдвэртээ тусгаж өгөөгүй. Түр орлон гүйцэтгэгчээр томилоод 4 жил ажилласан. Түр хугацаа гэдэг нь ямар хугацаа байдаг юм бэ үүн дээр тамгын газрын дарга Д.Оюунчимэг даргыг  түр томилсон шийдвэртээ хугацааг зааж өгөх ёстой байсан. Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох тухай хуулиар зохицуулсан байдаг. Түр орлон гүйцэтгэж байгаа албан тушаалтанд олгох нь үндэслэлтэй эсэх талаар хууль зөрчсөн байна гэж үзээд манай байгууллагаас дүгнэлт өгсөн байгаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
    Иргэн Б.Лхагвасүрэнгээс Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад /цаашид аудитын албаны дарга гэх/ холбогдуулан “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагчийн “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын зарим үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17\01\04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
    Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Д.Гандолгор аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн 2015-2016  оны төлөвлөлт гүйцэтгэлийн байдалд аудит хийж 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17/01/04 дүгээр дүгнэлтийг бичжээ .
    Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Оюунчимэгт тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгохдоо Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам” -ыг зөрчөөгүй гэжээ. Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газар тухайн ажилтанд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохдоо Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2. “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. ... .”, Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 8 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана.”, 9 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг нь хянаж үзсэний үндсэн дээр төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж маргажээ.
    Иргэн Д.Оюунчимэг нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/139 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад  2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад гаргаж  аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Д.Оюунчимэгийг төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/55 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна .
    Ирэн Д.Оюунчимэг нь 1959 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1. “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж заасан хуулийн дээрх шаардлагуудыг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хангажээ . 
    Төрийн жинхэнэ албан хаагчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох харилцааг Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-аар зохицуулсан байна. 
    Ирэн Д.Оюунчимэг нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлтэй байна.
    Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл. “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх,” 24.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:”, 24.1.1. “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;”, 24.2. “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. ... .” гэж тус тус заажээ.
    Хуулийн дээрх заалтуудын дагуу иргэн Д.Оюунчимэг төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад гаргаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. 
    Иргэн Д.Оюунчимэг нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах талаар хүсэлтээ гаргаагүй байна. Төрийн байгууллага болон эрх бүхий албан тушаалтнаас төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тохиолдолд дээрх хүсэлтүүдийн аль нэгийг гаргахыг шаардах хуулийн зохицуулалт байхгүй байна.
    Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл. “Төрийн албан хаагчид олгох тусламж”, 30.2. “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. ... .”, Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 8 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана.” гэж тус тус заажээ.
    Хууль, журмын дээрх заалтуудын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас иргэн Д.Оюунчимэгийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхэд нь буюу 2015 оны төсвийн төсөлд иргэн Д.Оюунчимэгт олгох нэг удаагийн буцалтгүй тусламжид шаардагдах хөрөнгийг тусган сангийн яамаар хянуулсан байна   .
    Иргэн Д.Оюунчимэг нь 2015 онд өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөгүй тул нэг удаагийн буцалтгүй тусламжийн олгоогүй байна. 
    Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд иргэн Д.Оюунчимэг нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх тул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны төсвийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн зардалд тусгагдсан 48.862.800 төгрөгийн зардлаас  иргэн Д.Оюунчимэгт 25.270.353 төгрөгийг олгосон нь нэг удаагийн буцалтгүй тусламжаар олгох хөрөнгийг тухайн байгууллага нь тухайн жилийнхээ төсөвт тусгалгүйгээр олгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. 
    Иймд дээрх үндэслэлүүдээр Архангай аймгийн Засаг даргын тамгын газар нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Оюунчимэгт тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгохдоо Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзэн, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагчийн “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын зарим үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17\01\04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1., 24.2., 30 дугаар зүйлийн 30.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагчийн “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын зарим үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17\01\04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ГАНБАТ