Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 04

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч Т.Б-,

Хохирогч Г.Б-нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт М-ын М-д холбогдох эрүүгийн 1805000000000 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,  ам бүл 3, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө 19-14 тоотод оршин суудаг, урьд авсан ял шийтгэлгүй И овогт М-ын

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.М- нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний орой Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Видов” зочид буудлын гадна иргэн Т.Б-тай зодолдож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М- мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 19-ний үед 22 цагийн үед Заамараас ирсэн. Тэгээд найз нартайгаа уулзахаар Б-, Золжаргал, Тэлүүгэн, дүү Энэрэл нартай Зайсангийн пабад ороод ХУД-ийн Пийс бридж лонжид сууж байгаад гараад тарахаар болсон.

Б- согтсон тул Тэлгүүгэн гэрт нь хүргэж өгөх гэтэл явахгүй гэсэн. Тэгээд хамт такси бариад Төмөр зам явах замд Б-тай төлбөр тооцооноос маргаан эхэлсэн. Тухайн үеийн бүх тооцоог би хийж байсан. Бид хоёр ярилцаж байхдаа аав нарынхаа тухай ярьж байсан. тэгээд аав маань нас бараад удаагүй байсан тул Б-ы хэлж ярьж байгаа зүйл таалагдахгүй тул таксинаас буугаад ир гээд зодолдож маргалдахгүйгээр ярилцахаар байсан ба тэврэлдэж байхдаа тэнцвэр алдаж унасан. Тухайн үед би хөлөндөө гэмтэл авч гипсдүүлсэн байсан. Бид 2 муудалцаж эхлэхэд найзууд салгасан” гэв.

 

Хохирогч Г.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 19-ний 23 цагийн үед М- залгаад Зайсан орсон. Тэнд архи уугаад Пийс бридж ороё гээд явсан. Лонжид ороод архи авч ууцгаасан ба намайг тооцоог хийх гэхэд Батаа гэж найз хэрэггүй гэж хэлсэн. Тэлүүгэн дуудсан учраас ирсэн байсан.

Яагаад М- надтай муудалцсаныг би ойлгохгүй байгаа. Гэнэт М- таксиг зогсоочих гээд намайг буугаад ир гэхээр нь юу хэлэх гэж байгаа юм бол гэж бодоод буусан. Бид хоёр олон жил найзалсан ба удаан уулзаагүй тул сэтгэл хөдлөл их байсан. Тухайн үед би өөрийгөө хамгаалсан ба М- над руу их дайрсан ба хамт явсан хүмүүс хориглож байсан” гэв.

 

Хохирогч Г.Б-мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэгээд бид тав такситайгаа төмөр зам орчим явж байтал маргаан юунаас болсныг санахгүй байна, М- зүгээр явж байсан таксиг зогсож бай гэж хэлээд таксийг зогсоогоод бууцгаасан. Тэгээд М- надруу уурлаад зодох гэж дайраад миний толгойны зүүн талруу гараараа  3-4 удаа цохих үед манай найз Тэлүүгэн, Энэрэл нар М-ийг арай гэж надаас салгасан. Тэгээд би М-эс салаад М-д гомдсон хэдэн үг хэлээд явсан. Тэгээд би гэртээ хариад М-ийг эрүүл саруул болсон хойноо уучлалт гуйгаад ярих болов уу гэж бодож байтал надруу шал танихгүй 99894763 гэсэн дугаараас өөрийгөө тусгайд ажилладаг гээд нэг эрэгтэй хүн намайг “чи муу манай дүүг аавгүй гээд дэээрэлхээд байна уу, чамайг би эцэг эхгүй болгож чадна шүү гээд дарамталаад байсан болохоор би цагдаад хандсан. Бид нар таксинд суугаад явж байхад М- намайг 2016 онд Их дэлгүүрийн подвольд байдаг Аригун гээд Лоунжид сууж байхдаа хүнд зодуулсан байхад чинь очиж, зодсон хүмүүсээс чинь өмөөрч байсан биздээ гэж яриад байхаар нь би М-д найз нь тэнд хүнд зодуулсан юм байхгүй, тэнд намайг зодсон хүн ч байгаагүй гэж хэлсний төлөө уурласан байх гэж бодож байна. М- намайг дандаа баруун гараараа 4-5 удаа толгой орчим цохисон. Бас М- намайг зодох үедээ газар унагааснаас миний баруун хөлийн өвдөг орчим мөгөөрсөн эдийн гэмтэл учирсан байгаа...” гэжээ. /хх 17/

 

Гэрч Н.Э- мэдүүлэхдээ: “...Ингээд бид нар бөөнөөрөө Төмөр зам руу явж байтал машин дотор М- Б- хоёр маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр машинаас буугаад хоорондоо барьцалдаж аваад ноцолдоод байхаар нь бид нар тар хоёрыг салгасан. Тэгээд салгаад М-ийн хөлийг бэхжүүлэгч нь суларсан байсан учраас түүнийг зүүж өгөөд түүнийг аваад түрүүлээд такси барьж гэрт нь хүргэж өгсөн. Нөгөө залуус мөн такси бариад бид нар хоёр тийш салаад явсан. М-ийг гэрт хүргэж өгчихөөд би гэртээ харисан. Б- М- хоёр зуралдаад зам дээр өнхрөөд байсан. Салгах гэхэд салж өгөхгүй бид босготол тэр хоёр салсан. Хэн нь хэнийгээ яаж цохисныг би хараагүй. Тэр хоёр нэлээд халамцуу байсан. тэр хоёр богинохон хугацаанд ноцолдоод салсан..” гэжээ. /хх 21/

 

Гэрч Б.Т- мэдүүлэхдээ: “...явж байтал М- тоглоомоор би та нарыг мөнгөөр зодож чадна шүү гээд тоглоомоор хэлсэн. Гэхдээ М- ингэж дандаа тоглоомоор хэлдэг. Тэгээд цааш явж байтал Нарны гүүрний зам дээр явж байх үед нэлээд хэсэг хугацааны дараа “маньд нь бол мөнгө байхгүй, гэхдээ чамайг би нэр төрөөр зодож чадна шүү” гэж хэлсэн. Тэгтэл М- юу гэнээ гээд нэлээд дурамжхан дуугараад таксийг зогсохыг шаардахад жолооч нэлээд явж байгаад зогсоход Энэрэл түрүүлж буугаад дараа нь М- буусан. Энэ үед Б- буух гэхээр нь би яах гээд байгаа юм бэ гээд буулгахгүй байхыг хичээтэл мань бууя гэхээр нь буулгасан. Тэгтэл Б- М-ийг хавирч унагаагаад Б- дээр нь гарч суугаад Б- М-эс одоо болих уу гэж асуусан. Тэгээд Б- М-ийн дээрээс татаж босгоод бас М-ийг газраас өргөж босгосон. Тэгтэл Б- М-д “мань чинь чамайг аавыг чинь өнгөрөхөд сэтгэлийг чинь хуваалцсан биз дээ” гэхэд М- “чи миний аавын талаар энд ярихгүй шүү, чиний аавыг бодвол нэр төртэйгээр хөдөлмөрлөж яваад нас барсан, чиний аав шиг луйварчин биш шүү” гэж хэлсэн. Тэгтэл Б- М- тэр хоёр дахиад барьцалдаад бие биенийгээ цохиод эхэлсэн. Б- гэхдээ М-ийг нэг их цохиогүй биеэ хамгаалах байдалтай байсан. ингэж байгаад дахиад тэр хоёр газар давхарлагдаж өнхрөөд байхаар нь бид нар дахин салгасан. Би Б-ыг тэврээд Энэрэл М-ийг тэвэрчихсэн байхад бас үргэлжлүүлээд маргалдаад байсан. М- ална шүү пизда минь гээд орилоод байсан. Харин Б- болохоор М-ийг чи Ардчилсан намын пизда гээд орилоод байсан. Тэгээд Энэрэл Золоо бид нар хоорондоо ярилцаад эв зүйг нь олж дийлэхгүй юм байна гээд аваад явцгаая гээд би Б-ыг аваад Энэрэл Золжаргал М- гурав тэр 3 үлдсэн. М- Б-ы дээр нь гараад суучихсан үед эсэргүүцээд сарвалзаад байсан, гэхдээ хаана нь яаж онож цохисныг мэдэхгүй байна. Харин дараа нь М- Б-ы зүүн чих зүүн шанаа орчим нэлээд хүчтэй цохисон. Мөн хөл рүү нь 1,3 удаа өшиглөж харагдсан. Учир нь М- нь өөрийг нь хориглосон найзынхаа дээгүүр давж ирээд цохисон. Зодооны дараа нь Б-ы зүүн чихэнд цус хураад нэлээд улайсан нурууны ар хэсгээр дал орчим зулгарсан шархтай бас хөл гишгэхэд эвгүй байна гэсэн мөн зүүн шанаа нь хөхөрсөн байсан. Би гэрт нь оруулаад түүн дээр нь хүйтэн жин тавьж өгсөн...”  гэжээ. /хх 22-23/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7788 дугаар дүгнэлт: “1.Т.Б-ы биед баруун өвдөгний гадна менискийн бүрэн урагдал баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал зүүн чихний ар хөхлөг орчмын хэсэг, зүүн чихний дэлбэн эрүү зүүн шанаа хэсэгт цус хуралт зөөлөн эдийн няцрал зүүн сарвуунд цус хуралт зулгаралт цээж зүүн мөрөнд цус хуралт дух нуруу баруун гарын сарвуунд зулгаралт толгойн орой хэсгийн хуйханд улайлт гэмтэл тогтоогдлоо. 2.3. дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 6. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..” гэжээ. /хх 26/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7797 дугаар дүгнэлт: 1. М-ийн биед дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл ь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх 27/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54/

Хохирлын баримтууд /хх 28-29/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.М- нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний орой Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Видов” зочид буудлын гадна иргэн Т.Б-тай зодолдож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Т.Б-ы: “...М- зүгээр явж байсан таксиг зогсож бай гэж хэлээд таксийг зогсоогоод бууцгаасан. Тэгээд М- надруу уурлаад зодох гэж дайраад миний толгойны зүүн талруу гараараа  3-4 удаа цохих үед манай найз Тэлүүгэн, Энэрэл нар М-ийг арай гэж надаас салгасан. ...М- намайг дандаа баруун гараараа 4-5 удаа толгой орчим цохисон. Бас М- намайг зодох үедээ газар унагааснаас миний баруун хөлийн өвдөг орчим мөгөөрсөн эдийн гэмтэл учирсан байгаа...” гэх мэдүүлэг /хх17/,

Гэрч Н.Э-ийн: “...Төмөр зам руу явж байтал машин дотор М- Б- хоёр маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр машинаас буугаад хоорондоо барьцалдаж аваад ноцолдоод байхаар нь бид нар тар хоёрыг салгасан. Тэгээд салгаад М-ийн хөлийг бэхжүүлэгч нь суларсан байсан учраас түүнийг зүүж өгөөд түүнийг аваад түрүүлээд такси барьж гэрт нь хүргэж өгсөн. ...Б- М- хоёр зуралдаад зам дээр өнхрөөд байсан. Салгах гэхэд салж өгөхгүй бид босготол тэр хоёр салсан. Хэн нь хэнийгээ яаж цохисныг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх 21/,

Гэрч Б.Т-ий: “...Б- М-ийг хавирч унагаагаад дээр нь гарч суугаад Б- М-эс одоо болих уу гэж асуусан. Тэгээд Б- М-ийн дээрээс татаж босгоод бас М-ийг газраас өргөж босгосон. Тэгтэл Б- М-д “мань чинь чамайг аавыг чинь өнгөрөхөд сэтгэлийг чинь хуваалцсан биз дээ” гэхэд М- “чи миний аавын талаар энд ярихгүй шүү, чиний аавыг бодвол нэр төртэйгээр хөдөлмөрлөж яваад нас барсан, чиний аав шиг луйварчин биш шүү” гэж хэлсэн. Тэгтэл Б- М- тэр хоёр дахиад барьцалдаад бие биенийгээ цохиод эхэлсэн. Б- гэхдээ М-ийг нэг их цохиогүй биеэ хамгаалах байдалтай байсан. Ингэж байгаад дахиад тэр хоёр газар давхарлагдаж өнхрөөд байхаар нь бид нар дахин салгасан. Би Б-ыг тэврээд Энэрэл М-ийг тэвэрчихсэн байхад бас үргэлжлүүлээд маргалдаад байсан.

...Харин дараа нь М- Б-ы зүүн чих зүүн шанаа орчим нэлээд хүчтэй цохисон. Мөн хөл рүү нь 1, 3 удаа өшиглөж харагдсан. Учир нь М- нь өөрийг нь хориглосон найзынхаа дээгүүр давж ирээд цохисон. Зодооны дараа нь Б-ы зүүн чихэнд цус хураад нэлээд улайсан нурууны ар хэсгээр дал орчим зулгарсан шархтай бас хөл гишгэхэд эвгүй байна гэсэн мөн зүүн шанаа нь хөхөрсөн байсан...”  гэх мэдүүлэг /хх 22-23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7788 /хх26/, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7797 дугаар дүгнэлт  /хх27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54/, хохирлын баримтууд /хх 28-29/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.М- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

                                                 

Шүүгдэгч М.М-  нь анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч М.М- цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.530.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад баримтаар төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах, хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч И овогт М-ын М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И овогт М-ын М-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч М.М- цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.530.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад баримтаар төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах, хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ