Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Хохирогч Б.У-,

иргэний хариуцагч И.А-,

Шүүгдэгч Ш.Г-, түүний өмгөөлөгч Ж.Х- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Б- овогт Ш-гийн Г-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Скай дистрибьюшн” ХХК-д олголтын жолооч, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Сайхан хотхон 7-а байр 00000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Ш-гийн Г-

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Ш.Г- нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Скай дистрибьюшн” ХХК-ийн хашаан дотор Hyundai Mighty маркийн 67-61 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.У-г мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв. 

 

Хохирогч Б.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цагт ажилдаа ирсэн. Жолоочийн туслахаар ажилладаг бөгөөд бараагаа тулгаж аваад маяти машинд ачаад агуулахын хаалга хаагаад цоожлох гэж байгаад ухаан алдсан. Г-гээс эмчилгээний зардал 1 сая төгрөг, байгууллагаас 2 төгрөг нийт 3 сая төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Биеийн байдал сайжирсан гэв.

 

Иргэний хариуцагч И.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн осол болох үед би байгаагүй хөдөө явж байсан. Энэ асуудлын талаар сонсоод гэмтэл рүү ирсэн. Тэгээд ар гэрт нь эмчилгээтэй холбоотой зардлыг төлөхөө хэлсэн. Эмнэлгээр авч явж эмчлүүлсэн. Байгууллагаас 2 сая гарсан төгрөг өгсөн” гэв.

 

Хохирогч Б.У- мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 07-ны 08 цагийн орчимд ажил дээрээ очсон. Би борлуулалт хийхээсээ өмнө автомашиндаа бараагаа ачдаг юм. Тэгээд агуулахаас бараа ачихаар Hyundai Mighty маркийн 67-61 УНБ улсын дугаартай автомашиныг агуулах руу ойртуулаад бараагаа ачиж дуусаад би бараа ачсан автомашины ар талын хаалгыг цоожлох гээд очсон цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн хэвтэж байсан. Хамаг бие өвдөөд нүд  хавдсан. Цусаар бөөлжөөд байсан. Намайг мөргөсөн автомашины жолооч блон захирал чи автомашин болон агуулахын хөөлгө хоёрын хооронд хавчуулагдсан байсан гэж хэлсэн. Намайг автомашины амбаарын хаалга цоожлохоор гарах  үед жолооч автомашин дотроо сууж байсан. Би тодорхой хэлж мэдэхгүй байна. манай агуулахын хаалга уруу газар байрладаг юм. Тэгээд бараа ачихдаа машины урд хоёр дугуйнд өнхөрөхөөс болгоомжлон эвээс хийсэн. Бид хоёр эрүүл байсан. Би нэрийг нь хэлж мэдэхгүй. 25 гаруй насны нэг туслах ажилтан миний хажууд тамхи татаад зогсож байсан.  Гомдолтой байна. тархи толгойдоо цус хуралттай болсон. Босоод явахаар толгой эргээд дайвалзаад байна. хоёр нүд давхралдаж хараад байна. нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд цус шимэгдсэний дараа нүдэнд физик эмчилгээ хийнэ. Компаниас эмчилгээний зардал дааж байгаа хэдэн төгрөг зарцуулсаныг мэдэхгүй... ” гэжээ. /хх 17-18/

 

Иргэний хариуцагч И.А- мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би Говь-Алтай аймгаас Баянхонгор аймаг руу ажлаар явж байх үед гар утас дуугарахаар нь автал манай менежер ажил дээр осол гарлаа та яаралтай ирэхгүй бол болохгүй нь ээ гэж хэлсэн. Юу болсон юм бэ? гэхэд ачигч У- ажлаа хийж байгаад агуулахын хаалга болон автомашины хооронд хавчуулагдаад гэмтсэн байна. 103 ирээд аваад явлаа хурдан ирээрэй гэсэн. манай үеэл дүү Цэрэн-Очир энэ компанийн 30 хувийг эзэмшдэг болохоор нь би дүүтэйгээ холбоо бариад яралтай гэмтлийн эмнэлэг дээр очоод гэмтсэн хүний биеийн байдлыг нь мэдээд надад хариу хэл гэж хэлсэн. Би 09 дүгээр сарын 09-ний өглөө Улаанбаатар хотод ирээд эрчимт эмчилгээний  тасгаар ороод гэмтсэн хүнийг хариуцсан эмчтэй нь уулзсан. У-тай уулзахад ухаан орсон. Биеийн байдлыг нь асуухад гавлын яс болон нүдний ухархай цуурсан байна гэж хэлсэн. Тэгээд ар гэрийнхэнтэй нь очиж уулзахад анх ирсэнээ бодвол одоо гайгүй болж байна гэж хэлсэн. Тэгээд манай компанийн ачигч болохоор У-г эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагруу шилжүүлсэн. Жилдээ нэг удаа оношлогоонд оруулдаг 2017 оны 11 сард оношлогоонд оруулсан. Өглөө болгон бүрэн бүтэн байдлыг нь шалгаж гаргадаг.  Hyundai Mighty маркийн 67-61 УНБ улсын дугаартай автомашинд ослын улмаас эвдрэл учраагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. У- 2018 оны 09 дүгээр 19-нд эмнэлгээс гарсан. Эмнэлэг эмчилгээний зардлыг одоогийн байдлаар манай компани өгч барагдуулж байна. цаашид гарах эмчилгээний зардлыг баримтын дагуу манай компани хариуцана” гэжээ. /хх 23/

 

Гэрч Д.Ц- мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрйин 14 цаг 30 минутын үед гүйцэтгэх захирал надруу залгаж яаралтай ажил дээр нэг осол гарсан байна очоод үзээдэх, гэмтлийн эмнэлэгрүү очоорой гэж хэлсэн, би шууд гэрээсээ гараад ажлаар очиход нягтлан Болормаа эгч, агуулахын газрын нярав Мөөгий эгч нар байсан, болсон процессийг сонсож ойлгоод камерийн бичлэг үзээд юу болсон талаар ойлгосон. ...Манай компаний зүгээс шаардлагатай бүх туслалцааг үзүүлэх болно гэдгийг хэлсэн. Би ослын талаар 4-5 цагийн дараа мэдсэн...” гэжээ. /хх 25/

 

Гэрч С.Х- мэдүүлэхдээ: “...Би “Скай дистрибьюшн” ХХК-д жолоочийн туслахаар ажилладаг юм. 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагт ажил дээрээ ирсэн. Манай ажил Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрладаг. Манай агуулах подволд байрладаг. Дор агуулахад байж байгаад ажилдаа гаръя гэсэн. Хартал Г-гийн Hyundai Mighty маркийн 67-61 УНБ улсын дугаартай автомашин агуулахын хаалга руу нилээн тулгаад тавьсан байсан. Энэ автомашиныг оруулаарай гэж хэлсэн. Агуулахын хаалганы урд талд траншейны  нүхний  хажууд У- ард нь би зогсож байсан. Би баруун тал руу чигтээ хараад зогсож байтал автомашин хөдлөх чимээ гарсан. Тэгтэл У-  нүүрээ дарсан  зогсож байхээр нь би нүүрэн дээрээ гарсан батгаа хөндсөн юм байх гэж бодсон. Тэгтэл У-гийн хамарнаас цус гараад газар унасан. Би хөөе хүн байна энд хүн мөргүүлчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд Г-гийн автомашины араар нь тойроод очтол тэр машин дортоо сууж байсан. Хөөе У- газар уначихлаа гэж хэлэхэд Г- аан гэснээ сандраад У- дээр очсон. Г- У-г тэврээд өөрийнхөө утсаар 103 дуудсан. У-г өргөсөн чигтээ шатаар өгсөөд оффис руу орсон. Удалгүй түргэн тусламжийн автомашин ирээд У-г аваад явсан. Г- автомашины буруу талын дугуйнд ивээс хийсэн байсан. Ивээсэн дээр хүч алдаад автомшин агуулахын хаалга руу  хойшоо чигтээ ухарсан. Тэгээд урагшаа хөдлөх үед нь У- хоёр хаалганы завсар хавчуулагдаад гэмтсэн байсан. Би Г-гийн автомашин хөдлөхыг харсан. Мөн У- унаж байхыг харсан. Хаалганы завсар хавчуулагдсан байхыг нь хараагүй...” гэжээ. /хх 27/

 

Гэрч М.О- мэдүүлэхдээ: “...Би “Скай дистрибьюшн” ХХК-д жолооч ажилтай. 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өглөө 9 цаг 30 минутын орчимд ажил дээрээ ирсэн. Манай ажил Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрладаг. Манай агуулахын үүдэн дээр Г-гийн Hyundai Mighty маркийн 67-61 УНБ дугаартай автомашин агуулахын хаалга руу нилээн тависан байсан. Энэ автомашин бараагаа ачсан зогсож байсан. Урьд өдөр нь бараагаа ачсан гэж байсан. Тэгээд Хишигбаатар миний машины ард зогсож байсан. Хартал У- Хишигбаатарын цаана агуулахын хаалганд ойр байхаар нь хол байгаарай наана чинь машин хөдлөх гэж байна шүү гэж хэлсэн. Тэгээд би нөгөө талын толинд хараад эргэж хартал У- хамраа хавчуулчихлаа гээд хэвтээд өгсөн. Би Г-г буугаад ир У- гэмтсэн байна гэж хэлсэн. ...Г-гийн автомашин хөдлөөд гарах гэж байснаа хойшоо эргээд хүч алдахаар нь би хартал толинд У- хамраа дараад газар унаад өгсөн...” гэжээ. /хх28/

 

Гэрч Д.Г- мэдүүлэхдээ: “...Би “Скай дистрибьюшн” ХХК-д жолоочийн туслахаар ажилладаг. 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өглөө 09 цагийн орчимд ажилдаа ирсэн. Би агуулах дотор хувцсаа солиод буцаад гараад иртэл У- Г-гийн автомашины ард талд хэвтэж байсан. Хартал хамар амнаас нь цус гарсан байхаар нь юу болсон юм бэ гэхэд дуугараагүй. Тэгээд Г- 103 дуудаад ирэхгүй болохоор нь хувийн автомашинаар аваад явах гэснээ болиод дээшээ оффис руу авч орсон. У- толгой өвдөөд байна гээд толгойгоо хөдөлгөөд байсан. 20 гаруй минутын дараа түргэн тусламжийн автомашин ирээд У-г аваад явсан. У- агуулах автомашин хоёрын хооронд зогсож байхад Г-гийн автомашин ухрах үедээ хавчуулагдсан гэж сонссон...” гэжээ. /хх 30/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Б- овогтой У-гийн машинд мөргүүлсэн гэх үеийн камерийн бичлэгээр тогтоож “А” цэгийг  тавьж байрлуулав. Мөн “В” цэгийг камерийн бичлэгийг харж тогтоосон. А цэгээс зогсоолын талбайн баруун талын хашаа хүртэл 14 м, А цэгээс В цэг хүртэл 1,50 м, В цэгээс зогсоолын талбайн баруун талын хашаа хүртэл 12,60 м, А цэгээс үл хөдлөх В цэг  хүртэл 380Ч1.60м,  В цэгээс  “Скай ХХК”-ны явган хүний хаалганы баруун урд булангаар  В цэг буюу үл хөдлөх цэгийг тогтоож  авсан. Зогсоолын урт нь 34,10 м, зогсоолын эргэн тойронд 14,20 м, тухайн осол гаргасан автомашины эд зүйл бараа ачин буулга агуулахын хаалга нь 2,60 метр байв. Зогсоолын хашааны дэргэдэх  гарцны эргэн 8010 мерт тухайн осол гаргасан гэх Маяти маркийн 67-61 УНВ улсын дугаартай автомашин ухарсан гэх цэгийг цэнхэр өнгийн балаар сум заан тэмдэглэв. Тухайн зам тээврийн осол 2018 онд 09 дүгээр сарын 07-ны өдөр 10 цаг  21 минутанд үйлдэгдсэн болохыг камерийн бичлэгээс харж тогтоосон. Ослын талаарх камерийн билэгийг Nicon маркийн камерт 58 секунтын бичлэгийг хуулбарлан авав." /хх 3/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11090 дугаартай дүгнэлтэнд: Б.У--н биед суурь ясны их далавч, баруун нүдний ухархайн дээд хана, духны яс, баруун чамархай, хоёр талын хацар яс, зүүн хоншоор ясны хугарал, аалзан хальсан доорхи цус харвалт, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, баруун, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ. /хх 39/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 9/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 105/

Жолоочийн лавлагаа /хх 106/

Өвчний түүх /хх 116-123/

Хэргийн газрын үзлэгийн үеэр авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-8/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ш.Г- нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны 10 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Скай дистрибьюшн” ХХК-ийн хашаан дотор Hyundai Mighty маркийн 67-61 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.У-г мөргөн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.Г-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.У- /хх 17-18/, иргэний хариуцагч И.А- /хх 23/, гэрч Д.Ц- /хх 25/, С.Х- /хх 27/, М.О- /хх28/, Д.Г- /хх 30/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3/, хэргийн газрын үзлэгийн үеэр авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11090 дугаартай дүгнэлт /хх 39/,  Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 9/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 105/, жолоочийн лавлагаа /хх 106/, өвчний түүх /хх 116-123/, хэргийн газрын үзлэгийн үеэр авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-8/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч Ш.Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Ш.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.У-д 1.000.000 төгрөгийг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

                          

          Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн гомдол саналгүй гэх санал зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

 

         Шүүгдэгч Ш.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Ш-гийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б- овогт Ш-гийн Г-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч Ш.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1,000,000 төгрөг, иргэний хариуцагчаас 2,000,000 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД бичлэгийг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тогтоол хүчин хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 800000 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Г-гийн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ