Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2023/00021

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 138/ШШ2023/00230 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох,

Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 6 250 032 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Улааны уурхайд 2011 оны 4 сарын 15-наас бага эмчээр орж 11 жил 5 сар ажилласан. 2022 оны 10 сарын 01-ний өдрийн 666 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.5-д заасан үндэслэлээр их эмч *******, мөн бага эмч ******* намайг тус тус ажлаас чөлөөлсөн. Бидний хийж гүйцэтгэж байсан ажлыг 2022 оны 9 сарын 1-ний өдрөөс Дорнод БОЭТөвөөр гүйцэтгүүлэх болсон, тус компанид их эмч, бага эмчийн орон тоо хасагдсан гэж ойлгуулсан. Удирдлага өөрчлөгдсөн ч уурхайд бид хоёрын ажиллаж байсан эмнэлэг нь татан буугдаагүй, орон тоо хасагдаагүй, харин ч 14/14 хоногоор 2/2 эмч ээлжээр үйлчилгээ үзүүлэх болсон. Үндсэн нэгж дээрээ ажиллаж байсан биднийг БОЭТ-н мэдэлд шилжүүлэн гэрээнд нь тусгасан бол бид нэг ээлжинд орох боломжтой байсан. Миний хувьд нэг удаа цөөн хэдэн төгрөг авснаас сар бүр байнгын орлоготой байх, ЭМД, НД-аа ажиллаж байх хугацаандаа өндөр төлж байж тасалдуулахгүй байх, тэтгэвэртээ гарахдаа тэтгэвэрээ өндөр тогтоолгох гэх мэт алсын зорилго байсан юм. ...Маргаан таслах комиссын хурал дээр надад тэтгэвэрт гарах хугацааны тэтгэмжийг өгье гэсэн санал тавьсан боловч би зөвшөөрөөгүй, ... Иймд намайг үндэслэлгүй ажлаас халсан тул Улааны уурхайн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 10 сарын 01-нээс 2022 оны 12 сарын 16-ний өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан цалин 6 250 032 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

... Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсны дараа хуульд заасан үндэслэл журмын дагуу тэтгэвэр, тэтгэмжийг өгсөн. Хамгийн гол маргах зүйл юу вэ гэхээр, тухайн аж ахуйн нэгжид орон тоо хасах зайлшгүй нөхцөл байдал байсан уу, энэ хоёр хүний ажлын байрны ажил үйлчилгээ байна уу гэдэг асуудал байгаа. ... Энэ компани болон БОЭТөв хоёрын хооронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулах хэлэлцээр хийхдээ манай байгууллагын хоёр эмчийг авч ажиллуулах эсэх нь танай асуудал гээд санал тавьсан, гэрээ хэлэлцээрт хэрхэн шийдсэн талаарх баримт байхгүй. Хүсэл зоригоо аль нэг гэрээ байгуулах гэж байгаа тал илэрхийлдэг. Тэр хүсэлтийг хүлээж авах асуудлыг харилцан тэгш эрхтэйгээр гэрээ, хэлэлцээр явагддаг. Ялангуяа, хүний эрхийн тухай асуудал, ажилтны мэргэжил, боловсролын тухай асуудал яригдаж байх үед хатуу анхаарах ёстой байхад энэ асуудлыг хөндөөгүй байдаг. Иймээс ажилтныхаа эрх, ашгийг хохироосон асуудал байна. Өөрөөр хэлбэл, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, БОЭТ-д мэдэлд шилжүүлсэн бол болох байсан. Ийм үндэслэлээр тушаал гаргах ёстой байсан. Байгууллагад олон жил ажилласан хүний эрх, ашиг хөндөгдөж байна.

 

.... Мэдээж уг компанид ажиллаад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэнд улсын эмнэлэг үнэгүй үйлчилгээ үзүүлдэг. Очер, дугаар харгалздаггүй болсон гэж хэлээд байсан. Эмнэлгийн нөхцөл байдлын хувьд илүү сайжруулсан гэрээ хэлэлцээр хийсэн гэдэг. ...Үйлдвэрчний эвлэлийн байгууллага оролцсон үед ажилтны эрх, ашгийг хамгаалахаар санал тавьсан, тавиагүй нь мэдэгдэхгүй байна. Хоёр ажилтан ээлжээр ажиллаж байх үед ажлын чанар муу байсан гэж яриад байсан. Ажлын чанар муу байсан гэж яриад байгаа боловч нотлогдсон зүйл байхгүй. Мэргэжлийн байгууллага, хяналт шалгалтаар баталгаажсан акт, дүгнэлт байхгүй... Гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад орон тоог хасаад гэрээ хүчин төгөлдөр болох үед ажилчдад халагдах мэдэгдлийг 08 сарын 31-ний өдөр өгсөн. ...Ийм асуудал байж болох ч ажилтныхаа эрх, ашгийг хуулиар хамгаалах үүрэгтэй. Ийм нөхцөл байдал үүсэж ажилчдын эрх, ашиг хохирсон. Нэгэнт шийдвэрээ гаргаад гэрээ, хэлэлцээр шийдвэрлэгдсэний дараагаар энэ хоёр хүн хохирсон.

Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох явцдаа БОЭТ руу шилжүүлэх бүрэн боломжтой байсан. Иймээс ажилд нь эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна.... Энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмж авсан. гэжээ.

 

2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч ******* хариу тайлбартаа:

Нэг: Манай компанийн Улааны Уурхайн бүсэд туслан гүйцэтгэгч компаниудыг оролцуулаад 1000 орчим хүн тогтмол ажиллаж амьдардаг. Гэнэтийн цочмог өвчин эмгэг, осол гэмтлийн үед эдгээр хүмүүсийг дараагийн шатны эмнэлэгт хүргэх хүртэл эрүүл мэндийн яаралтай, түргэн тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх зайлшгүй шаардлага байдаг. Өмнө нь компанийн бүтцэд буюу аж ахуйн хэлтэст 1 их эмч, 1 бага эмчийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж ирсэн боловч энэ нь зарим талаар учир дутагдалтай байсан. ...

... Ингээд 2022 оны 07 дугаар сард Эрүүл мэндийн үйлчилгээг эмнэлгийн байгууллагаар үзүүлэх саналыг дахин БОЭТ-д тавихад "Боломжтой" гэсэн хариу өгснөөр хэлэлцээр хийгдэж, 2022 оны 8 дугаар сарын 31-нд гэрээ байгуулагдаж, 9 дүгээр сарын 01-нээс БОЭТ уурхайн бүсэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулж эхэлсэн. Уурхайн бүсэд БОЭТ үйл ажиллагаа явуулснаар олон давуу талууд гарсан. ...

 

Хоёр: Нэхэмжлэгч *******ийн Удирдлага өөрчлөгдсөн ч уурхайд бид хоёрын ажиллаж байсан эмнэлэг нь татан буугдаагүй, орон тоо нь хасагдаагүй гэх үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсгийн "Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харъяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй" гэх заалттай холбон тайлбарладаг юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.3 дахь хэсэг нь "******* *******" ХХК-ний харъяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн гэдэг шалтгаанаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглосон утгатай. Харин энэ хэрэг дээр "******* *******" ХХК-ний харъяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн үйл явдал болоогүй. Зөвхөн ******* ******* ХХК нь уурхайн бүс дэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх цэгийг өөрөө ажиллуулахаа больж, холбогдох санхүүжилтийг нь шилжүүлэх замаар мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр болсонтой холбоотойгоор эмчийн ажлын байрыг байгууллагынхаа бүтцээс хассан.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь заалт энэ хэрэгт хамааралгүй байна.

Харин ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, хөдөлмөрийн гэрээний 10.2.1.3-ын "Ажилтны ажлын байр хасагдсан" гэх заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болно. Ажилгүй болох нь хэцүү гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ ажлын байраа хасах, орон тоог цомхотгох нь ямар ч байгууллагад байдаг. Бизнесийн байгууллага байтугай төрийн, төсвийн байгууллага ч орон тоогоо цомхотгох явдал гардаг. Тухайн байгууллагад хэрэгтэй ажлын байр шинээр бий болж, хэрэггүй ажлын байр нь хасагдаж байдаг. Компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасны дагуу 30-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, 80.5-д заасан олговор, 82 дугаар зүйлд заасан тэтгэмжийг олгосон болно.

 

Гуравт: *******ийн гаргаж буй "Бид хоёрыг БОЭТ руу шилжүүлж ажиллуулах асуудлыг БОЭТ-тэй байгуулсан гэрээгээр шийдвэрлээгүй" гэж гомдолдоо дурдсан. Бидний хувьд хэлэлцээрийн явцад одоо ажиллаж байгаа хоёр эмчийг шилжүүлэн ажиллуулах саналыг БОЭТ-ийн талд тавьсан. БОЭТ-ийн талаас Бид 100 гаруй их эмч, 250 гаруй сувилагч болон тусгай мэргэжилтэн, нийтдээ 500 гаруй ажилтантай. Иймд өөрсдийн боловсон хүчний нөөцөөр ажиллана" гэсэн хариу өгч байсан. "******* *******" ХХК-ний хувьд 1000 орчим хүний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, найдвартай болгохын тулд БОЭТ-тэй хамтран ажиллах боломжийг алдаж болохгүй байсан учраас БОЭТ-ийн талаас тавьж буй дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Мөн гэрээ байгуулагдсанаар уурхайн бүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнгийн бүхий л хариуцлагыг БОЭТ хариуцах тул өөрийн ажлын байрны шаардлагад нийцсэн боловсон хүчнээ ажиллуулах нь зүй ёсны хэрэг бөгөөд манай зүгээс үүнд хөндлөнгөөс оролцох нь гэрээний агуулга зарчимд нийцэхгүй юм.

Нэгэнт уурхайн бүсэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөр байгууллага хариуцахаар болсон тул манай компанийн бүтцээс эмчийн ажлын байр хасагдах нь тодорхой. Ажлын байр хасагдаж байгаа учир тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох нь ойлгомжтой. Тухайн ажилтны ******* ******* ХХК-тай үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсны дараа БОЭТ-д орж ажиллах эсэх нь БОЭТ-ийн мэдлийн асуудал. ******* ******* ХХК энэ асуудлаар шийдвэр гаргах боломжгүй юм. *******ийн нэхэмжлэлийг уншвал компанийг чухам ямар хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 138/ШШ2023/00230 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар ******* ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох Ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэл хугацааны цалин 6 250 032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 116 920 төгрөгийг  төсвийн орлогоос буцаан олгож,... шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь ажилчин миний эрх, хууль ёсны ашиг сонирхол, миний амьдралд ямар хохирол учирч үлдэх вэ гэдэг талаас огт үнэлж дүгнээгүй. Зөвхөн байгууллагын эрх ашиг, хятад ажилтнуудынхаа ашиг сонирхолд нийцсэн, компани эрх хэмжээний хүрээнд шийдсэн, ийм эрхтэй гэх тайлбарт үндэслэж нэгэн монгол эмэгтэйн хөдөө газар олон жил ажиллаж хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг үнэгүйдүүлж түүний ар гэрт байгаа хүмүүсийн амьдрал, өр зээл юу ч биш гэсэн санааг дэмжсэн шийдвэр гаргасан гэж үзэж үнэхээр туйлын гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар ажил ч үгүй, тэтгэвэр, тэтгэмж ч үгүй, банкинд их өр, зээлтэй хашаа байшингаа алдах хэмжээний хохирч үлдлээ. ...

******* ******* ХХК нь БОЭТөвтэй гэрээ хэлэлцээр хийх явцдаа шийдэлд хүрэнгүүтээ компани эрх ашгийн төлөө, нэгдсэн эмнэлгийн ашиг сонирхолд нийцсэн гэрээ шийдвэр гаргахдаа орон тооны бүтэцдээ зориуд өөрчлөлт оруулж хуулийн дагуу мэт харагдуулж байгаад 2 эмчээ цэвэрхэн халж дунд нь иргэн миний амин чухал эрх ашгийг хохироосон.

Ядаж энэ том компани, эмнэлэг хоёр нь гэрээ хийж байхдаа, аль алиндаа ашигтай наймаа тохироо хийж, хоёрхон үндсэн эмч ажилтнаа шилжүүлэх болзол нөхцөлөө тууштай тавьж болох байсан. Биднийг халах биш шилжүүлэх байсан гэж гомдол гаргасан. Бид адилхан Монгол улсын иргэн тэр тусмаа эрүүл мэндийн салбарын мэргэжил нэгтэй эмчлэх эрхтэй эмч нар. Ийм байхад хоёр байгууллага нь үгсэн хуйвалдаж биднийг ялгаварлан гадуурхсан. Бид 14, 14 хоногоор 1 ээлжинд нь ажлаа хийгээд үлдэж болох л байсан. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, 80.3-г хэлдэг, тэд үгүйсгэдэг. ...

Миний хувьд энэ компанийн хүсэлтээр Эрүүл мэндийн газраас анх ажилд орж 11-12 жил ажилласан. Ид залуу насны сонголт, боломжтой үеэ тэнд өнгөрүүлсэн. Одоо би 52 настай, хаана ажилд авах вэ. Ажил хайсан боловч насны хязгаарлалтай, ажилд орж чадахгүйд хүрч байна. Тэтгэврийн насыг хүлээх надад хохиролтой байна. Уурхайн нөхцөлд тоосжилттой, хортой нөхцөл гэж жил бүр Улаанбаатар хотын мэргэжлээс шалтгаалах өвчний үндэсний төвөөс ирдэг эмч нар өрөө тасалгаа бусдыг бодвол цэвэр ч та нарын нүдэнд үл үзэгдэх хүнд металл, хүдрийн тоосжилт ердийнхөөс илүү хортой. гэдэг байсан. Одоо миний хөлийн шилбээр харшил, хордлогын тууралт үүсдэг болсон. Ингэж өөрийн бие, эрүүл мэндээ зориулсан.

******* ******* ХХК ийм нөхцөл үүсч, гэрээ хэлцэл хийгдэж байгаа талаар бидэнд хэлэхгүй нууцалж байсан. ... Байгууллага ийм нөхцлөөр ажлаас халж байгаа үед бидэнд гарцаагүй нөхцөл байдал үүссэнийг ойлгуулж бидний эрх ашгийг хохироохгүй гэж хичээсэн бол халахаасаа өмнө өөр ажил санал болгох эсвэл БОЭТөвтэй биднийг уулзуулж тохиролцож болох байсан. Биднийг гомдол гаргангуут сүүлд эрүүл ахуйчаар ажиллах саналыг нөгөө эмчид тавьсан. Надад санал тавиагүй. Тэгээд БОЭТөвтэй дахиад ярилцаж санал тавьж үзье гэж байсан болохоор бид бас горьдож найдаж, бардам хүлээж байсан. Гэтэл хуулийн хугацаа дуусч байсан учир бид ямар ч байсан шүүхэд өргөдлөө өгсөн. Тэр үед маргаан таслах хурал дээр Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгч надад тэтгэвэрт гарах тэтгэлэг ээ аваад халагдаж болно гэсэн. Тэр үед БОЭТөвд танилцуулж ярилцъя гэсэн учир ажилдаа үлдэхээ л бодсон. ... ******* ******* ХХК-д итгээгүй учраас, БОЭТ-ийн хариуг харъя гэж шийдээд тэтгэмж өгөх асуудлыг тэр үед зөвшөөрөөгүй нь үнэн.

Би өөрийн буруугаас ажлаас халагдаагүй, хоёр байгууллага өөрсдийнхөө байгууллагын эрх ашгийн төлөө хоорондоо ашигтайгаар гэрээ байгуулахын тулд ******* ******* ХХК нь орон тооны бүтцийн өөрчлөлт хийх нэрээр бидний орон тоог зориуд байхгүй болгож байгаад 2 эмчээ ажлаас нь халж хохироосон гэж үзэж байна. Бидний хийж байсан ажил үйлчилгээ тэнд хэвээрээ байгаа. Уурхайн бүсэд зөвхөн анхан шатны үйлчилгээ үзүүлж бусад шаардлагатай тохиолдолд БОЭТ-д хүргэж өгдөг. Бид ч адилхан тэгдэг л байсан. Ер нь БОЭТ-ийн эмч нарын үйлчилгээ давуу гэх боловч уурхайн орчинд бидний хийдгийг л хийдэг. Харин ч эм тарианы хангамж нь багассан, төлбөртэй болсон гэсэн. Компани нь зохион байгуулалтын өөрчлөлт хийлээ гээд ажилтан хүнийг ингэж хохироож болохгүй. Тэтгэвэр тэтгэмжийн тухайд компанитай тохиролцох боломж одоо ч оройтоогүй байгаа. Компанийн зах замбараагүй мөнгө хууль бус юманд урсаж л байдаг. Компанийн хятад захирал эзэд нь хүнийг хохироохгүйг боддог. Иймд гомдлыг хянан хэлэлцэнэ үү. гэжээ.

 

5. Хариуцагч ******* ******* ХХК-иас давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцалсан. Ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заасан үндэслэлээр цуцалсан учраас ажилтанд хууль бусаар хохирол учруулсан, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний дагуу сайн дурын үндсэн дээр манай компанид хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин хөлсийг бүрэн олгож байсан учраас олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн гэх гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зүүн бүсийн хамгийн том мэргэжлийн байгууллагад гэрээгээр хариуцуулсан. Үүнтэй холбоотойгоор орон тооноос эмчийн ажлын байр хасагдсан учраас нэхэмжлэгчийг ажлын байраар хангах боломжгүй болсон.

Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу, үндэслэлтэй, зөв гарсан учраас шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

6. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. ... гэв.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд түүний давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. ... Компанийн хувьд эмч гэдэг орон тоогоо хасаад эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ажил үйлчилгээг нь БОЭТ-д шилжүүлсэн боловч уурхайн эмнэлгийн үйл ажиллагааны чиглэл хэвээр байгаа. Хоёрхон эмч хуучин ажиллаж байсан. Энэ хоёр хүнийг БОЭТ-д шилжүүлэн ажиллуулах бүрэн боломжтой байсан. Мөн Дорнод аймгийн Эрүүл мэндийн газарт ч шилжүүлэх боломж байсан. ******* ******* ХХК нь БОЭТ-тэй ярилцаж тохиролцсоны дараа орон тоогоо хасаад энэ хүмүүсийг ажилгүй болгож байна. ... 50 гарсан хүнийг хаана ч ажилд авахгүй байна. Шүүхийн шийдвэрийг *******т ажлын байраар хангах боломжтой байсан гэдэг талаас шийдвэрлэж өгөхийг хүсч байна. гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халагдсан тул тус компанийн аж ахуйн хэлтсийн бага эмчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 6 250 032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Тус компани нэхэмжлэгч намайг ажлаас халсан үндэслэлээ бага эмч миний хийж гүйцэтгэж байсан ажлыг 2022 оны 9 сарын 1-ны өдрөөс Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөр /БОЭТ/ гүйцэтгүүлэх болсон. Тус компанид их эмч, бага эмчийн орон тоо хасагдсан гэж тайлбарладаг боловч миний ажлын байр тус компанийн орон тооноос хасагдаагүй, одоог хүртэл БОЭТөвийн 2 их эмч, 2 бага эмч нар 14/14 хоногоор ээлжээр үйлчилгээ үзүүлэх болсон. Компани БОЭТөвтэй байгуулсан тус уурхайд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулахдаа үндсэн нэгж дээрээ ажиллаж байсан биднийг БОЭТ-ийн мэдэлд шилжүүлэхээр гэрээнд нь тусгасан бол бид нэг ээлжинд орох боломжтой байсан. ... түүнчлэн БОЭТөвд, эсхүл Дорнод аймгийн Эрүүл мэндийн газарт шилжүүлэх бүрэн боломжтой байсан. ... надад өөр ажилд ажиллуулах санал тавиагүй, харин тэтгэвэрт гарах 3 жилийн хугацааны тэтгэмж өгөх талаар санал тавьсан боловч би зөвшөөрөөгүй нь үнэн. ... Компани БОЭТөвтэй гэрээ байгуулан бага эмчийн орон тоог хасаж намайг ажлаас чөлөөлсөн нь компанийн үндсэн ажилтны эрх ашгийг хохироосон гэж үзэж байгаа тул үндсэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны олговрыг гаргуулна. ...Ажлаас халагдсаны тэтгэмжийг компаниас олгосон. ... гэж,

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ... ******* ******* ХХК нь уурхайн бүс дэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх цэгийг өөрөө ажиллуулахаа больж, холбогдох санхүүжилтийг нь шилжүүлэх замаар мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр болсонтой холбоотойгоор компанийн их эмч болон бага эмчийн ажлын байрыг байгууллагынхаа бүтцээс хассан. ... Манайх хоёр эмчээ шилжүүлэх талаар ярилцсан боловч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага өөрөө боловсон хүчнийхээ асуудлыг шийдвэрлэхээр гэрээнд тусгагдсан тул хоёр эмчийг авах боломжгүйгээ мэдэгдсэн. ... Манай зүгээс хоёр эмчээ компанийн эрүүл ахуйчаар ажиллах санал тавьсан боловч ******* зөвшөөрөөгүй. ... Иймд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, хөдөлмөрийн гэрээний 10.2.1.3-ын "Ажилтны ажлын байр хасагдсан" гэх заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ... гэж тус тус тайлбар гарган маргадаг.

 

5. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ******* нь ******* ******* ХХК-д туршилтын хугацаагаар ажилласны дараа 2011 оны 8 сарын 01-ний өдрөөс эхлэн Улааны уурхайн бага эмчээр томилогдон хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажиллаж байсан, тус компанийн аж ахуйн хэлтсийн бага эмчийн орон тоо хасагдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг *******т 2022 оны 8 сарын 31-ний өдөр гардуулсан, мөн компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 сарын 01-ний өдрийн 666 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, Хөдөлмөрийн гэрээний 10.2 дугаар зүйлийн 10.2.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар Аж ахуйн хэлтсийн бага эмчийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр бага эмч *******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн үйл баримтууд тус тус тогтоогджээ. /хх 7-9, 49, 50 тал/

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа, гэрээг цуцалсан үндэслэл, журам зэрэг эрх зүйн асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагатай нийцсэн байна.

 

7. Нэхэмжлэгч ******* нь ...бага эмчийн орон тоог хассан гэх боловч бодит байдал дээр БОЭТөвийн эмч нар эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг ээлжээр, одоог хүртэл хийж байгаа. Энэ нь миний ажлын байр хасагдаагүй болохыг харуулж байна. ...Компани болон БОЭТөвийн эрх ашгийн төлөө үндсэн ажилтнаа халж байгаа нь ажилтан миний эрхийг зөрчсөн, ... хоёр байгууллага гэрээ хийхдээ намайг БОЭТөвд, эсхүл Эрүүл мэндийн газарт шилжүүлэх бүрэн боломжтой байсан, мөн надад өөр ажлын байр санал болгоогүй. ... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч ******* ******* ХХК нь Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй харилцан тохиролцож, 2022 оны 8 сарын 31-ний өдөр Уурхайн бүсэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулсан ба гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.5-д Уурхайн бүсэд ажиллах эмч, сувилагчийг бие даан сонгох, тэдний цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал зэргийг Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төв өөрөө тогтоох эрхтэй. гэж тусгасан бөгөөд энэ үйл баримтын талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй. /хх 52-63 тал/

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн; гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтад заасан ажлын байр хасагдсан гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бөгөөд тухайн компанийн гүйцэтгэх удирдлага компанийн бүтэц, зохион байгуулалт буюу ажиллах хүчний тоог төлөвлөх, ажиллах хүчний тоог ажил, мэргэжлээр тогтоох эрхийг хэрэгжүүлэн компанийн бага эмчийн ажлын байрыг хассан нь Компанийн тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг тус тус зөрчөөгүй байна.

 

10. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2011 оны 8 сараас эхлэн ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төв болон Эрүүл мэндийн газартай ямар нэгэн харилцан хамааралтайгаар ажилладаг байсан гэх, мөн ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд дээрх байгууллагуудад шилжүүлэх нөхцөлтэйгөөр ажиллаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар ажил олгогч, ажилтан нарын хооронд 2022 оны 3 сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй байна. /хх 11-16 тал/

 

Түүнчлэн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн ******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдаанд компанийн зүгээс бага эмч *******, их эмч ******* нарт хоёуланд нь компанийн эрүүл ахуйчийн орон тоонд нэг ээлжинд нь ажиллах саналыг, мөн тэдний тус компанид олон жил ажилласан байдлыг харгалзан өндөр насны тэтгэвэрт гарах хүртэлх хугацааны тэтгэмжийг тооцож өгөх тухай саналыг тус тус гаргасан боловч нэхэмжлэгч ******* нь дээрх саналуудыг хүлээн аваагүй татгалзсан байх ба нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах боломжгүй гэж үзнэ. /хх 23-28 тал/

 

11. Анхан шатны шүүхийн ... ******* ******* ХХК-ийн Уурхайн бүс дэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 2022 оны 9 сарын 01-ний өдрөөс эхлэн Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөр гүйцэтгүүлэх болсонтой холбогдуулан компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 сарын 22-ны өдрийн 550 дугаар тушаалаар компанийн бүтэц, орон тоо, ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн баталж, аж ахуйн хэлтэст харъяалагдаж байсан ... , бага эмчийн орон тоог тус тус хассан, улмаар ажил олгогчийн санаачлагаар *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хуульд заасан хугацаанд нь гардуулан, түүнийг бага эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт хуульд нийцжээ. /хх 77-83 тал/

 

12. Иймд нэхэмжлэгч *******ийн ... ажиллаж байсан бага эмчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай түүний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 сарын 06-ны өдрийн 138/ШШ2023/00230 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

Г.УРТНАСАН