Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 201/МА2023/00022

 

 *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Д.Ганзориг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 138/ШШ2023/00184 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 102 111 999 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 8 хувийн хүүтэй мөнгө зээлүүлсэн баримтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баттуяа багш нь 2022 оны 6 сарын 25-ны өдөр надтай уулзаж мөнгө зээлэх хүсэлт тавьсан. Тэгээд би 14 000 000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Би өөрөө хамт ажилладаг итгэлтэй, эргэж төлөх чадвартай хүмүүст мөнгө зээлдүүлдэг. Удаагүй наадмын өмнө ... 2022 оны 7 сарын 8-ны өдөр хадгаламж барьцаалсан зээл аваад 35 000 000 төгрөгийг, өмнөхтэй адилхан нөхцлөөр зээлдүүлсэн. Хадгаламж барьцаалсан зээл авсан учраас би өөрөө хүүгээр арвижих хадгаламжаа өсгөх бүү хэл, зээлийн хүү төлж байна. Тун удахгүй наадмын өмнө өгнө гэж байсан боловч өгөөгүй. Гэтэл наадмын дараа дахин уулзаад мөнгө маань дутсан, одоо дахин 25 000 000 төгрөг зээлье гэсэн. ... 2022 оны 7 сарын 12-ны өдөр дахин хадгаламж барьцаалсан зээл авч 25 000 000 төгрөгийг өмнөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Мөнгө зээлж авахдаа хугацаанд нь төлж чадахгүй бол үндсэн мөнгөө төлөх хүртэл зээл төлөөд явна гэж ярилцсан. Энэ хугацаанд Баттуяа багш 900 000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Бид мөнгөө зээлдүүлэхдээ баримт үйлдсэн. Иймд Баттуяа багшид нийт 74 000 000 төгрөг зээлдүүлсэн тул 8 хувийн хүүг тооцож 28 111 999 төгрөг, нийт 102 111 999 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ... Хариуцагч 74 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг. Талууд уг асуудлаар маргаагүй. Хүүн дээр маргаж байна. Мөн 07 сарын 15-ны өдрийн баримтыг 11 сард үйлдсэн гэж яриад байна. Ийм зүйл байх боломжгүй. Тухайн баримтыг ******* бичиж, өөрөө гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 сарын 25-ны өдөр 14 000 000 төгрөг, 07 сарын 08-ны өдөр 35 000 000 төгрөг, 07 сарын 12-ны өдөр 25 000 000 төгрөгийг 540 537 1731 тоот данс руу шилжүүлсэн байдаг. Үүнд хүү 28 111 999 төгрөг, нийт 102 111 999 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 900 000 төгрөгийг шилжүүлсэн. Өөр төлсөн төлбөр байхгүй. Мөн 07 сарын 15-ны өдрийн хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэж тайлбарлаж байна. Яг ямар хэлцлийг дүр үзүүлэн хийсэн нь тодорхойгүй. Үүнийг хариуцагч тайлбарлаж чадахгүй байна. Уг баримтад хариуцагч гарын үсэг зурахдаа доторх агуулгыг уншаагүй гэж тайлбарладаг. Ийм зүйл байх боломжгүй. Өөрөө бичээд, гарын үсэг зурсан. ... Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат хариу тайлбартаа: ... Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс 74 000 000 төгрөгийг зээлсэн. Энэ талаар маргахгүй байгаа. ******* нь *******  гэдэг хүний хүсэлтийн дагуу *******гаас мөнгө зээлж *******д өгсөн. Өөрөө 74 000 000 төгрөгийг авч хэрэглээгүй ч гэсэн данс руу нь орсон мөнгө учраас уг мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй байгаа.

Тухайн мөнгө зээлэх үед Иргэний хуульд заасан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хэлцэл байгуулаагүй. Тухайн үед *******г мөнгө хүүлэх ажил хийдгийг хариуцагч мэдэж байсан учраас *******д мөнгө зээлж өгсөн. Мөнгийг 8 хувийн хүүтэй, хэзээ төлөх талаар буюу гэрээний гол нөхцлийг заагаагүй, тохиролцоогүй, хуульд заасан шаардлагын дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байдаг. ... Харин 2022 оны 11 сарын сүүлээр Заяа багш мөнгөө нэхэж, дарамт шахалт үзүүлсэн. Үүнээс болоод аргагүй байдлаар гарын үсэг зурсан. Тэрнээс биш анх зээл авах үед зээлийн хүүгийн талаар яриагүй байдаг. Үнэхээр Заяа багш хүүг тооцох бол нөхөж байгуулсан хэлцэл буюу 2022 оны 11 сараас эхлэн нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд тооцох ёстой. Хариуцагчийн зүгээс 2022 оны 09 сард 900 000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг 74 000 000 төгрөгөөс хасаагүй байдаг. Зээлийн гэрээг  бичгээр байгуулаагүй учраас 8 хувийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль зөрчиж, нөхөж байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Сөрөг нэхэмжлэлийн хувьд ******* нь ... 2022 оны 11 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахаас хэдхэн хоногийн өмнө ******* нь энэхүү нөхөж бичсэн бичгийг хийлгэсэн байдаг. Нэхэмжлэгч нь зээл өгөх үедээ хариуцагчтай биечлэн уулзаагүй, мөнгийг дансаар шилжүүлдэг байсан. Зээлийн гэрээг бичгээр үйлдээгүй. Зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хүү тооцох хариуцлагыг хуулийн өмнө хэн аль нь хүлээгээгүй. ... Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөхдөө 07 сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан гэж дурдсан байна. Тухайн өдөр гэрээ байгуулах боломжгүй, байгууллага хамт олноороо баруун аймгуудаар аялж байсан. Мөнгийг дансаар шилжүүлсэн. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт  заасан шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл, дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өмнө иргэнтэй хийгээгүй байсан гэрээг хийсэн мэтээр дүр үзүүлэн нөхөж хийсэн. Мөн хүүгүй байсан гэрээг хүүлэх боломжгүй зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн, нөгөөтэйгүүр хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн. *******гийн хувьд 07 сарын 15-ны өдөр 8 хувийн хүүтэй хэлцэл байгуулахыг хүсээгүй, уг хэлцлийг хийгээгүй, мөн талууд орон зайны хувьд алслагдмал байсан. Өмнөх аман хэлцлээ халхавчлах зорилгоо уг хэлцлийг хийлгэсэн гэж үзэж байна. Уг хэлцлийг хариуцагч уншиж танилцаагүй. Анх зээлсэн төлбөрөөс 8 хувийн хүү бодсныг мэдээгүй. ******* багшийн зүгээс хариуцагчид дарамт шахалт үзүүлсэн учраас гарын үсэг зурсан. Иймээс үндсэн зээлийн хүүг хүчингүй болгож, 2022 оны 07 сарын 15-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. гэжээ. 

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч *******гийн Баттуяагаас Зээлийн гэрээний үүргийн биелэлт 73 100 000 /далан гурван сая нэг зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******гийн Заяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 011 999 /хорин ёсөн сая арван нэгэн мянга ёсөн зуун ёсөн/ төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2022 оны 7 дугаар сарын 15-ний өдрийн 8 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлсэн баримтыг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 668 510 төгрөг, хариуцагч *******гийн 298510 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******гаас 73 100 000 төгрөгт ноогдох 523 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: ... Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 29 011 999 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхээс *******, ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг зөв дүгнэсэн. Харин мөнгө зээлдүүлэхдээ зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд зээлийн гэрээтэй холбоотой бичгээр хийсэн гэрээг, гэрээ биш гэж дүгнэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж мөнгө зээлдүүлсэн баримт болон мөнгийг зээлэхдээ тохирсон хүү авах нөхцлийг бичсэн, бичгээр хийсэн гэрээ баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргаагүй байхад энэ зээлийн баримтыг бичгээр хийсэн гэрээ байгуулаагүй, хариуцагчийн няцааж буй шаардлагыг нэхэмжлэгч нотолж чадаагүй гэж дүгнээд зээлийн хүү нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг шүүх үнэлж чадаагүй гэж үзэж байна. Харин ч хариуцагч эсрэгээрээ хүү тохироогүй гэдгийг нотлоогүй, шүүхэд ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй, үгүйсгээгүй байхад хариуцагчийн тайлбараар хариуцагчийн талд шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Би анх мөнгө зээлдүүлэхдээ хүү болон хугацааны талаар тохирсон. Энэ тохироог хийхгүйгээр би ч мөнгө зээлүүлэхгүй, ******* ч надаас мөнгө авч чадахгүй. ... Тэгээд ч би өөрөө банкнаас хадгаламж барьцаалж, хүү төлж байж, хүнд хүүгүй мөнгө өгнө гэж байхгүй. Энэ талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Зээлийн гэрээний хугацааны хувьд тодорхойгүй үйл явдлаар бид тохирсон. Учир нь гадаадаас ирэх дүүгийнхээ илгээмжийг хүлээн аваад төлнө гэдгээ надад хэлсэн учраас тэр нь бидний хооронд тодорхой хугацаа нь үйл баримтаар тогтоогдсон хугацаа байсан. Энэ хугацааг хуулиар хориглоогүй. ... Хэрэв хүүгүй авах байсан бол би хүнд хүүгүй зээлдүүлэхийн тулд өөрөө хүүтэй зээл авахгүй. Гэтэл шүүхээс хариуцагч нэг ч нотлох баримт гаргаж үгүйсгэж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байхад нотлох баримтыг үгүйсгэж шийдвэрлэсэн. Бидний хооронд тохирсон хүү нь өнөөдөр хууль зөрчөөгүй, хүүг багасгах талаар хүсэлт гаргаагүй. Иргэд хоорондын дунд тохирч хийгдэж байгаа хүү.

Миний зүгээс Баттуяад мөнгө зээлүүлсэн, сар бүр 8 хувийн хүүтэй, хэзээ, хэдэн төгрөг өгсөн, хэн өгч, хэн авсан болохыг энгийн байдлаар хийсэн гэрээ юм. Яагаад энэ нотлох баримтыг шүүхээс иргэд хоорондын хийгдсэн гэрээ гэж үнэлээгүйд гайхаж байна. Яг л ийм нотлох баримтыг шүүхээс зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үнэлж, хүү авах эрх эдэлж байгаа болохоор өмнөх гэрээтэй нэгэн адил нотлох баримт болгон авсан. Би энэ баримтыг зээлийн гэрээ хийсэн болохыг нотолсон баримт гэж үзэж байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ 2022 оны 7 сарын 15-ны өдрийн 8 хувийн хүүтэй мөнгө зээлүүлсэн баримтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргасан ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэрнээ нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэсэн нь эргэлзээтэй байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийг хүү авах шаардах эрх байхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, үйл баримтыг үнэлж дүгнэж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч ******* гаргасан тайлбартаа: Би Баттуяад нийт 74 000 000 төгрөг зээлдүүлсэн. Ингэхдээ анх надаас авахдаа сарын 8 хувийн хүүтэйгээр зээлсэн. ... Би тухайн үед хугацаа удаашрахаар нь энэ нэг л биш боллоо гэж хэлсэн. Тэгэхэд асуудалгүй. Ачаа орж ирэх л юм бол энэ мөнгийг гаргаад өгөхөөр мөнгө байгаа. гэж хэлж байсан. Би тухайн мөнгийг өгөхдөө хадгаламж барьцаалсан зээл авч байж зээлдүүлсэн. Би Баттуяад хүүтэйгээр мөнгө зээлдүүлсэн. Би өөрөө хүүтэй мөнгө зээлж авч байгаа гэдгийг ойлгохыг хүсч байна. Тиймээс бид тохиролцсоны дагуу 8 хувийн хүүтэйгээр мөнгөн төлбөрөө авмаар байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд гаргасан тайлбартаа: Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг хэрэглэж чадаагүй гэж үзэж байна. Үнэн бодит нөхцөл байдлыг дүгнэж чадаагүй байна. ... Хэдэн сарын хугацаатай, хэдэн төгрөгийн үүргийн гүйцэтгэлтэй, хэдний өдөр өгөх талаар бичгийн хэлбэрт буусан гэрээн дээр тодорхой бичигдсэн. Шүүхээс зөвхөн Баттуяа гэдэг хүний тайлбараар үгүйсгэж болохгүй. Хариу тайлбарыг нэхэмжлэгч нотлох үүрэг хүлээхгүй. Харин бичгийн хэлбэрээр хийгдсэн гэрээг Баттуяа яаж үгүйсгэсэн юм бэ? 8 хувийн хүүг төлөхгүй гэдгийг бичгийн гэрээн дээр тусгаагүй шүү дээ. Шүүхээс шууд ингэж үгүйсгэж болохгүй. Үндэслэлтэйгээр үгүйсгэх ёстой байсан. ... Тиймээс давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж үзээд зөвтгөж өгнө үү гэж хүсч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх ёстой харагдаж байна. Зээлийн гэрээний стандартыг бүрэн хангасан. Энгийн иргэн цаасан дээр хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хийдэг. Шүүхээс үнэлж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат гаргасан тайлбартаа: ... Шүүхээс маш тодорхой зөв дүгнэлт хийсэн. Шүүхээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг тусгаагүй байна гэж дүгнэсэн. Хүү нэхэмжилж л байгаа бол бичгээр гэрээ байгуулж түүн дээр тусгах ёстой байгаа. ... Шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй байна. Энэ хэлцэл хэзээ байгуулагдсан нь тодорхой бус байгаа учраас асуудал үүсээд байгаа юм. Тэрнээс биш хариуцагч 74 000 000 төгрөг авсан гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч өөрөө хуульд заасан үүргийн дагуу гаргаж өгсөн баримтын дагуу манай талаас мэтгэлцсэн байгаа. Хариуцагч хүү төлөхгүй гэдэг баримт гаргаж өгөөгүй учраас гомдол гаргасан гэж яриад байх юм. Энэ баримт үнэхээр байхгүй. Өнөөдөр ч байхгүй юм. Цаг хугацааны хувьд баримтыг нөхөж хийгээд гэрээ байгуулсан гэж байгаа өдрөөс 2 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Би энэ талаар мэтгэлцээгүй. Үнэхээр гэрээг тэгж хийлгэж байгаа бол 11 сараасаа эхэлж хүү нэхэмжлэх боломжтой болно. Гэтэл өөрсдөө 11 сард гэрээ байгуулчихаад 6 сараас эхлээд хүү нэхэмжлээд байх юм. Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг маш зөв дүгнэсэн. Хүүтэй төлөх тухай яригдсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэлбэрээ хангаагүй байна гэж шүүхээс дүгнээд байгаа юм. Энэ нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Баримтын он сар өдрийг анхаарч үзэхийг хүсч байна гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн биелэлт 102 111 999 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргасан, 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 8 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлсэн баримтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч ******* нь эс зөвшөөрч тус тус маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Баттуяа нь мөнгө зээлдүүлээч гэж гуйсны дагуу түүний данс руу 2022 оны 6 сарын 25-ны өдөр 14 000 000 төгрөг, 2022 оны 7 сарын 8-ны өдөр 35 000 000 төгрөг, 2022 оны 7 сарын 12-ны өдөр 25 000 000 төгрөгийг, сарын 8 хувийн хүү авахаар тохиролцон шилжүүлсэн. Баттуяа гадаадаас дүү нь илгээмж явуулсан, Туркийн хил дээр гацаад байна гэж гуйгаад байхад нь ийм их мөнгө зээлж болж байгаа юм уу. гэж асууж байгаад найдвартай гээд байхаар нь өгсөн. Миний хувьд итгэл, найдвартай хүнд мөнгө зээлдүүлдэг. ... Мөнгөө хугацаанд нь төлөхгүй бол хүү төлнө гээд өөрөө мэдэж зөвшөөрч байсан. Баттуяа нь гурван удаа, нийт 74 000 000 төгрөг авсан. Би банкнаас хадгаламж барьцаалсан зээл авч өгөөд хадгаламжаа өсгөх биш хүү төлж байна. Иймд хүү 28 111 999 төгрөг, нийт 102 111 999 төгрөг нэхэмжилсэн. гэж,

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ: Заяагийн нэхэмжлэлээс 74 000 000 төгрөг авсныг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү 28 111 999 төгрөгийг зөвшөөрөхгүй. Тухайн үед хүүний талаар тохиролцоогүй. Миний хувьд *******д туслах зорилгоор авч өгч байсан. Гэтэл бусдад залилуулсан. Заяа нь намайг хичээлтэй байхад орж ирээд гарын үсэг зуруулсан. Би уншаагүй сандраад, тухайн үед шүүх, цагдаа гээд сандарчихсан явсан учир зурсан. ... Иймд гэрээ хийгээгүй, мөнгө зээлдүүлсэн баримтыг сүүлд 2022 оны 11 сард хийсэн тул хүүг зөвшөөрөхгүй. ... гэж тус тус тайлбар гарган мэтгэлцжээ.

5. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Заяагаас 74 000 000 төгрөгийн зээлийг бусдад туслах зорилгоор авсан. Тухайн үед зээлийн гэрээ үйлдээгүй. Ямар нэгэн хүү төлөх талаар тохиролцоогүй. 8 хувийн хүү нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. 2022 оны 11 сарын дундуур Заяа багш  нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан. Заяа багш хүнээс мөнгө зээлчихээд, гарын үсэг зур гээд дарамт шахалт үзүүлсэн тул аргагүйн эрхэнд зурсан. ... Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3, 58.2.1-д зааснаар хэлцлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ... гэж,

6. Нэхэмжлэгч ******* хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ... Би банкнаас хадгаламж барьцаалж зээл авчихаад бусдад хүүгүй зээл өгнө гэж байхгүй. Хадгаламжаа өсгөх зорилгоор зээлдүүлсэн. Гэтэл хүү төлөөд явж байна. Би мөнгө зээлдүүлэхдээ 8 хувийн хүүтэй зээлдүүлэх тухайгаа хэлсэн. Өөрөө хүлээн зөвшөөрөөд л зээлж авсан. Хэрэв хүү тохиролцоогүй, хугацаа ярилцаагүй бол юу гэж зүгээр зээл өгөх вэ дээ. Мөнгө зээлдүүлсэн баримтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж байгааг ойлгохгүй байна. Хуурч мэхлээгүй, дүр үзүүлээгүй, өөр ямар нэг хэлцэл халхавчлах зорилгоор хийсэн гэрээ биш гэж үзэж байгаа учир зөвшөөрөхгүй. ... гэж тус тус тайлбар гарган мэтгэлцсэн байна.

7. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч ******* нь Гадаадаас дүү илгээмж явуулсан, Туркийн хил дээр гацаад байна. Гаалийн татвар төлөх хэрэгтэй байна. ... гэж удаа дараа хэлж нэхэмжлэгч *******гаас 2022 оны 06 сарын 25-ны өдөр 14,0 сая төгрөгийг, 2022 оны 07 сарын 08-ны өдөр 35,0 сая төгрөгийг, 07 сарын 12-ны өдөр 25,0 сая төгрөгийг, нийт 74,0 сая төгрөгийг ХААН банкин дахь өөрийн дансаар шилжүүлэн авсан, 2022 оны 07 сарын 27-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид 900 000 төгрөг шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон байна. Талууд энэ талаар маргаагүй болно. /хх 5-8,15-16/

8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. , 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно., 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус заасан.

9. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 07 сарын 15-ны өдрийн огноотой Мөнгө зээлдүүлсэн баримт гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснийг хариуцагч ... Нэхэмжлэгч нь зээл өгөх үедээ биеэр уулзаагүй, мөн зээлийн гэрээгээ бичгээр үйлдээгүй болно. Нэхэмжлэгчийн хувьд надад мөнгө зээлүүлсэн тул миний зүгээс мөнгөний үр шимийг тооцох бодол байгаа хэдий ч нэг сарын 8 хувийн хүүг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Хэрвээ хуулийн дагуу хүүг тооцохоор бол дээрх бичгийг үйлдсэн 11 дүгээр сараас эхлэн тооцох ... гэж тайлбар гарган үгүйсгэжээ.

10. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно., 41 дүгээр зүйлийн 41.2-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж тус тус заасан.

11. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэн тайлбарлаж байгаа боловч хэрэгт тогтоогдсон үйл баримт болох тухайлбал, нэхэмжлэгч *******д Гадаадаас дүү илгээмж явуулсан, Туркийн хил дээр гацаад байна. Гаалийн татвар төлөх хэрэгтэй байна. ... гэж удаа дараа хэлж, түүнээс нийт 74,0 сая төг авсан, мөн хариуцагчийн ... мөнгөний үр шимийг тооцох бодол байгаа хэдий ч нэг сарын 8 хувийн хүүг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Хэрвээ хуулийн дагуу хүүг тооцохоор бол дээрх бичгийг үйлдсэн 11 дүгээр сараас эхлэн тооцох ... гэж гаргасан тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч ******* гурван удаа, нийт 74,0 сая төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй зээлүүлэхийг хариуцагч ******* зөвшөөрч авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг өгөх, зээлдэгч хүлээн авах үүрэгтэй. Зээлийн гэрээний талууд өмнө амаар байгуулсан гэрээг бичгэн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах зэргээр гэрээ байгуулах нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох тухай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахгүй.

12. Иймд талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримт зэргээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 74,0 сая төгрөгийг, /гурван удаа авсан/ сарын 8 хувийн хүүтэй зээлсэн, зохигчдын хооронд зээлийн гэрээний үүргийг дахин баталгаажуулах зорилгоор 2022 оны 11 сард бичгээр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон байна.

13. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж заасан. Хариуцагч *******гийн гаргасан ... 2022 оны 11 сарын дундуур Заяа багш  нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан. Заяа багш хүнээс мөнгө зээлчихээд, гарын үсэг зур гээд дарамт шахалт үзүүлсэн тул аргагүйн эрхэнд зурсан. ... гэсэн тайлбар нь нэхэмжлэгчээс зээлсэн 74,0 сая төгрөгийн сарын 8 хувийн хүү төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

14. Харин нэхэмжлэгч *******гийн би ******* багшийг гадаадаас дүү нь илгээмж явуулсан, Туркийн хил дээр гацаад байна. /илгээмжээр доллар ирнэ гэсэн/ гэж гуйгаад байхаар нь мөнгө зээлдүүлсэн. Илгээмж ирэнгүүт зээлсэн мөнгөө өгнө гэсэн болохоор хамгийн багадаа /удлаа гэхэд/ 1 сарын дотор буцааж өгнө гэж бодоод мөнгө зээлүүлсэн. гэсэн тайлбарыг хариуцагч ******* нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй тул талуудын хооронд 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

15. Иймд нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, хариуцагч *******гаас 2022 оны 06 сарын 25-ны өдөр зээлсэн 14,0 сая төг, түүний 1 сарын хүү 1120 000 төгрөг, 2022 оны 07 сарын 08-ны өдөр зээлсэн 35,0 сая төг, түүний 1 сарын хүү 2800 000 төгрөг, 2022 оны 07 сарын 12-ны өдөр зээлсэн 25,0 сая төг, түүний 1 сарын хүү 2000 000 төгрөг, нийт үндсэн зээл 74,0 сая төгрөг, хүү 5920 000 төгрөг, нийт 79 920 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байх ба үүнээс хариуцагчийн нэхэмжлэгчид 2022 оны 07 сарын 27-ны өдөр дансаар шилжүүлсэн 900 000 төгрөгийг хасаж, үлдэх 79 020 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж тус шүүхээс үзэв.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 010 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 138/ШШ2023/00184 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4-т зааснаар хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт 79 020 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 091 999 төгрөгийг, 2022 оны 07 сарын 15-ны өдрийн Мөнгө зээлүүлсэн баримт-ыг хүчин төгөлдөр бус-д тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ... *******гаас 73 100 000 төгрөгт ноогдох 523 450 төгрөгийг ... гэснийг ... *******гаас 79 020 000 төгрөгт ногдох 553 050 төгрөгийг ... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 010 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 АРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ

                   З.ЭНХЦЭЦЭГ