| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0008/э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Г.Энхмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,
шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-д холбогдох 1834007870380 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Энхт гэх газар оршин суух хаягтай,
урьд Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 12-нэы өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 4 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан Б овгийн С Э гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр машин механизм ашиглан Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Мухарын ам” гэх газар байрлах Ж.Алтанцэцэгийн өвөлжөөнд хураасан байсан шургааг модыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Л.Гэрэлдаваа ахын машиныг гуйж авч яваад энэ хэргийг хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-13 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-17 тал/, өвөлжөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18 тал/, өвөлжөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-20 тал/, Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-21 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-23 тал/, эд зүйл, баримт бичиг хэрэгт хавсаргах тухай /хх-24 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-25 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-26 тал/, хохирогч Ж.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-28-29 тал/, гэрч Ш.Ганболдын мэдүүлэг /хх-31 тал/, гэрч Ш.Хүнийбаатарын мэдүүлэг /хх-32 тал/, гэрч Ч.Бадарчийн мэдүүлэг /хх-33 тал/, гэрч Л.Гэрэлдаваагийн мэдүүлэг /хх-35 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-38 тал/, “Эй жэй жэй эм” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-40-45 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр машин механизм ашиглан Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “ Мухарын ам” гэх газар байрлах Ж.Алтанцэцэгийн өвөлжөөнд хураасан байсан шургааг модыг хулгайлсан болох нь:
Хохирогч Ж.Алтанцэцэгийн “ өвөлжөөнөөсөө отор хийхээр Өгөөмөрийн ар руу нүүж ирсэн. Нүүхдээ өвөлжөөний шургааг модыг хурааж хашаан дотроо хийгээд явсан...10 сарын 8-нд ирэхэд шургааг мод алдагдсан байсан...модоо авсан гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хх-28-29,30 тал,
Гэрч Ш.Ганболдын “Манай өвөлжөө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Бутбатын давааг даваад Мухарын ам гэх газарт байдаг” гэх мэдүүлэг /хх31 тал/,
Гэрч Ч.Бадарчийн “..он сарыг нь мэдэхгүй цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй шургааг ачсан. Шургааг ачсан тээврийн хэрэгслийг Эявж байсан.” гэх мэдүүлэг /хх-33 тал/
Хулгайд алдагдсан гэх модны үнэлгээ /хх-38 тал/,
С.Э-гийн мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна.
Бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Хохирогч Ж.Алтанцэцэгийн өвөлжөөний шургааг модыг нууцаар, хууль бусаар авсан шүүгдэгч С.Э-ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэж хуульчилсан шүүгдэгч С.Э нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авахдаа учрах саадыг арилгах зорилгоор Л.Гэрэлдаваагийн өмчлөлийн 64-48 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж үйлдсэн нь хэрэгт авагдсан гэрч хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул С.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйчилсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч С.Энь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч С.Э-ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Хохирогч Ж.Алтанцэцэгийн зүгээс уг гэмт хэргийн улмаас үүдэн гарсан хохирлын баримт гаргаж ирүүлээгүй боловч “модыг бүрэн авсан. шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдал /7-9 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй/, гэм буруугаа гэмшсэн, хохирлоо нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан шаардлагад түүнд ял оногдуулах зүйл анги нь ялын интервалын хувьд нийцэж байгаа зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч С.Э-ны гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан 64-48 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Л.Гэрэлдаваагийн өмчлөлийн бөгөөд өмчлөгч нь тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эсэхийг мэдээгүй тул уг тээврийн хэрэгслийн үнэ 298200 /хоёр зуун ерөн найман мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгдэгч С.Э-наас гаргуулан улсын орлого болговол зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдаж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2019 оны 1 сарын 8-ны өдрөөс эхлэн тоолбол зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн С.Э-ыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ныг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ шүүгдэгч С.Э-нд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч С.Э нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ны гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан Л.Гэрэлдаваагийн өмчлөлийн 64-48 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 298200 /хоёр зуун ерөн найман мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгдэгч С.Э-наас гаргуулан улсын орлого болгосугай.
6.Шүүгдэгч С.Э-нд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ