Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 201/МА2023/00023

 

  банк ХХК-ийн Дорнод салбарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Д.Ганзориг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 сарын 13-ны өдрийн 138/ШШ2023/0255 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ний Дорнод салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 15 643 768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *******, ******* нар нь ХААН банкны Дорнод салбарын Төв тооцооны төвөөс 2018 оны 4 сарын 24-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 6.1.1, 6.1.4-т заасан хүлээсэн үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй 72 хоног хугацаа хэтрээд байна. Иймд ...2018 оны 4 сарын 24-ний өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 11 174 788 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4 446 773 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17 207 төгрөг, нотариатын үнэ 5 000 төгрөг, нийт 15 643 768 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие 2018 оны 4 сарын 24-нд банкнаас амьдрах зориулалттайгаар орон сууцны зээлийг өөрийн эрхэлж буй бизнес болох хил гаалиар экспорт, импортын бараа бүтээгдэхүүн борлуулалт, мөн хилийн боомтод ойр байрлах хоолны газраар олдог орлого, зарлагаа судлуулж 50 000 000 төгрөгийн зээл авсан. Авсан зээлээ яг графикийн дагуу төлж явсаар 2020 онд БНХАУ-д Ковид 19 гарч хөл хорио тогтоосны улмаас Монгол Улстай хилийн боомтуудаа хааж, үүний улмаас миний бизнес болон хил орчмын бизнес эрхлэгчдэд хүнд асуудал болсон. Бизнесийн орлого буурч зогсоход хүрсэн. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгчийн зарлиг, тушаалаар нааштай олон арга хэмжээ авсны нэг нь бизнес эрхлэгчдийн зээл болон зээлийн хүүг нэг жилээр сунгасан явдал юм. Ингээд 2021 оны 6 сараас зээлийн төлөлт үргэлжлэн гарч эхэлсэн. Уг зээл ковидын өмнө буюу 2020 оны 5 сарын 28-нд 36 441 374 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас хугацаанаас өмнө 20 000 000 төгрөгийг үндсэн зээлээсээ хасалт хийж 16 441 374 төгрөгийн зээл үлдэж ковидын нэг жилийн сунгалтад хамрагдаж гэрээнд өөрчлөлт хийгдсэн. Ингээд 2021 оны 6 сарын 20-нд 1 369 000 төгрөг, 7 сарын 20-нд 1 369 000 төгрөг, 8 сарын 20-нд 1 369 000 төгрөг төлж, одоогийн байдлаар 11 174 787,96 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүнийгээ төлөх боломж байгаа. Харин хуримтлагдсан хүү гэгдэх 4 500 000 орчим төгрөгийг ойлгохгүй байна. Түүнийг төлөх үндэслэл байхгүй гэж бодож байна. гэжээ. 

 

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 138/ШШ2023/0255 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2018 оны 4 сарын 24-ний өдөр байгуулсан ******* дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 11 179 788 /арван нэгэн сая нэг зуун далан есөн мянга долоон зуун наян найм/ төгрөгийг хувь тэнцүү гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-ний Дорнод салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 463 980 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 169 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 193 827 /нэг зуун ерэн гурван мянга найман зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-ний Дорнод салбарт олгож,... шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх ... хэрэгт авагдсан баримт болон Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 222.5, 451, 452, 453 дугаар зүйлийн тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг хэрэглээгүй гэж үзнэ.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан нэмэгдүүлсэн хүү ..., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй ..., мөн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдгийг ... тус тус тодорхой тайлбарласан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан зээлийн хүү нь жилийн 21.6 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тохирсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гэрээний талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан болно.

Иймд анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хариуцагч нар зээлийн хүүгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж тайлбарласан. 20 000 000 төгрөг болон бусад төлөлтүүдийг нь үндсэн зээлээс нь хасч тооцсон. ... хүүгийн үлдэгдэлтэй явж байсан тул хүүгийн хугацаа хэтрэлт нь 4 524 333 төгрөг гарсан байсан. Энэ хүү хуримтлагдаад явж байсан юм. ... гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ний Дорнод салбар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 11 174 788 төгрөг, зээлийн хүү 4 446 773 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 207 төгрөг, нотариатын зардалд 5 000 төгрөг буюу нийт 15 643 768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч ... үндсэн зээлийн үлдэгдлийг төлнө, харин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй ... гэж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан баримтуудаар ХААН банк ХХК-ний Дорнод тооцооны төв салбар нь хариуцагч *******, ******* нартай 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* дугаар Орон сууцны зээлийн гэрээ, ******* дугаар Барьцааны гэрээ тус тус байгуулж, 50 000 000 төгрөгийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай олгосон үйл баримт тогтоогджээ. /хх 8-12 тал/

 

4. Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ний Дорнод салбараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ХААН банк ХХК-ний гүйцэтгэх захирлын 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 01/12242 дугаар итгэмжлэлээр тус банкны Хууль, эрх зүйн газрын захирал албан тушаалтай *******т ... банкыг бүрэн төлөөлөх эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон, /хх 4 тал/

ХААН банк ХХК-ний Хууль эрх зүйн газрын захирлын 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 29/12299 дугаар итгэмжлэлээр Дорнод салбарын захирал *******д ... банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бүх хэрэгт, бүх шатны шүүх ... д банкны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл, ... гаргах, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох ... бүхий л эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон, /хх 5 тал/

Тус банкны Дорнод салбарын захирлын 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 5405/0943 дугаар албан бичгээр салбарын ахлах харилцааны менежер *******д ... банкыг шүүхэд төлөөлөх эрхийг олгосон /хх 7 тал/ тухай баримтуудыг ирүүлжээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т Нэхэмжлэлд ... хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг нэхэмжлэлд хавсаргана. гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно., 35.2-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд ..., эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. гэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. ... Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна. гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.4, 64.3-т зааснаар бичгээр олгосон итгэмжлэлийг хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байхаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус зохицуулсан.

 

6. Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ний Дорнод салбараас хариуцагч нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн ХААН банк ХХК-иас олгосон итгэмжлэлүүдийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул итгэмжлэлийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүйгээс гадна нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, мөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь банкыг төлөөлөх эрхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7.Анхан шатны шүүх нэхэмжлэгч тал хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй байхад түүний нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

8. Иймд давж заалдах журмаар хэргийг хэлэлцэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэл тогтоогдсон ба энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх маргааны зүйлд дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК-ний Дорнод салбараас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 169 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 86 374 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 сарын 13-ны өдрийн 138/ШШ2023/0255 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК-ний Дорнод төв салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох Орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 15 643 768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК-ний Дорнод салбараас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 169 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 86 374 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ

Г.УРТНАСАН