| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0277/э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 1834005730292 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сум 5 дугаар баг Усны аж ахуй 05-02 тоотод оршин суух хаягтай, Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн Б овогт Б.Б гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн 18-1 тоотод иргэн Ч гэрт амьдарч байх хугацаандаа 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ч-ын цүнхэнд байсан монетон бөгжийг хулгайлж бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 327300 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/, хохирогч Ж.Ч-ын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-07-08 тал/, хохирогч Ж.Ч-ын мэдүүлэг /хх-10 тал/, гэрч Ж.Ичинхорлоогийн мэдүүлэг /хх-14 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-18-22 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зураг /хх-31-32 тал/, Б.Б-г ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38 тал/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-42 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн 18-1 тоотод иргэн Ч-ын гэрт амьдарч байх хугацаандаа 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ч-ын цүнхэнд байсан монетон бөгжийг хулгайлж бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 327300 мянган төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны үед
хохирогч Ж.Ч-ын мэдүүлсэн: “...Би Зуунмод сумын 5 дугаар баг УАА-н 18-1 тоотоос 2018 оны 07 сарын 29-ний өдөр нөхрийн Солонгос улсад үйлдвэрлэсэн 4,4 гр-тай монетан бөгжөө алдсан талаар мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед манай гэрийн хаалга, цоож бүрэн бүтэн гэрт түлхүүр тааруулж орсон байсан. Манай гэрт онцгой байдлын албанд ажилд орох гэж байгаа гээд Б.Б гэх залуу амьдарч байгаад 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр сураг чимээгүй, ажилдаа явлаа гээд гарч яваад дахиж ирээгүй. Тэр залууг авсан гэж сэжиглэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
гэрч Ж.Ичинхорлоогийн мэдүүлсэн: “...Манай охин Ч 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр монетон бөгжийн үзүүлээд цүнхэндээ хийгээд гэрлүүгээ оруулсан. Охин Ч нь манай хашаанд гэр барьсан юм. Тэгээд маргааш нь охин Ча-ын сургуулийн 10 жилийн уулзалт болоод Бд машины түлхүүрээ өгч явуулсан гэсэн тухайн өдөр Б эгчийг орой авна гээд гэрийн гадаа машин тавиад орж гараад яваад байсан. Машины түлхүүртэй гэрийн түлхүүр нь хамт байсан юм байна лээ би мэдээгүй. Зүүн хараа 7 дугаар сарын 26-нд яваад 28-нд ирээд бөгжөө хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хх-14 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн монетэн бөгжний үнэлгээний тайлан/хх-18-24 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/хх-31 тал/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-42 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч Ж.Ч-ын цүнхэнд байсан монетон бөгжийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Б-н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ч-д учирсан 327300 төгрөгийн хохирлыг Б.Б нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзаж түүнд 710 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийг харгалзан үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, гэмт хэргийн улмаас Б.Б нь 4 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б-н цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж эдлэх ялыг 678 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 710 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 710 /долоон зуун арван/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт дөрвөөс дээшгүй цагаар харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н шүүхийн шатанд цагдан хоригдсон 4 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н шүүхийн шатанд цагдан хоригдсон 4 хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, шүүгдэгч Б.Бн цагдан хоригдсон 4 хоногийг/32 цагийг/ түүнд оногдуулсан 710 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, шүүгдэгч Б.Б-н биечлэн эдлэх ялыг 678 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8.Хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ