Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00898

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00898

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00435 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч К ХХК, О.А-, М.А- нарт холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 13,171,902 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-, хариуцагч К ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч О.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

К ХХК нь манай компанийн Имарт Хан-Уул салбар дэлгүүрийн 3 дугаар давхарт 24.4 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай түрээслэхээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6184316 тоот түрээсийн талбайн гэрээ /Тусгай нөхцөлийн дугаар 5705711/ байгуулсан. Түрээслэгч болох К ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Гэвч тус компани нь санхүүгийн тооцоо нийлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд түрээсийн үлдэгдэл төлбөр болох 16,981,552 төгрөг төлөөгүй тул анх энэ мөнгийг гаргуулахаар шаардсан байсан. Хариуцагч 2019 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар дуусталх хугацаанд түрээсэлсэн. Анх шаардсан төлбөрөөс барьцааг хасч 14,879,902 төгрөг болсон. Үүнээс дахин барьцааны үлдэх 1,708,000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа 13,171,902 төгрөг болгон бууруулж байна. Хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:

Манай К ХХК нь С ХХК-тай хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний дагуу түрээсийн талбайд борлуулалтын үйл ажиллагаа явуулж байсан үндэсний үйлдвэрлэгч юм. 2019 оны 12 дугаар сараас эхлээд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын авч хэрэгжүүлсэн олон удаагийн хөл хорио нь тус гэрээний 1.1-д заасан худалдаа үйлчилгээ эрхлэх түүгээрээ борлуулалтын орлогоо олох бололцоог шууд хязгаарласан. Өнөөдрийг хүртэл цар тахал үргэлжилж, үүнтэй холбоотой БНХАУ-н хил тодорхойгүй удааширч эсхүл хаасан нь 2021 оны 10 дугаар сард захиалсан түүхий эд материалаа ч олж аваагүй.

Мөн энэ хугацаанд нэхэмжлэгч талаас түрээсийн төлбөрөөс ямар ч хасалт хийгээгүй, хөнгөлөлт үзүүлээгүй. Хүнснээс бусад тасаг хаагдсан байсан. Дараа нь нээгдсэн ч 3 давхарт өгсөх шатгүй 3 сар ажилласан. Дээшээ хүн гарахгүй, заримдаа гэрэл тог ч байхгүй, үйлчлүүлэгч ч байхгүй байдаг байсан. Нэхэмжлэгч менежментийн зардлаас ч хасалт хийгээгүй. Сүүлдээ түрээслэгч нар шаардлага хүргүүлж байж бага зэрэг хассан. Бид талбайг түрээслэхээ больё гэж удаа дараа хэлсэн боловч нэхэмжлэгч тал та хэдийг дэмжинэ хямдрал зарлаж бараа зар гэдэг байсан. Энэ хугацаанд 10 гаруй түрээслэгч дампуурч гарсан. Тиймээс төлбөрөө төлж чадахгүй болсон. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс гарна гэдгээ хэлээд яаралтай тэр өдөртөө талбайг сулласан. Гэтэл 2022 оны 2 дугаар сарын түрээс нэмж тооцсоныг ойлгохгүй байна. Мөн манай тохижуулсан тавилгууд болон түүн дээр байсан бүх барааг нэхэмжлэгч тал барьцаа болгон авсан. Тавилга хийгдсэн дүнгээс элэгдэл хорогдлыг хасаад 3,112,000 төгрөг хаслаа гэж хэлсэн ч хасаагүй. Тиймээс энэ мөнгөн дүнг нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой гэж үзэж байна. Бараагаа буцаан тоолж хүлээж авах талаар нэхэмжлэгч байгууллага руу удаа дараа холбогдсон боловч одоог хүртэл бараагаа авч чадаагүй. Иймд барааг түрээсийн төлбөрт тавилгатай адил суутган тооцуулах хүсэлтэй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан К ХХК-аас 4,390,634 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул О.А-, М.А- нараас тус бүр 4,390,634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-аас тэмдэгтийн хураамжид 85,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.б. С" ХХК нь К ХХК болон О.А-, М.А- нараас түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 13,171,902 төгрөгийг хариуцагч тус бүрээс 3 тэнцүү хуваан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс 4,390,634 төгрөгийг хариуцагч К ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч К ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн болон компанийн хөрөнгө нь тодорхой зааглагдаагүй гэдгийг шүүх хуралдааны үеийн асуулт, хариултын явцад хариуцагч өөрөө хэлсэн.

4.в. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11-т дурдсанаар ...Хэрэгт компанийн талаар холбогдох баримтууд авагдаагүй, нэхэмжлэгч дээрх үндэслэлээ дэмжих баримт ирүүлээгүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гаргаагүй гэсэн үндэслэл, мөн ...Түүнчлэн компани хоорондын эрх зүйн харилцаа үүссэн тул иргэнээс төлбөр тооцож гаргуулахаар шаардах хууль зүйн үндэслэлгүй гэснийг тус тус зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Би өөрийн компанид оруулсан хөрөнгөө компани үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж, олсон ашиг орлогоороо компани байгуулахад үүссэн өр төлбөрөө төлж барагдуулсан. Өнөөдрийн байдлаар, би компаниа татан буулгах гээд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүлээж байна. Засгийн газрын хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хууль дүрэм журмыг биелүүлсэн. Цар тахалтай холбоотой 2 жилийн хугацаанд намайг ажиллах боломж нөхцлөөр хангаагүй. Бараа бүтээгдэхүүнээ оруулж ирэхэд тулгамддаг олон эрсдэлийг давж туулсан. Манай лангууны барааг хурааж авсан. Би түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Тиймээс компанийн хөрөнгө болон хувийн хөрөнгө тусдаа зааг ялгаатай.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч К ХХК, О.А-, М.А- нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 13,171,902 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. С ХХК нь К ХХК-тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн талбайн гэрээ-гээр түрээслүүлэгч буюу С ХХК нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг дэх Имарт салбарын 3 давхарт 24,4 м.кв талбайг хүүхдийн хувцасны худалдаа эрхлэх зориулалтаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаатай түрээслэгч буюу К ХХК-ийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхээр, нэг м.кв талбайг 65,000 төгрөгөөр тооцон сард 1,586,000 төгрөг, менежментийн зардал 488,000 төгрөгийн хамт төлөхөөр, тухайн үнэд НӨАТ ороогүй байхаар талууд харилцан тохиролцжээ. /хх 9-20/

 

2.а. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээний тусгай нөхцөлд нэг жилийн хугацаагаар нэг сард 1,220,000 төгрөг, менежментийн зардал 488,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх21-22/

 

3. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

3.а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ гэрээний үүрэгт 16,981,552 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба шүүх хуралдааны явцад 13,171,902 төгрөг болгон багасгасан нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрхэд хамаарна.

 

3.б. Хариуцагч К ХХК нь татгалзлын үндэслэлээ 2022 оны 02 дугаар сард түрээслээгүй, 01 сараар гэрээг дуусгавар болгож талбайг чөлөөлж хүлээлгэн өгсөн, манай лангууны барааг хураан авсан тул бараа материал, тавилгын үнийг төлбөрөөс хасуулна гэж тайлбарлажээ.

 

3.в. Хариуцагч О.А-, М.А- нар нь татгалзлын үндэслэлээ иргэний хувиар төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан байна.

 

3.г. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн хураан авсан бараа материалын үнийн дүнг түрээсийн төлбөрөөс хасуулах тухай тайлбар гаргах боловч талуудын хэн аль нь уг бараа материалын тоо хэмжээ, үнийн дүнгийн талаар холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

4. Хариуцагч компани гэрээний зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл эзэмшиж, ашигласан үйл баримтад болон талбайд нэмэлт засан тохижуулалтын зардал буюу тавилганы үнэ 3,112,500 төгрөгийг төлбөл зохих хөлсөнд тооцож түрээсийн төлбөрөөс хассан үйл баримтад маргаагүй байна.

 

4.а. Түүнчлэн, нэхэмжлэгчийн тооцоололд хоёр удаагийн барьцаа болгож 2,074,000 төгрөг, 1,708,000 төгрөг тус тус төлсөн, энэ хугацаанд хариуцагч төлбөрт 32,600,213 төгрөг төлсөн дүнд талууд маргаагүй байна.

 

5. Иймд С ХХК болон К ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний үүрэгт 13,171,902 төгрөгийг түрээслэгч тал болох хариуцагч К ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, хариуцагч О.А-, М.А- нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00435 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан К ХХК-аас 13,171,902 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, хариуцагч О.А-, М.А- нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 85.200 гэснийг 223,810 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ