Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00897

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00897

 

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00593 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.М-, С.О-, Ш.Ц- нарт холбогдох,

Д.М-гаас зээлийн гэрээний үүрэгт 210,000,000 төгрөг гаргуулах, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцаалуулагч С.О-, Ш.Ц-, О.О- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007842 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ш.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч Ш.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Д.М- нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Г.Г-тай зээлийн гэрээ байгуулан 140,000,000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатайгаар зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 07 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2205007842 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээгээр барьцаалуулсан.

Зээлийн гэрээний хугацаанд тооцогдох зээлийн хүүгийн төлбөрийн тухайд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны 8 сарын хүү 112,000,000 (14,000,000*8) төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 13 хоногийн хүү 5,880,000 төгрөг, нийт 117,880,000 төгрөг болно. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэнгүй. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийг төлж барагдуулах хугацаа олгож, зээлийг удаа дараа шаардсаны эцэст зээлдэгч 2020 оны 10 дугаар сард зээлийн хүүний төлбөрт 15,000,000 төгрөг төлсөн. Одоо зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр нийт 242,880,000 төгрөг болж байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.7-д хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасан. Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 242,880,000 төгрөгөөс хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хязгаарлан 121,440,000 төгрөгөөр тооцож нийт 364,320,000 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар зээлдэгч 190,000,000 төгрөг төлөх, зээлдүүлэгч тал 210,000,000 төгрөг авах саналыг тус тус гаргаж талууд 210,000,000 төгрөгөөр зээлийн төлөгдөх дүнг тохиролцсон боловч барьцаалуулагч нар ажиллагаанд хүрэлцэн ирэхээс татгалзсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 201 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болох тэмдэглэл үйлдэгдсэн.

Иймд эвлэрлийн гэрээ байгуулахаар зээлдэгчтэй тохиролцсон тохиролцооны дагуу зээлдүүлэгч тал алданги шаардах эрхээсээ татгалзаж үндсэн зээлийн төлбөрт 140,000,000 төгрөг, зээлийн хүүгийн хэмжээг багасгаж хүүд 70,000,000 төгрөг, нийт 210,000,000 төгрөгийг гаргуулах, тус мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж шийдвэрлүүлэхээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйл, 156 дугаар зүйл, зээлийн гэрээний 1.1, барьцааны гэрээний 1.1-д тус тус заасны дагуу шаардаж байна.

 

2. Хариуцагч Д.М-гийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Г.Г-ын гаргасан зээлийн үндсэн төлбөр 210,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 190,000,000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч хариу тайлбараа гаргадаг. Зээлээс 190,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцъё, ланд крузер авто машиныг өгч эвлэрье. Энэ машиныг өгснөөр зээлийн барьцаалбараа сольё гэдэг саналыг удаа дараа тавьдаг. Нэхэмжлэгчтэй ярихаар итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэж байгаа гэдэг хариу хэлдэг. Өмгөөлөгч мэдэж байгаа учраас үүнд мэтгэлцэхгүй байх. Өөрөө 190,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг. Барьцаалбар дээр эвлэрэх саналаа удаа дараа гаргаж байсан.

 

3. Хариуцагч Ш.Ц-ын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийг Д.М- гэдэг хүн тусдаа авсан. Зөвхөн барьцаа хөрөнгөөр хангаж өгсөн. Энэ хугацаанд зээлийг төлөх үүрэг нь Д.М-д байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл төлж чадаагүй байсан гэдгийг мэдээд эдгээр хүмүүс ярилцаад Д.М- нь С.О-ийг амьд байхад нэхэмжлэгчтэй ярьсан. Өнөөдрийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эд хөрөнгө барьцаалагч буюу, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.О- нас барсан. Нас барснаас болж тусгай эрх үүрэг өөрчлөгдөх, зөрчигдөх үйл ажиллагаа явагдаад байна. Иргэний хуулийн 160 дугаар зүйлд барьцааны эрх дуусгавар болохыг заасан нэгэнт барьцаалагч нас барсан, барьцааны эрх дуусгавар болсон, дуусгавар болсноос хойш барьцаа хөрөнгийг хэн яаж шийдвэрлэх талаар яригдана.

Ш.Ц-ын хувьд барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Үүнийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 байр, 7 тоотод байх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007842 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өвлөх эрх, залгамжлах эрх нээгдээгүй. Хэдийгээр барьцаа хөрөнгөөр хангуулах эрх нь байгаа боловч Иргэний хуульд заасан өв хүлээн авагч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр хариуцах үүрэгтэй гэж заасан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдааны шатанд өв хүлээн авагч, өвлүүлэгчийн хариуцлагыг, эрх залгамжлах эрхээрээ хүлээж аваагүй. Насанд хүрээгүй өвлөгч буюу О.О- нь 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүүхэд. Энэ хүүхдийн эрх зөрчигдөх гээд байна. Барьцааны гэрээнд эцэг С.О- нь өмчлөгчийг төлөөлж гарын үсэг зурсан. Өвлөгдөх эрх нээгдэхээр О.О- барьцааны хөрөнгийн хэдэн хувийг хариуцах талаар тогтоогдоогүй. Тийм учраас барьцаанд заасан хөрөнгийг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан байгаа. Өв нээгдсэн газрын нотариатч өмчлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсоноор Нотариатын тухай хуулийн 43.1.1 дэх хэсэгт зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгогдож, энэ гэрчилгээ олгогдсон хүмүүс уг барьцааны үүргийг хариуцах эрх зүйн харилцаа үүсэх боломжтой.

Иймд барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг Ш.Ц-, О.О- нар хариуцах эрх зүйн зохицуулалт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Хариуцагч С.О- тайлбар гаргаагүй болно.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хууль 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М-гаас 210,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т олгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007842 дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний 000571921 дугаартай, О.О-, С.О-, Ш.Ц- нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 14 дүгээр байрны 07 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /1,207,950 төгрөг+70,200 төгрөг/ нийт 1,278,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.М-гаас /1,207,950+35,100/ нийт 1,243,050 төгрөг, хариуцагч Ш.Ц-аас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагч Ш.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

6.б. Барьцаалуулагч С.О- нь нас барснаар түүний эрх, үүрэг дуусгавар болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага нь барьцаалагч С.О- нь нас барснаар дуусгавар болох бөгөөд мөн барьцааны эрх нь дуусгавар болох хууль зүйн зохицуулалттай гэж үзэж байна.

Барьцааны гэрээний тал, барьцаа хөрөнгийн өмчлөгч С.О- 2022 оны 12 сарын 26-ны өдөр нас барсан болох нь 111643081819 дугаартай нас барсны гэрчилгээгээр нотлогдож байгаа. Харин барьцаа хөрөнгийг өвийн журмаар өвлөн авсан тухай баримт хэргийн материалд авагдаагүй.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэл зохих үүргийг өв хүлээн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасан байх тул өнөөдрийн байдлаар С.О-ийн өмчлөх эрхийг хүлээн авсан өвлөгч байхгүй багаа тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн барьцааны үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Талууд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан. Тус гэрээг С.О-, Ш.Ц- нарын хүсэл зоригийн дагуу байгуулсан. Барьцааны гэрээг байгуулж, хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн тул хүчин төгөлдөр гэрээ юм. Гомдолд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг дурдсан. Энэ нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хувийн шинж байдалтай холбоотой зүйл биш зөвхөн үл хөдлөх эд хөрөнгө байдаг. С.О- нас барсан нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлд заасан агуулгатай нийцэхгүй байна. Мөн Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсгийг гомдолд дурдсан. Энэ хуулийн заалтад тусгасан 6 үндэслэл байхгүй. Барьцааны зүйл хэвээрээ байх тул гомдлын энэ үндэслэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн өв хүлээн авах эсэх талаар гомдолд дурдсан. Өвийг хэн хүлээж авах ба авахгүй байхаас үл хамаарч барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа. Тиймээс барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжтой. Ийм учраас анхан шатны шүүх энэ хэсэгтэй холбоотой зөв дүгнэлт хийсэн. С.О- нас барсан нь барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад саад болохгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Д.М-, С.О-, Ш.Ц- нарт холбогдуулан Д.М-гаас зээлийн гэрээний үүрэгт 210,000,000 төгрөг гаргуулах, С.О-, Ш.Ц-, О.О- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007842 дугаартай Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байр, 7 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Г.Г- нь Д.М-тай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр 140,000,000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлэхээр харилцан тохиролцжээ. Мөн өдрийн барьцааны гэрээгээр С.О-, О.О-, Ш.Ц- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007842 дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 7 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх3-5/

 

3. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх ба 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр талууд үнийн дүнд тохиролцоогүй, барьцааны хөрөнгийн өмчлөгч нар ирээгүй үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

4. Хариуцагч Д.М-гаас зээлийн гэрээний үүрэгт 190,000,000 төгрөг төлөх тухай, хариуцагч Ш.Ц-аас зээлийг Д.М- авсан, зөвхөн барьцаа хөрөнгөөр хангаж өгсөн, зээлийг төлөх үүрэг нь Д.М-д байсан, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.О- нас барсан тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлд зааснаар барьцааны эрх дуусгавар болсон, барьцааны хөрөнгийн өвийн асуудал шийдвэрлэгдээгүй байна гэсэн тайлбаруудыг тус тус гаргасан байна.

 

5. Нэхэмжлэгч Г.Г-, хариуцагч Д.М- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

6. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээлд 140,000,000 төгрөг, зээлийн хүүд 117,880,000 төгрөг төлөх үүрэгтэй байх ба зээлийн хүүд төлсөн 15,000,000 төгрөгийг хасч тооцвол хариуцагч 102,880,000 төгрөгийн хүүг төлөх үүрэгтэй гэж үзэхээр байх боловч, нэхэмжлэгч нь үндсэн зээлд 140,000,000 төгрөг, зээлийн хүүд 70,000,000 төгрөг, нийт 210,000,000 төгрөгийг хариуцагч Д.М-гаас гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасантай нийцжээ.

 

7. Барьцааны гэрээний өмчлөгч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

8. Барьцааны эрх нь агуулгын хувьд бусад этгээдийн өмчлөх эрхэд хязгаарлалт тавих замаар тодорхой нөхцөлд хэрэгждэг эрх учраас хэдийд дуусгавар болох нь үүргийн гүйцэтгэлээс хамааралтай, нөгөөтэйгүүр барьцааны зүйлтэй салшгүй холбоотой хэрэгждэг учраас үндсэн үүрэг дуусгавар болсон, эсхүл хүчин төгөлдөр бус болсноор барьцааны эрх дуусгавар болохоос гадна барьцааны зүйл устаж үгүй болсноор дуусгавар болдог онцлогтой.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.О- нас барсан байх бөгөөд нэхэмжлэгчийн барьцааны эрх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлд заасан салгаж үл болох эрхэд хамаарах тул зөвхөн үндсэн шаардлага буюу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон нөхцөлд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан барьцааны эрх дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн барьцаалагчийн эрхийг тухайн барьцааны зүйлээс салгаж үл болох эрх гэж үзэх бөгөөд уг эрх нь өмчлөгч солигдох, өвлөгч нэмэгдэхтэй холбоогүй, зөвхөн үндсэн шаардлага буюу зээл төлөгдөж дууссан эсэхээс хамаарч хэрэгждэг эрх учраас өмчлөгч буюу барьцаалагч нас барснаар барьцааны эрх дуусгавар болсон гэх хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй тул шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь уг хуульд нийцсэн байна.

 

9. Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.М-гаас 210,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т олгож, зээлдэгч буюу нэхэмжлэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ