Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 13

 

      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
                зөвшөөрснийг баталж, хэргийг
              хэрэгсэхгүй болгох тухай

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат   би 
Нэхэмжлэгч: Б.Булганчимэг
Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга 
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамжийг хүчингүй” тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэнгийн “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай” тайлбарыг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
    Иргэн Б.Булганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Балданцан овогтой Булганчимэг миниa бие “Ундарга” ХХК-ийн захирлаар ажилладаг. Архангай аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгч 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Засаг даргын Б/148 дугаар захирамж гарган ямар нэгэн үндэслэлгүй, шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн байна. Миний бие ажлаас чөлөөлөгдөх алдаа, зөрчил дутагдал гаргаагүй болно. 
    Иймд Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.    
    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Б.Булганчимэгийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Пүрэвсүрэн миний бие оролцож байна.
     Хариуцагчийн зүгээс иргэн Б.Булганчимэгийн шүүхэд гаргасан “Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж  өгнө үү гэжээ.
    Нэхэмжлэгч Б.Булганчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд нар  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Б.Булганчимэгийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хүсэлттэй танилцлаа. Санал хүсэлтгүй гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
    Иргэн Б.Булганчимэгээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хариуцагч аймгийн Засаг дарга нь 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 01/2354 дүгээр албан бичгээр Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Пүрэвсүрэнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 27, 28, 36 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх, үүргийг эдлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгожээ 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа талаарх тайлбараа 2017 оны 3 дугаар сарын 13-ний өдөр шүүхэд ирүүлжээ. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1. “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, ...”, 67 дугаар зүйлийн 67.1. “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал  шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, гэж тус тус заажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа хариуцагчийн зүгээс иргэн Б.Булганчимэгийн шүүхэд гаргасан “Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж  өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ. 
    Учир нь тус хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан иргэн, хуулийн этгээд байхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа шийдвэрийн улмаас бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөргүй байна гэж үзэв. 
Иймд хариуцагч Архангай аймгийн Засаг даргыг нэхэмжлэгч Б.Булганчимэгийн “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн Б.Булганчимэгийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Булганчимэг, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурьдвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч аймгийн Засаг дарга “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж,  иргэн Б.Булганчимэгийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

     ШҮҮГЧ                          С.ГАНБАТ