Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1258

 

Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/04193 дугаар шийдвэртэй

   

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХнд холбогдох

 

Санал болгох комиссын хурлын шийдвэр хүчингүй болгуулах тухай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4061 дүгээр захирамжаар Хээс 39 036 675 төгрөг гаргуулж “ХХХ" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. ХХХХнаас 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох ХХХХХХХХ дүүргийн ХХ-р хороо, ХХ-р хороолол, ХХХХ тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох албадан дуудлага худалдааны комиссын хурлыг 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагт зохион байгуулахыг 7 хоногийн дараа буюу 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдсэн.

Мөн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэрийнх нь хаалган дээр төлбөрөө 2016 оны 1-р сарын 31-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахыг мэдэгдсэн байна.

Өмчлөгчийн хувьд амьдарч байгаа орон байрыг нь төлбөр авагчид өнөөгийн зах зээлийн ханшаас хэт бага үнээр буюу 39 036 675 төгрөгөөр бодож саналын хуралд оруулан шууд шилжүүлэх гэж байгаад гомдолтой байна. Иймд ХХХХны санал болгох албадан дуудлага худалдааны комиссын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 9-р сарын 25-ны өдрийн 4061 дүгээр захирамжаар Хээс 39 509 800 төгрөгийг гаргуулж “ХХХ" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай төлбөр төлөгч Хийн хамтран өмчлөлийн ХХХХХХХХ дүүргийн ХХ-р хороо, ХХ-р хороолол, ХХХХ тоот орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36-р зүйлд заасны дагуу 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр битүүмжлэн, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хураасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37-р зүйлийн 37.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтооход 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2015-6/04 тоот тогтоолоор 202 972 380 төгрөгөөр үнэлсэн.

ХХХХнаас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь буюу 142 080 666 төгрөгөөр, хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Иргэний хуулийн 177.4-т заасны дагуу зах зээлийн үнийн 50 хувь буюу 101 486 190 төгрөгөөр тус тус оруулахад худалдан борлогдоогүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д "Худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно" гэж заасны дагуу албадан дуудлага худалдааны комиссын хурлыг 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж Хэд төлбөр төлөх 14 хоногийн хугацаа өгч, заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр хууль зөрчөөгүй байна. Иймд Х нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үндэслэлгүйгээр гомдол гаргаж хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 48 дугаар зүйлийн 48.7-т заасныг баримтлан ХХХХнд холбогдох 2016 ны 2 дугаар сарын 03-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Хийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х давж заалдах гомдолдоо:

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчихгүй байх явдал юм.

Гэтэл шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт "... ХХХХ нь санал болгох ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн, төлбөр төлөгч болоод төлбөр авагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал тогтоогдохгүй байх тул ..." гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь миний өмчлөлийн өнөөгийн зах зээлийн ханшаар 500 000 000 төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө болох орон сууцыг хэт бага үнээр буюу 39 036 675 төгрөгөөр бодож саналын хуралд оруулан төлбөр авагчид шууд шилжүүлж байгаа нь нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөр авагч болох "ХХХХХ" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй нь шүүхээс гарах шийдвэр нь "ХХХХХ" ХХК-ийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байхад үүнийг хайхрахгүйгээр шийдвэр гаргасан нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 101/ШШ2016/04193 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                               ХЯНАВАЛ:

 

  Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХХХнд холбогдуулан тус албаны 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгох гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

ХХХХ Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4061 дугаартай Хээс 39 509 800 төгрөг гаргуулж “ХХХ” ББСБ-д олгох тухай эвлэрлийг баталсан захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүргийн ХХ-р хороо, ХХ-р хороолол, ХХХХ тоот 75 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулсан байна.

 

           Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнэ тогтоох ажиллагааг гүйцэтгэж, 202 972 380 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууцыг үнийн 70 хувь буюу 142 080 666 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд, 50 хувь буюу 101 486 190 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд тус тус оруулсан боловч үнийн санал ирээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

            Хариуцагч нь 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн комиссын хуралдаанаар 2016 оны 2 дугаар сарын 17-ны дотор төлбөрөө төлөөгүй нөхцөлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж, орон сууцыг төлбөрт нь тооцон төлбөр авагч “ХХХ ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 3/6792 тоот албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн дотор чөлөөлж өгөхийг шаардсан байх бөгөөд шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэл муутай болсон байна.  

 

            Шүүх хэргийн үйл баримтанд тал бүрээс нь бодитой дүгнэлт хийлгүй 202 972 380 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг 39 509 800 төгрөгийн төлбөрт тооцон төлбөр авагчид санал болгож өмчлөгчийн эрхийг зөрчсөн хариуцагчийн ажиллагааг зөвтгөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

          Дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийн үнэ нь төлбөрийн хэмжээ, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлын нийт дүнгээс хэт өндөр биш, ойролцоо нөхцөлд ХХХХ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгэх боломжтой юм.

 

Иймд ХХХХны 2016 ны 2 дугаар сарын 03-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/04193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг баримтлан ХХХХны 2016 ны 2 дугаар сарын 03-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгосугай” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХХХХнаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хэд олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                              ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

                

                                                                                                       А.МӨНХЗУЛ