Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00934

 

 

 

 

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00934

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 103/ШШ2023/00162 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Б-, Б.Н-нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 22,585,360.28 төгрөг, нотариатын зардалд 13,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Зээлдэгч П.Б-, Б.Н-нар нь Хаан банкны Багануур салбарын Төв тооцооны төвөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр №ЗГ/202146690767 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 26,613,561.57 төгрөгийг жилийн 14.4, сарын 1.2% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлогоо барьцаалсан. Зээлдэгч нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр №ЗГ/202146690767 тоот дугаартай зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 5,494,102 төгрөг, зээлийн хүүд 3,425,157 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14,390 төгрөг нийт 8,933,649 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч 192 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдсөнгүй. Иймд зээлийн гэрээний 6.1.1-д заасныг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 21,119,459,30 төгрөг, зээлийн хүү 1,420,287,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,613,39 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 13,000 төгрөг, нийт 22,598,360,28 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:

П.Б- нь БЗӨБЦТС ТӨХК-д ажиллаж байх үедээ тус банкнаас цалингийн зээл авсан. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаасаа халагдсанаас хойш цалингийн зээлээ төлж байсан боловч сүүлийн үед зээлийн төлөлтөд хүндрэл үүссэн. 5-17 насны 3 хүүхэдтэй, ам бүл тавуулаа. Өөрөө ажилгүй байгаа бөгөөд эхнэр нь үйлчлэгч ажилтай, сарын 500,000 төгрөгийн цалин орлоготой. Нэхэмжлэлд дурдсанчлан 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 26,613,561 төгрөгийг зээлж аваагүй. Зээлсэн 15,500,000 төгрөгийг тус зээлийн гэрээнд дурдсанаас өөр дансанд шилжүүлсэн. Банкны зүгээс гэрээг шинэчлэн байгуулснаас хойш зээл төлөх талаар мэдэгдэж сануулалгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Б овгийн П-ийн Б, Х овгийн Б-ийн Н нараас зээлийн гэрээний үүрэгт 22,585,360,28 төгрөг, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нотариатын зардалд 13,000 төгрөг, нийт 22,598,360,28 /хорин хоёр сая, таван зуун ерэн найман мянга, гурван зуун жаран төгрөг, хорин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-, Б.Н-нараас 270,942 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч нар нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/202146690767 тоот зээлийн гэрээ байгуулан 26,613,561.57 төгрөгийг аваагүй, харин 15,000,000 төгрөгийг тус зээлийн гэрээний 2.1.3-т зааснаас өөр дансаар авсан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн үндэслэлд нийцэхгүй шийдвэр гаргаж хариуцагч нараас 22,598,360.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талаас зээлийн гэрээний эрх, үүргийн талаар маргаагүй бөгөөд мөнгө зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зээлийн гэрээний дагуу банк шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Хариуцагч нь зээлийг төлөхдөө хугацаа хэтрүүлсэн тул Х ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний үүргийн дагуу шаардсан. Мөн 26,000,000 төгрөгийг аваагүй, 15,500,000 төгрөгийг авсан гэх боловч тухайн зээлийг авахаас өмнө 11,000,000 төгрөгийн зээл авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч П.Б-, Б.Н-нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 22,585,360.28 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр №ЗГ/202146690767 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан урд авсан зээлийн үлдэгдэл 11,113,561.57 төгрөг дээр 15,500,000 төгрөгийг нэмж зээлдэн нийт 26,613,561.57 төгрөгийг жилийн 14.4, сарын 1.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлогоо барьцаалсан, зээлийн төлбөрөөс үндсэн зээлд 5,494,102 төгрөг, хүүд 3,425,157 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14,390 төгрөг төлсөн, хариуцагч нар зээлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 192 хоног хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч П.Б-, Б.Н-нар татгалзлын үндэслэлээ 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/2021146690767 дугаартай гэрээгээр 26,613,561 төгрөг зээлж аваагүй, уг гэрээгээр нэмж авсан 15,500,000 төгрөгийг зээлийн гэрээнд дурдсан дансанд шилжүүлээгүй, цалингийн харилцах дансанд шилжүүлсэн учраас төлөхгүй гэж тайлбарласан байна.

 

3. Зохигчид банкнаас авсан зээлийн хэмжээний талаар маргаж байх тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий маргааны үндэслэл болох холбогдох бичгийн нотлох баримтыг үнэлэх зайлшгүй шаардлагатай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд хэрэгт авагдаагүй байхад тухайн маргаантай хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

4. Талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний Зээлийн нөхцөл гэсэн хэсэгт:

2.1.1.1-д зээлийн үлдэгдэл 11,113,561.57 төгрөг,

2.1.1.2-т олгох зээлийн хэмжээ 15,500,000 төгрөг,

2.1.1.3-т нийт зээлийн хэмжээ 26,613,561,57 төгрөг

2.1.4-т зээлийн хүү жилийн 14,4 хувь

2.1.7-д зээлийн гэрээний хугацаа 30 сар гэж дурджээ. /хх 8-10/

 

Нэхэмжлэгч нь өмнө байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг дээрх гэрээний үүрэгтэй хамт шаардсан боловч өмнөх 11,113,561.57 төгрөгийн үүрэгтэй холбоотой баримт буюу зээлийн гэрээ, зээлийн тооцоолол зэргийг шүүхэд ирүүлээгүй, шүүх энэ талаар тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргажээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой ажиллагааг гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 103/ШШ2023/00162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,942 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ