Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00933

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00933

 

 

 

Р ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/00285 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч СК ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 46,340,806.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Манай компани 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр СК ХХК-тай 03/04-1/01 дугаартай машин механизмын түрээсийн гэрээ байгуулж, далангийн индүүг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт баригдаж байсан Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замд ажил гүйцэтгэхэд нь зориулж 4 сарын хугацаатай түрээслүүлсэн. Үүний дараа хоёр компанийн санхүүгийн албанаас 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч, авалцсан зүйлээ нэг бүрчлэн тооцож, тооцоо нийлсэн. Түүнчлэн гэрээний 8.3-т зааснаар түрээслэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг хоног тутамд тооцохоор тохиролцсон. Иймд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаарх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 30,893,871 төгрөг, алданги 15,446,935.5 төгрөг, нийт 46,340,806.5 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч талаас алданги төлөх үндэслэлгүй гэх боловч үүнтэй холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Тус компани нь Р ХХК-тай 2021 оноос хамтран ажилласан бөгөөд гэрээний дагуу төлбөрөө цаг тухайд нь төлж байсан. Энэ жилийн хувьд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1 сарын хугацаатай 03/04-1 тоот машин механизмын түрээсийн гэрээ байгуулж, тус гэрээг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн машин, механизмын түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах №1 тоот гэрээгээр 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгаж ажилласан. Гэтэл манай компанийн гүйцэтгэсэн ажлын хөлс хугацаандаа орж ирээгүйн улмаас түрээсийн гэрээний үүргийг биелүүлээгүй 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүрсэн. СК ХХК болон Р ХХК-ийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03/04-1 тоот гэрээнд 8.3 дахь заалт гэж байхгүй тул алданги тооцох үндэслэлгүй. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Р ХХК-ийн хуулийн зөвлөх Л.Мөнхбаттай ярьж, үндсэн төлбөр болон улсын тэмдэгтийн хураамж нийт 31,283,525.02 төгрөгийг шилжүүлчихвэл шүүхээс нэхэмжлэлээ татан авна гэж харилцан тохиролцсон болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч СК ХХК-аас түрээсийн гэрээний үүрэг 30,893,871 төгрөг, алданги 7,970,617.6 төгрөг, нийт 38,864,488.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,086,663.8 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СК ХХК-аас 352,272 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Миний бие иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд СК ХХК-ийг төлөөлж оролцож байгаа бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хуралдаан болно гэж шүүх хуралдааны товыг надад мэдэгдсэн. Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Филлипин улс руу ажлаар яваад 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирнэ гэж шүүгчийн туслахад хэлэхэд за тэгвэл шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр болгон товлож байна гэсэн. Гэтэл намайг Филлипин улс руу яваад ирэх хооронд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хуралдаан болж шүүх дээрх шийдвэрийг гаргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй.

4.б. Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан дүгнэлт гаргаагүй гэж үзэж байна. Учир нь хоёр талын нэг өдөр байгуулсан Машин, механизмын түрээсийн гэрээ нь хоорондоо зөрүүтэй байхад нүдэн баримжаагаар аль нэгийг нь хуурамчаар нөхөн үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан дүгнэлт гаргаагүй байна.

Манай компани Машин механизмын түрээсийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 30,893,871 төгрөг, шүүхийн тэмдэгтийн хураамж 389,654 төгрөг, нийт 31,283,525.02 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлсөн ба харин Р ХХК-ийн нэхэмжилж байгаа алдангийг хүлээн зөвшөөрөхгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлсөн болно.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтад тулгуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчийн эрх, үүргийг зааж өгсөн. Шүүх хуралдааныг товыг зарлах хүртэл хугацаанд хариуцагчийн зүгээс уг гэрээг биш гэх асуудлаар тайлбар гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 77, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг товыг мэдсэн тохиолдолд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч СК ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 30,893,871 төгрөг, алданги 15,446,935 төгрөг, нийт 46,340,806 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 03/04-1 тоот Машин, механизмын түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр СК ХХК нь Р ХХК-аас УБ 63-95, УБ 63-94 улсын дугаартай 2 ширхэг далангийн индүүг 1 сард тус бүр нь 13,000,000 төгрөгөөр, нийт 26,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр техникийг СК ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн байна. /хх 5-7/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Талуудын хооронд тооцоо нийлсэн актаар 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч СК ХХК нь түрээсийн төлбөрт 30,893,871 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан тул гэрээнд заасан алдангид 15,446,935 төгрөг, нийт 46,340,806 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Бидний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд 8.3 гэх заалт байхгүй тул алданги төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

2. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн гэрээний 8.3-т Түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу гэрээний 6.2-т заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцож алданги тооцно гэж заасан байх боловч хариуцагч талаас ирүүлсэн гэрээнд 8.3 гэсэн заалт буюу алдангийн талаарх тохиролцоо байхгүй байна. /хх 5-7, 26-28/

 

3. Хариуцагч талаас ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03/04-1 тоот Машин, механизмын түрээсийн гэрээ-г шүүхээс хуурамч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б тус гэрээний хуулбарын үнэн зөвийг гэрчлэн, баталгаажуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангасан байх тул хуурамч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч талаас гаргаж өгсөн дээрх гэрээнд нэхэмжлэгч компанийн тамга дарагдсан байгааг дурдах нь зүйтэй. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжтой байна.

 

Талууд 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр №ТҮ07/02 тоот Тооцоо нийлсэн акт үйлдэж, СК ХХК нь нийт 99,226,344 төгрөгөөс 69,332,473 төгрөгийг Р ХХК-д төлсөн, 30,893,871 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй тухай дурджээ.

 

Иймд хариуцагч талаас дээрх тооцоо нийлсэн актад дурдагдсан түрээсийн үлдэгдэл төлбөр 30,893,871 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн талаар анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /хх 35-36/

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх Тооцоо нийлсэн акт-д дурдагдсан төлбөрийн үлдэгдэл 30,893,871 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Алданги 15,446,935.5 төгрөг гаргуулах шаардлагын тухайд талууд Тооцоо нийлсэн акт-аар СК ХХК-ийн хүлээх төлбөрийн үүргийг 30,893,871 төгрөг гэж тодорхойлж, алданги тооцоогүй байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

4. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй. Шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Г.Э-ийн 000 дугаарт залгаж мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна. Иймд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ. /хх 33-34/

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/00285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч СК ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 46,340,806.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,484 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ