| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Хохирогч Г.Сэр-Од,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн 1806 08440 1994 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “ менежер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Д.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Монгол” хотхоны орчимд хохирогч Г.Сэр-Одтой маргалдаж, улмаар нүүр, нүд рүү нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Ажил дээрээ найзтайгаа пиво уугаад сууж байсан. Тэгэхэд хохирогч Г.Сэр-Од залгаад “ирж машинаа холдуулаач” гэсэн. Тэгэхээр нь би “уучлаарай би эхнэр, хүүхэд хоёр гэрт унтаж байгаа, байж байгаад очъё” гэхэд хохирогч уурласан. Тэгэхэд би согтуу байсан байсан. Өөрийнхөө бурууг ойлгож байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Сэр-Од мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр
ээжтэйгээ айлаас гарч ирэхэд машин таглаад тавьсан байсан. Тэгэхээр нь машины утасны дугаар руу залгахад эхлээд авахгүй байж байгаад дараа нь аваад “ирэх боломжгүй байна, гэрт эхнэр хүүхэд хараад гарах боломжгүй байна, 2 цагийн дараа очно” гэсэн. Тэгээд хүлээгээд ирэхгүй болохгүй нь ойрхон ачилтын машин байгаа бол холдуулж байгаад гаръя гэж бодоод залгаад зогсож байтал “энэ машины жолооч байна уу” гээд асуугаад ирсэн. Тэгээд ерөнхийдөө маргаан болсон. Миний биед учирсан гэмтлийг Д.Б учруулсан. Хоёр нүдний доор сорвитой болсон. Үүнийг арилгавал надад гомдол санал гэхээр зүйл байхгүй” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Сэр-Одын өгсөн мэдүүлэг /хх-7/, гэрч Ц.Жавзмаагийн өгсөн мэдүүлэг /хх-10/, шинжээчийн дүгнэлт /хх-19/, шүүгдэгч Д.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Монгол” хотхоны орчимд хохирогч Г.Сэр-Одтой маргалдаж, улмаар нүүр, нүд рүү нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Сэр-Одын өгсөн: “...Энэ машины жолоч байна уу” гэж асуусан 3 согтуу залуу ирсэн. “Би байна” гэж хэлэхэд “чи муу яасан их хүн дууддаг юм чи хүүхэдгүй юм уу” гэж хэлээд намайг боогоод эхэлсэн. Зөрүүлээд заамдсан чинь миний нүд рүү цохисон. Тэр үед ээж дундуур орж ирээд салгах гэхэд хамт явсан залуу нь ээжийг бариад нөгөө залуу миний нүүр рүү цохиж, зодоод байсан. Би зодуулаад байсан учир 102 луу дуудлага өгчихөөд тэд нараас зугтаад байсан. Хар пальтотой залуу намайг зодож гэмтээсэн. Миний хоёр нүд хөхөрч нүүрэн дээр энд тэнд зулгарсан шархнууд үүссэн байсан.” /хх-7/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Жавзмаагийн өгсөн: "...Намайг 3 удаа өшиглөсөн, миний нүдний шил, гар утас хоёр унасан. Тэгээд тэр залуу намайг орхиод манай хүү дээр очоод зодоод байсан.” /хх-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Э.Адъяагийн өгсөн: “...Тэгээд Д.Б машин дээрээ ирсэн чинь тэр залуу уурлаад хоорондоо барьцалдаж аваад би хажуунаас нь салгасан Анхтулга гэр рүү орж түлхүүр авах гээд гарсан. Удалгүй түлхүүрийг аваад ирсэн Анхтулга машиныг асаагаад холдуулсан. Тэгээд Д.Б тэр залуутай зууралдаж байхад нь ээж нь манай найзыг цохиж аваад байсан.” /хх-14/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №12366 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Сэр-Одын биед духанд зулгарал цус хуралт, зүүн дээд
зовхинд цус хуралт, зүүн хацар, 2 нүдний доод зовхи, хүзүүний 2 хажуу хэсгээр зулгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн олон удаагийн
үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, гэх дүгнэлт /хх-19/,
Шүүгдэгч Д.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-20/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Б 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Монгол” хотхоны орчимд хохирогч Г.Сэр-Одтой маргалдаж, улмаар нүүр, нүд рүү нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Б хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Хохирогч Г.Сэр-Од нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй бөгөөд энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Б 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Билэгт
нь шүүхээс оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч Г.Сэр-Од нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Даваасүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС