| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2019-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Б.Алтанцэцэг,
Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.С холбогдох эрүүгийн 1806 07368 2072 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Ц.С .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ зуун айл" хотхоны барилга дээр иргэн Д.Сүхбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Сүхбаатарын өгсөн мэдүүлэг /хх-12/, гэрч Д.Батцэрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-18/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11051 дугаартай дүгнэлт /хх-25/, шүүгдэгч Ц.С урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн
лавлагаа /хх-27/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ зуун айл" хотхоны барилга дээр иргэн Д.Сүхбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Сүхбаатарын өгсөн: "...Д.Сугирдорж хүмүүсийн цалинг өгөөд миний цалинг өгөхгүй байсан. Тэгээд бид хоёрын дунд 200.000 төгрөгийн асуудал байсан. Тэгсэн надаас “600.000 төгрөг авна” гээд “одоо 300.000 төгрөгийг аваад үлдсэн 300.000 төгрөгийг дараа сарын цалин дээрээс авна” гэсэн. Тэгээд бид хоёрын хооронд маргаан болсон. Надад миний үлдсэн цалинг өгөөд цаашаа явахаар нь хойноос нь татаад эргээд зууралдаад баж байтал нүүр рүү хоёроос гурван удаа гараараа цохисон. Тэгсэн манай хоёр найз харсан чинь гарт нь машины түлхүүр юм уу нэг юм байсан гэж байна лээ. Тэгсэн хамрын арьс язарч цус их гарсан." /хх-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Батцэрэнгийн өгсөн: "...Д.Сүхбаатар, Ц.С хоёрын хооронд өмнө нь мөнгөний асуудал байсан юм байна лээ. Д.Сүхбаатар уурлаад тэр хоёр хоорондоо маргалдсан. Д.Сүхбаатар зуураад Ц.С болиулах гээд өөрийгөө хамгаалж зууралдсан. Тэгээд өөрөөсөө салгах гээд түлхсэн шиг байна лээ. Харанхуй болсон болохоор нарийн сайн харагдахгүй байсан.” /хх-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Батмагнайгийн өгсөн: "...2018 оны 8 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн хажуу талын “Шинэ 100 айл” нэртэй барилга дээр би цалингаа ажилтанууддаа тарааж өгөх гэж ирсэн юм. Тэгсэн барилгын хашааны гадна Ц.С бригадуудада цалингаа тараагаад хоёр гартаа мөнгө барьчихсан зогсож байсан чинь Д.Сүхбаатар ирээд үгийн зөрүүгүй Ц.С толгой руу нилээн олон удаа цохисон. Тэгээд тэр хоёр зууралдсан ба Д.Сүхбаатар газар унаад босч ирэхэд нүүрээс нь цус гарсан байсан.” /хх-21/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №11051 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Сүхбаатарын биед хамар ясны зөрөөтэй хугарал, баруун хацар, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо..
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн
үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, гэх дүгнэлт /хх-25/,
Хохирол нэхэмжилсэн баримт /хх-53-55/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-28/,
Шүүгдэгч Ц.С урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-27/ зэрэг
болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.С нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ зуун айл" хотхоны барилга дээр иргэн Д.Сүхбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.С хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Хохирогч Д.Сүхбаатар нь 2.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 753.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Сугирдоржоос гаргуулж олгохоор шийдвэрлэсэн 1.247.000 төгрөгийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.С ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ц.Сугирдоржийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.С нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар
Ц.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.С оос 753.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Сүхбаатарт олгосугай.
7. Хохирогч Д.Сүхбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС