| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/00754/И |
| Дугаар | 210/МА2023/01018 |
| Огноо | 2023-05-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2023/01018
| 2023 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2023/01018 |
КУ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч КУ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч М.Э-р, Э.С-, Э.Г- нарт холбогдох,
Орон сууцны төлбөрт 249,090,000 төгрөг гаргуулах үндсэн,
хариуцагч М.Э-рын Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 12004 дүгээр байрны 1 дүгээр орцны 14 давхрын 00 тоот хаягт байрлах 108.3 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагч Э.С-, М.Э-р, хариуцагч М.Э-рын өмгөөлөгч О.Ц, хариуцагч Э.Г-ийн өмгөөлөгч Р.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
КУ ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Э ХХК-тай дотор цахилгааны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Белмонте 2 төслийн А блокын дотор цахилгаан ажлыг бараа материалын хамт, өөрийн хүн хүч тоног төхөөрөмжөөр холбогдох БНБД-д болон холбогдох норм, дүрэм, цахилгааны техникийн ажил БНБД 3.05.06-90, техникийн нөхцөл, зургийн дагуу чанартай биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, иж бүрэн угсарч хүлээлгэн өгөх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Богд Вилла төслийн 1204 дүгээр байрны 14 дүгээр давхрын 108.3 м.кв талбайтай 00 тоотын орон сууцыг өгөхөөр тохиролцсон. КУ ХХК-ийн зүгээс дээрх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эхлүүлсэн боловч дэлхий нийтийг хамарсан цар тал тахал гарсны улмаас гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж дуусгаж боломжгүй болсон. Иймээс гэрээний хугацааг сунгаж, хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орчимд гэрээний үүргийн гүйцэтгэл 20 хувьдаа хүрсэн тул талууд үүргийн гүйцэтгэлийн 20 хувийг дүгнэсэн акт үйлдэж, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Богд Вилла төслийн 1204 дүгээр байрны 14 дүгээр давхрын 108.3 м.кв талбайтай 00 тоотын орон сууцны түлхүүрийг хүлээн авсан. Энэхүү орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй байгаа бөгөөд тухайн өдрөөр эзэмшил, ашиглалтыг КУ ХХК-д хүлээлгэн өгсөн. Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 1204 дүгээр байрны 14 дүгээр давхрын 108.3 м.кв талбайтай 00 тоотын орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч М.Э-р гэр бүлийн хамт амьдарч байгаа болох нь түүний тайлбараар нотлогдсон. Хариуцагч М.Э-р нь ...орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар КУ ХХК-тай харилцан тохиролцсон хариуцагчаас орон сууцаа худалдан авах үед түүний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байсан бөгөөд тус орон сууцыг КУ ХХК нь Э ХХК-аас захиалж, төлбөрийг тэдний хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар төлөхөөр харилцан тохиролцсон байсан. Э ХХК болон бидний хооронд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б-51 дугаар бүхий Орон сууны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан гэх агуулгатай тайлбар, сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч М.Э-раас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 200,000,000 төгрөгийг Э.С- гэх этгээдэд шилжүүлсэн гэх баримтууд хэрэгт авагдсан. Хариуцагч Э.С-аас Э.Г-т мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх үйл баримтууд тогтоогдов. Иймээс худалдан авах гэрээгээр тохиролцсон хөрөнгийг хүлээн авсан худалдан авагч нь төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй. Хариуцагч М.Э-раас шүүхэд гаргаж өгсөн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 00 тоот орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний агуулгаас харвал гэрээний 2.2-т м.кв-ийн үнэ 2,300,000 төгрөг, 2.3-т нийт орон сууцны үнэ 249,090,000 2.5-д захиалагчтай байрны төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн КУ ХХК-тай хийсэн цахилгаан ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар тооцсон бөгөөд тухайн компанийн албан хүсэлтийг иргэн М.Э-рын нэр дээр шилжүүлэв. Тус байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон байрны түлхүүр өгөхдөө манай компанийн санхүүгийн албанаас зөвшөөрлийн бичигтэй ирнэ гэж заасан байна. М.Э-рын зүгээс КУ ХХК-д нэг ч төгрөгийг шилжүүлж байгаагүй. Иймээс орон сууцны төлбөрт 249,090,000 төгрөгийг М.Э-раас гаргуулахаар шаардаж байна. Нөгөөтэйгүүр хариуцагчийн тайлбарт дурдаж, хэрэгт гаргаж өгсөн 200,000,000 төгрөгийг төлсөн Э.С- нь КУ ХХК-д дамжуулан шилжүүлэх үүрэгтэй гэж үзсэн ч хариуцагч М.Э-р нь 49,090,000 төгрөгт ногдох үүргийг гүйцэтгээгүй. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбарын дагуу асуудалд хандаж үзвэл хариуцагч Энхбаяраас Э.С-т 200,000,000 төгрөгийг, Э.С-аас Э.Г-т КУ ХХК-д зорилгоор шилжүүлсэн гэж үзсэн ч Э.С-, Э.Г- нар нь уг мөнгөн хөрөнгийг КУ ХХК-д шилжүүлж өгөөгүй бол зохих хэсгээр Э.С-, М.Э-р, Э.Г- нар нь төлөх үүрэгтэй болж болох юм. Иймээс хариуцагч нараас 249,090,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч М.Э-рын тайлбарын агуулга:
Миний бие КУ ХХК-аас тухайн байрыг орон сууцны зуучийн компаниар дамжуулж, 200,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн байрыг КУ ХХК нь Э ХХК-аас захиалсан байсан. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр миний бие байрны үнийг бүрэн төлсөн тул КУ ХХК-ийн зөвшөөрснөөр миний бие Э ХХК-тай уг орон сууны гэрээ байгуулж, байраа хүлээж авсан. Уг байрны гэрээг шилжүүлж хийхэд З.П- захирал байсан бөгөөд намайг хууль бусаар уг байрыг авсан мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Би байрныхаа үнийг төлсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй.
3. Хариуцагч Э.Г-ийн тайлбарын агуулга:
Миний бие Э.Г- 2020 оны 1 дүгээр сараас КУ ХХК-д З.П- захирлын томилгоогоор Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Нутгийн удирдлагын ордон төслийн ажилд гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажилд орсон. Мөн оны 4 дүгээр сард Белмонте-2 орон сууны төслийг хариуцан ажилласан. Уг төслийн санхүүжилт 100 хувь бартераар Богд вилла хотхоноос гэрээний дагуу өгсөн байруудыг З.П- захирлын зөвшөөрөл, зааврын дагуу зарж борлуулж төслүүдийн ажилд зарцуулсан болно. КУ ХХК нь энэ үед 4-н төсөл дээр зэрэг ажиллаж байсан бөгөөд санхүүжилт нь Белмонте-2 төслийн санхүүжилтээс зохих хэмжээгээр орж байсан. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла хотхон 1204-00 тоот байр мөн адил эдгээр төслүүдэд зарцуулагдсан. Тухайн байрыг 1 м.кв-ыг 1,750,000 төгрөгөөр тооцож, Э.С-тай зарахаар тохирсон бөгөөд 189,000,000 төгрөгөөр М.Э-р худалдаж авсан. Э.С- нь манай компанитай өмнө нь хамтран ажиллаж хэд хэдэн байрыг зарж өгсөн бөгөөд мөнгийг нь миний дансаар өгч, түүнийг нь дээрх төсөлд хэрэглэсэн. Энэ талаарх баримтууд бүгд З.П- захиралд хүлээлгэж өгсөн бөгөөд одоо байрны мөнгийг гаргуулна гэсэн нь үндэслэлгүй. Санхүүжилтгүй болоод бүх төлбөр тооцоо, ажилчдын цалин, хоол болон бараа материал зэргийг бартераар авсан байраа зарж, мөнгөөр нь хүргэж байсан. тухайн үед КУ ХХК-ийн байгуулагдаж байсан гэрээнүүдэд гүйцэтгэх захирал Э.Г- гэж байгаа бөгөөд одоо бараг намайг танихгүй мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Бид бартераар гэрээ байгуулахдаа байрны үнийг зах зээлийн ханшаар тооцдоггүй бөгөөд авсан байраа зарахдаа захиралтай ярилцаад үнээ тогтоодог.
4. Хариуцагч Э.С-ын тайлбарын агуулга:
Миний бие КУ ХХК-ийн бартераар авсан хэд хэдэн байрыг зарж өгөх ажлыг өмнө нь хийж байсан бөгөөд З.П- захирлыг таньдаг. Ингээд байр зарна гэсэн хүсэлтийн дагуу үл хөдлөх хөрөнгө зуучийн Нетс пропертис ХХК-аар зуучлуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 1204 дүгээр байрны 1 дүгээр орцны 14 давхрын 00 тоот хаягт байрлах 108.3 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг М.Э-р гэдэг хүнд 200,000,000 төгрөгөөр худалдсан. Хөрөнгө зуучийн компанид гэрээний дагуу 4,400,000 төгрөгийг төлж, 189,000,000 төгрөгийг КУ ХХК-ийн захирал Э.Г-ийн Хаан банкны 5063532742 тоот дансанд шилжүүлж, өгсөн. Тухайн үед КУ ХХК-ийн захирал З.П-ийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичигт 1204-00 тоот 4 өрөө байрын захиалгын гэрээг Э.С-т шилжүүлж өгөх талаар бичиж өгсний дагуу гэрээг Э ХХК, М.Э-р нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин байгуулж, байрыг хүлээлгэж өгөөд, би тооцоогоо дуусгасан. Гэрээ байгуулсан үнийн тухайд би мэдэхгүй бодитоор зарж өгөөрэй гэсэн үнэ нь 189,000,000 төгрөг байсан.
5. Хариуцагч М.Э-рын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга:
Миний бие Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 1204 дүгээр байрны 1 дүгээр орцны 14 давхрын 00 тоот хаягт байрлах 108.3 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг КУ ХХК-аас худалдаж авахаар тохиролцож, тэдний томилсон этгээдтэй гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг дансаар төлсөн. Э ХХК-тай гэрээ байгуулж, байрны түлхүүрийг хүлээн авч байрандаа орж, 2020 оны 10 сараас амьдарч байна. Иймд гэрээний үүргээ биелүүлсэн тул өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
6. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч М.Э-рын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг маргахгүй. Байрандаа амьдарч байгаа бөгөөд байрны үнийг бүрэн төлчихвөл маргаад байх зүйл байхгүй.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Э-р, Э.Г-, Э.С- нараас орон сууцны үнэ 249,090,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч КУ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Э-рыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 1204 дүгээр байрны 1 дүгээр орцны 14 давхрын 00 тоот хаягт байрлах 108.3 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч КУ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,473,600 төгрөгийг, хариуцагч М.Э-раас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч КУ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч М.Э-рт олгож шийдвэрлэсэн байна.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
8.а. Үл хөдлөх эд хөрөнгө нь КУ ХХК-ийн хөрөнгө бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгө аливаа хэлбэрээр захиран зарцуулагдсан бол төлбөрийг КУ ХХК авах эрхтэй. КУ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг М.Э-р нь худалдан авсан гэж үзэж байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Э-р нь КУ ХХК-ийн 249,090,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэд зориулж 189,000,000 төгрөгийг Э.С-, Э.Г- нарт шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Э.С-, З.Г- нар нь уг 189,000,000 төгрөгийг КУ ХХК-д төлөх үүрэгтэй ба дундаас нь уг мөнгөн хөрөнгийг завшиж авах эрхгүй.
8.б. Э.Г-оос тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг КУ ХХК-ийн захирал З.П-ийн данс руу шилжүүлж байсан боловч 189,000,000 төгрөгийг бүхэлд нь компанийн үйл ажиллагаанд эсхүл хувьцаа эзэмшигчид огт шилжүүлээгүй. Гэтэл 189,000,000 төгрөгийг бүхэлд нь шилжүүлж өгсөн мэтээр хийсвэр дүгнэлт анхан шатны шүүх хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн аливаа иргэн, хуулийн этгээд эрх зүйн үр дагавар үүсгэх, эсхүл тохиролцох зорилгоор гэрээ, хэлцлийг байгуулдаг ба гэрээний үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэх үүрэгтэй. М.Э-р нь 249,090,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан боловч 189,000,000 төгрөгийг шилжүүлж, 60,090,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Иймээс М.Э-р нь 60,090,000 төгрөгийг төлөх нь зүйд нийцэхээр байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 183/ШШ2023/00902 тоот шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тухай өөрчлөлтийг оруулж өгнө үү.
9. Давж заалдах гомдолд хариуцагч нараас гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15, 16 дугаар хэсэгт нэхэмжлэгчийг шаардах эрхгүй талаар тодорхой дүгнэсэн. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр М.Э-р, Э ХХК нарын хооронд орон сууцны хөрөнгө оруулалтын Б-51 дугаар гэрээнд бичигдсэн үнээр нэхэмжлэгч КУ ХХК нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх гэрээний дагуу шаардах эрхгүй. Иймд орон сууцны тохиролцсон үнийн дүнг бүрэн төлсөн бөгөөд тухайн байрыг эзэмшиж, ашиглаж, оршин суудаг тул өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
2. Нэхэмжлэгч КУ ХХК нь хариуцагч М.Э-р, Э.С-, Э.Г- нарт холбогдуулан орон сууцны төлбөрт 249,090,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч М.Э-р нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 12004 дүгээр байрны 1 дүгээр орцны 14 давхрын 00 тоот хаягт байрлах 108.3 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Нэхэмжлэгч КУ ХХК нь Э ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дотор цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлс 293,408,386 төгрөгт, 100 хувь эд хөрөнгөөр буюу бартераар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Богд Вилла төслийн 1204 дүгээр байрны 14 дүгээр давхрын 108.3 м.кв талбайтай 00 тоотын орон сууцыг өгч авалцах, уг орон сууцыг 249,090,000 төгрөгөөр үнэлэхээр тохиролцжээ. /хх 6-9/
3.а. Дээрх гэрээний дагуу КУ ХХК, Э ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б-10151 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ хэрэгт авагдсан байна. /хх 10-13/
3.б. Мөн Э ХХК болон хариуцагч М.Э-р нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б-51 дугаартай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээний 2.5-д Захиалагчтай байрны нийт төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн КУ ХХК-тай хийсэн дотор цахилгааны ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар тооцсон бөгөөд тухайн компанийн албан хүсэлтийг иргэн М.Э-рын нэр дээр шилжүүлэв гэсэн байна. /хх 22-24/
3.в. Хариуцагч М.Э-раас уг орон сууцны төлбөрт 200,000,000 төгрөгийг хариуцагч Э.С-т, хариуцагч Э.С-аас 189,000,000 төгрөгийг хариуцагч Э.Г-т тус тус шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
4. Харин талууд уг орон сууцны үнийг хэдэн төгрөгөөр тохиролцсон, мөн үнийг нэхэмжлэгчид бүрэн төлж шилжүүлсэн эсэх үйл баримтын талаар маргасан байна.
4.а. Нэхэмжлэгч компанийн захирал З.П-ээс Э ХХК-д хүргүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн огноо бүхий албан бичигтээ ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авах орон сууцны захиалгын гэрээг Э.С-т шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасан байх ба, уг хүсэлтийг үндэслэн Э ХХК, хариуцагч М.Э-ртай 249,090,000 төгрөгийн гэрээг байгуулж, хариуцагч М.Э-р тухайн орон сууцыг 200,000,000 төгрөгөөр худалдан авахаар нэхэмжлэгч компанийн захирал З.П-тэй тохиролцож мөнгийг шилжүүлсэн гэж хариуцагч М.Э-р тайлбарласан. /хх 25/
4.б. Хариуцагч Э.С- тухайн орон сууцыг 1 м.кв-ыг 1,750,000 төгрөгөөр тохиролцон борлуулж өгөхөөр З.П-тэй тохиролцсон тул уг орон сууцыг М.Э-рт зуучлан борлуулж, үнэ 189,000,000 төгрөгийг тус компанийн захирал Э.Г-ийн дансанд шилжүүлсэн гэж тайлбарлаж, дансны хуулгаа ирүүлсэн. /хх 104-110/
4.в. Хариуцагч Э.Г- нь тухайн компанийн захирлаар ажиллаж байсан ба, компанийн данс битүүмжлэгдсэн байсан тул 189,000,000 төгрөгөөр тухайн маргаан бүхий орон сууцыг худалдсан үнийг хүлээн авсныг зөвшөөрч, уг мөнгийг өөрийн данснаас З.П-ийн болон гэрч Л.Б-гийн дансанд шилжүүлсэн, гэрч Л.Б-гийн данснаас нэхэмжлэгч компанийн барилгын төслийн ажилд зарцуулсан гэж тайлбарлаж дансны хуулгууд болон нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд зарцуулсан дансны гүйлгээний түүврийг шүүхэд өгч, мөн гэрчээр Л.Б-г шүүх хуралдаанд оролцуулжээ. /хх 47-55, 152-153, 154-163, 203-209/
Гэрч Л.Б-гээс Э.Г-ийн данснаас 124,980,606 төгрөг шилжиж орсон, 127,970,395 төгрөгийг компанийн барилгын төслийн үйл ажиллагаанд зарцуулах болон захирал З.П-ийн дансанд шилжүүлсэн, орсон мөнгө нь энэ дүнгээрээ гарсан гэж мэдүүлсэн байх ба уг мөнгө нэхэмжлэгч КУ ХХК-ийн барилгын үйл ажиллагаанд зарцуулагдсан эсэх талаар шүүхээс тодруулаагүй, энэ талаар талуудыг мэтгэлцүүлээгүй байна. /хх 214-215/
4.г. Харин, нэхэмжлэгч талаас хариуцагч нарт холбогдуулан орон сууцны үнэ 249,090,000 төгрөгийг нэхэмжлэхдээ, анхан шатны шүүхэд хариуцагч М.Э-раас 49,090,000 төгрөгийн үүрэг гүйцэтгээгүй гэсэн байх ба, давж заалдах гомдолдоо 60,090,000 төгрөгийн үүрэг гүйцэтгээгүй гэжээ. Мөн 200,000,000 төгрөгийг хариуцагч Э.С- болон Э.Г- нараас зохих хэсгээр гаргуулна гэж нэхэмжилсэн байх ба зохих хэсэг гэх үндэслэл, шаардлага тодорхойгүй.
Хариуцагч Э.Г- нь нэхэмжлэгч талын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэж тайлбарладаг ба, тухайн орон сууцыг худалдан борлуулах эрхтэй эсэх, худалдан борлуулсан мөнгийг хүлээн авч захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, хууль зүйн ямар үндэслэлээр түүнээс 200,000,000 төгрөгийг шаардаж байгаа үндэслэлүүд тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, түүний эрхэлж байсан ажил албан тушаалтай холбогдуулж нэхэмжлэл гаргаж буй бол түүний хөдөлмөрийн харилцаатай холбоотой үндэслэлүүд нь тодорхойгүй гэж үзэхээр байна.
5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх талуудыг мэтгэлцэхэд чиглүүлэх, мэтгэлцэх нөхцлийг хангах, маргааны зүйлийг тодруулах чиг үүрэгтэй оролцох учиртай бөгөөд ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах юм.
6. Дээр дурдсанаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, талуудыг мэтгэлцүүлээгүй асуудлаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,473,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ц.АЛТАНЦЭЦЭГ