| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 104 |
| Огноо | 2019-01-11 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч М.Үүрийнтуяа,
Хохирогч З.Гэрэлцэцэг,
Шүүгдэгч С.А , түүний өмгөөлөгч Г.Бадамханд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.А д холбогдох эрүүгийн 1806 06599 1879 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, "Влатас" ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, С.А .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.А нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар байрны 11 тоотод түр оршин сууж байсан оршин суугч иргэн З.Гэрэлцэцэгийн гэрт 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн,
тус хорооны 10 дугаар байрны 41 тоотод түр оршин сууж байсан оршин суугч иргэн Г.Алтанцэцэгийн гэрт 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн,
2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус дүүргийн 5 дугаар хорооны 10 дугаар байрны 5 тоотод түр оршин сууж байсан иргэн Н Батжаргалын гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр тус тус нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “...Манай компани ОХУ-ын хилийн чанд дахь Өмчийн удирдах газартай 2014 оноос эхлэн түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байна. Тухайн байр манай компанийн эзэмшил. ОХУ-ын компанитай 2024 он хүртэл түрээсийн гэрээ байгуулж ажилласан. Зарим нэг түрээслэгчид 2017 оны 4 дүгээр сараас эхлэн “1971 онд нууц протоколоор өгсөн байрыг бидэнд давхар түрээсэлж байна, хууль бус юм хийлээ” гээд түрээсээ өгөхөө больсон. 6 сард захиргааны хэргийн шүүхэд энэ асуудлаар маргаан үүсгэсэн. 2018 оны 3 дугаар сар гэхэд гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Анх маргахдаа зарим нэг түрээслэгчид “шүүхийн шийдвэр гаргах юм бол түрээсээ төлнө” гэсэн боловч түрээсээ өгөөгүй. Ямар учраас мөнгөө өгөхгүй байна гэж асуухад Ерөнхий шүүгчид асуулга өгнө гэж хэлсэн. Тэгээд тухайн үед Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн асуулгаар ОХУ-ын өмчлөлийн байр байна гэсэн хариу гарсан. Миний зүгээс одоо түрээсээ өгнө гэж бодтол эсрэгээрээ шүүх байгууллага “Влатас” ХХК-тай хуйвалдлаа гэсэн жагсаал цуглаан хийж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад ийм асуудал үүсгэж байгаа юм чинь дийлдэхгүй юм байна гэж бодоод өөрөө арга хэмжээ авахаар болсон. Өөртөө туслахын тулд байрыг чөлөөлж эхэлсэн. Энд дурдагдаж байгаа гурван айл тухайн байранд амьдардаг гэдэг ч амьдардаггүй. Бусдад түрээслээд дундаас нь орлого олдог. 2017 оны 4 дүгээр сараас эхлэн гарсан хугацаанд 9-10 сая төгрөгийн өртэй. Би эдгээр хүмүүсээс мөнгө нэхээгүй. “Та нар байраа суллаад өгчих” гэсэн шаардлага тавьсан. Гол нь эдгээр хүмүүс цаашаа өөр хүнд түрээслээд өөрсдөө ашиг олж байдаг. Бидний зүгээс ОХУ-ын Төрийн өмчит компанид түрээс төлөөд явдаг. Дандаа алдагдалд орж байсан. Эдгээр хүмүүс энэ байдлаараа бусад оршин суугчдыг ч мөн адил алдагдалд оруулж байсан. Би өөрөө өөртөө туслаж ийм үйлдэл гаргасан. Хоёр айл нь хаалганы гол солиод орсон гэж байгаа болов цаад түрээсэлж байгаа айл нь байсан. З.Гэрэлцэцэгийн түрээслэдэг гэх байранд одоо О.Батхүүгийнх гэх айл байдаг. Асуудлыг ярихад би мөнгөө төлөөд явж байгаа гэх асуудал ярьдаг. О.Батхүүг тухайн өдөр нь гаргачихаад буцаагаад оруулсан. Үндсэндээ тухайн байранд амьдарч байсан айл нь буцаад орсон. З.Гэрэлцэцэгт гомдох шаардлага байхгүй. Өдөртөө О.Батхүүг буцаагаад оруулсан. 5 тоотыг түрээсэлж байсан Туяа гэх айл “би түрээсээ өгдөг” гэж хэлсэн. Энэ хүмүүс байрыг бүхэлд нь биш өрөө өрөөгөөр нь түрээсэлдэг. О.Батхүү маргааш нь “би түрээсээ өгдөг, надад гомдол саналгүй” гэсэн бичгээ өгсөн. 5 тоотыг түрээсэлж байсан Туяа гэх охин хаалгаа нээж өгсөн. Бидэнд “Би Батжаргал эгчид түрээсээ өгдөг, надад ямар ч хамаа байхгүй” гэж хэлсэн. Үндсэндээ Батжаргалынх өрөө өрөөгөөр нь салгаад түрээсэлсэн байсан. Биднээс дөрвөн өрөө байрыг 600.000 төгрөгөөр түрээслэдэг атлаа гадны хүмүүст өрөө өрөөгөөр нь 200.000 төгрөгөөр түрээслэдэг. Бидэнд түрээсээ өгдөггүй байсан хэрнээ өөрсдөө бүтэн жилийн турш ашиг олж байсан. Миний зүгээс “та бүхнээс түрээс авахгүй, зүгээр байр суллаад өг” гэсэн шаардлага тавьснаас болж асуудал үүссэн. Эдгээр айлууд 2017 онд гэрээ хийгээд маргаан таслагдах хүртэл гэрээгүйгээр оршин суусан. Эдгээр хүмүүс үндэслэлгүй хөрөнгөжиж байна... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Гэрэлцэцэг мэдүүлэхдээ:”...“Влатас” ХХК-ийн 10 байранд 11 тоот гэлтгүй 2014 оноос эхлэн мөн адил айлын карма өрөө түрээслэн амьдардаг байж байгаад 2015 оноос эхлэн өөрөө бие дааж тоотоор нь түрээсэлж эхэлсэн. Тухайн үед 10 тоотоос эхлэн түрээсэлсэн. Дараа нь 11 тоотыг түрээслэх болсон. О.Батхүү гэх хүнд би байр түрээсэлж байгаагүй. Яагаад ийм мэдүүлэг өгсөн эсэхийг ойлгохгүй байна. Тухайн үед хаалга нээхэд нь “Влатас” ХХК-ийн хүмүүс толгой руу нь сандлаар цохисон байсан. Тэгээд цагдаа болон эмнэлэг ирсэн. Тухайн үед О.Батхүүгийн гомдлыг арилгахын тулд О.Батхүүг буцаагаад байранд оруулсан байдаг. 10-11 тоот зэргэлдээ байдаг. Энэ айл 2015 оноос эхлэн түрээсэлж байсан. Мөн 10 тоотыг О.Батхүүгийн дүү О.Баттөгс гэх залуу түрээсэлдэг. Эднийх “3 өрөө болгомоор байна” гэхэд нь “түр хүлээж бай” гэж хэлээд манай нэг өрөөнд байлгасан. Тухайн үед би түрээс авч байгаагүй. Хэрэглээний мөнгийг нь авдаг байсан. О.Батхүүг тухайн байранд амьдарч байгаагүй гэж байгаад гомдолтой байна. 5 дугаар сараас эхлэн “Влатас” ХХК-ийн байнгын дарамтад ордог байсан. 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хоёр нялх хүүхдийнхээ вакцинийг хийлгэхээр өглөө авч гараад орой ирэхэд хаалга гагнасан байсан. 2017 оны 5 дугаар сарын дундуураас эхлээд 2 сарын хугацаанд тог тасалж байсан. Урьд тог, усны мөнгө өгч байсан баримт байгаа. Энэ байдлаас болж миний хүүхдүүдийн эрүүл мэнд хохирч байсан удаа байгаа. С.А “би энэ үйлдлийг хийсэн” гэж байгаа боловч бүлэглэн дарамталдаг байсан. 5 дугаар сарын 1-ний өдөр миний охины төгсөлтийн баярын өдөр байсан. Тухайн өдөр над руу залгаад хэл амаар доромжилсон. Би “завгүй байна, хүүхдийнхээ хонхны баяр дээр байна” гэж хэлэхэд утсаа салгасан. Гэтэл 7 настай хүүхэд гэртээ байхад хоёр халамцуу залуу орж ирээд түлхүүр булааж авсан байсан. Коминдат Золжаргал гэж хүн байдаг. Утсаар залгаж дарамталж байсан. Мөн урьд энэ хүнд зодуулаад цагдаад хүртэл дуудлага өгч байсан. Үргэлж бүлэглэн дарамталж хүн зоддог. Намайг жагсаал цуглаан зарласан гэж худал гүтгэдэг. 4 дүгээр сарын 17-ны өдөр над руу Иргэний шүүхээс залгаад “та ирж уулз” гэсэн. Гэтэл намайг цуглаан зохион байгуулсан, бусдыг уриалсан гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан байсан. Би хүүхдүүдээ машинд суулгаж авч гараад юм зөөдөг. 6 дугаар сарын 3-ны өдөр гэртээ ирэхэд бүх эд хогшил гаргаж хаясан байсан. Гэтэл эд хогшил байгаагүй гэж байна. Энэ худлаа. Миний ихэр охидын манеж хүртэл байсан. Манай дүүгийн монетен ээмэг бөгж полкон дээр байсан. Дүү эд зүйлээ санаад хэлэхэд нь ажилчид нь бүгд “мэдэхгүй” гэж байсан. Гэтэл ахимаг насны цагаан царайтай нэг хүн “полкон дээр байсан” гэхээр “цагдаа дууд, эд материал алга болсон” гэхэд тухайн ажилтан шуудай ухаад гаргаж ирсэн. Тухайн өдрөөс хойш би хоёр хүүхдээ аваад айлуудаар явж байна. Эд хогшил гэвэл хоёр хүүхдийн манеж, гал тогооны тавилга, плитка, буйдан, өргөн ор, гурван матрас байгаа. Би таван хүүхдийн хамт амьдардаг. Миний эд хогшилд байсан эд зүйлсийг битүүмжлээд лацадсан. Одоо бодоход С.А д давхар эд хөрөнгө битүүмжилсэн гэх хэргээр гомдол гаргаж болох байсан байж гэж бодож байна. О.Батхүү гэх айлд бүгдийг нэг өрөөнд чихэж хадгалсан. Миний гэсэн бүх зүйлсээс өвөг эцгээс уламжлагдан ирсэн хөөрөг, эмээгийн шүр, мөнгөн шигтгээтэй мөнгөн бугуйвч алга болсон. Хэрэв тухайн үед эд зүйлээ авах боломж болгосон байсан бол би эд зүйлээ цэгцлээд авах байсан. Тухайн өдрөөс хойш тухайн байр руу орох эрх олгоогүй. Би одоогоор “Тайм таурт” сарын 1.500.000 төгрөгийн түрээстэй бүрэн тавилгатай гурван өрөө байр түрээсэлж байгаа. Өглөө 7 цагт босоод 7 цаг 30 минутад хичээлдээ явах ёстой хүүхэд 6 цагт босоод хичээлдээ явж байгаа. Хүүхдийнхээ сургуулийг солих гэсэн боловч хүүхэд зөвшөөрөхгүй байгаа. Миний зүгээс “Влатас” ХХК-аас 6.790.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс түрээсэлж байгаа байрны зургаан сарын түрээс 6.000.000 төгрөг, шатахууны 790.000 төгрөг нэхэмжилж байна. “Влатас” ХХК ОХУ-тай гэрээтэй байж болох ч Иргэний хуулийн 318.3 хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн байна. Гэтэл “Влатас” ХХК Монгол улсад иргэд биднээс түрээс авах гэрээнд бүртгэгдээгүй. Энэ нь Хуульзүйн дотоод хэргийн яамнаас гаргасан 993 дугаартай захирамжид гэрээ бүртгэгдээгүй гэдэг нь тодорхой байгаа. Елена Владимировна гэх захирал нь байнга үүрэг даалгавар өгдөг. Тэр хүн Монгол улсад “Влатас” ХХК-ийн хувь нийлүүлэгчээр тооцогдож байж захирлын тамга тавьж гэрээ байгуулан иргэдээс мөнгө авдаг.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч
З.Гэрэлцэцэгийн өгсөн мэдүүлэг /1хх-24-25/, хохирогч Г.Алтанцэцэгийн өгсөн мэдүүлэг /1хх-52-53/, хохирогч Н.Батжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-79-80/, гэрч О.Батхүүгийн өгсөн мэдүүлэг /1хх-26/, гэрч Ц.Өсөхбаярын өгсөн мэдүүлэг /1хх-54/, гэрч Б.Батцэцэгийн өгсөн мэдүүлэг /1хх-61-62/, гэрч М.Золбаярын өгсөн мэдүүлэг /1хх-58, 83/, гэрч Ц.Баярсайханы өгсөн мэдүүлэг /1хх-82/, С.А ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-68, 81/, мэдэгдэл /1хх-85-87/, улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-106/, түрээсийн гэрээ /1хх-231/, улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-238/, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /1хх-239-251/, гэрч Н.Батжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-79-80/, гэрч Б.Мөнхтуяагийн өгсөн мэдүүлэг /1хх-84/, шүүгдэгч С.А ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /1хх-90/, шинээр О.Батхүүгийн гаргасна тодорхойлолт, орон сууц хөлслөх гэрээ, банкны хуулга, хохирол нэхэмжилсэн 23 ширхэг бензины баримт, 1 гэрэл зураг зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.А нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар байрны 11 тоотод түр оршин сууж байсан оршин суугч иргэн З.Гэрэлцэцэгийн гэрт 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн,
тус хорооны 10 дугаар байрны 41 тоотод түр оршин сууж байсан оршин суугч иргэн Г.Алтанцэцэгийн гэрт 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн,
2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус дүүргийн 5 дугаар хорооны 10 дугаар байрны 5 тоотод түр оршин сууж байсан иргэн Н Батжаргалын гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр тус тус нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч З.Гэрэлцэцэгийн өгсөн:”...2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гадуур явж байгаад орой гэртээ иртэл манай хаалгыг гагнаад явчихсан байсан Иймэрхүү байдлаар манай байрны оршин суугчдыг гэртээ байхад нь "Влатас" ХХК-аас хаалганы голыг нь солих гэх мэтээр авирлаж эхэлсэн. 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр би гэртээ эзгүй, О.Батхүү ах ганцаараа байхад нь гаднаас хаалгыг нь нүдээд 3-4 залуучууд дайрч орж ирээд манай бүх тавилгыг гаргаад үүдэнд хаячихсан байсан байхад нь би гэртээ ирээд өөрөө гэртээ орж, тавилгуудаа гэртээ зөөж оруулах гэсэн боловч орж чадаагүй цоожны гол сольчихсон байсан.” / 1хх-24-25/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Алтанцэцэгийн өгсөн: “...2017 оны 5 дугаар сард “Влатас” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулаад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар байрны 41 тоот 1 өрөө орон сууцанд сарын 460.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөөд орохоор болоод байрандаа орсон. 2018 оны 1 дүгээр сараас 7 cap дуустал хэрэглээний төлбөр гэж сард 50.000 төгрөгийг “Влатас” ХХК-д төлж байсан. Түрээсийн төлбөрөө бүтэн өгөөгүй гээд “Влатас” ХХК-аас тог тасалсан. Би “Влатас” ХХК-д шаардлага тавихаар “түрээсийн төлбөрөө төл, эсвэл гарахгүй юу” гэдэг шаардлагыг өөдөөс тавихаар нь чимээгүй болчихдог юм. Ингээд явж байгаад 2018 оны 7 дугаар сарын 30-ны өглөө би охинтойгоо, зээтэйгээ хамт гадагшаа гарсан. Буцаад гэртээ хүрч ирээд хаалгаа онгойлгох гэтэл хаалга онгойхгүй байсан. Гайхаад хартал цоожны гол сольчихсон байсан. Хаалгаа нүдэхэд нээхгүй байхаар нь цагдаа дуудаад цагдаа ирсний дараа манай хаалгыг дотроос нь хүн нээсэн.” /1хх-52-53/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Батжаргалын өгсөн: “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 10 байрны 5 тоотод манай аав Чулуубаатар нь миний хүү Баянмөнхийн хамт амьдардаг. Энэ байр нь түрээсийн байр байгаа юм. Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн өглөө аавын хамтаар эмнэлгээр явж байгаад 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 10 байрны 5 тоотод ирэхэд тус “Влатас” ХХК-ний ажилчид хаалганы голыг эвдэж эд зүйлийг минь зөөсөн байдалтай байсан." /1хх-79-80/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч О.Батхүүгийн өгсөн: ”... 2018 оны 6 дугаар сарын 3-ны өглөө гэртээ ганцаараа байж байхад хаалга балбаад байсан. Очоод хаалгаа нээтэл 2-3 залуучууд “Влатас” ХХК-ийн захирал гэх залуутай хамт орж ирээд “манай эд хогшлыг гарга” гээд гаргаж эхэлсэн. Надад ямар ч бичиг баримт үзүүлээгүй, намайг холдуулж байгаад гэрээс эд хогшлыг зөөж гаргасан. Эд хогшил нь З.Гэрэлцэцэгийн эд зүйлс байсан.” /1хх-26/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Өсөхбаярын өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн үед би ээжийн хамтаар гарч яваад өдөр 14-15 цагийн үед буцаж гэртээ ирсэн. Гэтэл хаалганы гол сольчихсон байсан. Манай гэрээс 2 охинтой нэг эмэгтэй гарч ирээд “бид энд амьдрах болсон, түрээсийн гэрээг “Влатас” ХХК-тай байгуулсан” гэж хэлээд гэрээ үзүүлсэн. Тэр айлд орж үзэхэд манай эд хогшлыг бүгдийг нь гаргачихсан, тэр байранд манай гэх самбар, ванны өрөөний тавиур, шалны мод зэрэг зүйлс үлдсэн байсан.” /1хх-54/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Батцэцэгийн өгсөн: “...”Влатас” ХХК нь оршин суугчдыг хаалга үүдээ түгжээд явчихсан үед нь эсвэл гэр оронд нь чадал буурай байдлыг нь далимдуулан орон байранд нь хууль бусаар нэвтэрч ордог асуудал дандаа гаргаж байгаа.” /1хх-61-62/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхтуяагийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо. 10 дугаар байрны 5 тоотод оршин сууж байсан Н.Батжаргал гэх айлын өрөөг 2017 оны 10 дугшаар сараас 2018 оны 8 дугаар cap хүртэл түрээслэн амьдарсан. Одоо 58 тоот айлын өрөөг түрээслэни амьдарч байгаа. Би 5 тоот гэртээ ганцаараа байж байхахд гаднааас хаалга тогшсон. Хаалга нээгээд өгсөн
чинь “Влатас” ХХК-ийн ажилчин болох Золоо гэдэг залуу орж ирээд “компанийн байрыг суллаж өг” гэхээр нь би өөрийнхөө эд зүйлсийг аваад тэр байрыг чөлөөлж өгсөн. Миний түрээсийн хугацаа ч дууссан байсан учраас би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй эд зүйлсээ аваад явсан.” /1хх-84/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч М.Золбаярын өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ажлаа хийгээд байж байхад гүйцэтгэх захирал С.А нь надад “41 тоот айлын түрээсийн төлбөр нь хэтрээд баларсан юм болж байна, энэ айлыг нүүлгэн гаргах хэрэгтэй байна, нүүлгэх ажилд нь очиж тусал” гэсэн үүрэг өгсөн. 41 тоот айлын хаалганы цоожийг өрөмдөж нээгээд гэрт орох үеийн бичлэгийг гар утас дээрээ хийгээд дотогш орж гэрт байх зүйлсийг гадагшаа гаргаж подволд хураасан. Ингээд шинэ цоожны гол авчраад голыг сольсон. Би өдрийг нь санахгүй байна. Гүйцэтгэх захирал С.А захирал намайг дуудаад “түрээслэгч нар мөнгөө өгөхгүй байна, 5 тоот айлыг нүүлгэж гаргах хэрэгтэй байна албадан нүүлгэж гарга” гэсэн шийдвэрийг амаар хэлсэн. Би тэр шийдвэрийнх нь дагуу жолооч Баярсайханы хамтаар 5 тоот айлд барагцаагаар 11-12 цагийн үед очсон. Очоод хаалгыг нь нүдэхэд түрээслэж байгаа гээд нэг эмэгтэй хаалга нээж өгсөн. Бид нар тэр эмэгтэйд хандаад албадан нүүлгэж байгаа талаараа хэлээд 58 тоот айлын гэх эд хогшлыг шуудайд хийгээд зөөж гаргасан...Гүйцэтгэх захирал С.А захирал намайг дуудаад “түрээслэгч нар мөнгөө өгөхгүй байна, 5 тоотыг нүүлгэж гаргах хэрэгтэй байна, албадан нүүлгэж гарга” гэсэн. Би тэр шийдвэрийнх нь дагуу жолооч Баачкатай хамт 5 тоот айлд барагцаагаар 11-12 цагийн үед очсон. Очоод хаалгыг нь нүдэхэд түрээсэлж байгаа гээд нэг эмэгтэй хаалга нээж өгсөн. Би тэр эмэгтэйд нүүлгэж байгаа талаараа хэлээд 5 тоот айлын эд хогшлыг шуудайнд хийгээд зөөж гаргасан.” /1хх-58, 83/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Баярсайханы өгсөн: “...41 тоот айл түрээсийн төлбөрөө төлөхгүй арай дэндүү удаж байна, энэ хүмүүсийг гарга” шийдвэр өгсөн. Тэр шийдвэрийн дагуу М.Золбаяр, Давка бид нар 41 тоот айлын эзгүй байхад нь очоод хаалгын цоожны голыг нь өрөмдөж хаалгыг нээгээд дотогш орсон. Ингээд гэр доторх эд зүйлсийг шуудайлж хайрцаглаж гадагш зөөж гаргаад подволд хураасан. Би “Влатас” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А ын өгсөн шийдвэрээр 10 дугаар байрны 5 тоот, 41 тоот айлуудыг албадан нүүлгэн гаргах ажилд оролцсон. 2018 оны 8 дугаар сард “Влатас” ХХК-ний гүйцэтгэх захирал С.А нь надад хандаад “5 тоот айлыг гаргая” гэсэн. Надтай хамт М.Золбаяр болон С.А захирал бид 3 нийлж байгаад 5 тоотод очсон. Тэдний хаалгыг тогшоод дотроос нь нэг охин байхад нь гэрт нь ороод гар утсан дээрээ бичлэг хийгээд “байраа суллаж өг” гэсэн шаардлага тавьсан. Бид нар эд хогшлыг нь баглаж боогоод шуудайнд хийгээд гадагш гаргаж машинд ачаад компанийн байранд аваачсан. Ингээд хаалганых нь цоожны голыг нь солиод нөгөө охиныг гаргасан.” /1хх-82/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад С.А ын гэрч, яллагдагчаар өгсөн: “...Надад З.Гэрэлцэцэгийг албадан гаргахаас өөр арга байгаагүй учраас би дээрхи үйлдлийг хийсэн. З.Гэрэлцэнцэг гэртээ байхгүй байсан үе таарсан. Түүний түрээслэж байсан хүмүүс байхад нь компанийн ажилчдад энэ айлд нэвтэрч ороод нүүлгэ гэсэн үүрэг өгөөд нүүлгэсэн. Би шүүхээр албадан гаргуулах захирамж гаргуулаад заргалдахаар давж заалдахаас авахуулаад асар их цаг хугацаа шаардагдах болоод байсан учраас хууль бусаар ч хамаагүй З.Гэрэлцэцэгийг байрнаас гаргах нь зүйтэй гэж “Влатас” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд би шийдвэр гаргасан. Г.Алтанцэцэг гэх хүн 2017 оны 5 дугаар сараас хууль бусаар амьдарч эхэлсэн. Амьдарч эхэлсэн цагаас хойш хэрэглээний мөнгө гэж сард 50.000 төгрөгийг тог, усны мөнгө гэж банканд тушаадаг байсан. Төлбөрөө төл гэж удаа дараа шаардахад төлөөгүй. Ингээд энэ хүнийг хүчээр гаргахаас өөр арга надад байгаагүй. Ингээд Г.Алтанцэцэгийнх хүнгүй байх үед нь хаалгыг нь гаднаас нь цоожийг эвдэн онгойлгож ороод эд зүйлсийг нь зөөж гаргаад цоожны голыг нь сольж орхисон. Би компаний ажилчидад үүрэг чиглэл өгч дээрх үйлдлийг гаргасан. Компанийн ажилчид намайг хууль бус үйлдэл гаргаж байгаа гэдгийг мдэээгүй. Н.Батжаргалын эцэг нь гэх Чулуунбаатар гэх хүн гэрээ хийж амьдарч байгаад 2017 онд гэрээний хугацаа дууссан байсан. Тэгээд төлбөрөө төлөхгүй байсан учраас өөрийн шийдвэрээр албадан гаргасан. Би хууль зөрчөөд ч хамаагүй албадан гаргах шийдвэрийг өөрөө гаргасан. Би хууль зөрчсөн үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй. Өөр арга надад шүүхээр шийдвэр гаргахаас өөр арга байгаагүй." /1хх-68, 81/ гэх мэдүүлэг,
-Түрээсийн гэрээ /1хх-15-21, 231-238/,
-Мэдэгдэл /1хх-85-87/,
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-99-100/,
-“Влатас” ХХК-ийн дүрэм, бусад холбогдох баримтууд /1хх-101-230/,
-Захиргааны хэргийн шүүхийн магадлал, тогтоол /1хх-239-251, 2хх-2-5, 18-30/,
-ОХУ-ын түрээсийн гэгдэх орон сууцны асуудлаар хийгдэж байсан ажлууд, ирсэн бичгийн товчоо, тайлбар, жагсаалт /2хх-9-13/,
-Засгийн газрын хуралдааны тэмдэглэл /2хх-31-32/,
-Үндсэн хуулийн Цэцийн магадлал /2хх-33-44/,
-Гадаад харилцааны яам, олон улсын гэрээ, эрх зүйн газрын ярианы тэмдэглэл /2хх-46-49/,
-Шүүгдэгч С.А ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-90/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч С.А нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар байрны 11 тоотод түр оршин сууж байсан оршин суугч иргэн З.Гэрэлцэцэгийн гэрт 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн, тус хорооны 10 дугаар байрны 41 тоотод түр оршин сууж байсан оршин суугч иргэн Г.Алтанцэцэгийн гэрт 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус дүүргийн 5 дугаар хорооны 10 дугаар байрны 5 тоотод түр оршин сууж байсан иргэн Н Батжаргалын гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр тус тус нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан болох нь хохирогч З.Гэрэлцэцэг, Г.Алтанцэцэг, Н.Батжаргал, гэрч О.Батхүү, Ц.Өсөхбаяр, Б.Батцэцэг, Б.Мөнхтуяа, М.Золбаяр, Ц.Баярсайхан, С.А ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, түрээсийн гэрээ, мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “Влатас” ХХК-ийн дүрэм, бусад холбогдох баримтууд, Захиргааны хэргийн шүүхийн магадлал, тогтоолууд, ОХУ-ын түрээсийн гэгдэх орон сууцны асуудлаар хийгдэж байсан ажлууд, ирсэн бичгийн товчоо, тайлбар, жагсаалт, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Гадаад харилцааны яам, олон улсын гэрээ, эрх зүйн газрын ярианы тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч С.А ын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар байрны 11 тоотод түр оршин сууж байсан оршин суугч иргэн З.Гэрэлцэцэгийн гэрт 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн, тус хорооны 10 дугаар байрны 41 тоотод түр оршин сууж байсан оршин суугч иргэн Г.Алтанцэцэгийн гэрт 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус дүүргийн 5 дугаар хорооны 10 дугаар байрны 5 тоотод түр оршин сууж байсан иргэн Н Батжаргалын гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр тус тус нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-т заасан “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Шүүгдэгч С.А ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхээс шүүгдэгч С.А ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Хохирогч З.Гэрэлцэцэг нь орон сууцны түрээс, бензины мөнгө гэж нийт 6.779.000 төгрөг нэхэмжилсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан “...гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол” гэж шүүхээс үзээгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй байна.
Харин холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.А ыг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-т зааснаар С.А ыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.А нь шүүхээс оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч З.Гэрэлцэцэг нь гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС