Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01098

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01098

 

 

Б.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/01406 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.БР-т холбогдох,

1,590,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие Б.БР-тай 2022 оны 08 дугаар сард 1 машин дайргыг 30,000 төгрөгөөр тохирч 17 машин дайрга авч, мөнгийг шилжүүлсэн. Бүх дайргыг авахаар болж 53 машин дайрга нэмж авсан. Үүний үнэ болох 1,590,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Б.Б-тай холбогдож 53 машин дайрга авсан нь үнэн. Барилгын талбай чөлөөлөх шаардлагатай гэсний дагуу өөрөөсөө түлшний зардал болох 510,000 төгрөгийг гаргаж, барилгын талбайг нь чөлөөлсөн. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй, нэг машин дайрганы үнийг 30,000 төгрөг гэж тохиролцоогүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-ийн Б-аас 1,590,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б-ын Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,390 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.БР-аас улсын тэмдэгтийн хураамжид 40,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.б. Миний бие Б.Б-аас дайрга худалдаж аваагүй, харин түүний ажиллаж байсан компанийн барилга барихаар ухсан суурийн хаягдал хөрс шороог зайлуулахад тусалж өөрийн зардлаар тээвэрлэн зөөсөн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчээс дайрга худалдаж авсан мэтээр дүгнэж хэт нэг талыг баримтлан хэргийн бодит үнэнийг тодруулж тогтоолгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үнэхээр нэхэмжлэгч дайрга надад худалдсан юм бол нэхэмжлэгч дайрга олборлох эрхтэй эсэх, компанийхаа өмнөөс дайрганы төлбөр тооцоог надаас нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн эсэхийг тодруулж шийдвэрлэх нь зүйтэй.

Гэрч С.Э- 17 машин дайрга авч, 510,000 төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлсэн бөгөөд тухайн гэрч нь нэхэмжлэгчтэй хамт ажилладаг хоорондоо үгсэн тохирч мэдүүлэг өгсөн. Түүнээс 17 машин дайрга аваад 510,000 төгрөг шилжүүлсэн баримт байхгүй. Магадгүй 20, 30 машин хаягдал шороо аваад 510,000 төгрөг шилжүүлсэн эсэх талаар тодорхой баримт байхгүй. Энэ талаар хэргийн материалд ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хуулийн хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хэрэгт 2 нотлох баримт байгаа. Гэрчийн мэдүүлэгт 53 машин дайрганы мөнгийг өгөөгүй талаар мэдүүлсэн. Хариуцагчийн нэхэмжлэгчийн банкны харилцах данс руу 510,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга авагдсан. Мөн утсаар ярьсан ярианы бичлэгийг нотлох баримтаар өгсөн боловч шүүх хүлээж аваагүй. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарыг өөр өөр байдлаар гаргасан. Шүүх хэт нэг талыг баримтлаагүй, хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Б.БР-т холбогдуулан 53 машин дайрга худалдаж авсан 1,590,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ дайрга худалдаж авсан талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй, үнэ тохироогүй гэж тайлбарласан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй татгалзлаа нотлоогүй байна.

 

2.а. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дайрга тээвэр 91915490 гэх гүйлгээний утгаар 510,000 төгрөгийг хариуцагчаас шилжүүлсэн нь нэхэмжлэгч Б.Б-ы Хаан банкны дансны хуулгаар нотлогдсон байна./хх 17/

 

2.б. Түүнчлэн, нэхэмжлэгч талын хүсэлтээр 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрч С.Э- Б.БР- нь эхлээд 17 машин дайрга аваад 510,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд дараа нь бүгдийг авъя гээд экскаватор гаргаж хүн гарган шөнөжин ажилласан. Нэмж авсан 53 машин дайрганы үнийг Б.Б- аваагүй байсан тул түүний цалингаас нь суутгаж авсан гэх мэдүүлэг өгчээ./хх 30-31/

 

2.в. Анхан шатны шүүхээс гэрч С.Э-т хууль сануулан мэдүүлэг авсан байх ба гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмыг хангасан байх ба мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад хамаарах тул гэрч худал мэдүүлэг өгсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

3. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэж, хариуцагч Б.БР-аас 1,590,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

4. Шүүх уг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/01406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ