| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2017/00030/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ичинхорол |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Б.Ичинхорол,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Ганбадрах
Шүүгдэгч Б.С, Ц.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э, Б.С нарт холбогдох 1740000050001 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.Э.
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.С.
Шүүгдэгч Ц.Э, Б.С нар нь хамтран хүч хэрэглэхгүйгээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си Эм Кэй Ай” ХХК-ийн харуул хамгаалалттай агуулахын цонхоор 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу И.Э эзэмшлийн .......улсын дугаартай “Маяти” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж барилгын материал, сангийн хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 4.054.350 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “Намайг 2017 оны 7 сарын 13-ны орой 21 цагийн үед гэртээ байж байхад Ц.Э ах ирээд гэртээ барилгын ажил явуулж байгаа, 16-гийн уурхайгаас элс хайрга авчраад өгөөч гэхээр нь цуг явсан. Тухайн үед 16-гийн уурхайн агуулахад хаягдал хайрга байж магадгүй очиж үзье гээд очсон. Очсон даруйдаа хүн амьтан байна уу гэж эргэн тойрныг нь харахад хүн байгаагүй. Агуулахын хойд талын цонх нь онгорхой байсан учраас цонхоор нь харсан чинь барилгын материал харагдахаар нь ороод авсан. Тэр агуулахаас барилгын материал авч байхад нэг машин ирээд гэрлээ тусгаад зогссон. Тэр машинаас хүн гарч ирэх болов уу гээд хараад зогсож байтал хүн ирээгүй. Харин гэрлээ тусгаж байгаад эргээд явсан. Агуулахаас эд зүйлээ ачаад Ц.Э ах бид хоёр машинтайгаа хөдлөөд явсан. Холдож амжаагүй байхад араас машин дагаад яваад байсан болохоор агуулахын эзэн нь байна гэж бодоод 16-гийн уурхайгаас баруун тийшээ гараад явтал араас дагаад л яваад байсан. Тэгээд бид хоёр машинаа зогсоотол нөгөө машин урдуур хөндлөн орж ирээд зогссон. Бид хоёр машинаасаа буух гэтэл нөгөө хүмүүс гарч ирээд хятад хэлээр яриад чулуу шидсэн. Тэр хүмүүс нэлээд том биетэй хүмүүс байх шиг байсан. Тэгээд машинаасаа буух гэснээ болиод машин дотор нь хэдэн хүмүүс ч байгаа юм билээ ерөөсөө болъё, үүнээс ч илүү зодоон үүсч магадгүй гээд эргэж буцаад Бор-Өндөр явж цагдаад хэлье гээд хөдлөөд явсан. Тухайн үед шөнийн 23 цаг болж байсан. Тэр үед нөгөө машин эргээд явсан. Бид хоёр отвалын хажууд зогсоод ер нь цагдаа руу очдог нь зөв үү буруу юу буцаад эзэнд нь эд зүйлээ өгье гэж хоорондоо ярилцаад эргээд нөгөө 16-гийн уурхай руу яваад 300 метрийн наана ирж зогсоод хүн байна уу гэж харсан. Хүн харж байхдаа ер нь болъё аягүй бол нөгөө хүмүүс отоод зогсож байгаа. Эд зүйлийг нь өгөөд том юманд унаснаас цагдаа дээр очоод учраа олъё гэж дахин ярилцаад эргэж буцаад явсан. Тухайн үед цаг шөнийн 01 цаг өнгөрч байсан. Бор-Өндөр сум руу ороод цагдаа руу очих гэж байснаа болиод шууд өглөө очъё гээд Г гэдэг ахын хашаанд машинаа тавиад тэр шөнөө эд зүйлээ манаад машиндаа хонох гэсэн боловч тэр шөнө ердөө унтаж чадаагүй үүрээр 6 цагийн үед унтаад 8 цагийн үед сэрсэн. Ингээд өглөө Ц.Э ах босоод намайг юм аа харж бай би цагдаа дээр очоод мэдэгдье гээд явсан. Ц.Э ах ирэхгүй нилээд удсаны дараа өдөр 13 цагийн үед В цагдааг дагуулж ирсэн. В ирээд та хоёрын авсан эд зүйл мөн үү гэж асуусан. Тэгэхээр нь мөн гэж хэлсэн. Г ахын хашаанд граш байдаг болохоор тэр грашид оруулчих гэж В цагдаа хэлэхээр нь түлхүүрийг нь Г ахаас аваад эд зүйлээ оруулж тавьсан. Дараа нь машины бичиг баримт болон машины түлхүүр, грашийн түлхүүрийн хамт цагдаа аваад явсан. Маргааш нь дуудаад байцаалт авсан” гэв.
Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2017 оны 7 сарын 13-ны орой 21 цагийн үед С гэрт очоод элс хайрга авчраад өгөөч гэж гуйгаад аваад явсан. Бид хоёр 16-ийн уурхайн урд талын жалганаас элс хайрга авчрах зорилготой явсан. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад 16-гийн уурхайн агуулахад орхигдсон элс хайрга байж магадгүй гэж ярилцаад очиж наагуур цаагуур хүн байна уу гэж харсан. Тэр агуулахын цонх хагас онгорхой байсан учраас барилгын материал байхаар нь ороод эд зүйл ачиж байх зуур зүүн тийшээ гэрэл тусгасан машин байсан. Тэр машиныг ирэх нь үү гээд хараад байсан ирээгүй. Тэгэхээр нь бид хоёр 16-ийн уурхайгаас баруун чигтээ хөдлөөд явсан. Тэгэхэд араас нэг машин дагаад яваад байсан. Тэгэхээр нь араас машин дагаад байна, эд зүйлийн эзэн нь байж магадгүй гээд зогсох гэтэл нөгөө машин урд гарч ирээд хөндлөн зогсоод машинаас хоёр хүн бууж ирээд юу юугүй чулуу аваад шидээд байсан. Ярьж байгаа хэл нь ойлгогдоогүй. Ер нь болъё Бор-Өндөрийн цагдаа дээр очъё гээд хөдлөөд явахад нөгөө машин ард үлдсэн. Дараа нь гэр хорооллын зүүн талын отвалын хажууд зогсоод хоорондоо ярилцаад авсан эд зүйлээ эргүүлээд тавья гээд буцаад 16-ийн уурхайн тэнд 300 метрийн наана очоод хүн харахад байхгүй байсан. Тухайн үед ярилцаад ер нь нөгөө хүмүүс энд тэнд отоод дээр нь юм нэхэж магадгүй нэгэнт авснаас хойш цагдаа дээр очоод шийдүүлье гээд эргээд буцаад Бор-Өндөр явсан. Тэр үед шөнийн 01 цаг өнгөрч байсан. Шөнө цагдаа дээр очоод яах уу өглөө очъё гээд хүргэн ахынхаа хашаанд машинаа тавиад эд зүйлээ манаад машиндаа хоносон. Өглөөгүүр жаахан унтаад 8 цагийн орчим сэрээд С эд зүйлээ хараад байж бай би цагдаа яваад ирье гээд явсан. Намайг цагдаа дээр ирэхэд жижүүрийн цагдаа болон нилээд хэдэн цагдаа нар байсан. Жижүүрийн цагдаад би ийм ийм хэрэг хийчихсэн, эд зүйлээ хүлээлгэж өгөхөөр ирлээ гэсэн чинь намайг ийшээ суугаад хүлээж бай гэж хэлээд суулгасан. Тэгж байтал бид хоёрыг шөнө хөөж байсан хүмүүс цагдаа дээр ирээд дээшээ гарсан. Төд удалгүй В нөгөө хоёр хүнтэй гараад ирэхээр нь би наад хоёр хүний яриад байгаа асуудлаар холбогдох хүн нь байгаа юм гэсэн чинь В байж бай гээд яваад өгсөн. Үдээс хойш В ирээд машин тэрэг чинь хаана байна, очъё гэхээр нь дагуулаад машин дээр очсон. Эд зүйлийг грашид тавь гэхээр нь түлхүүрийг нь ахаасаа аваад онгойлгоод нөгөө авсан эд зүйлээ хийсэн. Тэгтэл В цагдаа бид хоёрыг маргааш дуудсан цагт ирээрэй гээд явсан. Маргааш нь цагдаа дуудаад мэдүүлэг авсан” гэв.
У.Б 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “2017 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед тус уурхайн урд талын агуулахад машинтай хоёр хүн агуулахаас хулгай хийж байхаар нь цуг байдаг Н.Б-гийн хамт машинтай очиход хоёр залуу хулгай хийсэн эд зүйлээ ачаад уурхайн баруун урд зүг рүү зугтаасан. Миний бие Б-гийн хамт хулгай хийгээд зугтаасан машины ардаас хөөж улсын дугаарыг нь харахад .......улсын дугаартай хөх өнгийн ачааны машин байсан. Б бид хоёр зогсоож уулзах гэтэл чадаагүй зутгаагаад явсан. Буцаад уурхайн агуулах дээр очиж үзэхэд хойд талын цонхоор хулгай орж дотор байсан сангийн эд зүйл, барилгын материалын хэрэгсэл алга болсон байсан. Тэгээд шөнө болсон тул маргааш нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх тайлбар /хх-н 17 хуу/
Н.Б-гийн 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед тус уурхайн ӨМӨЗО-ны ажилтан Б урд талын агуулахад хулгай ороод байна гэж миний утас руу залгасан. Б-гийн хамт уурхайн агуулахад очтол ачааны машинтай хүмүүс хулгай хийгээд машинаа унаад уурхайн баруун урд зүг рүү зугтаасан. Миний бие Б-гийн хамт хулгай хийгээд зугтаасан ачааны автомашины ардаас хөөж улсын дугаарыг нь харахад .......улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны автомашин байсан. Б бид хоёр зогсоож уулзах гэтэл чадаагүй зугтаагаад явсан. Буцаад уурхайн агуулах дээр очиж үзэхэд хойд талын цонхоор хулгай орж дотор байсан сангийн эд зүйл, барилгын материалын хэрэгсэл алга болсон байсан. Тэгээд шөнө болсон байсан тул маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх тайлбар /хх-н 18 хуу/
Ц.Э ын 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “2017 оны 07 дугаар сарын 13-ны орой Бор-Өндөр сумаас хойш гарч элс шороо ачих гэж хамаатны Э гэх хүний .......улсын дугаартай Маяти маркийн автомашиныг гуйж аваад найз С хамт Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Си Эм Кай” ХХК-ийн урд талын байшингийн цонхоор нь орж гагнуурын 32-той электрод 54 хайрцаг, хадаас 1 хайрцаг, гагнуурын даралтын шланк 6 боодол, конверийн ремен 4 боодол, будаг 35 хайрцаг, товуд 1 хайрцаг, олсон жийргэвч 2 бүтэн хайрцаг, таслагчийн ир 1 бүтэн хайрцаг задгай 6, хүрэн 2 ширхэг, хар задгай жижиг ир 3 ширхэг, барилгын өнхрүүш задгай 14 ширхэг, барилгын том багс 15 ширхэг, дунд зэргийн багс задгай 12 ширхэг, жижиг багс 12 ширхэг, сангийн газу 1 ширхэг, цагаан замаск 8 уутаар, мужааны харуул хөрөө 1 ширхэг, ковшны жижиг дугуй 2 ширхэг зэрэг эд зүйл хулгай хийж машинд ачаад манаач нь гарч ирэхэд нь зугтаасан асуудлаар цагдаагийн байгууллагад дуудагдан шалгагдаж байна. Хэргийн газраас зугтаагаад тус уурхайн баруун урд зүг рүү явж Бор-Өндөр сум ороод таньдаг айлын грашид хулгай хийсэн эд зүйлээ ачсан машинаа нуусан 2 хоногийн дараа Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтсээс цагдаагийн албан хаагч нар ирж хулгай хийсэн эд зүйлийг илрүүлэн “СИ ЭМ КАЙ” ХХК-нд буцааж өгсөн. Б.С бид хоёр хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хулгай хийсэн эд зүйлээс нэг ч зүйл дутаагүй буцааж өгсөн. Хулгай хийсэн нь миний буруу” гэх тайлбар /хх-н 19 хуу/
Б.С 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “Найз Э хамт 2017 оны 07 дугаар сарын 13-ны орой Бор-Өндөр сумаас хойш гарч элс шороо ачих гэж .......улсын дугаартай маяти маркийн автомашинтай явж байгаад манаач байхгүй уурхай байхаар нь байшингийн цонхоор орж гагнуурын 32-той электрод 54 хайрцаг, хадаас 1 хайрцаг, гагнуурын даралтын шланк 6 боодол, конверийн ремен 4 боодол, будаг 35 хайрцаг, товуд 1 хайрцаг, олсон жийргэвч 2 бүтэн хайрцаг, таслагчийн ир 1 бүтэн хайрцаг задгай 6, хүрэн 2 ширхэг хар задгай жижиг ир 3 ширхэг, барилгын өнхрүүш задгай 14 ширхэг, барилгын том багс 15 ширхэг, дунд зэргийн багс задгай 12 ширхэг, жижиг багс 10 ширхэг, сангийн газу 1 ширхэг, цагаан замаск 8 уутаар, мужааны харуул хөрөө 1 ширхэг, ковшны жижиг дугуй 2 ширхэг эд зүйл хулгай хийж автомашинд ачаад манаач нь гарч ирхэд зугтаасан асуудлаар цагдаагийн байгууллагад дуудагдан шалгагдаж байна. Хэргийн газраас зугтаад тус уурхайн баруун урд зүг рүү явж Бор-Өндөр сум ороод таньдаг айлын грашид хулгай хийсэн эд зүйлээ ачсан машинаа нуусан. 2 хоногийн дараа Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтсээс цагдаагийн албан хаагч нар ирж хулгай хийсэн эд зүйлийг илрүүлэн “СИ ЭМ КАЙ” ХХК-нд буцаан өгсөн. Ц.Э бид хоёр хулгай хийснээ зөвшөөрч байна. Хулгай хийсэн эд зүйлээс нэг ч зүйл дутаалгүй буцааж өгсөн. Хулгай хийсэн нь миний буруу” гэх тайлбар /хх-н 20 хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн "2017 оны 07 дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчим намайг амралтынхаа байранд байж байхад манай хятад ажилтан Б гэх залуу утсаар машинтай хүмүүс агуулахаас юм ачаад байна гэхээр нь би агуулах руу яваад очтол агуулахын гаднаас цэнхэр өнгийн ачааны машин хөдлөөд явсан. Уг цэнхэр машин нь манай агуулахаас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт зугтаасан. Тэгэхээр нь би араас нь хятад ажилтан Б-гийн машинтай хөөж гүйцээд 2-3 удаа зогсоохыг оролдсон үйлдэл буюу машины урдуур нь орох гараараа даллах зэрэг үйлдэл хийхэд зогсохгүй болохоор нь машиных нь урд цонх руу чулуу шидсэн. Тэр машин дотор 2 хүн байсан ба ачаан дээр нь ямар ч байсан эд зүйл ачсан байсан. Харанхуй байсан болохоор юу юу ачсан байгаа нь сайн харагдахгүй байсан. Тэгээд зогсохгүй болохоор нь уг машины номерийг бичиж тэмдэглэж аваад үлдсэн. Ингээд эргэж агуулах дээрээ гаднаас нь ажиглаж байгаад явсан. Тэгэхэд манай агуулахын хойд талд нь байх вакум цонхыг түлхэж онгойлгоод орчихсон байсан. Ингээд энэ талаар удирдлагадаа мэдэгдээд маргааш нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ингээд цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж агуулахад үзлэг хийхэд манай агуулахад байсан эд зүйлээс алдагдсан байсан. Алдагдсан зүйлээ бүртгэж үзэхэд ногоон өнгийн хөрөө рам 1 ширхэг, гагнуурын электрод 34 хайрцаг, 50-ийн хадаас 1 хайрцаг, гагнуурын шаланк 6 буудал, конверийн ремен 4 боодол, 18 литрийн лаазтай будаг 35 ширхэг, улаан товуд 1 сав, олсон жийргэвч 30 метр, таслагч 1 хайрцаг талтай, барилгын өнхрүүш 14 ширхэг, барилгын багс том 15 ширхэг, дунд нь 12 ширхэг, жижиг нь 10 ширхэг, сангийн газу 1 ширхэг, барилгын замаск 8 шуудай, ковшийн дугуй 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-24 хуу/
Гэрч У.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн "... 2017 оны 07 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед “Си Эм Кэй Ай” ХХК-ны баяжуулахын агуулахад автомашинтай 2 хүн ирээд уг агуулахаас хулгай хийж байхыг нь харсан. Тэгээд хамт байдаг Б ах руу утсаар хэлсэн. Тухайн үед би уурхайн эргэн тойрныг шалгаад явж байсан юм. Харин Б ах амралтын өрөөндөө байхаар нь хугацаа алдахгүй гэж утсаар мэдэгдсэн. Тэгээд Б ахын хамт агуулахаас хулгай хийж байгаа хоёр хүн рүү чиглээд явж байсан чинь тэр хоёр залуу агуулахаас хулгай хийж авч байгаа эд зүйлээ автомашин дээрээ ачаад уурхайгаас баруун урд зүг рүү зугтаасан. Тэгээд Б ах бид хоёр компанийн машин унаад тэр машины араас хөөсөн. Араас нь хөөгөөд зогсоож чадаагүй гэхдээ машиных нь дугаарыг харсан. Манай уурхайн агуулахаас .......гэсэн дугаартай ачааны машинтай хүмүүс хулгай хийгээд зугтаасан. Тэгээд хөөгөөд гүйцэхгүй болохоор буцаад уурхай дээрээ ирээд баяжуулахын агуулахыг харсан чинь хойд талын цонхоор орж хулгай хийсэн байсан. Баяжуулахын агуулахаас барилгын материал болон сангийн эд зүйл хулгайд алдагдсан байсан. Юу юу алга болсныг нь би сайн санахгүй байна" гэх мэдүүлэг / хх-ийн 188-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч И.Э мөрдөн байцаалтанд өгсөн ".......улсын дугаартай “Маяти-2” маркийн автомашин Улаанбаатар хотын харъяат Ш.М гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би 2013 оны хавар М гэж хүнээс авч байсан. Би машинаа 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан ба машины мөнгийг бүрэн барагдуулсан. Надад М өгөх төлбөр байхгүй. Миний “Маяти-2” маркийн автомашин ягаан өнгөтэй" гэх мэдүүлэг / хх-ийн 183-184-р хуудас/
Шүүгдэгч Ц.Э ын мөрдөн байцаалтад өгсөн “Би Бор-Өндөр сумын 4-р багийн нутаг Геологийн 419 тоот хашаанд байх байшиндаа өргөтгөл хийж байгаа юм. Би 2017 оны 07-р сарын 12-ны өдөр Бор-Өндөр сумын хойд хэсэгт байх 16 гэх уурхайн урд талаас элс хайрга татах гээд төрсөн эгч Цэвэгмэдийн хүү Эрдэнэтөрийн эзэмшлийн .......улсан дугаартай цэнхэр өнгийн “Маяти” маркийн машиныг нь элс хайрга татаад авчиръя гэж гуйж аваад хамт ажилладаг найз болох С хамтаар 16-ын уурхай явсан. Ингээд 16-ын уурхай дээр очиход уг уурхай ажиллагаагүй, харуул манаа гэх юм байхгүй эзгүй байхаар нь дотор нь юу байгаа юм бол гээд вакум цонхоор нь шагайгаад харахад дотор нь баахан барилгын материалын эд зүйлс байсан. Тэгэхээр нь уг уурхай нь ямар нэгэн эзэнгүй байсан болохоор дээрх барилгын материалуудыг авах санаа төрж бид хоёр хамт уг агуулахад дотор ороод тэнд байсан юмнаас аваад унаж ирсэн машин дээрээ ачаад явсан. Ингээд машин дээр ачаад явах гэтэл уурхайн зүүн талаар нэг жижиг саарал өнгийн тэрэг гэнэт гараад ирсэн. Тэгэхээр нь бид хоёр айгаад уг уурхайгаас баруун хойд зүгрүү зугтаасан. Тэгсэн нөгөө машин бид хоёрыг гүйцэж ирээд хажуунаас чулуу шидээд зогсоод үлдсэн. Тэгэхээр нь бид за хэрэг биш боллоо гээд тэр оройдоо Бор-Өндөр сумын 4-р баг Геологи хороолол 808 тоот хашаанд байх хүргэн ах Г ын хашаанд машиныг авчирч грашид нь хийсэн. Ингээд би С хамтаар өөрсдийн хийсэн гэм буруугаа ойлгож цагдаагийн байгууллага дээр ирээд хийсэн гэмт хэргээ илчилж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/
Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтад өгсөн “2017 оны 07-р сарын 13-ны өдөр намайг гэртээ байж байх үед надтай хамт ажилладаг хуурай ах Ц.Э ах надад хамт элс хайрганд яваад өгчих гэж гуйж байсан юм. Би тухайн үед амарч байсан болохоор зөвшөөрсөн. Тэгсэн Ц.Э ахын машин тэрэг нь асахгүй байж байгаад сая асаалаа гээд миний утасруу 21 цаг өнгөрч байхад залгаж дуудсан. Ингээд бид Ц.Э ахын гэрт нь очиход цэнхэр өнгийн “Маяти” маркын машинтай хүлээж байсан. Ингээд бид хоёр Бор-Өндөр сумын хойд талд байх 16-ын уурхайн урд талын жалганаас элс хайрга авахаар явсан. Ингээд тэнд очиход хойд тал нь байх 16-ын уурхайд ямар нэгэн хүн харагдахгүй харуул манаа байхгүй болохоор нь тэндээс бэлэн элс хайрга байж магадгүй гээд очиход тэнд ямар нэгэн элс хайрга болон харуул манаа хүн байгаагүй. Тэгээд бид хоёр машинаасаа буугаад уг уурхайн талбай дотор явж юм харж явтал нэг агуулах байхаар нь явж очиж цонхоор нь хартал дотор нь барилгын материал байсан. Тэгэхээр нь хүн байхгүй болохоор нь цонхыг нь түлхэж үзтэл онгойчихсон. Ингээд уг агуулах руу би түрүүлж ороод миний араас Ц.Э ах орсон. Ингээд бид хоёр уг агуулахад байсан барилгын материал болон бусад зүйлсийг машинруугаа зөөвөрлөж ачиж явсан. Ингээд уг агуулахаас барилгын материал болон сангийн материал ачиж дуусаад хөдлөх гэтэл зүүн талаас нэг жижиг тэрэг гэрлээ тусгаад гараад ирсэн. Тэгээр нь бид хоёр айгаад уг уурхайгаас баруун хойд зүгт зугтаасан. Ингээд зугтааж явж байхад нөгөө жижиг тэрэг гүйцэж ирээд чулуу шидэж бид хоёрын унаж явсан машины урд шилийг хагалчихсан. Тэгээд л нөгөө хөөж байсан жижиг тэрэг буцаж эргээд яваад өгсөн. Харин бид тэр машиныг харагдахаа болихоор нь буцаад Бор-Өндөр сумын төв рүү явсан. Ингээд төвд ирээд шууд айлын хашаа буюу Ц.Э ахын хүргэн ахын хашаанд нь машинаа аваачиж гражид нь хийгээд маргааш өөрсдөө шууд цагдаагийн байгууллага дээр ирж өөрсдөө хийсэн буруутай зүйлээ мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2 хуу/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-7 хуу/, Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-14 хуу/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-н 170-171 хуу/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ /хх-н 45-46 хуу/, Автомашин техникийн үнэлгээ /хх-н 195-196 хуу/, Материал эд зүйлийн үнэлгээ /хх-н 202 хуу/, “Си Эм Кэй Ай” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-н 213 хуу/, шүүгдэгч Ц.Э ын ам бүлийн байдлыг тодорхойлсон Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн засаг дарга Ч.С албан бичиг /хх-н 52 хуу/, Шүүгдэгч Ц.Э ын зан байдлыг тодорхойлсон Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн Автотээврийн цехийн теникийн удирдагч Ц.А тодорхойлолт /хх-н 57 хуу/, Хаан банкинд Ц.Э ын талаар гаргаж өгсөн Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн тодорхойлолт /хх-н 58 хуу/, Ц.Э ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 65/ хуу, шүүгдэгч Б.С ам бүлийн байдлыг тодорхойлсон Бор-Өндөр сумын 2 дугаар багийн зохион байгуулагч Ц албан бичиг /хх-н 69 хуу/, Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрээс Б.С ажил байдлыг тодорхойлсон тодорхойлолт /хх-н 73 хуу/, “Си Эм Кэй Ай” ХХК-иас “...хулгайд алдсан эд зүйлээ эргүүлэн авсан, компаний хувьд хохиролгүй болсон тул гомдол саналгүй. Цагдаагийн байгууллагаар үргэлжлүүлэн шалгуулах шаардлагагүй” гэх албан бичиг /хх-н 82 хуу/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б “шүүх хуралдаанд хохирогчийн талаас оролцохгүй болно. Хохирлоо барагдуулсан тул гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-н 106 хуу/, шүүгдэгч нарын ам бүлийн байдлыг тодорхойлсон албан бичиг /хх-н 159, 160 хуу/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудаас хавтаст хэргийн 17-20 дугаар хуудсанд байгаа У.Б /У.Бату/ , Н.Батнасан, Ц.Э , Б.С нараас 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр авсан мэдүүлэг /тайлбар/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтлаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.С Ц.Э нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.С Ц.Э нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Си Эм Кэй Ай” ХХК-ийн агуулахад нэвтрэн орж, машин механизм ашиглаж 4.054.350 төгрөгийн үнэ бүхий барилгын материал буюу гагнуурын 32-той электрод 54 хайрцаг, хадаас 1 хайрцаг, гагнуурын даралтын шланк 6 боодол, конверийн ремен 4 боодол, будаг 35 хайрцаг, товуд 1 хайрцаг, олсон жийргэвч 2 бүтэн хайрцаг, таслагчийн ир 1 бүтэн хайрцаг задгай 6, хүрэн 2 ширхэг, хар задгай жижиг ир 3 ширхэг, барилгын өнхрүүш задгай 14 ширхэг, барилгын том багс 15 ширхэг, дунд зэргийн багс задгай 12 ширхэг, жижиг багс 12 ширхэг, сангийн газу 1 ширхэг, цагаан замаск 8 уутаар, мужааны харуул хөрөө 1 ширхэг, ковшны жижиг дугуй 2 ширхэгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С Ц.Э нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хаваргасан гэрэл зурагууд /хх-н 3-7 хуу/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зурагууд /хх-н 11-14 хуу/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, түүнд хавсаргасан зурагууд /хх-н 15-16 хуу/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 22-24 хуу/, гэрч У.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 188 хуу/, иргэний нэхэмжлэгч И.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 181 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл заалт тэдний үйлдэлд тохирсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Ганбадрах нь “шүүгдэгч нарыг үйлдсэн хэргээ илчилж өөрсдөө цагдаа дээр очсон байгаа нь тэднийг гэмт хэргийг туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзан гэх үндэслэлтэй байгаа. Гэмт хэргээсээ сайн дураараа татгалзсан гэдэг нь машин зогсох үед бий болсон. Иймд манай үйлчлүүлэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Гэхдээ манай үйлчлүүлэгч нар бусдыг эд зүйлсийг авсан гэм буруутай” гэж мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хууль ёсны өмчлөгчийн эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах боломж буй болсноор төгсдөг. Хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогчийн хууль ёсны төлөөгч Н.Б, гэрч У.Б нарын мэдүүлгээр шүүгдэгч нарын үйлдлийг таслан зогсоох гэж оролдсон боловч шүүгдэгч нар нь гэмт үйлдлээ үргэлжүүлж туйлд нь хүргэсэн болох нь хууль ёсны төлөөлөгч болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Гэмт хэргээ илчилж цагдаагийн байгууллагад хандсан гэх асуудал нь гэмт хэрэг нэгэнт төгссөний дараа яригдах ойлголт байдаг бол сайн дураар татгалзах нь гэмт үйлдэж төгсгөхийн өмнө шатанд байдаг онцлогтой. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг төгссөний дараа цагдаагийн байгууллагад хандаж буй үйлдэл нь эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.
Прокуророос шүүгдэгч нарыг үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь учир дутагдалтай болжээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нь гэмт хэрэгт хамтран оролцох оролцоог тодорхойлсон ерөнхий ойлголт бөгөөд шүүгдэгч нарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлах нь зүйд нийцнэ.
Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хулгайлсан эд зүйлсээ биет байдлаар нь буцаан хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр тогоогдож байх тул тэднийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч нарыг бүлэглэн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Ганбадрах нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж мэтгэлцэж байгаа нь гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй гэж ойлгогдож байна. Учир нь гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан тохиолдолд гэм буруугийн асуудал яригдахгүй юм. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтаас тодорхой харагдаж байна. Хэдийгээр өмгөөлөгч гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл заалттай /Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх.../ зөрчилдөхгүй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд “...манай компанийн хувьд хохиролгүй болсон тул гомдол, саналгүй үгүй болно” гэсэн албан бичгийг ирүүлсэн тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.С Ц.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг буюу 2-оос 8 жил хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг үйлджээ. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдож байгаа боловч мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн”, “өөрийгөө илчилсэн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн аюулын шинж, шүүгдэгч нарын хувийн байдал, зэргийг тус тус харгалзан шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ И.Э өмчлөлийн .......улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдож байна. Иймд прокурорын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5/01 дугаартай тогтоолоор Хьюндай Маяти маркийн автомашиныг битүүмжилсэнийг хүчингүй болгож, өмчлөгчид нь буцаан олгож харин тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ болох 5.500.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан .......цлсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч И.Эрдэнэтөрд буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.С Ц.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.С Ц.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
1. Шүүгдэгч Ц.Э, Б.С нарыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Э , Б.С нарыг тус бүр 1/нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э , Б.С нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Э , Б.С нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар .......улсын дугаартай “Маяти-2” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан .......улсын дугаартай “Маяти-2” маркийн автомашины ...... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгч И.Э-д буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт шүүгдэгч тус бүрээс 2.750.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Э , Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР