Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 10

 

Н.Б, С.Г  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаар магадлалтай, Н.Б, С.Г нарт холбогдох 1931004460001 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 3 удаагийн ял шийтгэлтйэ, Н.Б

2. Монгол Улсын иргэн, 1 удаагийн ял шийтгэлтэй, С.Г

Н.Б, С.Г  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б овогт Н.Б, Б овогт С.Г нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан “Машин механизм ашиглан, учрах саадыг арилган зэвсэг тусгайлан бэлтгэсэн зүйл ашиглан орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Н.Б-с нийт 17.428.750 төгрөгийг гаргуулж Х.М-д 4.620.000 төгрөг, О.А-д 120.000 төгрөг, С.Д-д 333.500 төгрөг, К.Ш-д 393.000 төгрөг, хохирогч Л.Э-д 4.566.250 төгрөг, З.Н-д 149.000 төгрөг, Н.Н-д 102,500 төгрөг, Н.Э-д 20.000 төгрөг, А.Н-д 80.000 төгрөг, Б.К-д 405.000 төгрөг, Б.Х-д 158.000 төгрөг, М.Ш-д 545.000 төгрөг, Ж.Ж-д 240.000 төгрөг, Я.Ц-д 90.000 төгрөг, Г.Т-д 2.191.500 төгрөг, А.Ё-д 2.245.000 төгрөг, С.А-д 1.170.000 төгрөгийг,

ялтан С.Г-с нийт 13.468.750 төгрөгийг гаргуулан О.Х-д 300.000 төгрөг, Г.Т-д 480.000 төгрөг, С.Д-д 333.500 төгрөг, К.Ш-д 393.000 төгрөг, Л.Э-д 4.566.250 төгрөг, З.Н-д 149.000 төгрөг, хохирогч Н.Н-д 102,500 төгрөг, Н.Э-д 20.000 төгрөг, А.Н-д 80.000 төгрөг, Б.К-д 405.000 төгрөг, Б.Х-д 158.000 төгрөг, М.Ш-д 545.000 төгрөг, Ж.Ж-д 240.000 төгрөг, Я.Ц-д 90.000 төгрөг, Г.Т-д 2.191.500 төгрөг, А.Ё-д 2.245.000 төгрөг, С.А-д 1.170.000 төгрөгийг тус тус гаргуулж олгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Н.Б, С.Г нарт тус тус 05 жил 01 сарын хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч С.Г-д тус шүүхийн 2019 оны 12-р сарын 19-ний өдрийн 213 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг        01 хоногоор тооцож 01 жилийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 05 жил 01 сарын хорих ял дээр нэмж шүүгдэгч С.Г-н биечлэн эдлэх ялын хэмжээг 06 жил 01 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Н.Б  оногдуулсан 05 жил, 01 сарын хорих ял, С.Г-д оногдуулсан 06 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Н.Б, С.Г  нарын энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 02 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-т зааснаар ялтан С.Г, Н.Б нараас тус тус 500.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Т.Нансалмаа бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Тодруулбал:

Давж заалдах шатны шүүхээс Н.Б, С.Г  нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг ямар үйл баримттай уялдуулж дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний үндсэн дээр зүйлчлэлийг тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.

Гэмт хэрэг үйлдэх замаар амьжиргааны эх үүсвэрийг бүрдүүлэх нь мэргэшсэн гэмт хэрэгтний хувьд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон байх бөгөөд гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршгийг байнга өсгөн нэмэгдүүлэх бодитой шалтгаан нөхцөл болдог тул хууль тогтоогч ийм замаар гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг хүндрүүлэн үзэж байхаар хуульчилсан.

Тухайн этгээд тодорхой төрлийн гэмт хэргийг амьдралын санхүүгийн эх үүсвэр болгосон эсэхийг тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа болон учруулсан хохирол, эд зүйлийн шинж чанарыг анхааран үзэх ёстой гэж үзэж байна.

Гэтэл Н.Б, С.Г  нарын үйлдсэн гэмт хэргүүдийг судлан үзэхэд хулгайлсан эд зүйл болон түүнээс олсон ашиг орлого нь өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Н.Б, С.Г  нар нь байгалын ургамлыг түүх зорилгоор явж байх хугацаандаа уг ургамал нь олдохгүй байх явцад хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, С.Г эд ял оногдуулсан шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож, анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүгдэгч Н.Б, С.Г  нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “Хушаат суманд нэг айлын өвөлжөөг ухсан” гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх гомдол мэдээлэл одоог хүртэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нараас өөр үйлдсэн гэмт хэрэг байгаа эсэх талаар тодруулахад “өөр үйлдэл байхгүй” гэж мэдүүлж байсан хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан болно.

Түүнчлэн Н.Б, С.Г  нар нь “тухайн үед дөрвүүлээ явсан А  “нэг айлаас хоёр хүүхэд яваад яах юм бэ, манай ахыг прокурор дээрээс салгаад үлдээчих” гэж хэлсэн. Талийгаач А н ах Алтанзулыг энэ хэрэгт нэмж татаж өгөөч” гэсэн хүсэлтийг гаргасан нь үндэслэлгүй юмаа.

Учир нь дээрх үйлдлүүдэд анхнаасаа Н.Б, С.Г , М.А  нар нь гурвуулаа болон хоёулаа явсан талаараа тогтвортой мэдүүлдэг, М.Алтанзул гэгчээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэг авсан, М.Алтанзулыг холбогдуулан шалгаж прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хэрэгт авагдаагүй болно.

Иймд Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаартай магадлалыг хүчингүй болгуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хохирогч Г.Т  хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Дархан-Уул аймгийн Хонгор сум 2-р баг Ар булаг гэх газарт байрлах иргэн Г.Т  миний өвөлжөөний контейнероос иргэн С.Г , Н.Б  нар нь бусадтай хамтран 11-н нэр төрлийн эд баримт хулгайлан авсан юм. Иймд дээрхи нэр бүхий хүмүүсээс иргэн Г.Т  надад учруулсан хохирол 4.428.000 төгрөгийн хохирлыг нэн даруй хохиролгүй болгож өгнө үү.

Энэ нөхдүүд одоо болтол нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй байсаар байгаад миний бие гомдолтой байна. Бидний хохирлыг барагдуулж өгвөл гомдол санал үгүй байна. Энэ нөхдүүд иргэн миний хохирлыг төлье, барагдуулъя гэсээр ямар ч санаачилга байхгүй одоог хүрлээ.

Иймд шүүх хурлаас өмнө миний хохирлыг төлж барагдуулахыг хүсэж байна” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Эсэргүүцлийг дэмжиж байна, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг давж заалдах шатын шүүх шийдвэрлэхдээ хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр заасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хулгайлж олсон эд зүйлээ гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг залгуулж байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учраас давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дэх хэсгийн 1 дэх хэсгийг журамласан нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч нар бүлэг үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар заалт гэсэн өөрчлөлтийг оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын эсэргүүцэл болон хохирогч Г.Т ын гаргасан гомдлыг үндэслэн Н.Б, С.Г  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан “...хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Б, С.Г  нарын гэм бурууг хянан хэлэлцэж, 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд бүлэглэн машин механизм ашиглаж нийт 17 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан иргэдэд нийт 30.897.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх шүүгдэгч Н.Б, С.Г нарын үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, уг зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх Н.Б, С.Г  нарыг хулгайлах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Тодруулбал гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэрийг бүрдүүлэх нь тогтвортой хугацаанд давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил ойлголт бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тогтоон тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа болон учруулсан хохирлын хэмжээг анхааран үзэх ёстой, өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл юм.

Шүүгдэгч нарын үйлдлүүдийн тооны хувьд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга” гэсэн шинжийг хэлбэрийн талаас хангаж буй боловч тэдгээр нь хулгайлсан эд зүйлээ өөрийн болон гэр бүл, бусад хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааны хэрэгцээг хангах үндсэн эх сурвалж болгоогүй, түүнчлэн өөрийн ба тэдгээрийн эрхэлдэг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааны эх үүсвэр, хэрэгсэл болгон ашиглаагүй байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “амьжиргааны эх үүсвэр болгосон” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б, С.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний бүлэглэн гүйцэтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлаагүй орхигдуулсныг хяналтын шатны шүүхээс зөвтгөж өөрчлөлт оруулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан ...” гэж нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Г.Т ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурор Т.Нансалмаагийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Ч.ХОСБАЯР 

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН