Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                           Хэргийн индекс: 114/2016/0095/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч  иргэн Ж.Энхтүвшин, Б.Доржсүрэн, Н.Наранбат нарын нэхэмжлэлтэй

            Хариуцагч  Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Ж.Энхтүвшин, Б.Доржсүрэн, Н.Наранбат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч                                                             Н.Наранбат

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч     Б.Содболд, Д.Номин-Эрдэнэ,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч          Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Энхтүвшин шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасанаа дэмжиж байна. Ж.Энхтүвшин нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/276 дугаартай “Газар эзэмшүүлэх” захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 350 м.кв газрыг Нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болж, газар эзэмших эрхийн гэрээ хийж, кадастрын зураг гаргуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Энэ газар дээр орон сууцны барилга байгууламж  барихаар  зураг  төсөл  холбогдох  байгууллагуудын  зөвшөөрлийг  авч  эскиз зураг

гарчихсан барилгын зураг төсөл гарч гэрээ байгуулсан ба газрыг эзэмшиж эхэлсэн цагаас эхлэн газрыг зориулалтын дагуу эзэмшиж эхэлсэн. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/441 дүгээр захирамжаар Ж.Энхтүвшингийн эзэмшиж байсан газрыг хүчингүй болгох шийдвэр гаргасан.  А/441 дүгээр захирамж нь Монгол улсын Засаг захиргаа нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3 болон 47 дугаар зүйлийн 47.3 гэсэн заалтуудыг баримтлан гарсан. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлсэн ба Захиргааны байгууллага аж ахуйн нэгж байгууллагын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж гарсан гэж үзэж байна. Тиймээс 441 дүгээр захирамж гарсан үеэсээ эхэлж хүчин төгөлдөр бус захирамж гэж үзэж байна. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэдэгдэх хуудсыг хүлээж аваад хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргасан.

            Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэж заасан. Засаг дарга төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг албан тушаалтан учраас Захиргааны  ерөнхий хуулийн харьяалал хэрэгжилтэд хамрагдах үндэслэл үүгээр тодорхойлогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан захиргааны акт гарснаараа акт гарах хэлбэрээр захиргааны үйл ажиллагаа явагдсан байна гэх боломжтой. 37 дугаар зүйлийн 37.5-д сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байгаа учраас 37.5-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий акт гэдэг нь харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 11 дугаар зүйлийн 11.1-д захиргааны акт, 13.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид “оролцогч” гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно гэж заасан. Нэгэнт шийдвэр гаргаж байгаа бол захирамжид шийдвэр гаргагч оролцогч гэж байх ёстой. Ж.Энхтүвшинг татан оролцуулсан гэж ойлгож байна. Аймгийн Засаг дарга 441 дүгээр захирамж гаргахдаа Ж.Энхтүвшинг оролцогчоор татан оролцуулаагүй нь хууль зөрчсөн. Хэрвээ тухайн хүний эрх ашгийг зөрчиж захиргааны акт гаргаж байгаа бол түүнд оролцогч байгаад зогсохгүй Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж оролцоно гэж зохицуулж өгсөн. Энэ дээр тухайн захиргааны акт гарахаас өмнө бүх үе шатанд оролцох эрхтэй.

                Гэтэл 441 дүгээр захирамж гаргахдаа Ж.Энхтүвшинг 15 дугаар зүйлд заасан хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж зааснаар сонсох ажиллагааг хийх ёстой байсан. Оролцогчоор татаж энэ шийдвэрийг гаргахаас өмнө сонсох ажиллагааг 26 дугаар зүйлд зааснаар бүх нөхцөл боломжийг олгох ёстой байсан. 26 дугаар зүйлийн 26.2-т энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэжээ. Сонсох ажиллагаа хийгдээгүй. 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулахыг журамлаад өгчихсөн. Хууль тогтоогч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдлыг зохицуулсан. Ж.Энхтүвшингийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа 441 дүгээр захирамж 28 дугаар зүйлд заасан аль ч нөхцөл бүрдэхгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална гэснээр оролцогчоор татаж, сонсох ажиллагаа хийснийгээ хувийн хэрэг болгон архивлаад явах ёстой байтал ийм хувийн хэрэг болон дагалдах хуудас байхгүй. 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсэг бичмэл хэлбэрээр гаргах захиргааны шийдвэрт хамаарна гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх ажиллагаа явагдах ёстой. Мэдэгдэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. А/441 дүгээр захирамжийн хувьд Захиргааны ерөнхий хуулийг бүхэлд нь зөрчсөн захиргааны акт байна гэдэг нь дээрх хуулийн зохицуулалтаар хангалттай нотлогдож байна. Тийм учраас нэхэмжлэгч Ж.Энхтүвшингийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

                Нэхэмжлэгч Б.Доржсүрэн шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэээс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Доржсүрэн нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/276 дугаар захирамжаар Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол, Магнай трейд шатахуун түгээгүүрийн станцын хойно 1000 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр хүсэлт гаргаж уг хүсэлтийн дагуу газар олгосон байгаа. Газар олгосон захирамж нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Учир нь иргэн Б.Доржсүрэн газар эзэмших тухай хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргасны дагуу захиргааны байгууллага буюу Дархан-Уул аймгийн Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасны үндсэн дээр иргэнд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан гэрчилгээ авч мөн газар дээр аймгийн ерөнхий архитектуроор батлуулсан Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан журмаар газраа авсан байтал Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай захирамжаар иргэн Б.Доржсүрэнгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. А/441 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан тусгай зарчмыг зөрчиж гаргасан бөгөөд энэ захиргааны актыг гаргахад Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Б.Доржсүрэн Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч болохоор байтал оролцуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар оролцогчийн эдлэх эрх болон нотлох баримтаа гаргаж өгөх тайлбар өгөх үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хангаагүй. Захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25-д заасан шаардлагатай эрхүүдийг хангаагүй учраас А/441 дүгээр захирамж хууль бус гарсан гэж үзэж байна. 26 дугаар зүйлд заасан захиргааны акт гаргахдаа хууль ёсны эрх ашиг хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлаар санал гаргах боломж олгоно гэсэн энэ санал гаргах тайлбар авах буюу сонсох ажиллагааг захиргааны акт гаргахдаа хийгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гэсэн ажиллагаа огт хийгдээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивд хадгална гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т заасан ажиллагаанууд зөрчигдсөн байгаа учраас Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжийн иргэн Б.Доржсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

                Нэхэмжлэгч Н.Наранбатаас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/276 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороололд 1000 м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл 2016 оны орон нутгийн сонгуулиар засаг дарга солигдож, С.Насанбат аймгийн Засаг дарга болсныхоо дараа 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай захирамж гаргахдаа 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн төдийгүй холбогдох хуулийн дагуу газар эзэмших эрхийг иргэн миний  хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа хүчингүй болгох ямар ч үндэслэл байгаа тухай шалгаж тогтоогоогүй газар эзэмших эрхээ хамгаалах боломжийг иргэн надад олгоогүй. Засаг даргын А/441 дүгээр захирамж хуульд үндэслэж гарсан гэхээсээ илүү өмнөх Засаг даргын захирамж шийдвэрийг үгүйсгэсэн улс төржсөн шийдвэр гаргаж өмнөх болон дараах Засаг даргын ажлын уялдаа холбоо нэгдсэн бодлого байхгүйн улмаас иргэн миний эрх зөрчигдсөн учир аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Энхтүвшин, Б.Доржсүрэн, Н.Наранбат нарт олгосон газар нь Газрын тухай хуулийн 31 дүүгээр зүйлийн 31.2-т зааснаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Энэ нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 32 дугаар тогтоолд үйлчилгээний зориулалтаар гэсэн болохоос нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газар байхгүй учраас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй. Мөн Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор газар эзэмшүүлэх ашиглуулах төсөл сонгон шалгаруулах дуудлага худалдаа явуулах журмыг баталсан байдаг. Энэ журмыг зөрчиж Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтаар газрыг эзэмшээгүй. Ж.Энхтүвшин нь газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан иргэн аж ахуй нэгж байгууллагад газар эзэмших,ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчсөн. Энэ журмын дагуу батлагдсан маягтын дагуу хүсэлтээ ирүүлээд уг хүсэлтийг газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэнгүүд өргөдлийн дагуу суурин болон хээрийн судалгаа хийж энэ иргэнд газар эзэмшүүлж ашиглуулж болох уу гэж Засаг даргын төсөл боловсруулж явуулах ёстой байсан. Энэ журмын зөрчиж шууд Засаг даргын  07 дугаар сарын 05-ны өдөр захирамж гарсан  байдаг гэтэл газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 07 дугаар сарын 07-нд буюу захирамж гарснаас хоёр өдрийн дараа өргөдлөө ирүүлсэн. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-г зөрчсөн байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн аймгийн Засаг даргын 2016 оны А/327 дугаар захирамжаар газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ажлын хэсэгт гарч дүгнэлт гаргасан маш дэлгэрэнгүйгээр газрын тухай хууль зөрчсөн талаар тайлбарласан байгаа. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан “Газрын кадастрын мэдээллийн сан ажиллуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.8-т “Өргөдлийн явцын дагуу суурин судалгаа, хээрийн судалгаа, кадастрын өөрчлөлт хийгдэж дууссан тохиолдолд тухайн өргөдлийг Засаг даргын захирамжийн төсөлд явуулах, хариу мэдэгдэх болон холбогдох материалуудыг тоон хэлбэрт шилжүүлэн мэдээллийн санд бүртгэж баталгаажуулна” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн журмын 8 дугаар зүйл 8.4-т “Нэгж талбарт өөрчлөлт болон шинэчлэлт хийх тохиолдолд кадастрын хэмжилт, зураглалын ажил хийхгүйгээр мэдээллийн санд оруулахыг хориглоно” заалтыг зөрчиж мэдээллийн санд оруулж баталгаажуулсан учраас Ж.Энхтүвшин болон Н.Наранбат, Б.Доржсүрэн нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны акт гаргасан байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй гэсэн байгаа түүний дагуу  2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарыг дуустал нийт орон нутгийн телевизээр 38 удаагийн мэдэгдлийг хийсэн. 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд 60 гаруй захирамж гарсны 24 нь эрх зүйн зөрчилтэй захирамж байсныг тогтоож иргэдэд мэдээлсэн. Оролцогчийн оролцоог хангаагүй гэж байна. 38 удаа мэдээллэж байхад иргэд хүсэлтээ аймгийн Засаг даргад гаргаагүй. Сонсох ажиллагаа явуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар 21 хүнээс дээш нэг бүрчлэн биш хэвлэл мэдээлэлийн байгууллагаар түгээнэ гэсний дагуу   хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэн. 266 иргэн аж ахуй нэгжийн газар олгохыг шийдвэрлэсэн учраас хүн бүртэй уулзаагүй болохоор хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлэл хийсэн гэж үзэж байна. А/441 захирамжаар газар олгосон иргэдийн дотор газрын тухай хуулийг зөрчсөн. Бид нар хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой гэтэл урьд ажиллаж байсан удирдлагуудын хууль бус үйл ажиллагаанаас болоод дуртай нэг нь шийдвэр гаргасны дараа өргөдөл материалаа өгч газар авсан ба бусад иргэдийн газар эзэмших хууль ёсны эрхийг хөндөж байна. Ж.Энхтүвшин, Б.Доржсүрэн, Н.Наранбат нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Аймгийн Засаг даргын  327 тоот захирамж гарч ажлын хэсэг байгуулагдаж ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар газрын албанд шалгалт хийхийг мэдэгдсэн. Газрын албанд шалгалт хийхэд зарим нэг хүмүүс шалгалт хийж байгаа гэнэ ээ. Бид нарын авсан газар дээр шалгалт хийх гэж байна гэсэн мэдээлэл 266 иргэн аж ахуй нэгжид хүрсэн. Хүрсэн боловч бид нартай биечилж ирж хандаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д зааснаар мэдээлэлийн хэрэгслээр дамжуулсан учраас мэдэгдэх ажиллагаа явуулсан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

                Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

                1. “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Ж.Энхтүвшин, Б.Доржсүрэн, Н.Наранбат нарт  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.7, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Доржсүрэн, Н.Наранбат нарт аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/275 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол Магнайтрейд шатахуун түгээх станцын хойно 1.0 м2 орон сууц, үйлчилгээний зориулалтаар, мөн нэхэмжлэгч  Ж.Энхтүвшинд  А/276 дугаар захирамжаар Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол Магнайтрейд шатахуун түгээх станцн хойно 350 м2  орон сууц, үйлчилгээний зориулалтаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч Н.Наранбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, Д.Номин-Эрдэнэ нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан тусгай зарчим болон хуулийн 13,15, 26,27, 32 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн” гэх тайлбарын тухайд:

            Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “захиргааны акт” гаргах ажиллагаанд уг ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд болон хөндөгдөж болзошгүй этгээдийг татан оролцуулах, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эдлэх эрх, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаанд оролцуулах, нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах эрхийг хангах зорилгоор сонсох ажиллагааг явуулах, сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг хүргүүлэх, оролцогч баримт бичигтэй танилцах эрхийг хангах журмыг хуулийн 13, 15, 24, 26, 27, 32 дугаар зүйлүүдэд заажээ. Хариуцагч хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ... хүргүүлнэ” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцох эрхийг хангаагүй, нэхэмжлэгчид нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах боломж олгох сонсох ажиллагааг явуулаагүй, энэ тухай мэдэгдлийг хүргүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд дээрх захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэсэн тусгай зарчимтай нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.

            Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.7-д зааснаар мэдэгдэх ажиллагааг явуулсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж байгаа боловч энэ нь захиргааны байгууллагаас захиргааны акт гарсны дараа актыг мэдэгдэх, хүргүүлэх ажиллагаатай холбоотой байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

            Хариуцагч маргаан бүхий захиргааны шийдвэртээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” заасныг баримтлахдаа газар эзэмшүүлсэн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1- 47.1.7-д заасан захиргааны акт илт хууль бус болох ямар шинжийг агуулж байгаа, ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байгаагаа тодорхой дурьдаагүй, мөн хариуцагч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”гэж зааснаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр нь бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн талаар үйл баримт тогтоогдоогүй байхад  дээрх хуулийн зүйл заалтыг баримталсан нь аймгийн Засаг дарга бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг нь газар эзэмшигч, ашиглагчийн газар эзэмших, ашиглах эрхийг хамгаалсан зүйлчлэл болохыг дурьдах нь зүйтэй .

            Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцох эрхийг хангаагүйгээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч Ж.Энхтүвшин, Б.Доржсүрэн, Н.Наранбат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1,106.3.12 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-27.5, 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Энхтүвшин, Б.Доржсүрэн, Н.Наранбат нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Ж.Энхтүвшин, Б.Доржсүрэн, Н.Наранбат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Ж.Энхтүвшингээс 70200 төгрөг, Б.Доржсүрэн, Н.Наранбат нараас 70200 төгрөг, бүгд 140400 төгрөгнөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 70200 төгрөгөөс Ж.Энхтүвшинд 35100 төгрөг, Б.Доржсүрэн, Н.Наранбат нарт 35100 төгрөгийг  тус тус буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Энхтүвшинд 35100 төгрөг, Б.Доржсүрэн, Н.Наранбат нарт 35100 төгрөгийг  тус тус олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.НАРАНТУЯА