Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1368

 

Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02797 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3 092 240 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х нь 2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 10:00 цагийн орчим Иргэний нисэхийн ерөнхий газрын арын замд өөрийн эзэмшлийн Субару Аутбэк маркийн 00-38 УНК улсын дугаартай машинаа унаж яваад дүрэм зөрчин туслах замаас орж ирсэн 48-88 УБЗ улсын дугаартай Лэнд Круйзер 80 маркийн машинд мөргүүлсэн. Замын цагдаагийн газраас газар дээр нь хэмжилт хийж 48-88 УБЗ улсын дугаартай Лэнд Круйзер 80 маркийн машины жолооч ХХХХХын буруу гэсэн дүгнэлт гарсан. Уг ослын улмаас манай машинд их хэмжээний хохирол учирсан бөгөөд “ХХХХХХ” ХХК-иар үнэлүүлэхэд 7 756 240 төгрөгний хохирол тогтоосон. Миний бие “ХХХХХХ” ХХК-иар үнэлгээ хийлгэхдээ 168 000 төгрөг төлсөн болно. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. ХХХХХын унаж явсан 48-88 УБЗ улсын дугаартай автомашины өмчлөгч нь түүний аав ХХ юм. Нэхэмжлэгч нь машинаа 8 000 000 төгрөгөөр засуулсан хэдий ч “ХХХХХХ” ХХК-ийн үнэлгээгээр 7 756 240 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн. Илүү гарсан зардлаа хасаад зөвхөн үнэлгээний тайланд заасны дагуу 7 756 240 төгрөгийг нэхэж байгаа, үүнээс 5 000 000 төгрөгийг даатгалаас гаргуулж авсан. Одоо үлдэгдэл 2 756 240 төгрөг, “ХХХХХХ” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн 168 000 төгрөг, нийт 2 924 240 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. 3 092 240 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 168 000 төгрөгийг давхар нэхэмжилсэн байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2 924 240 төгрөг болгож байна. Машиныг зассаны дараа ХХХийн үнэлгээ гарсан учир түүнийг бодитой гарсан гэж үзэхгүй байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд машин барьж байсан хүүхдийн аав нь байгаа юм. “ХХХХХХ” ХХК-ийн дүгнэлт нь шаардлага хангаагүй, тамга тэмдэггүй, эвдрээгүй зүйлийг эвдэрсэн гэж жагсаалтаар гаргасан байсан. ХХХ 5 265 000 төгрөг гэж дүгнэлт гаргасан. Уг үнэлгээ нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь даатгалаас 5 000 000 төгрөг авсан учир бид хоорондын тооцоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дүн нь баримтаар нотлогддоггүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Зам тээврийн осол, гэм буруугийн талаар маргахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 397.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ХХаас гэм хорын хохиролд 2 924 240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 64 426 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02797 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Тус шүүхээс Хгийн нэхэмжлэлтэй ХХт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүхээс нотлогдсон гэж үзсэн нөхцөл байдал нь бодит байдал дээр тогтоогдоогүй, шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч Х нь 8 000 000 төгрөгийн засвар үйлчилгээг хийлгэсэн гэж тайлбарлаж байх боловч хэргийн материалд цугларсан нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлогдож байгаа зардал нь кузовт хийлгэсэн засварын зардал 2 217 000 төгрөг /хх-120х/. ХХХ компаниар хийлгэсэн засвар үйлчилгээний зардал 1 282 000 төгрөг /хх-124х, 125х/ “ХХХХХХ” ХХК-иар хийлгэсэн үнэлгээний ажлын хөлс 168 000 төгрөг, нийт 3 677 000 төгрөг болж байна. Харин нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн ХХХХХ компанийн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 04/05 тоот тодорхойлолт нь Хг 4 794 840 төгрөгийн сэлбэг захиалсан үүнээс 2 391 800 төгрөгийг төлсөн, улмаар 2 403 040 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар нотлох баримт болж чадахгүй юм. Учир нь сэлбэг захиалсан, төлбөр төлсөн үйл баримт нь мөнгөн шилжүүлэг, бэлэн мөнгөний орлогын ордер зэрэг анхан шатны санхүүгийн баримтаар нотлогдох учиртай…” гэжээ.

Шүүх “ХХХХХХ” ХХК-ийн үнэлгээ нь зам тээврийн осол болсны дараахан буюу 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гарсан, “ХХХ” ХХК-ийн гаргасан үнэлгээ нь нэхэмжлэгч автомашинаа засварласны дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гарсан нь иргэний хэрэгт авагдсан байх тул “ХХХХХХ” ХХК-ийн гаргасан үнэлгээг хохирлыг бодитой тогтоосон гэж үзэж түүнийг баримтлах нь зүйтэй ба хариуцагч тухайн үед “ХХХХХХ” ХХК-иас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй гэж үнэлж дүгнэсэн хирнээ учирсан хохирлыг 3 677 000 төгрөгийн зардал гарсан гэж үзсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нь кузовт 2 217 000 төгрөгөөр цэгэн гагнуур хийлгэсэн, засвар үйлчилгээг ХХХ компаниар 1 282 000 төгрөгөөр хийлгэсэн. Эдгээр засвар болон гагнуур хийлгэсэн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн хирнээ сэлбэг захиалж авсан баримтыг үнэлээгүй нь үндэслэлгүй юм. Учир нь сольж тавих сэлбэг хэрэгсэл нь байсан тохиолдолд засвар хийгдэнэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. ХХХ компанийн засвар үйлчилгээний хуудас, “ХХХХХХ” ХХК-ийн үнэлгээний тайлангууд дээр солих ёстой сэлбэгүүдийн жагсаалт тодорхой харагддаг бөгөөд бүгд хавтаст хэрэгт авагдсан болно.

Мөн Х нь нэг км яваагүй цоо шинэ машины “ХХХХХ” ХХК-иас 3 жилийн өмнө худалдаж авсан бөгөөд Subaru Outback маркийн машины сэлбэг монголд элбэг орж ирээгүйн улмаас “ХХХХХ” ХХК-иар дамжуулан Япон улсаас захиалж авчруулсан байдаг.

2. Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “жолоочийн даатгалын үнэлгээний хэмжээ буюу даатгалын тохиолдол бүрд 1 удаа олгох нөхөн төлбөр нь В ангиллын тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг хүртэл байна” гэж заасан. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “даатгагч, жолоочийн даатгалын сан нь хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг хуульд заасан эрх бүхий этгээд, эсхүл даатгалын хохирол үнэлэгчийн дүгнэлт, тодорхойлолт, энэ хуулийн 17 дугаар зүйлд заасныг үндэслэн” тогтооно гэж заасан байдаг.

Анхан шатны шүүхийн үнэлж дүгнэснээр бол 3 667 000 төгрөгийн хохирол учирсан байхад 5 000 000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон болж таарч байна. Хгийн машинд 5 000 000 төгрөгөөс илүү хэмжээний хохирол учирсан хэдий ч хуульд заасан дээд хэмжээ 5 000 000 төгрөгийг даатгалын байгууллага төлөөд үлдсэнийг нь гэм хор учруулсан этгээдээс нэхэмжлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн.

Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХт холбогдуулан гэм хорын хохиролд 3 024 240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, анхан шатны шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 168 000 төгрөгөөр багасгаж 2 924 240 төгрөг нэхэмжлэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагчийн эзэмшлийн 48-88 УБЗ улсын дугаартай Лэнд Круйзер 80 маркийн автомашиныг 2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ХХХХХ жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгчийн эзэмшлийн 00-38 УНК улсын дугаартай Субару Аутбек маркийн автомашиныг мөргөж, хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Хариуцагч ХХ нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй.

 

Зам тээврийн ослын дараа нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашиныг засварлаагүй байхад “ХХХХХХ” ХХК-иас 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн үнэлгээгээр түүний автомашинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг 7 756 240 төгрөг гэж, автомашинд засвар хийсний дараа учирсан хохирлын зах зээлийн үнэлгээг “ХХХ” ХХК-иас 5 265 000 төгрөг гэж тус тус тогтоожээ.

 

Харин нэхэмжлэгч нь автомашинд учирсан хохирлыг арилгахад 8 000 000 төгрөгийн зардал гарсан гэж, даатгалын компаниас төлбөрт авсан 5 000 000 төгрөгийг хасч, илүү гарсан зардлын хэмжээг “ХХХХХХ” ХХК-иас тогтоосон үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч өөрийн автомашинд учирсан хохирлыг арилгахад гарсан бодит зардлаас даатгалын компаниас төлбөрт авсан мөнгийг хасч, илүү гарсан зөрүүг нь шаардаж байгаа тохиолдолд гарсан зардлыг үнэн зөв эргэлзээгүй баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд дээрх үнэлгээнүүд нь түүний автомашинд учирсан гэмтлийг арилгахад гарсан бодит зардлын хэмжээг шууд нотлох баримт болохгүй юм.

 

Иймд шүүх хэрэгт авагдсан баримтууд болох автомашины кузовт цэгэн гагнуур /плазм/ хийсний төлбөр 2 217 000 төгрөг ХХХ компаниар хийлгэсэн засвар үйлчилгээ, сэлбэг материалын зардалд 1 282 000 төгрөг “ХХХХХХ” ХХК-иар хийлгэсэн үнэлгээний ажлын хөлсөнд 168 000 төгрөг төлсөн баримтуудыг тус тус үндэслэн шүүх хохирлыг гаргахад гарсан бодит зардал гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ. /хх-120, 124, 125 дугаар тал/

 

Харин уг баримтуудаас үзвэл, үнэлгээний дүгнэлтэд заагдсан сэлбэг, ажлын хөлс нь тусдаа хэдэн төгрөг болох нь тодорхой харагдахгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч 23 нэр төрлийн 4 794 840 төгрөгийн сэлбэг захиалж, үүнээс 2 391 800 төгрөгийг төлсөн, улмаар 2 403 040 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсэн “ХХХХХ” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 04/05 тоот албан бичиг хэрэгт авагдсан байх боловч ямар сэлбэгүүд хүлээн авсан нь төлбөр төлсөн баримтаар давхар нотлогдоогүй тул үнэн зөв, эргэлзээгүй баримт болохгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, “ХХХХХ” ХХК-иас ямар сэлбэг захиалж авч уг автомашинд засаж, сэлбэхэд шинээр тавьж суурилуулсан буюу автомашины эвдэрсэн эд ангийн аль хэсгийг шинээр авсан, алийг нь янзалсан болохыг нэхэмжлэгч нотлох баримтаар хангалттай нотлоогүй бөгөөд дээрх засвар хийлгүүлсэн баримтуудаас тодорхой харагдахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь өөрийн автомашинд учирсан хохирлыг арилгахад даатгалын компаниас төлбөрт авсан 5 000 000 төгрөгөөс илүү хэмжээний зардал гаргасан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэж хариуцагчаас 2 924 240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан, тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах харилцааг зохицуулсан заалтыг хэрэглэснээс гадна, талуудын хоорондын маргаанд хамааралгүй, гэм хор учруулсны хариуцлагыг гэм буруутай этгээдэд хүлээлгэх үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн ерөнхий зохицуулалтыг давхар хэрэглэсэн нь буруу боловч энэ нь шийдвэрт өөрчлөлт оруулахаар хэмжээний зөрчилд тооцогдохгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 740 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                             Д.БАЙГАЛМАА         

           

                                                                                    С.ЭНХТӨР