Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00773

 

“Сунхан констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/00258 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 696 дугаар магадлалтай,

“Сунхан констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Паркнайн” ХХК-д холбогдох,

хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 100.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Сунхан констракшн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн ам гэх газарт барихаар төлөвлөсөн 5 айлын таунхаус барилгаа “Паркнайн” ХХК-ийн эзэмшлийн Нүхт Гарден Вилла хотхоны уурын зуух болон цахилгааны эх үүсгүүрт холбохоор тус компанитай тохиролцож, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр “Паркнайн” ХХК нь өөрийн барьсан Нүхт Гарден Вилла хотхоны уурын зуух болон цахилгааны эх үүсгүүрт манай барилгыг холбохоор огтлол хийх, цахилгаан, дулаанд холбох, цэвэр, бохир усны шугам хоолойг өөрийн барилгаас манай барилгын гадна хүртэл тавих үүргийг хүлээж, уг үүргийг гүйцэтгэсний төлбөрт 200.000.000 төгрөгийг авах, Сунхан констракшн ХХК нь Паркнайн ХХК-ийн огтлол хийж, бэлтгэсэн шугам сүлжээнд болон цахилгаан, дулаан дамжуулагчид өөрийн барилгаа өөрийн зардлаар холбох үүргийг хүлээсэн. Гэрээ байгуулсан даруйд урьдчилгаанд 100.000.000 төгрөгийг “Паркнайн” ХХК-д хүлээлгэн өгсөн. Дээрх хамтран ажиллах нэртэй гэрээний зорилго, талуудын эдлэх эрх, хүлээх үүргийн агуулгаас дүгнэхэд уг гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй. Иймд 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хамтран ажиллах нэртэй гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 100.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Паркнайн” ХХК шүүхэд тайлбар ирүүлээгүй болно.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/00258 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Паркнайн” ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Сунхан констракшн” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Паркнайн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 657.950 /зургаан зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Сунхан констракшн” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 696 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/00258 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн” гэсний ард “205 дугаар зүйлийн 205.1” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Паркнайн” ХХК-ийн төлсөн 658.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18- ны өдрийн 101/ШШ2017/00258 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 696 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасныг зөрчсөн гэж үзэж дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

Тус хэргийн анхан шатны шүүх хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зарлагдсан бөгөөд шүүхээс хариуцагч “Паркнайн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хурлын товыг шүүх хуралдаанаас өмнө мэдэгдсэн. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ар гэрт гачигдал гарсан тул 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр чөлөө авч тус шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тухай мэдэгдээд гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 тоот тушаалаар ажлын 10 хоногийн цалинтай чөлөө олгосон. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09.00 цагт компаниас шинээр Д.Эрдэнэ-Очирыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шинээр томилж, нэхэмжлэлийн хариу тайлбар болон өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ар гэрийн гачигдалтай болохыг нотолсон баримт бичгийн хамт шүүх хуралдаанд оролцох гэсэн боловч шүүх “Хэргийн оролцогч бус үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ- Очирыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр нэхэмжлэгчийг дангаар нь оролцуулан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Тухайн хэрэг дээр хариуцагч компаний “Нүхт Гарден Вилла” хотхоны уурын зуух болон цахилгааны эх үүсгүүрт холбохоор огтлол хийх, цэвэр бохир усны шугам хоолойг нэхэмжлэгчийн өмчлөлийн 5 ширхэг Таун Хаусыг гадна хүртэл тавих үүрэгтэй нийт 200.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан бөгөөд холбож өгөхөөр тохиролцоогүй. Гэтэл нэхэмжлэгч цахилгаан эх үүсгүүрт холбож өгөөгүй, цэвэр бохир усны хоолойг холбож өгөөгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд урьдчилгаа төлбөр 100.000.000 төгрөгийн үнэд хариуцагчаас “Нүхт Гарден Вилла” хотхоны уурын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр уурын зуух тавьж, цэвэр бохир усны хоолойн материалыг худалдан авахад зарцуулсан байдаг.

Тус гарсан зардлын тооцоолол болон шинжээч томилуулах тухай хүсэлтийг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгөхөөр очсон боловч шүүх хуралд оролцуулаагүй нь нотлох баримтыг бүрэн бүрдүүлж чадаагүй гэж үзэж байна.

Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс биечлэн оролцох хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс хэргийн товыг урьдчилан мэдэгдэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/00258 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 696 дугаар магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Сунхан констракшн” ХХК нь хариуцагч “Паркнайн” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн 100.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

Зохигчдын хооронд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэрээгээр “Паркнайн” ХХК нь өөрийн Нүхт Гарден Вилла хотхоны эрчим хүчний барилга байгууламжид “Сунхан констракшн” ХХК-ийн 5 таун хаусын барилгыг эрчим хүчээр холбох,  нэхэмжлэгч холболтын төлбөрт 200.000.000 төгрөг төлөхөөр тохирч, улмаар урьдчилгаанд 100.000.000 төгрөг төлжээ /хэргийн 7-9 дүгээр тал/.  

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч  нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлээс татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой тайлбараа гаргаж өгөөгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-т нийцжээ. 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй талаарх гомдол үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 696 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                                      

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ