Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,

Улсын яллагч Э.Одонтунгалаг,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Д  холбогдох эрүүгийн 1806 03381 2100 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1981 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Д.Д .

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хохирогч Б.Батпүрэвийн гээсэн “ХААН” банкны картнаас 400.000 төгрөг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч

Б.Батпүрэвийн өгсөн мэдүүлэг /хх-17-18/, “ХААН” банкны гүйлгээ хийсэн тухай дансны хуулга /хх-60/, шүүгдэгч Д.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30-32/, шүүгдэгч Д.Д урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-48/, зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хохирогч Б.Батпүрэвийн гээсэн “ХААН” банкны картнаас 400.000 төгрөг авч завшсан болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Батпүрэвийн өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 5-ны шөнө 04 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн “Сансар хоме плаза”-гийн гаднаас найз Т.Батнямын хамт үл таних таксинд суугаад Монгол 3 дугаар сургууль орж Ардын эрхийн ХААН банкнаас найз Т.Батнямаар 5020466073 тоот данснаас 100.000 төгрөг авахуулаад би ганцаараа уг таксигаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээ хороо, 54 дүгээр байрны 17 тоот байрны гадаа хүргүүлж буусан. Тэгээд гэртээ ороод амрахаар хэвтэж байхад миний гар утасны ухаалаг мэдээнд таны данснаас 400.000 төгрөг гарсан байна гэдэг мэдээлэл ирсэн. Тэгээд би таксинд картаа мартаж буусан байна гэдгээ санасан. Т.Батням таксинаас бугаад ATM рүү явж байхдаа дахин надаас “картын нууц дугаар нь хэд билээ” гэж асуухад нь картынхаа нууц дугаарыг хэлсэн. Виза картаа сууж явсан таксиныхаа дунд талын хайрцаг орчим тавьчихсан юм. Таксинаас буусныхаа дараа картаа мартаж бууснаа мэдсэн.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Д.Д яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оноос хойш хувиараа такси үйлчилгээнд явж байгаа. 2018 оны 4 дүгээр сарын 4-5-нд шилжих шөнө Тэнгис кинотеатрын хойд талын замаас 2 залуу гар өргөж миний автомашинд суусан. Тэгээд Баянзүрх дүүргийн “Сансар хоме плаза”-гийн гадна очоод АТМ орж мөнгө авах хэрэгтэй гээд буцаад Монгол 3 дугаар сургууль орж нэг залуу нь бууж АТМ-ээс мөнгө авсан. Тэгээд тэр хоёр залууг гэр гэрт нь буулгасан. Тэр залуу миний автомашины урд талын зорчигчийн суудлын шалан дээр банкны виза картаа мартсан байхаар нь би авсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул тэнгэр” хотхонд байрлах АТМ-д өөрийн автомашинаас олсон банкны виза картыг уншуулан үлдэгдэл мөнгийг нь шалгахад авч болох боломжит мөнгөн дүн нь 400.000 төгрөг байсан. Ингээд би уг мөнгийг авсан.” /хх-30-32/ гэх мэдүүлэг, 

 

Депозит дансны хуулга /хх-60/,

Хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх-61/,  

Шүүгдэгч Д.Д урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-48/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Д.Д нь гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан болохыг хохирогч Б.Батпүрэвийн өгсөн мэдүүлэг, Д.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ХААН банкны дансны хуулга зэргээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Д 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хохирогч Б.Батпүрэвийн гээсэн “ХААН” банкны картнаас 400.000 төгрөг авч завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Д нь хохирогч Б.Батпүрэвт учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Д хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Д г гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Д  450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Даваасүрэнд нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Даваасүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС